МОНГОЛ УЛС, ОРХОН АЙМАГ, ЭРДЭНЭТ ХОТ —Малын КОВИД-19 гэж энэ өвчнийг малчид нэрлэж байна. Малын хөлийн тоос, автомашины дугуй, малын мах, цусаар дамжин түргэн халдварладаг шүлхий өвчний вирусын тархалт цар тахлын эхний хоёр жил намжаад байсан ч одоо эрс нэмэгдээд буйг малчид хэлж байна.
Хоёрдугаар сарын нэгэн өглөө Орхон аймагт Будуухайн Тогтох гэрээсээ гарч ирэн, алсын барааг саравчлан харж зогссоноо үзлэг хийж буй малын эмчийг чиглэн алхах замдаа нэг бяруу барьж авав. “Энэ жоохон тарга хүч муутай байгаа юм” гэж Тогтох хэлээд “Энэнээс нэг цус аваад шинжлээд өгдөө” гэв.
Малын шүлхий өвчин Монгол Улсад түгээмэл тохиолддог. Гоц халдварт энэхүү вирусээр салаа туурайтан амьтад өвчилдөг ба халдвар авсан амьтан зургаан хүртэлх өдөр халуурч, ам, хөл дээр нь цэврүү туурдаг аж. 30 сая хонь, 27 сая ямаа, 5 сая үхэр, 400 мянган тэмээтэй Монгол Улсад 2000-аас 2017 оны хооронд нийт 14 удаа шүлхийн дэгдэлт болж байсан ба 2017, 2018 онд онц аюултай нүүрлэж, 21 аймгийн 13-т өвчлөл бүртгэгджээ. 2020 болон 2021 оны ихэнх саруудад цар тахлын улмаас тээврийн хэрэгсэл, малчдын зорчих хөдөлгөөн багассанаар шүлхий өвчний тохиолдол эрс буурсан. Харин есдүгээр сараас хойш хөл хорио суларсны улмаас шүлхий өвчин 16 аймагт тархаад байна.
Шүлхий өвчний дэгдэлтийг ихэвчлэн хорио цээрийн дэглэмээр зохицуулдаг. Монгол Улсын Засгийн газраас халдвар бүртгэгдсэн бүсүүдэд мах худалдахыг хориглож, шилжих хөдөлгөөнийг хязгаарладаг. Мөн халдварын шинж тэмдэг илэрсэн малыг устгалд оруулдаг. “Хуульдаа шүлхийтэй малыг устгана гээд заачихсан учраас эмчлэгдэхгүй болсон малыг устгахаас өөр аргагүй” гэж Орхон аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Лувсангийн Уртнаст хэлсэн.
Булган аймгийн малчин Цэрэндоржийн Цэдэнхүү 2021 онд таван үхрээ устгуулсан. “Нүд хальтрам хэцүү байсан” гэж тэрбээр хэлээд “Гэхдээ бусад үлдсэн бүх үхрээ ингэж өвчлүүлж, устгуулахгүйн тулд чимээгүй буудуулахаас өөр сонголт надад байгаагүй” гэв.
Монголын мал аж ахуйн салбар нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн 90 орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд 4 хүн тутмын 1 нь энэ салбарт ажилладаг тухай Олон улсын валютын сан мэдээллэсэн. Малчид малын мах, сүү, ноосыг авч, өтөг бууцыг нь хүртэл түлж, өрх гэрээ дулаацуулдаг. Малаа өвчинд алдсанаар айлууд ядууралд нэрвэгдэх аюултай.
“Хүч хөдөлмөр зарцуулж өсгөж үржүүлсэн малаа нэг өдөр л бүгдийг нь устгуулна гэдэг бол малчид бидний амьдралыг бүхэлд устгаж байгаагаас ялгаагүй” гэж Сэлэнгэ аймгийн малчин Гарьдмагнайгийн Алтангэрэл хэлэв. Устгасан малын дундаж үнийн 90 хувьтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг малчдад олгоно гэж 2017 онд батлагдсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасан. Гэвч нөхөр олговрыг авахад урт хугацаа шаарддаг байна.
Цэдэнхүү одоо хөнгөн халдварласан 10 үхрээ эмчилж байгаа бөгөөд тав хоногийн эмчилгээнд нийтдээ бараг 4 сая төгрөгийг зарцуулах аж. Үндэсний статистикийн хорооны 2019 онд гаргасан мэдээллээр Монголд сарын дундаж орлого 1.3 сая төгрөг байна. Тиймээс малаа эмчлэхэд чамгүй хөрөнгө зарцуулдаг гэсэн үг. Гэхдээ алсаа бодвол малаа устгуулснаас эмчлүүлээд авсан нь ашигтай байдаг аж. “Малын ашиг шим маш их шүү дээ” гэж Цэдэнхүү хэлээд “Өвчилсөн бүх үхрээ устгуулчихвал илүү их хохиролтой. Зардал ихтэй ч дараа нь үхрээсээ авах ашиг шимээ бодвол эмчлүүлэхээс өөр аргагүй” гэсэн юм.
Халдвар авсан мал шинж тэмдэггүй, нууц үедээ халдвар тараах чадвар хамгийн өндөртэй байдаг тул устгалд оруулах нь тийм ч үр дүнтэй арга биш гэдгийг Улаанбаатар дахь малын эмч П.Болортуяа хэлсэн. “Энэ өвчин яг коронавирус шиг асаад уугиад л бүрэн унтрахаа болино. Олон эх үүсвэртэй болчихсон учраас байнга гараад байна гэсэн үг. Тиймээс тархалтыг зогсоох талаар төлөвлөгөө боловсруулах нь чухал ” гэж тэрбээр хэлэв.
Шүлхий өвчний дэгдэлт өөр бусад сөрөг үр дагаврыг дагуулдаг. 2017 онд найман аймагт тархсан шүлхий өвчний тархалтын үр нөлөөг 2020 онд судлахад шүлхий өвчний улмаас малчдын хооллох хэв маягт өөрчлөлт орж, олон хүн мах, сүүний хэрэглээгээ танахад хүрсэн гэж судлаачид тэмдэглэжээ. Тухайн жилийн дэгдэлтийн нөлөөгөөр 7.35 сая ам.долларын хохирол учирсан нь дотоодын нийт бүтээгдэхүүний 0.65 хувийг эзэлж буй юм.
Монгол Улсын Засгийн газраас шүлхий өвчнийг дарахын тулд малыг вакцинжуулалт хамруулдаг. Гэвч энэ жил вакцин хомс байна. Хангамж дуусахаас урьтаж малаа дархлаажуулаад авсан Тогтохынх азтай. Шүлхий улс даяар хяналтгүй тархаж байгаа тул бусад малчид ч түүн шиг малаа дархлаажуулалтад хамруулах гэж яарч байна.
“Өөртөө коронагийн вакцин хийлгээгүй мөртлөө малдаа шүлхийн вакцин хийлгэе гээд л сандраад гүйчихдэг” гэж Тогтох хэлсэн юм.
Засгийн газрын цахим үйлчилгээг ашиглаж чадвал амьдралыг хөнгөвчилнө
БУСАД НИЙТЛЭЛИЙГ УНШИХ БОЛ ЭНД ДАРНА УУВакцин нь тус өвчнөөс 6 сарын хугацаанд л хамгаалдаг бөгөөд бүх омгоос хамгаалж чаддаггүй. “Шүлхийн вакцин хийх нь үр дүнтэй. Даанч вакцины нөөцөө бүрдүүлж чадаагүй учраас өвчний тархалтыг ингэж хурдан алдсан” гэж Уртнаст хэлсэн. Мөн 2021 оны төсөвт малын халдварт өвчинтэй тэмцэх зардлаа бүрэн суулгаагүй тухай тэрбээр хэлэв.
“Нэг өвчнийг анхаараад нөгөө өвчнөө таг мартах юм манай төр засаг” хэмээн Булган аймгийн малчин Довдонгийн Галбадрах хэлээд “Шүлхий өвчин малын корона болчхоод байхад вакцины нөөц дууссан гээд хийхгүй, устгана л гээд дайраад байх юм” гэв.
Малын дархлаажуулалт, мал амьтны эрүүл мэндийн асуудлыг хариуцан ажилладаг Мал эмнэлгийн ерөнхий газар шүлхий өвчний тархалтын талаар мэдэгдэл өгөхөөс татгалзсан. Энэ төрлийн мэдээлэл нь Монгол Улсын махны экспортод шууд нөлөөлөх магадлалтай гэж тэд тайлбарлав. Мөн Украйн дахь дайн вакцины импортод хэрхэн нөлөөлөх талаар мэдэгдэл хийхээс татгалзсан.
Сар гаруй хүлээсний эцэст нэгдүгээр сарын сүүлээр шүлхий өвчний вакцин Монголд ирсэн тухай Уртнаст хэлсэн. Мал эмнэлгийн ерөнхий газрын мэдээлснээр хоёрдугаар сард Оросоос 2,5 сая тун вакцин орж ирсэн байна. Гэвч хуулийн дагуу баталгаажуулах дамжлагаар орж, малчдад ойролцоогоор 35-40 хоногийн дараа хүрэх ба дөрөвдүгээр сард хийгдэж эхлэх юм.
Энэ үед хэтэрхий оройтсон байх вий гэж зарим малчид санаа зовж байна. “Байгаа бүх малаа шүлхийгээр алдчихгүйн тулд тэр вакциныг нь л хийлгэмээр байх юм” гэж Алтангэрэл санаа зовон хэлээд “Асуухаар вакцин байхгүй, ирээгүй, хүлээж бай гэх юм. Хэдий болтол хүлээх юм бүү мэд. Мөнгийг нь өгөөд ч хамаагүй хийлгэмээр байна” гэв.
Баттөрийн Мягмарсүрэн нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.
Хөхнохойгийн Хорлоо нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.
ОРЧУУЛГЫН ТЭМДЭГЛЭЛ
Бямбацогтын Номин, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан.