Mongolia

Харвалаа. Онолоо. Эмэгтэйчүүд уламжлалт монгол наадгайгаар хичээллэх болов

Хүн бүхэнд таалагдана гэж үгүй. Гэвч шагайн харвааг олон улсын хэмжээний спортын төрөл болгохыг зорьж буй хүмүүсийн зүгээс энэхүү харваагаар зөвхөн эрэгтэйчүүд хичээллэдэг гэсэн уламжлалыг халах нь зүйтэй гэж үзэж байна.

Read this story in

Publication Date

She Shoots, She Scores: Women Join Ancient Mongolian Game

БАТТӨРИЙН МЯГМАРСҮРЭН, ГПЖ МОНГОЛ УЛС

Тэрээр зүүн гартаа хашлага гэж нэрлэх алгын чинээ жижиг модон хавтан бариад, дээш нугалан суусан зүүн өвдгөн дээрээ тавив. Б.Анаржин гартаа барьсан жижиг сумаа хашлага дээр тогтоогоод дөрвөлжин хайрцаг дээр өрсөн, халуун оронд л ургадаг сайн чанарын модоор хийсэн дөрвөлж шоо буюу хасаа руу ониллоо. Тэр дунд хуруугаараа сумыг хүчтэйхэн нясалж, хасааг тасхийтэл онон унагав.

Publication Date

Монгол Улс, Улаанбаатар хот — Нийслэл Улаанбаатар хотод орших Монголын спортын корпорацын байр руу нэг охин тамирчин гэхээс илүү салхилж яваа гэлтэй явж орох нь тэр. Түүнийг Баярсайханы Анужин гэнэ. Тэрээр хар өнгийн бошинз, нимгэн өмд, оймс, ягаан өнгөтэй, зөөлөн шаахай өмссөн нь бусад 20 настнуудаас өөрцгүй байлаа. Б.Анаржин бол 2021 оноос хойш шагайн харваагаар тууштай хичээллэж байгаа тамирчин юм. Шагайн харваа нь Монголд үеэс үед дамжин уламжлагдсан наадгай аж.

“Би өөрөөрөө маш их бахархаж байна” хэмээн Б.Анаржин инээмсэглэн хэлээд, газар сууж, шагай харвахаар зэхэв.

Тэрээр зүүн гартаа хашлага гэж нэрлэх алгын чинээ жижиг модон хавтан бариад, дээш нугалан суусан зүүн өвдгөн дээрээ тавив. Б.Анаржин гартаа барьсан жижиг сумаа хашлага дээр тогтоогоод дөрвөлжин хайрцаг дээр өрсөн, халуун оронд л ургадаг сайн чанарын модоор хийсэн дөрвөлж шоо буюу хасаа руу ониллоо. Тэр дунд хуруугаараа сумыг хүчтэйхэн нясалж, хасааг тасхийтэл онон унагав.

Хасааг сайн оносондоо баярласан тэрээр “Янзтай онолоо” хэмээн дуу алдав.

Б.Анаржин мэт эмэгтэйчүүдийг шагай харвааны тоглоомд оролцуулаагүй олон зуун жилийн жишгийг халахын тулд Монгол Улсын Засгийн газар, хүний эрхийн төлөө тэмцэгчид, биеийн тамир, спортын мэргэжилтнүүд тус спорт дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, олон нийтийн ойлголтыг өөрчлөх аяныг хийж байна. Шагайн харвааг 2014 онд “ЮНЕСКО” буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, Соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгүүлжээ. Энэхүү үйл явдалтай холбогдуулан Монголын засгийн газраас шагайн харвааг олон улсын түвшний спорт болгон хөгжүүлнэ гэсэн бодлого гаргасан.

Шагайн харваа нь анх 13-р зууны үед Монголд үүссэн бөгөөд эхэн үедээ хаад ноёд өргөөндөө зугаацдаг наадгай байв. Хэдэн зууны турш энэхүү уламжлал үе дамжин өвлөгдсөөр хожим ард түмний дунд түгжээ. Өдгөө 7-р сарын 11-ээс 14-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлдэг Монголын үндэсний их баяр наадмаар шагай харвааны тэмцээнийг зохиох болсон аж.

Хөхнохойн Хорлоо, ГПЖ Монгол Улс

Шагайн харваа нэрийн үүсэл нь хонь мал, зээрийн шагайн ясаар тус тоглоомд ашигладаг хэрэгслүүдийг хийдэг байсантай холбоотой. Эхэндээ сумыг гарын алган дээрээс нясалж тоглодог байжээ. Эдүгээ шагай харвааны хашлагыг зандан модоор, сумыг мод эсвэл бугын эврээр хийнэ. Харваачдын баг зургаан гишүүнтэй. Эсрэг багтай 80 минут орчим тоглодог бөгөөд багууд тойргоор өрсөлдөхөд өдөрт 10 цагийн турш сууж тоглох шаардлагатай болдог.

Шагайн харваа нэрийн үүсэл нь хонь мал, зээрийн шагайн ясаар тус тоглоомд ашигладаг хэрэгслүүдийг хийдэг байсантай холбоотой. Эхэндээ сумыг гарын алган дээрээс нясалж тоглодог байжээ. Эдүгээ шагай харвааны хашлагыг зандан модоор, сумыг мод эсвэл бугын эврээр хийнэ. Харваачдын баг зургаан гишүүнтэй. Эсрэг багтай 80 минут орчим тоглодог бөгөөд багууд тойргоор өрсөлдөхөд өдөрт 10 цагийн турш сууж тоглох шаардлагатай болдог.

Шагай харваа бие бялдрын спорт биш тул эмэгтэйчүүдийг оролцуулахгүй байх учиргүй гэж Монгол Улсын дархан мэргэн, шагайн харваа судлаач Сэмжидийн Цог хэлэв.

Тэрээр “Энэ бол оюун ухаан, сэтгэл зүйн спорт юм. Тиймээс хүн бүр тоглох боломжтой” гэсэн юм.

Монголын спортын корпорац нь шагайн харвааг олимпын спорт төрөл болгож хөгжүүлэх зорилготой хэмээн гүйцэтгэх захирал Бат-Эрдэнийн Хосбаяр хэллээ. Тус байгууллагаас Олон улсын Шагын Монголын холбоог үүсгэн байгуулсан бөгөөд одоогоор 18 улсад салбар холбоогоо байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Б.Хосбаяр “Бид шагайн харвааг дэлхийн спорт болгохоор зорьж байна” гэв.

expand image
expand slideshow

Хөхнохойн Хорлоо, ГПЖ Монгол Улс

Эмэгтэйчүүдийн оролцоог дэмжсэнээр олон давуу тал бий болно. Үүнийг шагайн харваа нь зөвхөн эрэгтэйчүүдийн спорт гэж үздэг хүмүүст ойлгуулах нь олон улсад тэлэх стратегийн нэг хэсэг байх болно гэдгийг тэрээр хэллээ.

Шагайн харвааг эмэгтэй хүн тоглох нь эртнээс уламжлагдан ирсэн монгол ёс заншлыг үгүйсгэж байгаагийн илрэл гэж үзэн эсэргүүцэж байгаа хүмүүс байсаар байна. Түүний нэг нь шагай харваач, Спортын мастер Гончигийн Дэмидсүрэн юм.

“Шагайн харвааг зөвхөн эрчүүд тоглодог уламжлалтай. Эмэгтэй хүн хэзээ ч тоглож байгаагүй. Тоглох ч ёсгүй” гэж Г.Дэмидсүрэн хэлэв.

Хэнтий аймгийн иргэн, 46 настай Төмөрбаатарын Оюунчимэгийн хэлж буйгаар эрэгтэйчүүдийн зүгээс хатуу байр суурьтай байдаг тул тэрээр 30 гаруй жил шагайн харваагаар нууцаар хичээллэжээ. Түүний аав, ах хоёр нь шагай харвадаг учраас тэр бага наснаасаа эхлэн шагайн харваанд сонирхолтой болсон байна. Олон жил сонирхож, оролдсон түүний ур чадвар аавтайгаа эн тэнцүү шагай харвах хэмжээнд хүрчээ.

“Аав маань намайг өөрөөс нь илүү сайн харвадаг гэж магтдаг байсан” гэж Б.Оюунчимэг хэлсэн.

“Шагайн харвааг зөвхөн эрчүүд тоглодог уламжлалтай. Эмэгтэй хүн хэзээ ч тоглож байгаагүй. Тоглох ч ёсгүй”

Б.Оюунчимэг шагайн харваагаар хэнийг ч урдаа гишгүүлэхгүй өрсөлдөж чадна гэдгээ мэддэг хэдий ч аав, ах хоёрынхоо нэрийг сэвтүүлж, хүмүүсийн шүүмжлэлд өртөхгүйн тулд нэг ч удаа тэмцээнд оролцож байгаагүй тухай харамсан ярьсан.

1987 онд байгуулагдаж, 1998 онд албан ёсоор бүртгэгдсэн Монголын шагайн харвааны холбоо ТББ-ын мэдээллээр Монгол Улсад 18,000 гаруй шагайн харваач байдаг аж. Үүнээс өв тээгч хэмээн албан ёсны бүртгэлтэй, цол хэргэмтэй 60 гаран харваач байдаг байна. Гэхдээ үүн дотор албан ёсны бүртгэлтэй эмэгтэй шагайн харваач нэг ч байдаггүй байна.

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Дугарын Сүнжидийн хэлснээр эмэгтэйчүүдийг шагайн харваагаар тоглохыг хязгаарлах нь тэдний эрхийг зөрчиж байгаа хэрэг юм.

“Эмэгтэй хүн шагай харваж болохгүй гэсэн дүрэм, журам байхгүй” гэж тэрээр хэлэв.

2021 онд спорт сонирхогч, судлаач нар Монголын спортын корпорацыг байгуулсан. Ингэхдээ спортоор хүн бүр хичээллэх эрхтэй гэсэн зарчмыг баримталсан тухайгаа үйл ажиллагаа эрхэлсэн захирал Жигджавын Мөнхдэлгэр хэлж байв. Тэд шагайн харвааны спортын улсын аварга шалгаруулах тэмцээн зохиож, эмэгтэйчүүдийг оролцуулсан байна.

Монгол Улсад сургуулийн орчинд охидын үзлэг хийхийг хориглосон ч үзлэг хийгдсээр байгаа тухай сурагчид хэлж байна БУСАД НИЙТЛЭЛИЙГ УНШИХ БОЛ ЭНД ДАРНА УУ

“Тэмцээнд оролцдоггүй л болохоос маш сайн харвадаг харваач эмэгтэйчүүд олон байдаг юм байна. Гол нь тэднийг дэмжих хэрэгтэй” гэж Ж.Мөнхдэлгэр хэлэв.

Шагайн харваан улсын аварга шалгаруулах тэмцээнд 50 гаруй эмэгтэй харваач оролцсоны нэг нь Б.Оюунчимэг байлаа. Тэрээр анх удаа улсын тэмцээнд оролцсон юм. Олон жил нууж явсан чадвараа одоо л нэг гаргаж, тэмцээнд оролцсондоо сэтгэл дүүрэн байгаа нь түүний царайнаас илэрхий байлаа.

“Торноосоо гарсан шувуу шиг эрх чөлөөтэй маш сайхан санагдаж байна” гэж тэрээр хэллээ.

Энэхүү тэмцээн олон залуу эмэгтэйчүүдэд боломж олгосон. Нэг жишээ нь Завхан аймгийн Дэвшил сургуулийн ахлах ангийн сурагч, 17 настай Цэрэнмягмарын Оюунсайхан. Тэрээр 2021 оноос шагайн харваагаар хичээллэж эхэлсэн ч улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцон түрүүлсэн аж.

“Богино хугацаанд хичээллээд оролцсон болохоор ялсан гэдэгтээ өөртөө итгэхгүй, үнэхээр гоё байсан” гэж сэтгэл догдлолоо барьж ядан хэлэв.

Оройны бэлтгэлээ хийж дууссан Б.Анаржин ямар учраас ийнхүү идэвх чармайлт гаргаж байгаа тухайгаа ярьсан юм. Тэр ч мөн шагайн харваан улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, олон улсын тэмцээнд оролцох боломжтой болжээ. Тэрээр тэмцээнд аваргалж, шагайн харваагаар хичээллэх хүсэлтэй охидод үлгэр дуурайл болж, энэхүү спортыг Монгол төдийгүй дэлхийд сурталчлахад өөрийн хувь нэмрийг оруулах хүсэлтэй.

“Шагайн харваагаар тоглох бүрд нэг тийм шинэ нээлт хийж байгаа юм шиг санагдаад баяртай байгаа” гэж Б.Анаржин хэллээ.

Хөхнохойгийн Хорлоо нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.


ОРЧУУЛГЫН ТЭМДЭГЛЭЛ

Цэгмидийн Намуун, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан.

Related Stories