Mongolia

“Ковидгүй зун”-ыг хүлээж байсан Монголчуудын итгэл талаар болов. Юу болсонгүй вэ?

Дархлаажуулалтын хурдаараа дэлхийд тэргүүлэн сайрхаж байсан Монгол улсыг хэдэн долоо хоногийн дотор КОВИД-19 халдварын шинэ давалгаа нөмрөв.

Read this story in

Publication Date

Mongolia Had Big Plans for a COVID-Free Summer. What Went Wrong?

ЦОГХҮҮГИЙН УРАНЧИМЭГ, ГПЖ МОНГОЛ

Тавдугаар сарын есөн гэхэд Өмнөговь аймгийн вакцинд хамрагдах иргэдийн 90 гаруй хувь нь КОВИД-19-ын эхний тунгаа хийлгэсэн байсан ба Монгол улс дэлхийд дархлаажуулалтаараа тэргүүлж байв. Гэвч хүмүүс олноор цуглах нь нэмэгдэж, дархлаажуулалт саатсанаар “Ковидгүй зун”-ыг хүлээж байсан иргэдийн итгэл талаар болов.

Publication Date

МОНГОЛ УЛС, АРХАНГАЙ АЙМАГ, ЭРДЭНЭБУЛГАН СУМ —Орон нутгийн гурван давхар эмнэлэгт ор хүрэлцэхгүй дүүрчээ. Сургуулийн дотуур байрнаас авч ирсэн давхар орон дээр хэвтэх туранхай залуухан эмэгтэйн биеийг амны хаалт зүүн, малгай өмссөн сувилагч үзэх ба олон бужигнасан энэ эмнэлэгт халдвар тараахаас сэргийлэн сувилагч бүсгүй өөр нэг эмчтэй радио станцаар холбогдон ярьж байв.

Өвчтөн Цогтгэрэлийн Ганзул нь 20 настай бөгөөд нийслэл Улаанбаатар хотод Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд бизнесээр сурдаг. Тэрээр дархлаажуулалтад бүрэн хамрагдаж, амны хаалтаа тогтмол зүүж байсан ч Архангай аймагт эцэг эхтэйгээ хамт аялж байхдаа коронавирусын халдвар авчээ.

“Би вакциныхаа хоёр тунг хийлгээд 16 хоночихсон байсан. Гэтэл нэг өдөр толгой өвдөөд, ханиалгаад, бүр амтлах, үнэрлэх чадвараа алдчихсан.” гэж тэрбээр хэлэв.

Ганзул шиг гэнэт халдвар авч, цөхөрсөн хүмүүс Монгол даяар олон байна.

Ард түмний эрүүл мэндийн байдал сайн, хилийн хатуу хяналттай байсны дээр Их Британийн Оксфорд-Астра Зенека, Америкийн Бионтекийн Файзер, Хятадын Синофарм, Оросын Спутник V гэсэн үнэгүй вакцин их хэмжээгээр хүлээн авсан болохоор Монголын засгийн газар “Ковидгүй Зун”-ыг угтана гэж дөрөвдүгээр сард итгэл төгс амласан.

Гэвч коронавирусын тархалт буурсангүй.

Цаг агаар дулаарахын хэрээр коронавирусын халдварын тоо ч нэмэгдэв. Сонгуулийн компанит ажил өрнөж, хүмүүс аялал зугаалгаар явж, дархлаажуулалтад хамрагдсан иргэд халдвар авах нь ихсэв. Ялангуяа Астра Зенека, Синофармийн вакцин хийлгэсэн иргэдийн дунд халдварын тархалт өндөр байжээ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас эдгээр вакциныг халдварын эсрэг 63 хувь, 79 хувийн үр дүнтэй гэж үзсэн. Дархлаажуулалтын үр дүн тааруу байх бүрт вакцины эсрэг хөдөлгөөн хүчээ авснаар сүргийн дархлаа тогтоох гэсэн Засгийн газрын зорилго талаар болов.

“Угаасаа вакцин хийлгэсэн хүмүүс хүртэл корона тусаад байхад” гэж 37 настай Нямжавын Байгаль хэлэв. Улаанбаатар хотод нягтлан бодогчоор ажилладаг тэрээр гэр бүлээрээ вакцин хийлгэхээс татгалзжээ. “Магадгүй тав эсвэл найман жилийн дараа бид хангалттай туршигдсан, сайжруулсан вакцин хийлгэнэ” гэж тэрбээр хэлэв.

Монголын ковидгүй зуныг угтах төлөвлөгөө тавдугаар сар гэхэд биеллээ олох боломжтой мэт байв. Америкийн Улаан Загалмай Нийгэмлэг, Олон Улсын Улаан Загалмай Улаан Хавирган Сар хөдөлгөөний хамтарсан санаачилга болох Дэлхийн Гамшгийн Бэлэн Байдлын Төвийн мэдээлснээр Монгол улс бусад улсуудтай харьцуулахад иргэдээ хамаагүй хурдан дархлаажуулалтад хамруулж байсан.

Нийт иргэдийн гуравны нэгээс илүү хувь нь дархлаажуулалт хамрагдан, эхний тунгаа хийлгээд байх үед Засгийн газраас вакцины хоёр тундаа хамрагдсан иргэн бүрт 50,000 төгрөгийн урамшуулал олгож эхэлсэн ба тавдугаар сарын 8-ны өдөр хөл хориог цуцалсан.

expand image
expand slideshow

Графикийг бэлтгэсэн Мэтт Хейни

“Хөл хорио сулрангуут аялал зугаалга, гэр бүл найз нөхдийн хүрээний уулзалтуудыг ихээр хийж эхэлсэн.” гэж резидент эмч Эрбатын Мягмарсүрэн хэлэв. “Мөн тэр үеэр төрийн одон медаль, шагналыг ихээр гардуулснаас шагнал авсан иргэд ахуйн хүрээнд найр хийсэн зэрэг олон хүчин зүйл ковидын тархалт дэгдэхэд нөлөөлсөн.” гэлээ.

Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдөр буюу 2021 оны тавдугаар сарын 24-ний өдөр Монгол Улсад өдөрт 539 тохиолдол бүртгэгдэж байсан бол сонгууль дууссаны дараагийн өдөр буюу зургаадугаар сарын 10-ны өдөр 1312 тохиолдол бүртгэгдсэн байна.

Сонгуулийн компанит ажлын үеэр ариутгал хийж, оролцогч бүр амны хаалт зүүж, хүн хооронд 1.5 метрээс доошгүй зайтай байхыг шаардаж байсан ч энэхүү журмыг хүмүүс чандлан дагаж мөрдөөгүй тухай гэрчүүд хэлсэн юм. Үүнээс гадна оролцогчдын тоонд огт хязгаар заагаагүй байна.

Увс аймагт олон зуун иргэдийн дунд зохион байгуулсан үйл ажиллагааг Жамсрангийн Билгүүн тодорхойлж хэлэхдээ, “Хүн хооронд нэг сандлын л зайтай, за ихдээ л 40 см байх, тийм л зайтай сууж байсан шүү дээ” гэв.

Төрөөс Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхийг цуцалсан ч олон нийтийн амралтыг хэвээр үлдээсэн ба долдугаар сарын 10-19-ний хооронд амралтын өдрүүдээр иргэд гэр бүлээрээ цугларч, халдварын тоо өсөхөд нөлөөлжээ.

Гар угаах хэвшил нь Монголд коронавирусээс гадна бусад халдвараас сэргийлэхэд нөлөөлж байнаХОЛБООТОЙ НИЙТЛЭЛҮҮД

Коронавирусын халдвар хурдтай, чимээгүй тархах зуур Вакциныг эсэргүүцэгчдийн холбоо ч мөн эрчээ авсан. Оны эхэнд долоон эмэгтэй нийлж энэ холбоог байгуулжээ. Фэйсбүүк дээр тэд вакцины хариу урвалын талаар мэдээлэл түгээж, дархлаажуулалт хамрагдсан иргэд халдвар авч буй тухай мэдээлж, ганга өвс, адууны хомоол уугиулж өөрсдийгөө анагаахыг зөвлөж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан.

“Бид өлсгөлөнгөө зарлаад ердөө дөрөвхөн цаг болж байхад цагдаа нар биднийг тараасан.” хэмээн Улаанбаатар хотын иргэн 48 настай Санжаагийн Отгонцэцэг хэлэв. Тэрээр тавдугаар сарын 26-нд төрийн ордны гадаа өлсгөлөн зарлаж, вакцинжуулалтыг зогсоохыг шаардсан 3,000 гаруй иргэдийн гарын үсэг цуглуулжээ.

Вакцин эсэргүүцэгч бусад иргэд Эрүүл Мэндийн Яамнаас цар тахлын үед амны хаалт зүүх, ариутгал хийх, зай барих зөвлөмжийг мөрдөж байгаа ч дархлаажуулалтад хамрагдахыг хүссэнгүй. Вакцин нь дөнгөж гараад байгаа бөгөөд аюулгүй гэдэг нь тодорхойгүй гэж эмээж байгаа аж. Монгол Улсад ашиглаж байгаа вакцинууд нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад бүртгэгдсэн, чанарын шаардлага хангасан бөгөөд вакцинд хамрагдсан хүн хамрагдаагүй хүнтэй харьцуулахад хөнгөн тусаад эдгэрдэг гэдгийг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Дархлаажуулалтын албаны дарга Отгонбаярын Дашпагма хэлэв.

Төрөөс өгч буй чиглэл, мөнгөн урамшууллын арга хэмжээ амжилтгүй болж халдвар тархалт улам нэмэгдэж, халдварлах чадвар өндөртэй дельта хувилбарын талаар яриа дэгдсэнээр вакцин хийлгэхээ эсэхээ шийдээгүй эргэлзэж байсан монголчуудыг бодлоо өөрчлөхөд хүргэв.

Аниргүйд дуу хоолойг түгээх нь: Дүрст дуудлагын шинэ үйлчилгээ сонсголын бэрхшээлтэй иргэдийн амьдралд өөрчлөлт авчирч байнаХОЛБООТОЙ НИЙТЛЭЛҮҮД

“Вакцин хийлгээгүйдээ харамсдаг. Вакцин хийлгэсэн бол КОВИД-ыг арай хөнгөн тусах байсан.” Хэмээн Архангай аймгийн малчин 39 настай Батбаярын Энхжаргал хэлэв. Тэрээр гуравдугаар сард халдвар авч 13 хоног эмнэлэгт хэвтжээ. Намайг эмчлүүлж байх хооронд нөхөр хоёр хүүхэд маань вакцин хийлгэсэн.” гэж тэрбээр хэлэв.

Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан “иргэд вакциндаа идэвхтэй хамрагдаж байна” гэж хэлээд эмч, эмнэлгийн ажилчид, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг халдварын тэргүүн ээлжид ажиллаж буй хүмүүсийг Зенека вакцины 3 дугаар тунд хамруулаад байгаа тухай ярьсан.

Халдвар авахгүй байх гэж их хичээсэн ч коронавирусын халдварт өртсөн Ганзул иргэдийг олдсон вакцинаа хийлгэж, аль болох эртхэн дархлаажуулалт хамрагдаасай гэж эмнэлгийн өрөөнөөсөө хүсэв.

“Вакцин бол дэлхийн маш олон ухаантай хүмүүс нэгдэн гаргасан бүтээл. Дэлхийн түүхэн дэх цар тахлуудыг вакцины хүчээр л даван туулсан шүү дээ” гэж тэрбээр хэлэв.

Наймдугаар сарын сүүл гэхэд Монгол улсад КОВИД-19-ын 213,820 тохиолдол бүртгэгдэж, 931 хүн нас бараад байна. Энэ нь нийт хүн амын зургаа хүрэхгүй хувь нь халдвар авч, нэг хувь хүрэхгүй иргэд нас барсан тоо боловч Ковидгүй зуныг угтахаар зэхэж байсан улсын төлөвлөгөөг нураах тааруу үр дүн болов. Магадгүй намар, өвөлд ч коронавирусын халдвар үргэлжлэн тарахад нөлөөлж болзошгүй.

Хэрэв хүн бүр вакцинд хамрагдвал Монгол улс 2022 оны зуныг ковидгүй угтаж магадгүй гэж Ганзул хэлсэн юм.

Баттөрийн Мягмарсүрэн нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.


ОРЧУУЛГЫН ТЭМДЭГЛЭЛ

Бямбацогтын Номин, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан.