Mongolia

Бэлчээрийн доройтол малчдыг газар тариалангийн салбарт хөтлөв

Монголын тал нутаг, бэлчээр талхлагдсан явдал нь малчдыг малын тэжээл тариалж сурах зайлшгүй нөхцөл байдалд оруулав.

Read this story in

Publication Date

As Grasslands Die, Herders Turn to Agriculture

БАТСҮХИЙН ОДОНЧИМЭГ, ГПЖ МОНГОЛ УЛС

Архангай аймгийн Их тамир суманд Зундуйн Алтангэрэл малдаа тавьж өгөхөөр ногоон тэжээл бэлдэж байна.

Publication Date

МОНГОЛ УЛС, АРХАНГАЙ АЙМАГ, ИХТАМИР СУМ— Монголд малчид малаа маллахын зэрэгцээ газар тариалан эрхлэх болжээ.

Уудам тал хөндий дэх хашаалсан талбайд ногоорон ургасан өндөр өвснүүд салхины аясаар найган ганхах нь усны урсгал адил харагдана. Малын тоо толгой хурдтай нэмэгдэхийн хэрээр бэлчээрийн даац хэтэрч, өвс ургамлын нөөц хомсодсон цаг үед малчдад өөрсдийнх нь тариалсан ногоон тэжээл хүйтэн өвөл аминд нь ордог. Монгол орны бэлчээр 110 орчим сая га (271.8 сая акр) талбай газрыг хамардаг ба эдүгээ дэлхий дээр оршин буй бэлчээрийн хамгийн том экосистемүүдийн нэг юм. Гэвч энэхүү бэлчээрийн газар нутаг одоо олон сая тоо толгой таван хошуу малын хөлд талхлагдаж, цаашид онгон дагшин хэвээр үлдэхэд бэрхшээлтэй болж байна.

“Ногоон тэжээл тариалахгүйгээр өвлийн өнтэй давах тун хэцүү” хэмээн Архангай аймгийн Ихтамир сумын малчин Зундуйн Алтангэрэл хэлэв. Ихтамир сум нь 1,100 малчин өрхийн 370,000 толгой малтай. Тус сумын бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн төдийгүй үлийн цагаан оготно үржсэнээр ургамлын үндсийг идэж, сүйтгэн нөхцөл байдлыг улам дордуулжээ.

Тус улсын мал аж ахуйн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувь, нийт ажиллах хүчний 23 хувийг бүрдүүлдэг. 1990-ээд онд Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээр малын тоо толгой эрчимтэй нэмэгджээ. Үүнээс өмнө малын тоо 25 сая орчимд хязгаарлагдаж байв. Жилээс жилд мал сүрэг тасралтгүй өсөж байсан ч бэлчээрийг зохистой ашиглах талаар тодорхой журам байгаагүйн улмаас тус тоо бараг гурав дахин нэмэгдэж, өдгөө 67 саяд хүрээд байна. Жилд орох хур борооны хэмжээ багасаж, түүгээр зогсохгүй уламжлалт нүүдлийн ёсоор бэлчээр сэлгэхээ тэр бүр больсон явдал нь бэлчээрийн доройтолд хүргэж буй тухай малчид, судлаачид ярьсан юм.

expand image
expand slideshow

ГРАФИКИЙГ БЭЛТГЭСЭН МЭТТ ХЕЙНИ

Бэлчээрийн доройтол газар нутгаас хамааран 22 хувиас 95 хувь хүртэл харилцан адилгүй байна. Хамгийн сүүлд буюу энэ онд хийгдсэн албаны үнэлгээнээс үзэхэд Монгол орны бэлчээрийн эдэлбэр газрын 57 хувь нь тодорхой хэмжээнд доройтолд орсон ба нийт бэлчээр нутгийн гуравны нэгт оногдох малын тоо толгой хэтрээд байна. Засгийн газраас 2018 онд хийсэн судалгаагаар оролцогч малчдын 90 гаруй хувь нь бэлчээрийн хомсдол тэдний хувьд бэрхшээл болж байна гэж хариулжээ.

Малын тооны хэт өсөлт болон бэлчээрийн хомсдол нь малчин өрхийн амьдралын хэв маягийг хэдийнэ өөрчлөөд эхэлжээ. Тиймээс З.Алтангэрэл зэрэг нутгийн малчид ногоон тэжээл тариалах болов.

Газрыг олон нийт ашиглах зориулалттай тул малчид тариалан эрхлэхийн тулд сумын газрын албанд хүсэлт гарган, иргэдийн хурлаар хэлэлцүүлэх ёстой. Ихтамир сумын малчин Цамбын Ханджав хавар 2 сая төгрөг (642 ам.доллар)-өөр газраа хагалж, үрээ аваад, намар 5 сая төгрөг (1606 ам.доллар)-өөр үнэлэгдэх ногоон тэжээл хураадаг тухайгаа ярив. “Олон малчид ногоон тэжээл тарьдаг болсон, өрхийн амьжиргаанд маш их дэмтэй” хэмээн тэрээр хэлэв.

Түүнчлэн малчид хүнсний ногоо тариалж байгаа тухай орон нутаг дахь “Арвижин Сайжрах” төрийн бус байгууллагын тэргүүн Лувсанцэрэнгийн Нэргүйбаатар ярилаа. Ихтамир суманд 70 орчим өрх газар тариалан эрхэлж, өрхийн амьжиргаагаа сайжруулсан талаар тэрээр мөн дурдсан юм.

Газар тариалан эрхлэх нь малчдын хувьд амаргүй хөдөлмөр. Тэр тусмаа цаг агаарын тогтворгүй байдал газар тариалангийн ажилд хүндрэл учруулах нь бий. Өмнөх ургац хураалтын үеэр гэнэт их хэмжээний цас унаж, тариаг нь дарж, чийг авхуулсан тухай З.Алтангэрэл ярьсан. Харин Л.Нэргүйбаатар газар тариаланг олзуурхаж байна. Тэрээр “Малчин гэхээр зөвхөн мал малладаг хүмүүс гэж ойлгодог бол одоо газар тариалан эрхэлж, орлогоо нэмэгдүүлж байна” гээд “Бидний бэлчээрээ хамгаалах гэсэн хүчин чармайлт өөрөө орлогын эх үүсвэрийг бий болгож байна” гэлээ.

БАТСҮХИЙН ОДОНЧИМЭГ, ГПЖ МОНГОЛ УЛС

Сүүлийн жилүүдэд малчид Монгол орны бэлчээрийн ачааллыг бууруулахын тулд малын тэжээл тарих болов.

Малчин өрхүүд нийлж, мал маллах уламжлалт аргаа сэргээх замаар бэлчээрээ хамгаалж байна. З.Алтангэрэлийнх өмнө нь бэлчээрээ сэлгэж нүүдэггүй, зуслан болон өвөлжөөний хооронд жил тойрон нутагладаг байжээ. Хүйтэн өвөл болоход өвс хайсан мал өөр малчны өвөлжөө, хаваржаа руу орж бэлчих асуудал гардаг байв. Ингэснээс малчид бэлчээрийн маргаан үүсгэж, үл ойлголцол гаарахад хүрдэг байлаа. Өдгөө малчин өрхүүд зохион байгуулалтад орж, бэлчээр ашиглагчдын хэсэг байгуулан, газар нутгаа зохистой ашиглах талаар хэлэлцсэнээр бэлчээртээ ариг гамтай хандах болжээ. Ингэснээр нутгийн иргэд, эдийн засагчдын нэрлэдгээр “нийтийн бэлчээрийн гамшиг” гэгдэх үр дагавраас зайлсхийх боломжтой.

“Бэлчээр бол төрийн өмч, үнэгүйгээр ашиглаж буй төрийн өмчийн чанарыг бууруулахгүй, хадгалдаг байх, боломжоороо сайжруулдаг байх хэрэгтэй” хэмээн Швейцарын хөгжлийн агентлагаас Монгол Улсын 21 аймгаас 18 аймагт хэрэгжүүлж, саяхан хаалтаа хийсэн Ногоон алт төслийн мэргэжилтэн Дэнсамбуугийн Булгамаа хэлсэн юм.

Ногоон алт төслийн өөр нэгэн санаачилга болох “Хариуцлагатай Нүүдэлчид” цахим системийг 2017 оноос нэвтрүүлж эхэлснээр худалдан авагчид малын гаралтай түүхий эдийн гарал үүслийн найдвартай байдал, малын эрүүл мэнд болон бэлчээрийн нөхцөл байдал, мөн тогтвортой байдлын бусад арга хэмжээнүүдэд хяналт тавих боломжтой болжээ. Энэ нь малчдыг урьд урьдынхаасаа илүү малынхаа тавлаг байдалд анхаарахыг шаардаж байгаа талаар Д.Булгамаа ярилаа. “Малчдыг хариуцлагажуулах шаардлага байсан” хэмээн тэр хэлэв.

Ногоон алт төсөл хэрэгжсэн 18 жилийн хугацаанд малчид эвлэлдэн нэгдсэний үр дүнд 20 сая га (49 сая акр) бэлчээрийг доройтохоос сэргийлж, 5 сая га (12 сая акр) бэлчээрийг унаган төрхөд нь оруулсан тухай Д.Булгамаа ярьсан.

expand image
expand slideshow

БАТСҮХИЙН ОДОНЧИМЭГ, ГПЖ МОНГОЛ УЛС

Архангай аймгийн Булган сум. Бэлчээр ашиглагчдын холбооны ээлжит хурлыг Толягийн Батдорж удирдаж байна.

Монгол орны бэлчээрийн талхагдал буцаж нөхөн сэргэх тал дээр “харьцангуй сайтай” хэмээн Архангай аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны гүйцэтгэх захирал Толягийн Батдорж хэлээд “Гэвч малын тооны өсөлтийг хязгаарлахгүйгээр энэ бүхэн боломжгүй” гэв.

Малын тоо толгой хэт олширсон нь бэлчээрийг амрааж, сэлгээх боломжгүй болгожээ. Азийн хөгжлийн банкны 2014 онд нийтлүүлсэн судалгаанд дурдсанаар бэлчээрийн зуны дээд ургац хамгийн ихдээ л гэхэд 40 жилийн өмнөх түвшний 75 хувьд хүрч байгаа ба шим тэжээлээр баялаг ургамлын төрөл зүйл цөөрчээ. Эдгээр өөрчлөлтүүд малын чанарт нөлөөлж байна. Тухайлбал, 1980-аас 2000 оны хооронд хонины амьдын жин 4 кг (8 фунт), ямааных 2 кг (4 фунт), үхрийнх 10 кг (22 фунт)-аар тус тус буурсан байна. Энэ нь малчдын амьжиргаанд нөлөөлснөөр тэд мал сүргийнхээ тоо толгойг өсгөж, бэлчээрийн даацыг нэмж хэтрүүлэх аюулт тойрогт татагдаж оржээ.

Мал сүргийн бүтцэд өөрчлөлт орсон нь бас нэгэн хүчин зүйл болов. Байгалийн онц ноцтой гамшиг болох зудад нэрвэгдэж, малаа алдсан малчид үхэр, сарлаг, тэмээ зэрэг бод малын оронд бага үнэтэй боловч ноолуураас ашиг сайн өгөх бог мал болох ямааны тоо толгойг өсгөх хандлагатай болжээ. Мал сүрэгт эзлэх ямааны тоо толгой 1990 онд 20 хувь байсан бол 2006 онд 44 хувь болтлоо өссөн байна. Асуудал юунд байна вэ? Ямаа өвсийг үндсээр нь зулгааж иддэг тул бэлчээрийн ургамал буцаж ургахад нөлөөлдөг.

Малчид бэлчээрийг харилцан зохистой ашиглах гэрээ хийж, жилийн дөрвөн улиралд бэлчээр сэлгэдэг уламжлалт нүүдлийн мал аж ахуйн аргыг сэргээж, бэлчээрийн өвсийг нэмэлтээр ногоон тэжээл тариалах замаар орлуулж байна. Түүний зэрэгцээ Засгийн газрын зүгээс малын тоо толгойн өсөлтийг сааруулах шаталсан алхмуудыг хийж байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бэлчээр ашиглалт, хамгаалалт хариуцсан мэргэжилтэн Цэвэгмэдийн Мөнхнасан хэлсэн юм. Өмнө нь малаа олон болгож, мянга давуулан өсгөсөн малчныг улсын аварга малчнаар тодруулж, урамшуулдаг байсан. Харин 2021 оноос эхлэн Монгол Улсын засгийн газраас малын тоо толгойн албан татварыг оногдуулахаар болж, малчид нэг малд 2000 төгрөг (62 цент) хүртэлх татварыг төлөхөөр болсон аж. Эндээс бүрдсэн орлогын 80-аас багагүй хувийг бэлчээрийн нөхөн сэргээлт, ашиглалтын менежментэд зарцуулахаар зохицуулжээ.

Бэлчээрийн доройтлын хямралыг малчид хамтын хүчээр даван туулахын тулд шинээр батлагдсан татварын хуулийг нийт малчдын 85 хувь нь хүлээн зөвшөөрч байна.

Батсүхийн Одончимэг нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.


ОРЧУУЛГЫН ТЭМДЭГЛЭЛ

Цэгмидийн Намуун, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан.

Related Stories