Mongolia

Хөгжлийн бэрхшээлийн тодорхойлолтоо Монголын төр өөрчлөх хэрэгтэй гэж хүний эрхийн тэмцэгчид учирлав

Хөгжлийн бэрхшээлтэй Монгол иргэдийн хөдөлмөр эрхлэх чадварыг хувиар үнэлдэг. Төрийн энэхүү хуучирсан систем нь тэгш байдлыг бий болгох бус харин эсрэгээр үйлчилж байна гэж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн төлөө тэмцэгчид үзэж байна.

Read this story in

Publication Date

Advocates Push Government to Rethink Definition of Disability

Illustration by Maria Nguyen for Global Press Journal

Publication Date

УЛААНБААТАР ХОТ, МОНГОЛ УЛС — Наранбаатарын Тэнүүн хотын нэгэн кафед орж суун утсан дээрээсээ Фэйсбүүк нээлээ. Тэрбээр ажил хайж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан групп руу эхлээд оров. Тэнүүн бол энэ группийн гишүүн.

24 настай Тэнүүн постуудыг гүйлгэн харж, нэгэн ажил олгогчийн утасны дугаарыг тэмдэглэж аваад залгалаа.

“Би дэлгүүрт худалдагчийн ажил хийж чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэж тэрбээр дуудлага тасарсны дараа хэлэв. “Гэхдээ тэд хөдөлмөр эрхлэх чадвар нь 50 хувиас илүү хүнийг хайж байгаа гэнэ.”

1994 оноос хойш Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чадварыг хувиар тодорхойлох систем ашиглаж ирсэн. Энэхүү хувь үзүүлэлтийг тухайн хүний хөгжлийн бэрхшээлийг харгалзан, хөдөлмөр эрхлэх чадварыг нь гаргадаг.

Гэвч ингэж хувь зааснаас болж хүмүүс боломжтой ажилдаа орж чадахгүй байх нь элбэг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авахаас татгалзах нөхцөлд хүргээд байгаа тухай хүний эрхийн тэмцэгчид хэлэв.

Эрүүл Мэндийн Яам, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны хамтарсан тушаалаар

хөдөлмөрийн чадварынхаа 70-аас илүү хувийг алдсан хүн ажиллах бүрэн чадамжгүй гэж тооцогдох ба хөдөлмөрийн чадваргүй гэж ойлгогдох нь түгээмэл аж. Хөдөлмөр эрхлэх чадварын 50-69 хувийг алдсан хүмүүсийг хөдөлмөрийн хагас чадвартай гэж тооцдог.

Төрөлхийн тархины судасны нарийсалтай Тэнүүн уг хуулиар бол тэр 69 хувийн хөдөлмөрийн чадварын алдалттай. Түүний хувь хэт өндөр гэж тэр боддог. Үл мэдэг доголж явдаг, удаан хугацаанд хараагаа төвлөрүүлж л чаддаггүй. Өөр бол бусад хүмүүсээс ялгараад байх зүйл байхгүй гэж тэрбээр хэлсэн юм.

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг нэг л гаргасан бол өөрчлөхөд хэцүү. Хувь үзүүлэлтийг Эмнэлэг, Хөдөлмөрийн Магадлах Төв Комисс тодорхойлдог. Уг төрийн байгууллага нь 15 хүний бие бүрэлдэхүүнтэй ба үүний 11 нь эмч юм. Комисс нь заримдаа эрүүл мэндийн үзлэг хийхгүйгээр оюуны болон бие махбодын өвчний жагсаалтыг харж, хувийг тодорхойлдог.

Эцэст нь Тэнүүн болон түүнтэй адил олон иргэд орлогоо залгуулах ажлын байр олж чадахгүйд хүрч байна. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувиас нь болж ажил олгогчид түүний хөдөлмөрийн чадамжийг бодит байдлаас дор гэж ойлгож байна. Одоо тэрбээр долоо хоногийн нэг өдөр супермаркетад ажилладаг боловч орлого нь хаанаа ч хүрэлцдэггүй.

“Утсаар ярихаар, ажилд орох өргөдөл бөглөсний дараа эсвэл биечлэн очиж ярилцлагад ороход хүн бүр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь асуудаг” гэж Тэнүүн хэлсэн. Хэдэн хувь гэдгийг заавал хэлэх шаардлагатай байдаг аж.

Монгол Улсын хөдөлмөрийн хуулиар 25-аас илүү ажилтантай ажил олгогч нийт ажилчдынхаа 4 хувийг хөдөлмөрийн чадвар алдалтын хувиа тогтоолгосон хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бүрдүүлэхийг шаарддаг.

Гэвч энэ хуулийг дагадаг ажил олгогч цөөн. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувиас болж ажил олгогчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авах эсэхдээ эргэлздэг хэмээн Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамны харьяа төрийн агентлаг болох Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Хөгжлийн Ерөнхий Газрын хөдөлмөрийн мэргэжилтэн Мижигсэнгийн Чулуун-Эрдэнэ хэлсэн юм.

Хөгжлийн Бэрхшээлтэй Хүмүүсийн Хөдөлмөр Эрхлэлтийн тухай Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны 2018 оны судалгаагаар Монгол Улсад бүртгэлтэй компаниудын ердөө 39 хувь нь дээрх хуулийг мөрддөг байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй монголчуудын зөвхөн 19 хувь нь ажил эрхэлдэг гэжээ.

“Ажил горилогч хоёр хүн яг ижил боловсрол, мэдлэгтэй байгаад нэг нь хөгжлийн бэрхшээлтэй, нэг нь хөгжлийн бэрхшээлгүй бол ажил олгогч хөгжлийн бэрхшээлтэй болохыг нь мэдмэгцээ нөгөө хүнийг нь ажилд авдаг” гэж Чулуун-Эрдэнэ хэлсэн юм.

Хөдөлмөрийн чадвар алдалт гэж чухам юу болохыг ажил олгогчид буруугаар ойлгодогтой энэ нь холбоотой гэж тэрбээр тайлбарлав.

Энхбаярын Болорчимэгийг түнхний мултралтай гэж оношилсны дараа түүнийг хөдөлмөр эрхлэх чадвараа 70 хувь алдсан гэжээ.

Тэрбээр 2013 оноос хойш Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвд бичиг хэргийн ажилтнаар тогтмол ажиллаж байгаа. Энэ ажилд орохын өмнө тэрбээр олон ажил олгогчоос татгалзсан хариу авч байсан аж. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувиа 70-аас 60 хувь болгох хүсэлт гаргасны дараа л тэрбээр энэ ажилдаа орох боломжтой болсон байна.

Утсаар ярихаар, ажилд орох өргөдөл бөглөсний дараа эсвэл биечлэн очиж ярилцлагад ороход хүн бүр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь асуудаг.

Хөгжлийн бэрхшээл нь хэвээр байсан ч хөдөлмөрийн чадвар алдалтын хувиа өөрчлөх хүсэлтийг нь зөвшөөрсний дараа ажилтай болжээ.

“Ажил олгогчид эхлээд тухайн хүн юу хийж чадахыг харах хэрэгтэй” гэж Болорчимэг хэлэв.

Чулуун-Эрдэнэ түүнтэй санал нэг байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хэрхэн ангилахаа өөрчилбөл хөдөлмөр эрхлэлтийн байдал сайжирна гэж тэрбээр хэлэв. Түүнтэй адил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн төлөө тэмцэгчид засгийн газрыг Биеийн Үйлдэл, Хөгжлийн бэрхшээл, Эрүүл мэндийн олон улсын стандарт ангиллыг хэвшүүлэхийг шаардаж байна. Энэхүү стандарт нь хөдөлмөр эрхлэх чадвартай холбоогүйгээр иргэдийн чадварыг оновчтой тодорхойлдог байна.

“Тэргэнцэртэй хүмүүсийг хөдөлмөр эрхлэх чадвараа 80 хувь алдсан гэж хардаг. Биеийн үйлдэл, Хөгжлийн бэрхшээл, Эрүүл мэндийн олон улсын ангиллын системээр бол тэднийг алхах чадвараа алдсан гэж ангилахаас биш ажиллах чадвараа алдсан гэж ангилахгүй. Хөдөлмөрлөх чадвараа 80 хувь алдах, алхах чадвараа алдах хоёр чинь тэс өөр зүйл, тийм биз?” гэж тэрбээр хэлсэн.

Эрүүл мэндийн яамнаас Энэхүү өөрчлөлтийг хийх гэж зургаан жил болж байна. Хэрэв хэрэгжиж чадвал ажил олгогчид хөгжлийн бэрхшээлийг цогцоор ойлгодог болж, ажил горилогчдыг анхнаас нь шууд хасаад байхгүй гэж Чулуун-Эрдэнэ хэлэв.

Гэвч энэ нь ердөө үгийн утгын тухай асуудал биш юм гэж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажил олж, бие даан амьдрахад туслах зорилготой Түгээмэл Хөгжил Бие даан Амьдрах төвийн тэргүүн Чулуундаваагийн Ундрахбаяр хэлсэн.

Монголд ихэнхдээ бичил бизнесүүд байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авахад амаргүй гэж Ундрахбаяр хэлэв.

“Хэрэв тэргэнцэртэй хүн ажилд авах болбол тэд байгууллагынхаа шатыг өөрчлөх хэрэгтэй болно. Тухайн хүнд зориулалтын бие засах өрөө гаргах хэрэгтэй болно. Жижиг байгууллагууд энэ мэт зүйлд мөнгө зарахыг хүсэхгүй. Оронд нь хөгжлийн бэрхшээлгүй хүнийг ажилд авсан нь дээр байдаг” гэж тэрбээр хэлэв.