Mongolia

Монголчууд соёлын өвөө түгээн дэлгэрүүлэх үйлд шамдаж байна

Хятад улс Өвөр Монголын сургуулиудад мандарин хэлээр хичээл орох шийдвэрийг гаргаснаас хойш Монгол Улс үндэсний бичгээ сэргээх үйлд илүү их анхаарах болов.

Read this story in

Publication Date

Mongolians Fight to Preserve a Key Part of Cultural Heritage

Сандагдоржийн Долгормаа, ГПЖ Монгол

Титэм сургуулийн наймдугаар ангийн сурагч Цолмонгийн Хулан \14 нас\ монгол угалзан бичлэгээр “Миний Монгол” гэж бичиж байна.

Publication Date

Монгол Улс, Хөвсгөл аймаг, Мөрөн хот — Дамдины Уянга сурагчдын хамтаар аав, ээж, элэнц, хуланц гэсэн үгнүүдийг аажуухнаар үечлэн уншиж байна.

Гадаад хэлний багш Д.Уянга ба түүний 8-р ангийн сурагчид мөчир бүр нь садан төрлийг төлөөлөх ”Ургийн мод”-ыг зурах замаар сурч дадаагүй бичиг болох монгол үндэсний бичгийг эзэмшиж байгаа аж.

Монголчуудын уламжлалт бичгийн соёл болсон монгол бичиг нь Чингис хааны үеэс хэрэглэгдэж ирсэн, 800 гаруй жилийн түүхтэй. ЮНЕСКО-оос Соёлын биет бус өвд монгол бичгийг бүртгэн авсан байдаг. Гэвч ихэнх монголчууд үндэсний бичгээ өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэггүйн улмаас мартах аюул ойрхон иржээ.

Харин өдгөө Хятадын Засгийн газар ба тус улсын хойд бүсэд орших Өвөр Монголын Өөртөө Засах Ороны монгол үндэстэн хоорондын зөрчилдөөнөөс улбаалан Монгол Улсад үндэсний бичгийг сэргээн суралцах эрмэлзэл эрчимжсэн байна.

“ Бидний бахархал шүү дээ” хэмээн монгол бичгийг анхлан сурч буй 54 настай Д.Уянга хэлээд “Монгол үндэстэн оршин тогтнохын үндэс нь монгол бичиг. Тэгэхээр хүн болгон заавал сурах ёстой л гэж бодож байна” гэсэн юм.

expand image
expand slideshow

Сандагдоржийн Долгормаа, ГПЖ Монгол

Гадаад хэлний багш Дамдины Уянга сурагчдаар ”Ургийн мод” бүтээлгэн монгол үндэсний бичигт суралцдаг.

Хятадын Засгийн газар Өвөр Монголын сургуулиудад монгол хэлээр үздэг хичээлийг мандарин хэлээр заах шийдвэрийг гаргаснаар өнөөгийн нөхцөл байдлын эхлэлийг тавьжээ. Тус улсын засгийн газар бага ястнуудыг хятадын соёлд уусгах, нэгтгэх, нэг үзэл санаатай болгох бодлого баримталж байгаа тухай Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн багш, докторант Баатарын Баттогтох хэлсэн юм.

Үндэстний цөөнхүүдийг хавчин гадуурхаж, өөртөө засах орны соёлын өвийг устгахаар завдаж буй явдалд шүүмжлэгчид Хятадын Засгийн газрыг буруутгаж байна.

Мэдээ сурвалжилга, мөн Өмнөд Монголын хүний эрхийн мэдээллийн төвийн нийтэлсэн зургаас үзэхэд Өвөр Монгол дахь сурагчид, тэдний эцэг эхчүүд шинэ журмыг эсэргүүцсэн байна. Гэвч Хятадын Гадаад харилцааны яамнаас эсэргүүцлийн тухай мэдээ, сурвалжилгыг “цаанаа өөр зорилго бүхий улс төрийн таамаг” хэмээн үгүйсгэж, сургуулиудад мандарин хэлээр хичээл заах шаардлага, шийдвэрийг хамгаалсан юм.

Есдүгээр сард зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр “Үндэстнүүд нэгэн хэлээр ярьж, бичих нь үндэсний бие даасан байдлын бэлгэ тэмдэг мөн” хэмээн Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуныинь хэлжээ.

Энэхүү нөхцөл байдал хөрш Монгол орны иргэдийн сэтгэлийн утсыг хөндсөн байна. Хятадын Засгийн газрын шинэ бодлогыг эргүүлэн татуулахын төлөөх “Эх хэлээ аваръя” хөдөлгөөнд олон мянган хүн нэгдсэний дотор олны танил сэтгүүлч, зохиолч, эрдэмтэд ч багтаж байв.

“Монгол бичиг чинь бүх монгол үндэстний 800 гаруй жилийн түүх соёл” хэмээн хөдөлгөөний тэргүүн Нямдоржийн Золзаяа хэлсэн юм.

expand image
expand slideshow

Сандагдоржийн Долгормаа, ГПЖ Монгол

Дамдины Уянга сурагчдад танхимын хичээл орж байна.

Есдүгээр сард, хичээлийн шинэ жил эхлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга сурагчидтай уулзан, монгол бичгийн талаар ярилцаж, түүний оролцсон телевизийн нэвтрүүлгээр нэгэн сурагч Өвөр Монгол зохиолчийн тэрлэсэн монгол бичгийн тухай шүлгийг уншсан нь Хятадын шинэ бодлогыг далд утгаараа шүүмжилсэн үйлдэл боллоо хэмээн хүмүүс үзэж байв.

Ерөнхийлөгч арванхоёрдугаар сараас эхлэн монголчуудад үндэсний бичгийг цуврал теле хичээлээр заасан юм.

Тэрээр, монгол бичиг бол улс орны тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг гэдгийг онцлоод, “Ерөнхийлөгч үндэсний хэл, соёлыг дэмжин дэлгэрүүлэх үндсэн үүрэгтэй” хэмээн теле хичээлийн үеэр хэлжээ.

Өвөрмонголчууд монгол бичгээ түүхийн турш хадгалж, хэрэглэсээр ирсэн бол Монгол Улс кирилл бичгийг 1946 оноос албан ёсоор хэрэглэх болжээ. 1990 онд ардчилсан тогтолцоонд шилжсэнээр монголчууд үндэсний бичгээ сэргээх оролдлогуудыг хийж эхэлсэн байна. Сурагчид зургаадугаар ангиас эхлэн 12-р анги хүртлээ монгол бичигт суралцдаг боловч төгссөнийхөө дараа хэрэглэдэггүй учир сурснаа мартах талтай.

“Бид бүхэн яг амьдралын хөрсөн дээр өнөөдөр үндэсний бичгээ мартчихсан, мэдэхгүй байна” хэмээн Д.Уянгын ажилладаг Титэм сургуулийн Нийгмийн ухааны сургалтын менежер Батчулууны Түвшинсүх хэлэв.

expand image
expand slideshow

Сандагдоржийн Долгормаа, ГПЖ Монгол

Титэм сургууль дээр монгол уран бичлэгээр “Монгол” гэж бичсэн шигтгээн наамлыг индүүдэж байна.

Титэм сургууль Эх хэл бичгийн түшиц сургууль болжээ. Аравдугаар сараас эхлэн 100 гаруй ажилтан нь цахим сургалтанд хамрагдах болсон нь байгууллага, хамт олноороо монгол бичигт суралцахыг хөхиүлэн дэмжсэн үндэсний бодлогын хүрээнд хийгдсэн үйл хэрэг юм.

Одоо тэдний 90 хувь нь шударга уншиж, 80 хувь нь зөв, хичээнгүй хуулан бичиж, талаас илүү нь цахим орчинд гар утасны хэрэглүүр дээр толь бичиг ашиглан монгол бичгээр шивж сурсан тухай Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын Монгол хэлний боловсрол хариуцсан мэргэжилтэн Оюунчимэгийн Оюунтунгалаг хэллээ.

Тус газар Хөвсгөл аймгийн төрийн 7000 орчим албан хаагчдад монгол хэл бичгийн 150 багшаар дамжуулан үндэсний бичиг эзэмшүүлэх зорилгыг тавьж байгаа тухай тэрээр ярьсан юм. Цаашлаад хэл бичгийн хөтөлбөр тэлж, орон даяар иргэдэд хүрэх боломжийг тус газрын удирдлагууд харж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2025 он гэхэд төрийн байгууллагууд албан хэрэгтээ кирилл ба монгол бичгийг хослуулан хэрэглэдэг болсон байх төлөвлөгөө гаргасан.

“Иргэд ч гэсэн хүүхдээ монгол бичигтэй болгох гээд ” хэмээн Оюунтунгалаг хэлээд “Өвөрмонголчуудын хөдөлгөөн монголчуудад сэрж мэдрэх тэр дохиог өгөв үү” гэсэн юм.

Баттөрийн Мягмарсүрэн, ГПЖ, энэхүү өгүүлэлд хамтран ажиллав.

Сандагдоржийн Долгормаа нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.


Орчуулгын тэмдэглэл

Цэгмидийн Намуун, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан.