Mongolia

Халиун буга говь нутагт эргэн нутагших боломжтой юу?

Алдарт говийн ховордсон амьтан болох халиун бугыг сэргээн нутагшуулах нь зэрлэг амьтныг хамгаалж үлдэхэд тустайгаас гадна аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нэмэр болно.

Read this story in

Publication Date

Could the Gobi Desert See a Red Deer Comeback?

Цогхүүгийн Уранчимэг, ГПЖ Монгол

Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын гэрээт байгаль хамгаалагч Норовын Түвшинтогтох говьд илийнүүдийг өгсөж, зэрлэг байгальд сэргээн нутагшуулахаар ажиллаж байна.

Publication Date

МОНГОЛ УЛС, ӨМНӨГОВЬ АЙМАГ, ДАЛАНЗАДГАД СУМ — Монголын баруун өмнөд хэсгийн Алтайн уулсын төгсгөлд орших дэлхийн хамгийн өвөрмөц, гайхамшигтай байгалийн бүс бол говь нутаг юм. Элсэрхэг, чулуу ихтэй энэхүү цөл хээр нутаг нь Монголын өмнөд нутгийг ихэнхийг бүрхэн сунаж тогтсон байдаг.

Эрс тэс уур амьсгалтай энэ нутагт өвөлдөө Цельсийн хасах 30 хэм хүрч хүйтэрдэг бол зундаа Цельсийн 38 хэм хүртэл халдаг. Хахир хатуу нөхцөлтэй ч говь нутагт амьдрал буцалж байдаг. Өмнөговь аймагт ургадаг бут, сөөг, өвс ургамал нь гүрвэл, шувуу зэргээс эхлэн зээр, аргаль, янгир, ирвэс, үнэг, чоно, баавгай болон бусад төрлийн хөхтөн амьтдыг тэжээн тэтгэдэг.

Говь нутаг нь түүхэнд халиун бугын өлгий нутаг байсан гэж эрдэмтэн, судлаачид үздэг бөгөөд халиун бугыг дүрсэлсэн хадны сүг зураг, унаж үлдсэн эвэр зэрэг нь үүнийг нотолдог байна. Монголд 1986 онд 130 мянга гаруй халиун буга тоологдож байсан бол өдгөө 10 орчим мянга болж, тоо толгой нь огцом буурчээ. Ингэж эрс цөөрөхөд мал аж ахуй, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгаль орчны доройтол болон тэдгээрийг үй олноор агнасан нь нөлөөлжээ. Одоогоор халиун буга Монголын ойт хээр, уулархаг бүс нутаг, тал хээр нутгаар буюу баруун зүгт Алтай нуруу, төв хэсэгт Хангайн нуруунд, зүүн хойд хэсэгт Хэнтий нуруугаар тархан нутагшсан.

Өмнөговь аймгийн нутгийн удирдлагууд, байгаль хамгаалах бүлгүүд бугын тоо толгойг өсгөж, говь нутагт сэргээн нутагшуулахаар шамдан ажиллаж байна. Долоодугаар сард нийслэл Улаанбаатар хотоос баруун тийш 100 орчим километрт орших Хустайн байгалийн цогцолборт газраас 10 илийг Өмнөговь аймгийн Баруун сайхан ууланд авчирсан тухай Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Төмөрбаатарын Пунсанцогвоо хэлэв.

Халиун бугын таван эр, таван эм илий авчирсан бөгөөд өглөө бүр саравчиндаа малын тэжээл идэж, ус уугаад тонгочин тоглож байгаад бэлчээртээ гардаг аж.

expand image
expand slideshow

Цогхүүгийн Уранчимэг, ГПЖ Монгол

Байгаль хамгаалагч Норовын Түвшинтогтохын гэргий Очирын Түмэнжаргал бугыг хооллож, ундлахад тусалж байна.

Монголын хөдөө аж ахуйн их сургуульд Байгаль орчны нөхөн сэргээлт мэргэжлээр суралцаж буй оюутан Сайн-Алдарын Чулуунцэцэг илийнүүдийг хооллож, асран халамжлахад олон сар тусалжээ. “Хамгийн түрүүнд илийнүүдийг үнээний сүүнд оруулан угжиж сургах эхний шалгуур байсан” тухай хэлээд “Сүүлдээ сүүнээс гаргах хүндрэлтэй санагдсан” гэв.

Хоёроос гурван жилийн дараа илийнүүд өөрсдөө амь зогоох чадвартай болно. Тэр цагт тэднийг зэрлэг байгальд нь тавьж явуулах аж.

“Хэдэн илий минь говь нутагт дасан зохицож байгаа бололтой говийн аагтай ургамлыг иддэг болж байгаа” хэмээн Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын гэрээт байгаль хамгаалагч Норовын Түвшинтогтох хэлээд хажууд нь эрхлэх нэг илийний хондлойг иллээ.

Халиун бугыг говьд сэргээн нутагшуулах нь Монголын бугын тоо толгойг өгсөх үндэсний томоохон арга хэмжээний нэг хэсэг юм. 2000 онд Халиун бугын үндэсний хөтөлбөрийг төрөөс баталж, ховор амьтны жагсаалтад албан ёсоор оруулсан. Хөтөлбөрийн хүрээнд улсаас буга агнахыг хязгаарласан ба одоо говь нутагт хэрэгжиж буйтай адил бугын тоо толгойг хамгаалах хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлжээ.

Монгол улсын их сургуулийн зөвлөх профессор Равчигийн Самъяа “Түүхэн газар нутгаасаа тэдгээр амьтад ямар нэг шалтгаанаар дайжчихсан, буцаж амьдрах орон зай нь сул чөлөөтэй бол сэргээн нутагшуулаад тархац нутгийг нь тэлэх нь бидний хийх ёстой ажил” гэв.

expand image
expand slideshow

Цогхүүгийн Уранчимэг, ГПЖ Монгол

Бугын илийг хоёроос гурван нас хүрмэгц зэрлэг байгальд тавьж явуулна.

Халиун бугыг говьд авчирч нутагшуулж буй нь тэднийг зөвхөн түүхэн газар нутагт нь авчраад тавьчхаж байгаа хэрэг биш. Нэг сүрэгт байх тоо толгойн хэмжээ олон байх тусмаа халдварт өвчин гэх мэтийн эрсдэлд өртөх аюултай тухай Самъяа хэлсэн. Тиймээс олон жижиг популяцыг тархаан нутагшуулбал аврагдаж үлдэх бололцоотой байдаг аж.

Говь нутагт халиун буга мэтийн ан амьтан амьдрахад илүү тохиромжтой болгохын тулд бүс нутгийн гадаргын ус, хүнс тэжээлийг нэмэгдүүлэхээр эрдэмтэд, инженерүүд мөн ажиллаж байна. Төрийн болон төрийн бус байгууллагууд бүс нутгийн булаг шандыг хамгаалах ажлыг зохион байгуулж, цас их орсон үед эсвэл гантай үед ууланд өвс тавьдаг байна. 2017 оноос зэрлэг амьтдыг ундаалах зорилгоор нарны эрчим хүчээр ажилладаг 17 худаг байгуулжээ.

Халиун бугыг говьд сэргээн нутагшуулах нь зөвхөн байгаль экосистемийг сэргээхээс гадна өөр бусад ач холбогдолтой. Нийслэлийн аялал жуулчлалын газрын мэдээлснээр Өмнөговь аймаг нь хамгийн олон жуулчин очдог, аялал жуулчлалын бүс бөгөөд говь нутгийн байгалийн үзэсгэлэн, зэрлэг ан амьтдыг сонирхохоор хүмүүс зорин очдог байна.

Монгол уламжлалаа хадгалж үлдэхээр “мориндоо мордсон нь”ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛҮҮД

“Монгол орныг гаднынхан говиор төсөөлдөг” хэмээн Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын захирал Доржгүрхэмийн Батболд хэлсэн. Уул уурхайн олборлолт, хөдөө аж ахуйн салбар болон уур амьсгалаас үүдэлтэй байгаль орчны доройтол нь говийн эмзэг экосистемд заналхийлж байна.

Говийн экосистемийг хамгаалах ажлаар дамжуулан Монголыг гадаадад сурталчлан таниулах бололцоотой талаар Батболд хэлсэн юм.

Өмнөговь аймгийн тамгын газраас нүүдлийн шувууд болон цөлийн зэрлэг амьтдын амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлж, аялал жуулчлалыг татах зорилгоор шинээр хоёр цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ажиллаж байна.

Хэрэв жуулчид ой тайга үзье гэвэл манайхаас илүү их ойтой газрууд дэлхий дээр бий гэж Монгол улсын их сургуулийн зөвлөх профессор Самъяа хэлэв. Говь бол өвөрмөц нутаг. Уул уурхай, газар тариалан гэх мэт эдийн засгийн ач холбогдол бүхий үйл ажиллагааг багасгаад ч хамаагүй зэрлэг амьтдыг хамгаалж үлдэхэд анхаарвал аялал жуулчлалаас олох орлогыг нэмэгдүүлэхэд тусална.

Самъяа “Бүх зүйл зөвхөн хүний сайн сайхны төлөө байх ёсгүй. Бид ан амьтадтай зэрэгцэн оршиж байх ёстой” гэж хэлээд “Энэ байдал гэвч алдагдаад байна. Байгаль хамгаалал гэдэг бол хүн өөрийн ирээдүйн хувь заяаныхаа төлөө байгалийг хүнээс хамгаалж буй ажил юм” гэв.

Тиймээс говь нутагт халиун бугыг сэргээн нутагшуулах хүчин чармайлт нь илүү том үйл хэргийн нэг хэсэг нь юм.

“Говь руу зэрлэг амьтдыг үзэх аялал жуулчлалын давлагаа бий болох бүрэн боломжтой” гэж Самъяа хэллээ.

Цогхүүгийн Уранчимэг нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.


ОРЧУУЛГЫН ТЭМДЭГЛЭЛ

Бямбацогтын Номин, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан.