Монгол Улс, Өмнөговь аймаг, Даланзадгад – Хурц нар эгц дээрээс төөнөж, хааяа нэг халуун салхи үлээхэд нарийн ширхэгтэй тоос газрын хөрсөн дээгүүр хийснэ. Цангасан хонь, ямааны хамрын самсаа хонхойж, нүд нь ширгэсэн байх агаад орилж, майлалдах аж. Хорь гаруй жил мал малласан Цэдэвсүрэнгийн Батбаатар малынхаа зан байдлыг андахгүй. Тэрээр 700 орчим малтай бөгөөд ус, өвстэй соргог бэлчээр хайж, Монголын говь нутагт хэдэн өдөр оторлож явсаар худгийн бараа харав. Ц.Батбаатар нүүрэндээ инээмсэглэл тодруулсаар худгийн аман дээр суусан малчин дээр очтол өнөөх нь ер хөдлөх шинжгүй “Ус байхгүй” гэж бушуухан шиг хэлжээ. Түүнд маргалдах сэдэл байсангүй.
Тус улсын урд хэсэгт орших говь цөлийн бүс нутагт малчид худаг усаа булаацалдаж, муудалцах тохиолдол гарах болов. Монгол Улс дахь хамгийн том нутаг дэвсгэртэй аймаг болох Өмнөговьд уур амьсгалын өөрчлөлт, уул уурхай зэрэг хүний үйл ажиллагааны нөлөөгөөр гадаргын усны тоо огцом багассан байна. Малчдын амьжиргаа уснаас ихээхэн хамааралтай тул тэд энэхүү усны хомсдолоос үүдэн уламжлалт мал аж ахуй эрхлэх үгүйдээ эргэлзэхэд хүрч байна.
Монгол Улсын Үндэсний Статистикийн хорооноос гаргасан тооллогын мэдээллээс үзэхэд 2007 оноос 2018 оны хооронд зөвхөн тус аймгийн хэмжээнд хатаж ширгэсэн гадаргын усны тоо 10 дахин өссөн байна. Хуурайшилтын улмаас үе үе ган гачиг болж, газар нутаг цөлжих болжээ. Говийн бүсийн зарим нутагт хур тунадас орох нь ховордож, малчид борооны бараа үзэхээ болив. Гурвантэс суманд мал маллан амьдарч байсан Сугирын Гантөмөр нутгаасаа дайжихад хүрчээ. Олон жил мал маллан амьдарч ирсэн нутагт нь гурван жил дараалан хур бороо ороогүй тул малын бэлчээр гэх газаргүй болсон байна. Түүний хэлж буйгаар нутаглаж байсан газар нь хүн, амьтан амьдрах аргагүй болжээ.
Төрж, өссөн газрынхаа булаг усны ундаргыг ширгэж, үгүй болж байгаа талаар хэн хүнгүй халаглан ярих аж. Ширгэх аюулд орж, жилээс жилд урсгал нь багасаж буй усны нэг бол тус аймгийн Баяндалай сумын урдуур урсдаг Далай булаг юм. Булгийн уснаас ууж өссөн Сумьяагийн Ганболд “Намайг хүүхэд байхад Далай булаг харайхад гатлахааргүй өргөн байсан” хэмээгээд “Одоо алхаад гарах хэмжээний нарийхан болсон” гэв.
Дэлхий дахинаа динозаврын олдворын өлгий гэдгээрээ танигдсан говьд хар сүүлт гөрөөс, хулангийн сүрэг нутаглан амьдардаг. Уур амьсгалын өөрчлөлт энэхүү бүс нутагт их, бага хэмжээгээр нөлөөлсөөр байна. Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс нийтлүүлсэн “Монгол орны цөлжилтийн атлас, 2020 он” бүтээлд мэдээлснээр зуны улиралд унах хур тунадасны хэмжээ буурчээ. Тус бүс нутагт олон жил дараалан бороо орохгүй байх тохиолдол байдаг тухай тайланд дурдсан байна. Мөн салхи, шуургатай өдрийн тоо нэмэгдэж, хуурайшилтын түвшин ихэсжээ. Үүнээс гадна цөлжилтөд өртсөн газар нутгийн талбай нэмэгдсэн байна.
“Гадаргын ус хатаж ширгэж малчид мал маллах улам хүнд болж байна” хэмээн Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Шинэхүүгийн Бат-Эрдэнэ хэлэв. “Бэлчээр хомсдож, ус хатаж ширгэж байгаа ч малчид зүв зүгээр гараа хумхиж суугаад малаа үхүүлэхгүйн тулд илүү их хөдөлмөрлөж байна” гэсэн юм.
Хэрэв энэ байдал цаашид үргэлжилбэл “Дэлхийд ховорхон нүүдлийн мал аж ахуйн өв соёл устаж үгүй болох нь” хэмээн соргог бэлчээр хайж 300 гаруй км (185 гаруй миль) газар отор хийж буй малчин С.Гантөмөр хэлэв.
Монгол орон нүүдлийн мал аж ахуйн уламжлалтай. Мал аж ахуй бол тус улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүчин бөгөөд 4 монгол хүн тутмын 1 нь тус салбарт хөдөлмөр эрхэлдэг хэмээн Олон Улсын Валютын Сангийн цахим хуудсанд дурджээ. Малчдын хувьд мал сүрэг нь амьжиргааны гол үүсвэр байдаг тул орлогоо нэмэгдүүлэхийн тулд малын тоо толгойд анхаардаг. Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд 1990 онд шилжихээс өмнө мал сүрэг улсын өмч байв.
Өмч хувьчлал явагдсанаас хойш Монгол Улс дахь малын тоо толгой гурав дахин өсөж, 70 саяд хүрчээ. Жил ирэх тусам нэмэгдэж байгаа малын тоонд улсаас албан ёсны хяналт тавьдаггүй.
Өдгөө Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийн 97.6 хувь нь цөлжилт, газрын доройтолд их, бага хэмжээгээр өртөөд байна. Тиймээс малчид нэг газраа суурин байх нөхцөлгүй болжээ. Бороо хуртай энгийн үед малчид жилдээ хоёроос дөрвөн удаа бууриа сэлгэж нүүдэллэдэг.
Гэтэл сүүлийн жилүүдэд усны хомсдол бий болсноор малчид илүү их нүүдэллэж, отроор явах болжээ. Тус аймагт бэлчээрийн 5,184 худаг байгаа хэдий ч нэг худгаас ус уух малын тоо стандартаас хоёроос гурав дахин хэтэрсэн байдалтай байна. Өмнө нь 500 тэмээ усалдаг байсан худаг “200 тэмээ усалдаг болчихлоо” гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ш.Бат-Эрдэнэ хэлж байв.
Малчин өрхүүд эртнээс өвлөгдөн ирсэн мал аж ахуйгаа үеийн үед уламжлан авч явахын тулд булаг шандаа хамгаалан тэмцэж байна. Тус бүс нутагт уур амьсгалын өөрчлөлт сөргөөр нөлөөлж байгаа нь дэлхийн бусад газар нутгуудтай харьцуулахад илүү эрсдэл дагуулж байна. Монгол орон нь газар зүйн байршил, эх газрын эрс тэс уур амьсгал зэргээс хамааран дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд эрчимтэй өртөж буй 10 орны нэг болохыг Азийн Хөгжлийн Банкнаас боловсруулсан тайланд дурджээ. Сүүлийн 80 жилийн хугацаанд Монгол орны хэмжээнд агаарын дундаж температур 2.25 хэмээр нэмэгдсэн нь дэлхийн дунджаас бараг гурав дахин их юм.
Нэг хэмээр дулаарна гэдэг маш том өөрчлөлт гэдгийг олон улсын байгаль орчны байгууллага болох Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын захирал Доржгүрхэмийн Батболд хэлэв. Монгол Улс дахь нөхцөл байдлыг авч үзвэл, тэр тусмаа говь цөлийн бүсэд энэ нь “Маш их хор хөнөөлтэй” гэсэн юм.
Малчид өөр хоорондоо тэмцэлдээд зогсохгүй бусад талуудтай учир зүйгээ олох хэрэгтэй. Тэр нь уул уурхайн салбар юм. Одоогоор тус бүс нутагт 14 компани уул уурхайн олборлолт хийж байгаа бөгөөд томоохон гурван төсөл тэнд хэрэгжиж байна. Төмөр хайлах үйлдвэрлэлд чухал түүхий эд болдог жонш, нүүрсийг олборлохын тулд маш их ус ашигладаг тухай Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга Шарын Мягмар хэлээд “Ус өөрөө нэг төрлийн ашигт малтмал гэдгийг санах хэрэгтэй” гэв.
Уул уурхайн компаниудын зүгээс уурхайн үйл ажиллагаанд их хэмжээний ус ашигладаг гэдгийг үгүйсгэсэнгүй. Гэвч тэд усны хомсдолд засгийн газрын бодлогыг буруутгаж байв. “Төр шийдвэрээ зөв гаргаад, ус хэрэглэгчид нь үнэнч шударгаар, зүй зохистой ажиллавал заавал гүний усаа ашиглаад нөөцөө хомсдуулах шаардлагагүй” гэж Тавантолгой хувьцаат компанийн Байгаль орчин хариуцсан мэргэжилтэн Барбаатарын Бат-Амгалан хэлсэн юм.
Харин Усны газрын дарга Ш.Мягмар дээрхтэй санал нийлэхгүй байгаа ба зөвхөн засгийн газрын бодлогыг буруутгах учиргүй гэв. Санхүүжилтгүйн улмаас Засгийн газраас хэд хэдэн төсөл дээр гацсан байдалтай байна гээд “Манай улс өрийн дарамтад ороод гаднаас зээл авах дээд хэмжээндээ тулчихсан байдалтай байгаа учраас том том төслүүдээ хөдөлгөж чадахгүй байна” гэлээ.
Тавдугаар сард Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ тус аймагт ажиллаж, иргэдтэй хийсэн уулзалтын үеэр “Малчдын хувьд усны асуудал туйлын хүнд нөхцөл байдалд байгаа” гэсэн юм. Тэрээр говийн бүс рүү ус дамжуулах шугам хоолой татах, Орхон, Туул, Хэрлэн зэрэг томоохон голууд дээр урсцын тохируулга хийж, олон зориулалтын усан сангууд байгуулах, хур бороо, үерийн усыг хуримтлуулах замаар говийн бүсийн усан хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлэх “Хөх морь” төслийн талаар танилцуулсан юм. Орон нутгийн хэмжээнд бэлчээр усжуулалт 2021 оны байдлаар 58 хувьтай байгаа ба 2025 он гэхэд 70 хувьд хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Гэвч малчдын өдөр тутмын амьдрал баталгаагүй, усны төлөөх маргаан үе үе дэгдэх болжээ. Ц.Батбаатарыг нэг бус удаа сүрдүүлж байсан бөгөөд түүнийг дахиад худгийн ойролцоо буувал өөдөөс нь буу бариад очно гэж заналхийлж байжээ.
Ц.Батбаатар шинээр барьсан худгийн сүүдэрт суугаад оторлож яваа малчидтай танилцан, яриа өрнүүллээ. “Дээр үед нүүдэл хийж явахад нутгийн малчид цай ундтай угтан ирж уулздаг байлаа. Одоо цагт хүн ирж харагдвал худаг, бэлчээрээ харамлаж хөөхөөр ирлээ гэж айдаг болж дээ” гэв.
Цогхүүгийн Уранчимэг нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.
ОРЧУУЛГЫН ТЭМДЭГЛЭЛ
Цэгмидийн Намуун, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан.