Mongolia

Шинэ хууль нохой, муурын сэг зэмээс үүдэлтэй эрүүл мэндийн аюултай тэмцэнэ

Иргэдийн санаачилгаар батлагдсан шинэ хуулийн зорилго нь гэртээ амьтан тэжээх явдал газар авснаас үүдэн илэрч буй хөрсний бохирдол, эрүүл мэндийн асуудлууд, эзэнгүй амьтадтай зэрлэг аргаар харьцах гэх мэт төсөөлөөгүй үр дагавруудыг зохицуулахад чиглэгджээ.

Read this story in

Publication Date

New Law Tackles Health Hazard of Dog and Cat Carcasses

ХӨХНОХОЙН ХОРЛОО, ГПЖ МОНГОЛ

“Монгол Очир” монгол үүлдрийн нохой үржүүлгийн газрын эзэн Энхжаргалын Очирсүрэн Орхон аймагт өөрийн тэжээдэг ноходтой.

Publication Date

МОНГОЛ УЛС, ОРХОН АЙМАГ, ЭРДЭНЭТ ХОТ — Энхжаргалын Очирсүрэн өөрийн тэжээдэг байсан хайртай нохойгоо буудуулж алдсан өдрийг хэзээ ч мартаж үл чадна.

Тэр нэг удаа нохойгоо хашаан дотор сул гүйлгэхээр оосрыг нь тайлсан боловч хашааны хаалгыг бүрэн хаахаа мартжээ. Гэтэл яах ийхийн зуургүй түүний нохой хашааны онгорхой хаалгаар гудамж руу гарч гүйв. Төд удалгүй хотын эзэнгүй муур нохой устгалын ажилчид хашаанаасаа гарсан нохойг буудаж орхих нь тэр. Э.Очирсүрэн сандран гүйж гарахад түүний нохой аль эрт амьсгал хураасан байжээ.

“Нүдэн дээр хайртай нохойг минь буудаж алаад, ачаад явахад үнэхээр аймшигтай мэдрэмж төрсөн” хэмээн тэрээр гурван жилийн өмнө болсон явдлыг ярьж байв.

Албан бус тооцооллоос үзэхэд Монгол Улсад жил бүр 200,000-аас 300,000 орчим нохойг устгадаг ба нас бие гүйцсэн нохойг гудамжинд өдрийн цагаар буудаж, гөлөгнүүдийг уутанд хийж машины тэвш болон модонд савж амийг нь хороодог аж. Устгасан нохойг хогийн цэг дээр хаяж, эсвэл хөрсөнд булдаг. Байгаль орчин хамгаалагчид үүнийг хөрсний бохирдол үүсгэх гол шалтгаан болж байгаа тухай хэлж байна. Тийм ч учраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсын Эрүүл мэндийн яамд энэхүү асуудлыг авч хэлэлцэж, яаралтай арга хэмжээ авах тухай анхааруулсан удаатай. (ГПЖ-аас энэ асуудлаар яамнаас тодруулга авах хүсэлт тавьсан боловч тодорхой хариу өгөөгүй болно.)

expand image
expand slideshow

ХӨХНОХОЙН ХОРЛОО, ГПЖ МОНГОЛ

Монгол Улсад эзэнгүй муур, нохойны сэг зэмийг хогийн цэг дээр хаях эсвэл хаа нэгтээ газарт булж байгаа нь хөрсний бохирдлын шалтгаан болж байна.

Албаныхан үүнийг хууль журмын дагуу ажлаа гүйцэтгэж байна хэмээн тайлбарладаг.

“Бид засгийн газраас гаргасан дүрэм журмын дагуу л устгадаг” гэж Орхон аймгийн Хот тохижуулах газрын дарга Баттөмөрийн Оюунбаяр хэлээд “Өөр устгах арга одоогоор байхгүй” гэсэн юм.

Гэрийн тэжээвэр эсвэл эзэнгүй амьтдын асуудлыг зохицуулсан хууль байдаггүй. Одоогоор хэрэгжиж буй хууль журмууд эдийн засгийн тулгуур болсон мал аж ахуйг голчлон зохицуулж байна. Гэвч нийт монгол айл өрхийн дөрөвний нэг нь буюу гэр хороололд амьдардаг айлуудын 34%, орон сууцанд амьдардаг айлуудын 12% нь гэрийн тэжээвэр амьтан тэжээдэг. Сүүлийн жилүүдэд “цэвэр” үүлдрийн нохой, муурын эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор үржүүлгийн газрын тоо олширчээ. Цэвэр үүлдрийн нохойтой байна гэдэг нэр төрийн хэрэг аж.

Гэрийн тэжээвэр амьтдын эрэлт нэмэгдэхийн хэрээр гудамж дахь эзэнгүй муур, нохойны тоо өсөв. Тэжээхэд төвөгтэй болоод ирэхээр нь эсвэл цэвэр үүлдрийн гэж итгэж авсан муур, нохойг эзэд нь гудамжинд гаргаж төөрүүлэх явдал ихэсжээ.

ХӨХНОХОЙН ХОРЛОО, ГПЖ МОНГОЛ

Монголд гэрийн тэжээвэр амьтдын эрэлт нэмэгдэхийн хэрээр гудамж дахь эзэнгүй муур, нохойны тоо өсөв. Тэжээхэд төвөгтэй болоод ирэхээр нь эсвэл цэвэр үүлдрийн гэж итгэж авсан муур, нохойг эзэд нь гудамжинд гаргаж төөрүүлэх явдал ихэсжээ.

“Монголд гэрийн тэжээвэр амьтдыг эд зүйлтэй адилтган үзэж байна” гэж “Азтай савар” амьтанд ээлтэй төрийн бус байгууллагын гишүүн, хуульч У.Азжаргал хэлсэн.

Амьтны эрх болон байгаль орчин хамгаалагчид гэрийн тэжээвэр амьтдыг үржүүлэх, худалдаалах зах зээлийн үйл ажиллагаа зохицуулалтгүй байгаа нь эзэнгүй амьтдын тоо эрс нэмэгдэх шалтгаан болсон ба таслан зогсооход ярвигтай тойрогт орсон тухай хэлсэн. Зөвхөн нийслэл хотод гэхэд 320,000 орчим эзэнгүй муур, нохой байдаг ба улсын хэмжээнд тав дахин их гэсэн тооцоолол гарчээ.

Эзэнгүй амьтдын ихэнх нь халдвар тээдэг ба ингэснээр амьтнаас хүнд дамждаг вирус, нян, шимэгч хорхой, мөөгөнцрийн халдварын эрсдэл нэмэгдэж байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар хүнд дамждаг 10 халдварын 6, шинээр үүсэж буй 4 халдварт өвчлөл тутмын 3 нь амьтнаас хүнд халдах магадлалтай аж.

Монгол Улсын Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс хийсэн судалгаагаар албан ёсоор устгалд орсон 216 нохойд шинжилгээ хийхэд гуравны хоёр нь шимэгч хорхойтой, 8 нохой тутмын 1 нь эмчлэхгүй орхивол аминд хүрдэг, зоонозын төрлийн бэтэг өвчин үүсгэгчтэй болох нь тогтоогджээ. Тус судалгааны дурдсанаар Улаанбаатар хотод 18 метр (57 фут) тутам нохойн ялгадас байгаа нь өвчин тарах нөхцөл болж байна гэсэн байна.

Эзэнгүй нохойг олноор нь устгаж, зохисгүй байдлаар хаяж, булж байгаа нь нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. “Өмнөх жилийх нь булсан нохойны сэг зэм хөрсөндөө шингэж амжаагүй байхад дараа жил нь дахиад маш олон тооны сэгийг хөрсөнд булж байна” хэмээн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хөрсний бохирдол, эрүүл ахуйн асуудал хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан, доктор Шагдарын Батдэлгэр хэллээ.

“Азтай савар” зэрэг иргэний нийгмийн бүлгүүд гэрийн тэжээвэр амьтан тэжээдэг иргэд, үржүүлэгчид, төрийн агентлагууд зэрэг талуудын хариуцлагыг тусгаж, зохицуулах хуулийн шинэ төслийг санаачлахад оролцжээ. Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэхээр товлож буй энэхүү хууль нь иргэний нийгмийн нэн идэвх, оролцоотойгоор боловсруулсан анхны хуулийн төсөл болжээ. “Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль нь иргэд өөрсдөө санаачлан Улсын Их Хуралд танилцуулсан хуулийн төсөл” гэж Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар хэлсэн ба хууль тогтоох үйл явцад олон нийтийн оролцоог хангах зорилготой шинэ цахим систем болох Д-Парламент цахим сайтад иргэдээс хамгийн их санал авсан гэдгийг онцолсон юм.

Энэхүү хуульд гэрийн тэжээвэр амьтдын худалдааг зохицуулах, гэрийн тэжээвэр амьтдын бүртгэлийн нэгдсэн санг бий болгох, гэрийн тэжээвэр амьтдыг дотоод орчинд, тэр тусмаа орон сууцанд тэжээх шаардлагуудыг тусгажээ. Түүнчлэн иргэд гэрийн тэжээвэр амьтнаа гаргаж хаях, аж ахуйн нэгжүүд амьтдыг ёс зүйгүй аргаар үржүүлэх, төрийн үйлчилгээний ажилтан эзэнгүй амьтдыг хэрцгий аргаар устгах эсвэл эзэнтэй амьтдыг устгах зэрэг тохиолдолд хариуцлага хүлээлгэх тухай зааж өгсөн байна. Мөн албаныханд эзэнгүй амьтдын тоог бууруулахдаа илүү хүмүүнлэг бөгөөд үр дүнтэй арга хэрэгжүүлэхийг чиглэл болгожээ.

Хуулийн заалтууд тодорхой байвал гэж “Азтай савар” төрийн бус байгууллагын тэргүүн, хууль санаачлагч Цогийн Зориглон хэлээд “асуудлыг үр дүнтэй зөв аргаар шийдэх боломжтой” гэв. Мөн энэ хууль нь “зөвхөн нохой, муурны тухай биш, нийгмийн эрүүл мэндийн тухай хууль” гэж хэлэв.

Олны дэмжлэгийг хүлээсэн тус хуулийг шүүмжлэх хүмүүс ч байна. Орхон аймагт монгол банхар болон дундад ази зэрэг үүлдрийн нохой тэжээдэг Цанамраашийн Энхсүлд бол тэдний нэг. “Хэтэрхий нэг талыг барьсан хууль юм шиг санагдсан” гэж тэрээр хэлээд зодооны төрлийн нохой тэжээж болохгүй гэх зэрэг заалт орсон нь учир дутагдалтай байгаа тухай ярьсан юм.

Хүүхэд байхаасаа нохой тэжээсэн, сүүлийн арван жил цэвэр монгол үүлдрийн нохой үржүүлгийн газар ажиллуулж байгаа Э.Очирсүрэнгийн хувьд энэ хууль хэрэгжсэнээр бусдад өөрт нь хэдэн жилийн өмнө тохиолдсон явдал учрахаас сэргийлнэ гэж найдаж байна. Тэрээр “Нохойгоо ганц удаа хашаанаас гаргасныхаа төлөө буудуулаад баймааргүй байна” гээд “Тэгэхээр энэ хуулийн хэрэгцээ маш их байгаа” гэж хэлэв.

expand image
expand slideshow

ХӨХНОХОЙН ХОРЛОО, ГПЖ МОНГОЛ

Орхон аймагт, нохой үржүүлэгч Цанамраашийн Энхсүлд өөрийн тэжээдэг ноходтой. Тэрээр шинэ хуульд зодоонч үүлдрийн ноход үржүүлгийг хориглож байгаад шүүмжлэлтэй хандаж байна.

Хөхнохойгийн Хорлоо нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.


ОРЧУУЛГЫН ТЭМДЭГЛЭЛ

Цэгмидийн Намуун, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан.