Mongolia

Жирэмсэн эхчүүдийг вакцин хийлгэхгүй байхыг анхааруулсны улмаас төрөлтийн тоо буурав

Цар тахал нүүрлэж, жирэмсэн эмэгтэйчүүдийг КОВИД-19-ийн вакцин хийлгэхгүй байхыг зөвлөж байснаас үүдэн Засгийн газрын төрөлтийг дэмжих хүчин чармайлт талаар болов.

Read this story in

Publication Date

Vaccine Warnings Compound Declining Birth Rates

ЦОГХҮҮГИЙН УРАНЧИМЭГ, ГПЖ МОНГОЛ УЛС

32 настай Баярцогийн Оюунханд арваннэгдүгээр сард амаржсан бөгөөд үүнээс өмнө тогтмол эмчид очин, эрүүл саруул эсэхээ шалгуулж байв. Монгол Улс жирэмсэн эмэгтэйчүүдийг КОВИД-19-ийн эхэн үед вакцин хийлгэхгүй байхыг анхааруулж байсан ба Эрүүл мэндийн яам энэхүү зөвлөмжөө 2021 оны тавдугаар сарын сүүлээр өөрчилсөн. Харин Оюунханд гуравдугаар сард дархлаажуулалтад хамрагдсан байв.

Publication Date

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ —2021 оны гуравдугаар сарын нэгэн орой телевизийн мэдээгээр “Жирэмсэн эмэгтэйчүүдэд ковидын вакцин эсрэг заалттай тул хийлгэхгүй байхыг зөвлөж байна” гэсэн анхааруулгыг Эрүүл мэндийн яамнаас өгөв.

Хоёр зураастай жирэмсний тестээ хараад баярлаж суусан 32 настай бүсгүй энэ мэдээг сонсоод балмагдаж орхив.

Учир нь Баярцогийн Оюунханд жирэмсэн гэдгээ мэдээгүй байхдаа ажил олгогчийн шаардлагаар эхний тундаа хамрагджээ. Олон сарын өмнө төлөвлөж байсан хүүхэд нь энэ үед олдоно гэж тэр яахан мэдэх билээ. Холбоо барьсан эхний эмч нь түүнд үр хөндүүлэхийг зөвлөв. Бүсгүй өөр хариу сонсоно гэж итгэн, өөр олон эмчээс асуусан ч бүх зүйл зүгээр гэж хэлэх эмч нэгээхэн ч олдсонгүй.

“Ковидын вакцин хийж эхэлснээс хойш дэлхий дээр хүүхэд төрөөгүй байгаа учраас судлагдаагүй. Энэ бол шинэ зүйл. Хэн ч эрүүл саруул хүүхэд төрнө гэсэн баталгаа өгч чадахгүй гэж зөвлөсөн” тухай Оюунханд ярив.

Монголд КОВИД-19-ийн дархлаажуулалт эхэлснээс хойш эхний дөрвөн сард Эрүүл мэндийн яамнаас жирэмсэн эмэгтэйчүүдийг вакцинд хамрагдахгүй байхыг зөвлөж байв. Олон улсын судалгаагаар вакциныг аюулгүй гэдгийг баталгаажуулсны дараа 2021 оны тавдугаар сарын 27-нд яам энэхүү шийдвэрээ албан ёсоор өөрчилсөн. Гэвч олон нийт айдастай хэвээр байсан ба үр дүнд нь төрөлтийн хувь багасаж, эхийн эндэгдэл нэмэгдэхэд хүрчээ.

“Хүмүүс ихэнхдээ найз нөхөд болон сошиал орчинд тарсан сөрөг мэдээлэлд итгэдэг” гэж Анагаахын шинжлэх ухааны сургуулийн Эх барих эмэгтэйчүүдийн тэнхимийн эрхлэгч, Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн үед ажиллуулсан эмнэлзүйн зөвлөх багийн гишүүн Даваасүрэнгийн Мөнхцэцэг хэлээд “Мэргэжлийн хүмүүс, эмч нарын ярьж байгаа мэдээллийг сонсохоороо доромжлох байдлаар ханддаг. Энэ бол зөвхөн Монголд биш дэлхий нийтээрээ ийм байна” гэв.

ГРАФИКИЙГ БЭЛТГЭСЭН МЭТТ ХЕЙНИ

ГРАФИКИЙГ БЭЛТГЭСЭН МЭТТ ХЕЙНИ

ГРАФИКИЙГ БЭЛТГЭСЭН МЭТТ ХЕЙНИ

Дэлхий даяар КОВИД-19-ийн дархлаажуулалт эхлэх үед жирэмсэн эхчүүд вакцинд хамрагдаж болох эсэх талаар эрүүл мэндийн мэргэжилтнүүд зөрүүтэй мэдээлэл өгч байв. 2021 оны дундуур 47 улс жирэмсэн эмэгтэйчүүдийг вакцинд хамрагдахгүй байхыг зөвлөж байсан ба үүнд хойд хөрш ОХУ багтаж байв. Харин АНУ тэргүүтэй 22 улс вакцин хийлгэхийг зөвлөж байсан бол урд хөрш БНХАУ зэрэг үлдсэн улсууд алийг нь ч зөвлөхгүй, дундыг баримталж байв.

Жонс Хопкинсийн Их сургуулийн Берманы биоэтикийн хүрээлэн ба дархлаажуулалтын судалгааны төвөөс боловсруулсан КОВИД-19 Жирэмсэн эхчүүдийн дархлаажуулалтын хянагчийн мэдээлснээр 2022 оны гуравдугаар сарын байдлаар жирэмсэн эхчүүдийг вакцинд хамрагдахгүй байхыг зөвлөж буй 16 улс байгаа бол вакцинд хамрагдахыг зөвлөж буй 104 улс байна.

Хүн амын тоогоо өсгөхийн тулд сүүлийн 20 орчим жил хичээж байгаа Монгол Улсын хувьд төрөлт буурсан нь таагүй үзүүлэлт болов.

Жирэмсэн эхчүүд вакцины эсрэг заалттай хүмүүст хамаарах тухай зурвасыг 2021 оны гуравдугаар сарын 11-нд Эрүүл мэндийн яамны албан ёсны Фэйсбүүк хуудсанд нийтэлжээ. Энэ постонд 500 гаруй хүн хариу сэтгэгдлээ илэрхийлж, 1500 гаруй хүн бусадтай хуваалцжээ

2005 онд төрөлтийн коэффициент 1.95 болтлоо буурсан нь түүхэн дэх хамгийн бага үзүүлэлт байсан бөгөөд үүнд ядуурал, халдварт өвчний тархалт, бүс нутгийн зөрчил нөлөөлсөн тухай Үндэсний статистикийн хороо мэдээлжээ. Төрөлтийн бууралтаас үүдэлтэй ажиллах хүч, эдийн засгийн өсөлт, нийгмийн халамжийн системд үзүүлэх урт хугацааны нөлөөг харгалзан Монголын Засгийн газраас төрөлтийг дэмжих бодлого хэрэгжүүлж, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй эхчүүдийг тусгай шагналаар урамшуулах, хүүхэд бүрт 3,000 төгрөгийн тэтгэмж олгохоор тухайн жил шийдвэрлэсэн юм. Хүүхдийн мөнгө 2012 онд 20,000 төгрөг болж нэмэгдсэн бол 2020 оны дөрөвдүгээр сард цар тахлаас үүдэн 100,000 төгрөг болсон.

Гэвч 2021 онд төрөлтийн хувь сүүлийн 14 жилийн доод түвшинд хүртлээ унав. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэдээлснээр үр хөндөлтийн тоо нэмэгдээгүй байна. Энэ нь гэр бүлүүд үр хөндүүлэх гэхээс илүү хүүхэдтэй болох шийдвэрээ хойшлуулж байсныг илтгэж буй юм.

Эхийн эндэгдэл 2021 онд өмнөх жилээс гурав дахин өссөн ба эндсэн эхчүүдийн 70 орчим хувь нь коронавирусийн халдварын хүндрэлийн улмаас нас баржээ. Үүнд жирэмсэн эхчүүдийн дархлаажуулалтад хамрагдсан хувь бага байсан нь нөлөөлсөн гэж эрүүл мэндийн салбарынхан үзэж байна. Үүнээс гадна өвчнөө энгийн ханиад гэж ойлгоод ихэнх тохиолдолд эмнэлэгт хожимдож ирэх гэх мэт коронавирусийн хүндрэлээс шалтгаалан эхийн эндэгдэл энэ жил нэмэгдсэн тухай Мөнхцэцэг хэлсэн.

expand image
expand slideshow

ЦОГХҮҮГИЙН УРАНЧИМЭГ, ГПЖ МОНГОЛ УЛС

33 настай Идэрийн Оюунтөгс хоёр сартай охиноо асарч байна. Жирэмсэн байхдаа КОВИД-19-ийн вакцинд хамрагдсаны дараа эрүүл саруул хүүхэд төрүүлсэндээ сэтгэл амарсан хэдий ч вакцины сөрөг нөлөө илрэх вий гэсэн айдастай хэвээр байна.

Жирэмсэн үедээ КОВИД-19-ийн халдвар болон вакцины эрсдлийг хооронд нь эргэцүүлж харьцуулах нь давхар биетэй эмэгтэйчүүдэд ихээхэн түгшүүр төрүүлж байсан бөгөөд тэдний нэг нь 33 настай Идэрийн Оюунтөгс юм.

“Ковид тусаад хэд хэдэн эх эндсэн талаар сонсож байсан болохоор хамгийн анх ойрын хавьтал болчихоод айгаад уйлж байсан” гэж тэрбээр хэлсэн.

Өмнөговь аймгийн эмнэлгээс түүнтэй холбогдож, дархлаажуулалтад хамрагдахыг уриалж ярилцсаны дараа шийдвэр гаргахад түүнд хялбар болжээ. Өмнөговь аймаг нийт иргэдийнхээ 91.6 хувийг дархлаажуулалтад хамруулснаараа улсдаа тэргүүлж байв.

Хүнд шийдвэртэй нүүр тулсан өөр нэгэн эмэгтэйг Цэрэндоржийн Саруул гэдэг. 26 настай тэрээр вакцины гурван тундаа хамрагдсаны дараа буюу 2021 оны арванхоёрдугаар сард жирэмсэн болсноо мэджээ. Жирэмсэн болсноо мэдэхээс хэдхэн долоо хоногийн өмнө тэрээр сүүлийн тунгаа хийлгэсэн байна. Найман сарын өмнө Эрүүл мэндийн яам жирэмсэн эмэгтэйчүүдийг вакцинд хамрагдахгүй байх зөвлөмжөө цуцалсан ч Саруул нэгдүгээр сард үр хөндүүлэхээр шийджээ.

“Согогтой хүүхэд төрчих вий гэж айгаад үр хөндүүлсэн” гэж тэрбээр хэлээд “Зүгээр л авахуулчихъя гээд авахуулаагүй, хүмүүс Фэйсбүүкт уруул нь сэтэрхий, тагнай нь цоорхой хүүхэд төрөх вий гэх мэт сэтгэгдэл үлдээсэн байсан учраас нөхөртэйгөө ярилцаад энэ шийдвэрт хүрсэн” гэв.

expand image
expand slideshow

ЦОГХҮҮГИЙН УРАНЧИМЭГ, ГПЖ МОНГОЛ УЛС

КОВИД-19 хөнгөн туссаныхаа дараа төрөх дөхсөн 32 настай Баярцогийн Оюунханд цусны шинжилгээ өгч байна.

Анхны хүүхэд нь цар тахлын эхний жил төрсөн ба цар тахлын дараа тэднийх дахин хүүхэдтэй болохоор төлөвлөж буй аж.

“Залуу хүмүүс юм чинь дахиад тайван цагт сэтгэлийн зовнилгүй эрүүл саруул хүүхэд төрүүлнэ гэж нөхөр маань намайг тайвшруулсан” гэж Саруул хэлэв. Түүн шиг цар тахал намдахыг хүлээн, хүүхэдтэй болохоо хойшлуулж буй хүмүүс байгаа нь сүүлийн 20 жил төрөлтийг нэмэгдүүлэх гэж хичээж буй засгийн газарт бага ч гэсэн итгэл өгч, өнгөрсөн жилийн үзүүлэлт түр зуурынх байсан гэж найдахад хүргэж байна.

Оюунхандын хувьд долоон эмчтэй ярьж зөвлөлдсөний дараа үр хөндүүлэхгүй байхаар шийджээ. Вакцин хийлгэчихсэн учраас танай хүүхдэд давуу тал болох боломжтой, хүүхэд чинь дархлаатай төрж магадгүй гэж түүнд нэг эмч зөвлөсөн байна.

“Энэ нь надад хүүхдээ төрүүлэх итгэл найдварыг өгсөн” гэж тэрбээр хэлээд жирэмсэн байхдаа вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн тухайгаа ярьсан юм.

Жирэмсний сүүлийн гурван сард тэрээр коронавирусийн халдвар авсан ч хүндрэл багатай даван туулж, 2021 оны арваннэгдүгээр сард эрүүл саруул охинтой болжээ. Оюунханд эмнэлгээс гаран нөхөр, хоёр хүүхэд дээрээ шинэ хүнээ авч очихын өмнө эхлээд тэнхрэх шаардлагатай байв. Зөвхөн бие махбодын хувьд биш энэ хүртэл даван туулсан сэтгэл санааны хямрал, стрессээсээ ангижрах хэрэгтэй байлаа.

Цогхүүгийн Уранчимэг нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.


ОРЧУУЛГЫН ТЭМДЭГЛЭЛ

Бямбацогтын Номин, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан.