Mongolia

Монгол уламжлалаа хадгалж үлдэхээр “мориндоо мордсон нь”

Малчид мал хариулахдаа морь ашиглахаа больж буй энэ цагт морин аялал зохион байгуулж эхэлсэн нь монголчуудыг соёлын өв уламжлалаа хадгалж үлдэхэд тусалж байна.

Read this story in

Publication Date

Modern Horseback Rides Aim to Preserve a Tradition

Баттөрийн Мягмарсүрэн, ГПЖ Монгол улс

Улаанбаатар хотын ойролцоо Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт залуус морин аялалд хамрагдан морь унаж байна.

Publication Date

МОНГОЛ УЛС, ТӨВ АЙМАГ, ГОРХИ-ТЭРЭЛЖ БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАР — Намрын нарлаг өдөр Улаанбаатар хотоос зүүн хойш 60 орчим километрт орших Горхи-Тэрэлж байгалийн цогцолборт газарт нэг өдрийг адал явдал дүүрэн өнгөрүүлэхээр 80 орчим залуус цугларчээ. Тэд ил гал дээр чанасан сүүтэй цай ууж, боорцог идэх зуураа Ариунболдын Буяндэлгэрээс морь унах зааварчилгаа сонсоно.

“Моринд мордохдоо зүүн талаас нь мордож, мөн зүүн тал руу нь бууна” хэмээн Буяндэлгэр хэлээд “Эхлээд зүүн хөлөө дөрөөнд хийгээд эмээлийнхээ бүүрэгнээс барьж байгаад өөрийн биеийг татаад моринд мордоно” гэв.

Монголчуудын соёлын өвийн амин чухал хэсэг болсон морьтны соёл нь 3,000 гаруй жилийн түүхтэй. Нүүдэлчин уламжлалаас эхтэй морьтны соёл нь Монголын эдийн засгийн цөм болсон мал аж ахуйн салшгүй хэсэг байсаар иржээ. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд цаг үеийн хэрэглээгээ дагаад уламжлалт соёл замхарч, малчид малаа хариулахдаа морь ашиглахаа больж, илүү үр ашигтай, хэмнэлттэй аргыг сонгох болжээ. Үүнээс улбаалан Монголын уламжлалт морьтны соёл мартагдахад хүрээд байна.

“Асар эртний түүхтэй морины соёл Монголын хөдөөд мартагдаж эхэлсэн” хэмээн соёл судлаач, профессор Дашпүрэвийн Түмэннаст хэлээд “Нийтээрээ хэлж ярьж, сурталчлахгүй бол хэдхэн жилийн дараа устах аюултай” гэв.

Буяндэлгэр шиг хүмүүс харин үүний эсрэг тэмцэж байна. 21 настай тэрбээр багаасаа морь унаж сурсан бөгөөд хоёр жилийн өмнөөс морин аялал зохион байгуулж эхэлжээ.

“Залуу хүмүүс өв соёлоо нэг сонсоод мартах биш биеэрээ үзэж, мэдэрч, орчин үетэй хослуулан сурталчлах, хадгалж үлдэх нь чухал” гэж тэрбээр хэлсэн.

expand image
expand slideshow

Баттөрийн Мягмарсүрэн, ГПЖ Монгол улс

Аяллыг зохион байгуулагч Ариунболдын Буяндэлгэр оролцогчдод эмээлдээ хэрхэн суухыг зааж байна.

Үндэсний Статистикийн хорооны судалгаагаар Монголд 181 мянга гаруй малчин өрх байдаг аж. Гэвч эдгээр малчин өрхийн дийлэнх нь малаа хариулахдаа морины оронд мотоцикл ашиглах болжээ.

“Мориноос илүү мотоцикл нь хурдан, хэдийд ч асаагаад явахад бэлэн байдаг учраас илүү амар” хэмээн Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул багийн малчин Батбаярын Энхтөр хэлэв. Тэрбээр арваад жилийн өмнөөс хонь, ямаагаа хариулахдаа мотоцикл ашиглаж эхэлжээ. Мотоцикл нь үнийн хувьд хямд байдаг ба 1.5-аас 2 сая төгрөгийн үнэтэй. Мөн засвар арчилгаа бараг шаардахгүй, олон жил унах боломжтой байдаг аж. Харин нэг морь 1 саяас 1.5 сая төгрөгийн үнэтэй. Үүн дээр малын тэжээл, эмээл, чөдөр болон бусад хэрэгсэл нэмэгдэхийн дээр өдөр тутмын асаргаа, халамж шаардлагатай байдаг тухай Энхтөр хэлсэн.

Мотоцикл нь малыг ядрааж, цочимтгой болгодгоос гадна тарга тэвээрэгт муугаар нөлөөлдөг тухай зарим малчид хэлдэг ч мал хариулахад мотоцикл ашигласан хэвээр байна. Монголчуудын мотоциклийн хэрэглээ ч мөн огцом нэмэгдэж байгаа тухай Монгол Улсын Гаалийн Ерөнхий газрын Статистикийн хэлтсийн дарга Банзрагчийн Цэрэн хэлсэн. “Сүүлийн жилүүдэд мотоциклийн импорт худалдаа эрс нэмэгдсэн” гэж тэрбээр хэлсэн юм. Монголд жил бүр 30 мянгаас 40 орчим мянган мотоцикл орж ирдэг байна.

expand image
expand slideshow

Баттөрийн Мягмарсүрэн, ГПЖ Монгол улс

Батбаярын Энхтөр мотоциклоороо хонь, ямаагаа хариулж байна.

Буяндэлгэр болон түүн шиг морин аялал зохион байгуулагчдын ачаар олон хүн морь унах соёлоо сонирхож эхэлж байна. Хоёр жилийн өмнө бизнесээ эхлүүлснээс хойш долоо хоногт хоёр удаа болдог түүний морин аялалд нийт 4,000 гаруй хүн хамрагдсаны дийлэнх нь 18-30 насны залуус байна. Монголд ижил төрлийн аялал зохион байгуулдаг 10 орчим компани байдаг аж.

“Би өөрөө өмнө нь морин аялалд явж үзээд маш гоё санагдсан” хэмээн Сандуйдэмбэрэлийн Гэрэлтцог хэлээд “Үүнийг илүү олон залууст хүргэх ёстой гэж бодоод уламжлалт морин соёлоо сурталчилсан, өөр хэв маягтай морин аяллыг зохион байгуулах болсон” гэв.

Морин аяллыг эрчүүд илүү сонирхдог. Учир нь морь унахад эр хүний хийморь сэргэдэг гэж монголчууд үздэгтэй холбоотой.

Морин аялал олноор бий болж байгаа нь морьтой холбоотой уламжлалт соёлоо хадгалж үлдэх хүсэлтэй залуус бий болж байгаа нь ажиглагдаж байгаа тухай Түмэннаст хэлсэн. Гэхдээ морьтны соёлоо хадгалж үлдэхийн тулд малчид соёлоо таниулах хэрэгтэй гэв.

“Малчид бас энэ соёлоо марталгүйгээр хадгалж үлдэх нь чухал” гэж соёл судлаач Түмэннаст хэлээд “Учир нь морьтой холбоотой соёл малчидтай салшгүй холбоотой. Тиймээс ахмад малчид залуу малчдадаа өв соёлоо хадгалж үлдэх талаар сурталчилж, сургамжлах, хадгалж үлдэх чин хүсэлтэй болоход нь нөлөөлөх нь чухал” гэсэн юм.

expand image
expand slideshow

Баттөрийн Мягмарсүрэн, ГПЖ Монгол улс

Морин аялалд ирж буй залуус үндэсний хувцас болох дээлээ өмсөж ирэх нь түгээмэл. Олон хүний хувьд энэхүү аялал нь Монгол өв соёлтойгоо холбогдох нэг хэлбэр болдог.

Горхи-Тэрэлж байгалийн цогцолборт газарт Буяндэлгэрийн аяллын залуус инээлдэн, шуугилдана. “Ямар нэгэн тусламж хэрэгтэй болбол аяллын хөтөч нарт хэлээрэй” гэж Буяндэлгэр хэлэв.

Тэд уулын оройд гараад мориноосоо буун амарч, гэрэл зураг авлаа.Тэгээд ой модон дундуур явж, гол гатлав. Анх аялалд гарахдаа морь унахаас эмээж байсан эрчүүд өөртөө итгэлтэй гэгч нь уралдан давхина.

“Маш өвөрмөц аялал байна” гэж анх удаа морин аялалд явж байгаа Баярболдын Ариунтэс хэлээд “Уламжлалт соёлыг залууст сонирхолтой танилцуулсан” гэв.

14 орчим километр газрыг мориор туулж ирснийхээ дараа тэд бөөнөөрөө цуглан сууж, нум сум харван, Монголын уламжлалт тоглоом наадгай тоглов. Аяллын эцэст залуус сэтгэл дүүрэн, нүүрэнд нь инээмсэглэл тодрон автобусандаа суун хотын зүг хөдөллөө.

Хөхнохойгийн Хорлоо нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.

Баттөрийн Мягмарсүрэн нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.


ОРЧУУЛГЫН ТЭМДЭГЛЭЛ

Бямбацогтын Номин, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан.

Related Stories