Mongolia

Аниргүйд дуу хоолойг түгээх нь: Дүрст дуудлагын шинэ үйлчилгээ сонсголын бэрхшээлтэй иргэдийн амьдралд өөрчлөлт авчирч байна

Сонсголын бэрхшээлтэй иргэд энэхүү санаачилгын ачаар дохионы хэлмэрчтэй төвөггүй холбогдож байна. Заримдаа энэ үйлчилгээгээр дамжуулан үхэх, сэхэхийг шийдэх нь бий.

Read this story in

Publication Date

Giving Voice: Service Transforms Life for Hearing Impaired

БАТТӨРИЙН МЯГМАРСҮРЭН, ГПЖ МОНГОЛ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Монголын Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоонд ажилладаг Болормаагийн Одмаа сонсголын бэрхшээлтэй иргэн Баттулгын Азбилэгтэй холбогдон дүрст дуудлагын үйлчилгээ үзүүлж байна. Б.Азбилэг эмчийнхээ өгсөн зааврыг тодруулахын тулд Б.Одмаагаар дамжуулан эмчээс асуулгасан байна.

Publication Date

Монгол Улс, Дархан-Уул аймаг, Дархан хот – 2020 оны арванхоёрдугаар сарын эцсээр хяналтын эмчдээ үзүүлж буй эелдэг, даруу зантай эмэгтэйг Баттулгын Азбилэг гэх ба тэрээр 8 сартай жирэмсэн байв. Энэ удаагийн хяналтын үзлэг нэг л бишдэв.

Үзлэгийн дараа Б.Азбилэгийг эмч нь эмнэлэгт үлд хэмээн шавдуулсан учрыг тэрээр ойлгоогүй байна. Б.Азбилэг эмчийн хэлснийг сонсож чадахгүй, эмч түүний дохионы хэлийг ойлгосонгүй.

Тэвдэж, сандарсан тэрээр Фейсбүүк Мессенжерээр Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо руу дуудлага хийж, хэлмэрчтэй холбогджээ. Дохионы хэлмэрч Болормаагийн Одмаа тэр даруйдаа Б.Азбилэгийн эмчтэй ярилцаж, цаг алдалгүй тусламж үзүүлж чадсан байна.

Дээрх эмч, өвчтөний харилцаа болон дохионы хэлмэрчийн оролцоот тусламж нь сонсголын бэрхшээлтэй монголчуудад тулгардаг саад тотгорыг харуулахын сацуу тэдгээр иргэдэд нийгмийн сүлжээнд суурилсан төлбөргүй үйлчилгээгээр дамжуулан мэдээлэл хүргэж, энгийнээс авахуулаад үхэх, сэхэх хүртэл асуудлуудыг нь шийдэх боломж байгааг нотолж байна.

Монголд анх удаа энэ төрлийн үйлчилгээ нэвтэрч байна гэж үзэж болно.

“Би сонсголгүй хүмүүсийг дэлхий ертөнцтэй бас бусад хүмүүстэй холбох гүүр болсон ажлаараа бахархдаг” хэмээн Б.Одмаа хэлэв.

Азбилэгтэй ярьсныхаа дараа Б.Одмаа “бүр сандарчихлаа” гээд “Энэ эмэгтэй эсэн мэнд хүүхдээ төрүүлээсэй” гэж бодож байснаа хэлсэн юм.

expand image
expand slideshow

БАТТӨРИЙН МЯГМАРСҮРЭН, ГПЖ МОНГОЛ

Болормаагийн Одмаа коронавирусын шинж тэмдгийн тухай сонсголын бэрхшээлтэй хүнд тайлбарлан өгч байгаа нь. Монголын Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо нь тус дүрст дуудлагын үйлчилгээг анхлан цар тахалтай холбоотой мэдээлэл хүргэх зорилгоор нэвтрүүлсэн боловч өдгөө бүх төрлийн хүсэлтүүдийг хүлээн авч, хэлмэрчилж байна.

Монголын Дохионы хэлмэрч орчуулагчдын холбооноос сонсголын бэрхшээлтэй иргэдийн амьдралыг хөнгөвчлөх зорилгоор Фейсбүүк Мессенжерт суурилсан дүрст дуудлагын үйлчилгээг өнгөрсөн арванхоёрдугаар сараас эхлэн нэвтрүүлжээ.

Монголд ойролцоогоор 108,000 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 8,700 орчим нь сонсголын бэрхшээлтэй. Сонсголын бэрхшээлтэй иргэд дохионы хэл дэлгэрээгүй нийгэмд бусдаасаа тусгаарлагдаж, нийгмийн харилцаанд оролцох боломжоор хангагдаж чаддаггүй. Тухайлбал, телевизээр гарч буй дийлэнх нэвтрүүлэг, мэдээний хөтөлбөрүүд дохионы хэлмэрчгүй байдаг. Бас сургууль, дэлгүүрүүдэд ч дохионы хэл нэвтрээгүй байдаг аж.

Тусгай хэрэгцээт боловсролын багш мэргэжилтэй Энхтөрийн Агиймаагийн хэлснээр сонсголын бэрхшээлтэй хүмүүст тулгамддаг асуудал нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамддаг илүү том асуудлуудыг илэрхийлж байдаг гэв. Тэргэнцэртэй хүмүүст зориулсан налуу замууд хэт эгц өндөр байдаг. Нийтийн тээвэрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэхэд зориулан тохижуулсан унаа явдаггүй. Явган хүний замын голд мод ургасан байдаг нь хараагүй хүмүүст аюултай нөхцөлийг бий болгож байдаг талаар ярьсан юм.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй улс, хот бол бүх иргэдэд ээлтэй байдаг” хэмээн Э.Агиймаа хэлээд “Гэвч Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдрахын тулд бусдаас илүү хүчин чармайлт гаргах шаардлагатай болдог” гэв.

Төрийн үйлчилгээг авах ихээхэн хүндрэлтэй байдаг. Жишээлбэл, сонсголын бэрхшээлтэй хүн төрийн байгууллага руу дохионы хэлмэрчтэй л хамт явахгүй бол үйлчилгээ авч чадахгүй буцах нь бий.

Хөгжлийн бэрхшээлийн тодорхойлолтоо Монголын төр өөрчлөх хэрэгтэй гэж хүний эрхийн тэмцэгчид учирлав Бусад нийтлэлийг унших бол энд дарна уу

Тиймээс сонсголын бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалдаг тус холбоо дүрст дуудлагын үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Фейсбүүк Мессенжер ашигладаг сонсголын бэрхшээлтэй иргэд дохионы хэлмэрчтэй холбогдох ба дохионы хэлмэрч нь үйлчлүүлэгчийн өмнөөс тухайн байгууллага эсвэл хувь хүнтэй харилцах зарчмаар ажилладаг.

Б.Одмаа бол энэхүү санаачилгын хүрээнд ажиллаж буй зургаан дохионы хэлмэрчийн нэг юм. Тэрээр багаасаа л сонсголын бэрхшээлтэй ээжийгээ даган хэлмэрчилж, түүнийг банк, эмнэлэг, нийгмийн халамжийн байгууллагуудаар үйлчлүүлэхдээ саад бэрхшээлтэй тулгарч байгааг харж өсжээ. Б.Одмаа л хэлмэрчлэхгүй бол ээж нь мухардаж мэдэхээр байдаг байв.

Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбооны тэргүүн Ламжавын Соёлмаа 2016 онд үндэсний томоохон компанитай хамтран дүрст дуудлагын үйлчилгээг нэвтрүүлэхээр оролдсон боловч бүтэлгүйтсэн тухайгаа хэлж байлаа.

Коронавирусын цар тахал түүнд энэ ажлыг дахин эхлүүлэх сэдлийг өгчээ. Тэрээр халдварт вирустэй холбоотой эрүүл мэндийн зайлшгүй чухал мэдээллийг сонсголын бэрхшээлтэй иргэдэд хүргэх зорилгоор энэ үйлчилгээг эхлүүлсэн боловч үйл ажиллагаа нь өргөжиж одоогийн байдлаар дохионы хэлмэрч нар бүх төрлийн мэдээллийг дамжуулж байна.

2020 оны гуравдугаар сараас туршилтын журмаар тус үйлчилгээг нэвтрүүлснээр хойш нийт 3,543 дуудлага хүлээн авч хэлмэрчилжээ. Дуудлагуудын дийлэнхийг эрүүл мэндийн эсвэл нийгмийн халамжийн үйлчилгээ авах гэсэн дуудлагууд эзэлж байна.

Сонсголын бэрхшээлтэй иргэн Батнасангийн Нэмэхбаярын хэлж буйгаар тэрээр гадуур гарах бүртээ гэр бүлийнхээ дохионы хэл мэддэг гишүүнийг дагуулж явдаг, эсвэл дохионы хэлмэрч авахын тулд 7 хоног хүлээдэг байжээ.

“Одоо бол шууд утсаараа хэлмэрч рүү дүрст дуудлага хийчихдэг болохоор маш хялбар болсон” хэмээн дохионы хэлмэрчийн үйлчилгээ авч буй Б.Нэмэхбаяр хэлэв.

"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй улс, хот бол бүх иргэдэд ээлтэй байдаг."

Л.Соёлмаа НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас тус үйлчилгээндээ санхүүжилт, дэмжлэг авсан бөгөөд наймдугаар сард дуусгавар болно. Дүрст дуудлагын үйлчилгээг явуулахад сар бүр 6 сая төгрөг (ойролцоогоор 2,105 ам.доллар)-ийн зардал гардаг.

Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо нь нэмэлт санхүүжилтийн тусламжтайгаар биечлэн болон цахимаар хэлмэрчлэх дохионы хэлмэрчдийн ажлын байрыг нэмэгдүүлж, дүрст дуудлагын үйлчилгээнд зориулан Фейсбүүк Мессенжерээс тусдаа гар утасны аппликейшнийг хөгжүүлэх боломжтой болно.

“Төрөөс уг нь дэмжиж ажиллана гэсэн” хэмээн тус холбооны менежер Эрдэнэбаатарын Эрдэнэчимэг хэлээд “Гэхдээ одоогоор ямар ч бодит дэмжлэг байхгүй байна” гэсэн юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тайлбар өгөхөөс татгалзсан байна.

Сургууль дээр хийгддэг охидын үзлэгийн эсрэг өсвөр насны охид дуу хоолойгоо нэгтгэн тэмцэж байна Бусад нийтлэлийг унших бол энд дарна уу

Монгол Улсын хойд бүсэд орших Дархан-Уул аймагт амьдардаг Б.Азбилэг өнгөрсөн арванхоёрдугаар сард эмчид үзүүлээд харьж явахдаа Фейсбүүкийн дүрст дуудлагаар дохионы хэлний үйлчилгээ авсан тухайгаа дурсав. Тэрээр дуудлага хийхдээ сандарч байлаа.

Б.Азбилэг дохионы хэлээр “Сайн байна уу? Би 8 сартай жирэмсэн юм аа” гээд “Сая эмчийн үзлэгтээ орчихоод гэртээ ирж байна. Эмч маань намайг энд [эмнэлэгт] үлд, үлд гээд байсан юм. Яагаад үлд гэснийг нь би сайн ойлгоогүй. Та асуугаад өгөөч” гэж хэлсэн байна.

Тэрээр Б.Одмаад эмчийн утасны дугаарыг өгчээ. Б.Азбилэгийн эргэлзэж буй зүйлийг тодруулахаар Б.Одмаа ширээн дээрх утсаар эмч рүү залгалаа.

“Та үзлэгийн үеэр яагаад түүнийг энд үлд гэсэн юм бол?” гэж Одмаа асуугаад “Үүнийг асуулгалаа” гэв.
Утасны цаанаас эмч Б.Одмаад “Хүүе ээ, Азбилэг төрөх маш дөхсөн байсан” гэж хэлээд “Тэр төрөх болсон” гэж ээ.

Эмчийн хэлснийг түүнд дохионы хэлмэрч дамжуулав. Б.Азбилэг дохионы хэлээр гурван удаа баярлалаа гэж хэлээд утсаа тасаллаа.

Б.Азбилэг эмнэлэг дээр яаралтай очив. Түүний нөхөр мөн адил сонсголын бэрхшээлтэй бөгөөд эмнэлэг рүү хамт явжээ. Хэдэн цагийн дараа, шөнө дунд тэрээр эсэн мэнд амаржиж, охинтой болжээ.

Төрөөд эмнэлгээс гарсны дараа сувилагч нар гэрт нь очиж хүүхдээ хэрхэн зөв хөхүүлэх, усанд оруулах тухай зөвлөгөө өгч байв. Азбилэгийн өмнөх гурван удаагийн төрөлтийн дараа сувилагч нар энэ мэтээр гэрт нь ирж өгч байсан зөвлөгөөг бүрэн ойлгодоггүй байсан гэдгээ дохионы хэлний дуудлага үйлчилгээг ашигласнаар мэджээ.

Энэ удаа нөхцөл байдал өөрчлөгджээ. Тэрээр анх удаа эмч, сувилагч нарын хэлж буйг ойлгосон юм.

Баттөрийн Мягмарсүрэн нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.


ОРЧУУЛГЫН ТЭМДЭГЛЭЛ

Цэгмидийн Намуун, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан.