Монгол Улс, Улаанбаатар —Цогтын Галбаатарын орлого цагаан сарын өмнөх хэдэн долоо хоногт ихээхэн өсдөг. Тэр бол хөөрөг урлаач. Монголчууд баярын өдрүүдээр хөөрөг хэмээх уран хийцтэй тамхины савыг зөрүүлж, мэнд мэддэг уламжлалтай. Өмнөх жилүүдэд тэр сардаа л 40-50 ширхгийг зарчихдаг байжээ. Гэвч арваннэгдүгээр сард Монгол улс коронавирусийг дотооддоо анх удаагаа алдсанаар нийслэл хот бараг тэр чигтээ зогсонги байдалд орсон юм.
Кофе шоп, зоогийн газар, үсчин, гоо сайхны газрууд бүгд хаагдав. Гэртээ хоригдсон иргэд бухимдаж, айж байлаа. Хоёрдугаар сард буюу цагаан сарын баярын өдрүүдээр төрийн байгууллагын албан хаагчид гудамжинд эргүүл хийж, гадуур зорчсон хүн бүрээс хаашаа явж байгааг нь асууж, вирусийн халдваргүй гэдгээ нотлох шинжилгээний бичгийг шаардаж байв. Тэр үед Ц.Галбаатарын Хаш Угалз урланг хаагаагүй байсан хэдий ч тэрээр сард дөрөв, таван л хөөрөг зарсан байна. “Худалдан авагчид маань хямарсан” хэмээгээд тэрээр өөрөө ч дагаж хямралд өртсөнөө хэлсэн юм.
Хөл хорионы уршгаар Галбаатарын борлуулалт эрс буурч, зээл нэмэгдсэн нь Монгол улсын хамгийн их хүн амь суурьшсан хотод байдаг л үзэгдэл болов. Олон сарын хөл хорионд иргэдийн тэвчээр алдагдаж, хариу үйлдэл хийж эхэлсэн юм. Хэдэн мянган жагсагч, түүн дотор халаттай зарим иргэд нийслэл хотын төв талбайд цугларч, ерөнхий сайд албан тушаалаасаа огцров.
Хуучнаар Зөвлөлт Холбоот Улсаас ихээхэн хамааралтай байсан Монгол Улс 1990-ээд оноос зах зээлийн чөлөөт эдийн засагт шилжсэн. Нүүрс, зэс, алтыг их хэмжээгээр худалдаалж эхэлсэн тус улс дотоодын нийт бүтээгдэхүүнээ дөрөв дахин нэмэгдүүлсэн хэдий ч хөрөнгийн хуваарилалт нийтэд тэгш хүртээмжтэй байсангүй. Сүүлийн жилүүдэд ядуурлын түвшин 30 орчим хувьд хүрсэн төдийгүй Улаанбаатар хотын гэр хороололд хэдэн зуун мянган айл өрх усан хангамжийн хүрэлцээгүй нөхцөлд амьдарч байна. Энэ хугацаанд гарсан авлигын цуврал хэргүүдээс үүдэж иргэдийн төрд итгэх итгэл буурчээ. Азийн Сангийн 2017 онд хийсэн судалгаанаас үзэхэд асуулгад оролцсон иргэдийн 90% нь авлига Монголд түгээмэл бөгөөд эрх баригчид авлигын эсрэг тэмцэхэд хүчин чармайлт гаргах хүсэлгүй гэдэгт итгэдэг гэсэн байна.
Дэлхий даяар коронавирус тархаж байхад Монгол Улс бусад олон улстай харьцуулахад илүү удаан хугацаанд вирусийг дотооддоо нэвтрүүлэхгүй тэсч байлаа. Арваннэгдүгээр сар гэхэд тус улсад гаднаас зөөвөрлөгдсөн нийт 400 орчим тохиолдол бүртгэгдсэн ба халдвараар өвчлөн нас барсан хүн байсангүй. Удалгүй дотоодын халдварын анхны тохиолдлыг зарласнаар хөл хорио тогтоосон юм. Засгийн газар санхүүгийн хямралд орж буй бизнесүүдэд дэмжлэг үзүүлж, эрчим хүч, усны хэрэглээний зардлыг хөнгөлөх зэрэг алхмуудыг хийсэн боловч зээл болон бусад мөнгөн тусламж олгох тухай шийдвэрийг эхэндээ гаргаагүй.
“Хүн хөдөлмөр эрхлэх, ашиг орлого олох эрхтэй юу гэвэл эрхтэй, гэхдээ засгийн газраа харалтгүй бүгд дор дороо хичээх ёстой” хэмээн Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн Дугарын Сүнжид хэлсэн юм.
Энэ цаг үе олон хүнд бэрх тусч байна. 12 дахь жилдээ хөөрөг урлаж байгаа Ц.Галбаатар эхнэрийн хамт гэр хороолол дахь гэртээ хөөрөгний урлан ажиллуулдаг. 39 настай түүний царайнд дулаахан инээмсэглэл тодрох ба чулуу сийлсээр байгаад хуурайшсан гар нь чулууны тоос, тоосонцор болжээ. Түүний урласан хөөрөг 1 саяас 10 сая.төгрөг (350 ам.доллар – 3,500 ам.доллар)-ийн үнэд хүрдэг. Борлуулалт огцом муудахад тэрээр: Орон сууцны зээлээ яаж төлөх билээ? Бизнесийн зээлээ яах билээ? Гурван нялх хүүхдээ яаж тэжээх вэ? Дөрвөн ажилтнаа авч үлдэх үү? зэрэг асуудлыг бодон сэтгэл зовниж байв.
“Бид сайн ажилчдаа алдахгүйн тулд өөрсдийн хадгаламжнаасаа цалин өгч, одоо хадгаламж бүгд дууссан” хэмээн Ц.Галбаатарын эхнэр С.Төмөрчөдөр хэлэв. Гэвч бусад бизнес эрхлэгчдээс ялгаатай нь тэд урлангийнхаа үүдийг барьсангүй.
Арванхоёрдугаар сард улсын хэмжээнд ойролцоогоор 2,000 жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн дунд судалгаа явуулахад тэдний талаас илүү нь хаалгаа барьсан байв. Улаанбаатар дахь аж ахуйн нэгжүүдийн 40% нь ажлын байрны цомхотгол хийжээ. Нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдийн дотор үсчний газруудаас эхлээд барилгын компаниуд хүртэл цалингаа тавьж, зээлээ төлөхөд бэрхшээлтэй байгаагаа хэлсэн юм.
“Манай засгийн газар хөл хорионы үеэр учраа нэг л олсонгүй, шийдвэрүүд нь өөр хоорондоо зөрчилтэй, эргэж буцсан байдалтай байсан” хэмээн эдийн засагч Ганбатын Ганзориг хэллээ.
Харин өмнөх Шадар сайдын ахлах зөвлөх асан Содномдоржийн Янжинсүрэнгийн хэлж буйгаар Монгол Улс бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг зөвшөөрөх, түүнчлэн вирусийн тархалтыг удаашруулах тал дээр тэнцвэрийг олохын тулд чадах бүхнээ хийж байгаа гэж байв.
“Хөл хорио бизнесүүдэд нөлөөлсөн нь үнэн. Дэлхий даяар нөхцөл байдал ойролцоо байгаа” хэмээгээд “Бид бүхэн нийт хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах ажлуудыг хэрэгжүүлж байхдаа эдийн засгаа нураахгүйн тулд байж болох бүхий л арга замуудыг эрэлхийлж байсан” гэсэн юм.
Хүмүүсийн уур бухимдал хөл хорионы журмыг боловсруулж гаргадаг Улсын онцгой комисст чиглэсэн байв. Эрүүл мэндийн тусламж авахаар нийслэлийг зорьсон эмэгтэй коронавирусний халдваргүйгээ нотлох шинжилгээний бичиггүйн улмаас цаг алдаж, хот руу нэвтэрч амжилгүй нас барсан хэрэгт иргэд улсын онцгой комиссыг буруутгаж байлаа.
Шадар сайд бөгөөд УОК-ын даргын албан тушаалыг хашиж байсан Янгүгийн Содбаатар тайлбар өгөхөөс татгалзсан. Түүний зөвлөх асан С.Янжинсүрэн “Засгийн газар олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллаж байгаа гэдгийг манай ард иргэд ойлгож байгаа гэж би бодож байна” хэмээн хэлж байсан юм.
Нэгдүгээр сард нэгэн дүрс бичлэг цацагдав. КОВИД-19-ийн халдвар авсан, дөнгөж төрсөн эхийг эмнэлгээс гаргаж байгаа дүр зураг байлаа. Түүнийг шөнийн хасах хэмийн хүйтэнд гадуур хувцасгүй, ягаан өнгийн халат, цагаан өмд, шаахайтай гаргасан байв. Монголчууд дөнгөж амаржсан эхийг дааруулж, тэр битгий хэл хүйтэн усанд ч хүргэж болохгүй, хууч өвчинтэй болно гэж үздэг.
Тус явдал болсны маргааш өдөр нь хэдэн мянган иргэн Засгийн газрын ордны гадаа, Сүхбаатарын талбай дээр цуглалаа. (Өгүүллийг бичсэн сурвалжлагч нь тус эмэгтэйг дэмжиж буйгаа илэрхийлэн олны дунд байсан.) Зарим иргэд тачигнасан хүйтэнд халат, шаахайтай жагсаж, эмэгтэйд үүссэн нөхцөл байдалд албаныхан хариуцлага хүлээх ёстой хэмээн шаардацгааж байсан юм.
Монгол оёдолчид өрөнд орж, коронавирус борлуулалтыг нь бүрэн зогсоход хүргэсний дараа хүндхэн шийдвэр гаргаж байна
Бусад нийтлэл унших бол дарна ууЗасгийн газар тэр даруй нь гэнэтийн хариу үйлдэл үзүүлж, Шадар сайд Я.Содбаатар огцров. Дараагийн өдөр нь ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх суудлаасаа буулаа. У.Хүрэлсүх тус жагсаалыг өөрийнх нь нэр хүндийг унагах зорилгоор зохион байгуулсан хэмээн одоогийн ерөнхийлөгчийг буруутгасан ч тэрээр үгүйсгэсэн юм. У.Хүрэлсүх энэ зун болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших тухай таамаглал бий.
“Тэрээр Ерөнхийлөгчийн сонгууль угтсан, өөрийнхөө болон намынхаа нэр хүндийг хамгаалахын тулд, хариуцлага хүлээж засгийн газраа огцруулсан гэдгийг үгүйсгэхгүй” хэмээн улс төр судлаач Дүгэрсүрэнгийн Оргил хэлсэн юм.
Өмнөх засгийн газар огцорсны дараа одоогийн засгийн газар УОК-ын гишүүдийг шинээр томилж, ерөнхий сайд хөл хориог хязгаарлана гэдгээ мэдэгдсэн. (Хоёрдугаар сарын дундуур албаныхан бизнес эрхлэгчдэд зориулсан зээлийн төлөвлөгөө хэрэгжүүлнэ хэмээн зарласан.) Хөөрөг урлаач Ц.Галбаатар шинэ бүрэлдсэн онцгой комисст сэтгэл хангалуун байгаа нэгэн юм. Цагаан, цайвар бор өнгийн чулуунуудыг усанд дүрж, өрөмддөг ажлын ширээнийх нь дэргэдэх түүний ширээн дээр 10 гаруй хөөрөг эцсийн бүтээгдэхүүн болчихсон эзнээ хүлээж байх аж.
Оюунчимэгийн Нансалмаа нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.
Орчуулгын тэмдэглэл
Цэгмидийн Намуун, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан.