Mongolia

Цуцталаа ажилладаг ч цалин нь хаа ч хүрдэггүй: Хөдөлмөртөө нийцсэн цалинг туслах малчид шаардаж байна

Туслах малчдын амрах эрх, хөдөлмөртөө нийцсэн цалин авах боломжийг Хөдөлмөрийн тухай хууль анх удаа хангав. Гэвч энэ мэдээ хүн бүрд хүрч чадахгүй байна.

Read this story in

Publication Date

Overworked and Underpaid: The Life of Assistant Herders

БАТТӨРИЙН МЯГМАРСҮРЭН, ГПЖ МОНГОЛ УЛС

Архангай аймгийн туслах малчин Энхбатын Чулуунбат долоо хоногт 70 цаг ажилладаг.

Publication Date

МОНГОЛ УЛС, АРХАНГАЙ АЙМАГ, ЭРДЭНЭБУЛГАН СУМ — Малчид туслах ажилчидтайгаа зүй бусаар харьцаж байна гэх гомдлууд эрх зүйн зохицуулалтаас хальсан нэгэн ажил мэргэжлийг олны нүдэнд ил болгов.

Монголд 18 мянга гаруй туслах малчид байдаг тухай Хүний эрхийн үндэсний комисс мэдээлжээ. Тэдний ихэнх нь тогтсон боловсролгүй, ажил олгогчтойгоо заргалдах эрх зүйн мэдлэггүй хүмүүс байдаг аж. Туслах малчдыг хамгаалах хууль журам цөөн байдгаас үүдэн тэд цуцталаа ажилладаг хэр нь ажлын гүйцэтгэлдээ нийцсэн цалин авч чаддаггүй байна. Энэ нь хөдөө орон нутагт тулгарч буй хүний эрх болон хөдөлмөрийн аюулгүй байдлын томоохон асуудал болоод байна.

3.4 сая хүн амтай Монгол Улсын 300 мянган малчинтай гэж Үндэсний статистикийн хороо тооцоолжээ. Олон малчид ажилдаа туслуулахаар туслах ажилчид авдаг. Монголын Хөдөлмөрийн тухай хуульд хүн өдөрт найман цаг ажиллах ёстой гэж заасан боловч туслах малчдын 84 хувь нь жилийн турш илүү цагаар ажилладаг тухай Хүний эрхийн комисс мэдээлжээ. Мөн бэртэл гэмтэл авсан тохиолдолд 40 хувь нь өөрсдөө эмчилгээний зардлаа гаргадаг тухай судалгаанд хамрагдсан туслах малчид хэлжээ.

Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгад туслах малчдыг хамгаалах зарим зүйл заалт орсон ч энэ тухай мэдээгүй малчид, туслах малчид олон байна.

Арав гаруй жил туслах малчнаар ажиллаж буй Энхбатын Чулуунбат нь туслах малчдад тулгамдаж буй асуудлыг биеэрээ туулж яваа нэгэн.

КОВИД-19-ын эсрэг Монгол Улс тэмцэж байх зуур өөр төрлийн вирус нүүрлэв ӨГҮҮЛЛИЙГ УНШИНА УУ

Монголын төв хэсэгт орших Архангай аймагт -9 хэмтэй, өвлийн нэгэн дулаахан өдөр тэрээр машины тэвшин дээрээс багласан өвснүүдийг авч, малын хашаа руугаа буулгаж байв. Зөвхөн нүд нь ил гарсан, хар баг өмссөн тэрээр салхинаас нүүрээ буруулан доош тонгойно.

Чулуунбатыг ажлаа хийж байх үед түүний ажил олгогч Нямсүрэн хүрч ирээд алга болсон адуунуудыг дөрвөн километрийн цаанаас хайж олж ирэхийг хүсэв. Тэрээр өвсөө буулгаж дуусаад бүрий болохоос урьтаж адуунуудаа олж ирэхээр явлаа.

“Өнөөдөр амралтын өдөр мөн л дөө” гэж Чулуунбат хэлээд “Гэхдээ бидэнд амралтын өдөр гэж байдаггүй. Гэнэтийн ажлууд энэ мэтээр гарч ирсээр л байдаг. Одоо алга болсон адуугаа хайхаар яваад олохгүй бол шөнөдөө ирэхгүй ч байж мэднэ” гэв.

Сүүлийн арван жил Чулуунбатын гэр бүл нийтдээ долоон өөр айлд туслах малчнаар ажиллажээ. “Бид эхэндээ цалингаа л тохиролцдог бусад зүйлс нь тэгээд яваандаа болдог доо” гэж тэрбээр хэлээд “Болохгүй бол ажиллахаа болиод яваад өгдөг” гэв.

Тэднийх хоёр жил гаруйн өмнөөс Нямсүрэнгийн гэр бүлийн ажилд тусалж эхэлжээ. Хуулийн хариуцлага тооцох вий гэж санаа зовон Нямсүрэн овгоо хэлэхээс татгалзсан. “Малчин байна гэдэг нь ажил гэхээсээ илүү амьдралын хэв маяг юм шүү дээ” гэж Нямсүрэн хэлээд “Бид аль болох туслах малчдадаа мал маллах арга ухааныг заагаад өөрсдийнхөө хэмжээнд цалинжуулаад, малжуулаад явахыг хичээдэг” гэв.

Чулуунбат долоо хоногийн өдөр бүр 10 цаг ажилладаг. Тэднийх өөрсдийн гэсэн малтай болох хүсэлтэй тул цалингаа малаар авдаг. Жилдээ авдаг 15 хонь, зургаан ямаа нь 6.3 сая төгрөгтэй дүйцнэ. Харин түүний эхнэр Даваажаргалын Мөнхцэцэг гэрийн ажил, хүүхэд харах, зуны улиралд үнээ саах зэрэг ажилд тусалдаг бөгөөд цалингаа ахуйн хэрэгцээний гурил, будаа, саван, шүдний оо зэрэг зүйлсээр авдаг байна. Тэдний 11 настай охин Чулуунбатын Болор мөн хичээлээсээ ирээд хоол хийх, цэвэрлэгээ хийх, сүү саах, мал маллах ажилд тусалдаг ба огт цалин авдаггүй байна.

"Гэнэтийн ажлууд энэ мэтээр гарч ирсээр л байдаг. Одоо алга болсон адуугаа хайхаар яваад олохгүй бол шөнөдөө ирэхгүй ч байж мэднэ”.

“Өмнө ажиллаж байсан айлууд мөнгөөр нь өгнө гэчхээд өгдөггүй” хэмээн Мөнхцэцэг хэлээд “Малаар цалин өгөхөөрөө хамгийн муу, туранхай малаа өгдөг байсан. Тэдгээрийг бодвол одоо хамаагүй дээр байна” гэв.

Үндэсний статистикийн хороо хөдөөгийн өрхийн жилийн дундаж орлогыг 15.6 сая төгрөг гэж тооцоолсон. Гэтэл Хүний эрхийн комиссын судалгаанд оролцсон туслах малчдын жилийн дундаж орлого 5.4 сая төгрөг хүрэхгүй байна. Үүнд тэдний малаар авсан цалин болон бараа бүтээгдэхүүн багтаж буй юм.

Сэлэнгэ аймгийн туслах малчин Ганхуягийн Баясах сард 300 мянган төгрөгийн цалин авдаг. Цалин нь “хоол унд, ахуйн хэрэгцээнд л хүрдэг дээ” гэж тэрбээр хэлэв. Түүний цалин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420 мянган төгрөгөөс доогуур байгааг ажил олгогч Жавхлан хүлээн зөвшөөрсөн. Жавхлан нь Нямсүрэнгийн нэгэн адил хуулийн хариуцлага хүлээхээс санаа зовон овгоо хэлэхээс татгалзав.

“Малчид хавар ноолуурын үеэр, зун мах үнэд орвол л жилд хоёр удаа бэлэн мөнгөтэй болдог” гэж Жавхлан хэлээд “Ийм байхад сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд нийцүүлж 420 мянган төгрөгөөр хүн цалинжуулж ажиллуулна гэвэл малчдад маш том дарамт болно” гэв.

Малчид болон үлийн цагаан оготно хоорондын бэлчээрийн төлөөх тэмцэл ӨГҮҮЛЛИЙГ УНШИНА УУ

Судалгаанд хамрагдсан туслах малчдын гуравны нэгээс илүү нь олсон орлого нь өдөр тутмын хэрэгцээнд дөнгөж хүрдэг гэсэн бол 13 хувь нь орлого нь өдөр тутмын суурь хэрэгцээ буюу хоол ундандаа ч хүрэлцдэггүй гэжээ.

Засгийн газраас энэ асуудлыг анхаарч, Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгаар зохицуулалт хийсэн ба нэгдүгээр сараас эхлэн хүчин төгөлдөр болсон.

Хуулийн дагуу ажил олгогчид туслах малчнаа долоо хоногийн нэг өдөр амраах ба ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамт болон бусад төрлийн зүй бус харьцаанаас ангид хөдөлмөрийн орчин бүрдүүлж өгөх ёстой. Туслах малчны цалин хөлсний 30-аас илүүгүй хувийг бараа бүтээгдэхүүн эсвэл малаар олгохыг зөвшөөрсөн ба мөнгөн бус хэлбэрээр цалин олгохдоо зах зээлийн үнэд нийцүүлж, сайн чанарын мал, бараа бүтээгдэхүүн олгоно гэж заажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга туслах малчдын хөдөлмөрийн харилцаан дах зарим нэг асуудлыг шийдвэрлэж чадна гэж найдаж буйгаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн хууль тогтоомж хариуцсан ахлах шинжээч Ш.Маяа хэлээд тус хуулийг танилцуулах сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын Ажил олгогч эздийн холбоотой хамтран нийт 21 аймаг, Улаанбаатарын есөн дүүрэгт малчид болон туслах малчдын дунд зохион байгуулсан тухай ярьсан.

Хуулийг олон нийтэд таниулах арга хэмжээ авсан хэдий ч Чулуунбат болон бусад олон туслах малчид ийм хууль батлагдсан тухай мэдээгүй байна. Чулуунбаттай хийсэн цалингийн тохиролцоо нь хууль бус гэдгийг түүний ажил олгогч Нямсүрэн мөн мэдээгүй байна. Шинэ журам нь тэдний өдөр тутмын амьдралд төдийлөн өөрчлөлт авч ирээгүй гэж Нямсүрэн болон Жавхлан нар хэлсэн.

Чулуунбат хэлснээрээ үнэхээр тэр өдөр адуу хайх гэж яваад гэртээ ирсэнгүй. 13 километрийн цаана адуунууд нь байгаа тухай айлаас сураг сонссон ч оройтсон байсан тул тэр айлдаа хоножээ.

Маргааш өглөө нь тэрээр адуунуудаа хайж олоод гэр рүүгээ тууж авчирчээ. Тэгээд ажил олгогчийнхоос холгүй байх өөрийн гэртээ сая нэг ирэв.

Тэр хоолоо идчихээд эргээд ажилдаа гарлаа.

Баттөрийн Мягмарсүрэн нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.


ОРЧУУЛГЫН ТЭМДЭГЛЭЛ

Бямбацогтын Номин, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан.

Related Stories