Mongolia

Эмэгтэйчүүд яагаад ажлаа орхиж байна вэ?

Сургууль хаагдаж, хүүхэд харах үйлчилгээ хомсодсоноос монгол эмэгтэйчүүд гэртээ байхаас өөр аргагүйд хүрчээ.

Read this story in

Publication Date

Women Are Quitting the Labor Force. Here’s Why.

ЦОГХҮҮГИЙН УРАНЧИМЭГ, ГПЖ МОНГОЛ

Лхагвагийн Түмэндэлгэр нь цар тахлын үеэр хүүхдүүдийнхээ цахим хичээлд туслахаар тогоочийн ажлаасаа гарчээ.

Publication Date

МОНГОЛ УЛС, ӨМНӨГОВЬ АЙМАГ, ДАЛАНЗАДГАД СУМ — Өнгөрсөн жилийг хүртэл Лхагвагийн Түмэндэлгэр орон нутгийнхаа цахилгаан станцад тогоочоор ажиллаж, өдөр болгон зуу зуун ажилчдын хоолыг бэлтгэдэг байв. Гэвч цар тахлын улмаас сургуулиуд хаагдаж, тэрээр дөрвөн хүүхдээ асрахын тулд ажлаасаа гарчээ.

Өмнөговь аймагт амьдардаг 35 настай тэрбээр, “Ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй болсон” гэсэн юм.

Тэр эхэндээ бүгдийг зохицуулах гэж хичээжээ. Өглөөний зургаан цагт сэрүүлэг дуугарахад босоод, есөн цагаас эхлэх ажилдаа явахын өмнө хоёр хүү, хоёр охиноо хувцаслаж, цайг нь уулгадаг байв.

Улмаар цахимаар хичээллэж буй хүүхдүүдээ хадмууддаа орхиод гардаг байжээ. Түмэндэлгэр орой гэртээ ирээд хоол хийж, гэрээ цэвэрлэж, хүүхдүүддээ гэрийн даалгавраа хийхэд нь туслаад, шөнө 10 цагт унтдаг байлаа. Гэвч илүү их анхаарал халамж хүүхдүүд нь шаардлагатай гэж үзсэн тул тэрээр арванхоёрдугаар сард ажлаасаа гарсан байна.

Тогоочийн ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй байсан нь нөхрийнх нь ажилтай холбоотой. Уурхайд ажилладаг нөхөр нь олон долоо хоногийн турш гэрээсээ хол байдаг. “Нөхрийг ажилдаа явчихаар би ганц бие эмэгтэй шиг л байдаг” гэж тэрбээр хэлсэн юм.

Гэвч нөхрүүд гэртээ байсан ч Монгол эмэгтэйчүүд гэрийн ажлын ачааллыг нуруундаа үүрдэг. Үндэсний Статистикийн Хорооноос 2019 онд гаргасан судалгаагаар гэрийн ажил гэх мэт цалин хөлсгүй хөдөлмөрт эмэгтэйчүүд өдөрт тав орчим цагийг зарцуулдаг бол эрчүүд хоёр цаг хүрэхгүй хугацааг энэ төрлийн ажилд зарцуулдгийг тогтоожээ.

Коронавирусийн цар тахал эмэгтэйчүүдийг бүр ч илүү гэрт нь байлгах болов. Хөл хорио, цахим хичээл гэх мэтээс шалтгаалан эмэгтэйчүүд хүүхдээ асрахын тулд ажлаасаа гарч, цалин хөлсгүй хөдөлмөрт болон албан бус ажил эрхлэлтэд шилжиж байгаа талаар Үндэсний Статистикийн Хороо хоёрдугаар сард мэдээлжээ.

Үүний улмаас хөдөлмөр эрхлэлт дэх жендэрийн ялгаатай байдал буюу эрэгтэй, эмэгтэй ажилчдын тоон зөрүү нэмэгдэхэд хүрчээ. Үндэсний Статистикийн Хорооны тооцоолсноор 2021 оны хоёрдугаар улиралд жендэрийн зөрүү 15.3 хувь болсон бөгөөд эрчүүд ажиллах хүчний 60 хувь, эмэгтэйчүүд 45 хувийг эзэлж байгаа нь 2019 оны мөн үеэс бараг 3 хувь нэмэгдсэн үзүүлэлт юм.

expand image
expand slideshow

ЦОГХҮҮГИЙН УРАНЧИМЭГ, ГПЖ МОНГОЛ

Сумъяагийн Очмандах шиг малчдын хувьд сургуулийн өмнөх боловсрол, хүүхэд харах үйлчилгээ хязгаарлагдмал байдаг. Ихэнх малчин эмэгтэйчүүд хүүхдүүдээ дагуулаад малдаа явах хэрэгтэй болдог.

Монгол гэлтгүй дэлхий дахинд ч бас энэ үзэгдэл ажиглагдаж байна. Цар тахлын улмаас хөдөлмөр эрхэлдэг ээжүүдийн тоо цөөрч байна. Жендэрийн зөрүүний тухай Дэлхийн Эдийн Засгийн Форумын сүүлд гаргасан тайланд коронавирусийн улмаас ажилгүйдэлд эмэгтэйчүүд эрчүүдээс илүү өртөж, хүүхэдтэй эхчүүд ажлынхаа хажуугаар гэр орны ажлаа амжуулах шаардлага улам нэмэгдсэн гэжээ.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Нэгдсэн Үндэстний Байгууллагын жендэрийн тэгш байдлыг дэмжих нэгж болох НҮБ-ын Эмэгтэйчүүдийн Байгууллагын гаргасан датанд дурдсанаар жендэрийн тэгш байдлыг хангахын төлөө хийгдсэн 25 жилийн ахиц дэвшил нь цар тахлын улмаас үгүй болно гэсэн байна.

Нийгэмд тогтсон хэм хэмжээний улмаас цар тахлаас үүдэлтэй сөрөг үр дагаврыг арилгах нь Монгол улсын хувьд илүү хэцүү байна гэж судлаачид эмээж байна.

“Цар тахлын үед хөдөлмөр эрхлэлтийн хэлбэрээс шалтгаан эмэгтэйчүүд ямар ч сонголтгүйгээр нэмэгдэл ачааллыг өөрсдийн нуруун дээр үүрч байна” хэмээн нийслэл Улаанбаатар хот дахь Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн олон улсын харилцааны ахлах багш Ариунсангийн Гантуяа хэлсэн юм.

Жендэрийн талаарх хэвшмэл ойлголт, цалингийн зөрүү, хүүхдээ асрах хугацаа, гэр орны “нэргүй” ажлуудад цаг их илүү зарцуулдаг нь эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол цар тахлын нөлөөнд илүү өртөмхий болгож буйг тэрээр онцолсон. Монголд “Жендэрийн эрхийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, тусгайлсан бодлогын дэмжлэг хэрэгтэй” гэж Гантуяа хэлэв.

“Цар тахлын үед хөдөлмөр эрхлэлтийн хэлбэрээс шалтгаан эмэгтэйчүүд ямар ч сонголтгүйгээр нэмэгдэл ачааллыг өөрсдийн нуруун дээр үүрч байна”

Хүүхэд харах үйлчилгээ хангалтгүй байгаа нь асуудлын нэг хэсэг юм. Хөдөлмөр эрхэлдэг эцэг эхчүүдийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор 2015 онд Монгол улсад анх хүүхэд харах үйлчилгээний хууль батлагдаж, хамгийн анхны хүүхэд харах үйлчилгээний төвүүд албан ёсоор нээгдсэн. Монгол орон даяар 550 гаруй хүүхэд харах үйлчилгээний төв байдаг тухай Хүүхэд Харах Үйлчилгээ Эрхлэгчдийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн Милхаагийн Энхзул хэлсэн. Хууль батлагдахаас өмнө хүүхэд харах үйлчилгээний цөөн хэдэн төв үйл ажиллагаа явуулж байсан тул энэ төрлийн төвийн тоо нэмэгдсэн сайн хэрэг. Гэхдээ улсын нийт хэрэгцээг хангахаар хангалттай биш байна. Зургаан жилийн дотор коронавирусийн улмаас хүүхэд харах төвийн бараг 60 хувь нь үйл ажиллагаагаа зогсоосон тухай Энхзул хэлсэн юм.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага мөн адил хомс байгаа нь хүүхэд харах үйлчилгээний хэрэгцээг нэмэгдүүлж байна. 2017 онд Засгийн газраас гаргасан тайланд 3-5 хүртэлх насны хүүхдүүдийн ердөө 68 хувь нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдсан гэжээ.

Долоодугаар сард баталсан хөдөлмөрийн хуульд сургуулийн өмнөх боловсрол эсвэл хүүхэд харах төвийн хүртээмжийг сайжруулах талаар тусгаагүй байна. Гэхдээ цар тахлын нөхцөл байдлаас үүдэн Засгийн газраас өнгөрөгч дөрөвдүгээр сард хүүхэд бүрт сар бүр олгодог 20 мянган төгрөгийн тэтгэмжийг 100 мянга болгосон.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмсэн, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын тоог нэмэх гэхчлэн Монголын Засгийн газраас эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого шийдвэр гаргасан тухай Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны дарга Цэрэнбалтавын Минжин хэлээд энэ нь тэр бүр хүрэлцээтэй биш байгааг хүлээн зөвшөөрсөн юм. Тэрээр зайнаас ажиллах шийдлийг дэмжиж байгаа бөгөөд Засгийн газрын “Цахим үндэстэн” кампанит ажлыг дурдан, “Ээжүүд гэртээ хүүхдүүдээ харангаа цахимаар ажиллах боломжтой болно” гэв.

“Ковидгүй зун”-ыг хүлээж байсан Монголчуудын итгэл талаар болов. Юу болсонгүй вэ?Өгүүллийг уншина уу

Гол нь Монгол 3.3 сая хүн амтай боловч дийлэнх нь амьдардаг алс холын бүс нутгуудад асуудал хурц байна. Одоогоор үйл ажиллагаа явуулж буй 228 хүүхэд харах төвийн тал хүрэхгүй нь хөдөөгийн бүс нутагт тархан байрлажээ.

Сумъяагийн Очмандах шиг малчдын хувьд сургуулийн өмнөх боловсролын асуудал цар тахлаас ч өмнө бэрхшээлтэй байсан ба хүүхэд харах төв гэж огт байгаагүй аж. Нөхөр нь уурхайд ажилладаг учир зун цагт отор нүүдэл хийхдээ тэрээр гурван хүүхдээ дагуулаад явахаас өөр арга байдаггүй байна.

Монголын бусад аймагт малчин өрхүүдэд санал болгодог нүүдлийн гэр цэцэрлэгийн үйлчилгээний талаар 34 настай тэрбээр хэлэхдээ, “Хөдөөд нүүдлийн гэр цэцэрлэгийг хүртээмжтэйгээр ажиллуулбал би хүүхдээ дуртай явуулах байсан” гэсэн юм. Өмнөговийн нутагт энэ үйлчилгээ огт байдаггүй аж.

Хүүхдүүддээ боловсрол олгохын тулд Очмандах жилийн ихэнх хугацааг Баяндалай сумын төвд өнгөрүүлдэг. Түүний гурван хүүхэд коронавирусийн тахлаас өмнө тус сумын сургуульд явдаг байв.

Есдүгээр сараас эхлэн Монголын зарим хэсэгт сургууль, хүүхэд харах төвүүд эргээд нээгдсэн боловч Өмнөговь аймагт хаалттай хэвээр байна.

Хүүхдүүдээ сургуульд нь явуулаад, эргээд ажилдаа орохыг Түмэндэлгэр мөрөөддөг. “Би ажилдаа орж, хамт олонтой баймаар байна” гэж тэрээр хэлээд, “Өөрийн гэсэн орлоготой болж ханьдаа дэмтэй байх юмсан гэж боддог” гэв.

Оюунчимэгийн Нансалмаа, ГПЖ, энэхүү өгүүлэлд хамтран ажиллав.

Цогхүүгийн Уранчимэг нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.


ОРЧУУЛГЫН ТЭМДЭГЛЭЛ

Бямбацогтын Номин, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан.

Related Stories