МОНГОЛ УЛС, ӨМНӨГОВЬ АЙМАГ, ДАЛАНЗАДГАД СУМ — Насаараа хөдөө мал малласан Цэрэнжигмэдийн Сайнаа Даланзадгад хотод суурьшин, байшинтай болохыг хүсэж байжээ.
Мөрөөдлийн байшингаа барихын тулд түүнд 30 сая төгрөг хэрэгтэй байв. Тэрээр нэг өдөр Фэйсбүүк дээрээс барьцаагүй, бага хүүтэй зээл олгоно гэж бичсэн сэтгэгдэл уншаад ихэд олзуурхжээ.
Энэ явдал 2018 онд болсон бөгөөд түүний хувьд интернэт цоо шинэ зүйл байв. Өмнө жил нь тэрээр жижиг, цагаан утас худалдан авч, хүү нь гэртээ интернэт суурилуулжээ. “Цахим орчин, Facebook шинэ содон санагдаад уйгагүй ухаж, оролдож эхэлсэн” гэж Ц.Сайнаа хэллээ. Удалгүй тэрээр видео үзэж, мэдээ сонирхон, гэр бүл, найз нөхөдтэйгөө харилцдаг болжээ.
Фэйсбүүк дээр зээл санал болгосон хүн гадаад нэртэй байсан ч олон найзтай, найзууд дотор нь Монгол хүмүүс олон байсан тул тэрээр итгэж, зээл авах хүсэлтэй байгаагаа хэлсэн байна. Хариу нь ч маш хурдан ирж, ер бусын уриалгахан найрсаг харьцаж байжээ. Мөнгө хүлээж авахын тулд эхний ээлжинд тэмдэгтийн хураамж болгож 120 доллар банкаар шилжүүлэхийг залилагч Сайнаагаас хүссэн байна. Тэрээр хурдан зээлээ авахын тулд Вестерн Юнионы дөрвөн удаагийн шилжүүлгээр 1000 орчим доллар шилжүүлж орхив. Энэ нь тухай үеийн сарын дундаж цалингаас хоёр дахин их дүн юм.
Гэсэн хэдий ч залилагч түүнээс мөнгө нэхсээр байв.
“Сүүлдээ ойр ойрхон мөнгө нэхээд байхаар нь энэ ер нь хэрэг бишидлээ гэж бодоод цагдаад хандсан” гэж тэрээр хэлсэн юм.
Сүүлийн жилүүдэд Монголд интернэт хэрэглэгчдийн тоо огцом өссөн. 2010 онд монголчуудын ердөө 10.2 хувь нь интернэт хэрэглэдэг байсан бол 2020 онд 62.5 болжээ. Үүнийг дагаад цахим залилангийн тохиолдол эрс нэмэгдсэн байна. Цагдаагийн ерөнхий газрын мэдээлснээр 2021, 2022 онуудад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн тоо буурсан боловч эсрэгээрээ залилангийн гэмт хэргийн тохиолдол 50 гаруй хувиар өсөж, нийт гэмт хэргийн 25 хувийг эзэлж буй юм.
“Хүмүүсийн интернэт хэрэглээ нэмэгдэхийн хэрээр залилах төрлийн гэмт хэрэг цахимд шилжиж байна” хэмээн Монголын хуульчдын холбооны Эрүүгийн эрх зүйн хорооны тэргүүн, криминологич Ганчулууны Оюунболд хэлсэн. Монголд хамгийн олон хүн ашигладаг платформ нь Фэйсбүүк бөгөөд цахим гэмт хэргийн гол орон зай болдог. Иргэдийн Фэйсбүүк хаягийг хакердан ойр дотнын хүмүүсийнх нь хоорондын харилцааг уншиж, судалсны үндсэн дээр мөнгө зээлэх нэрийдлээр чат бичиж, луйвардах гэмт хэрэг ихсэх хандлагатай байгаа талаар Оюунболд ярилаа.
Өнгөрсөн жил Өлзийсайханы Бат-Амгалан руу Фэйсбүүк мессенжэрээр нэгэн эмэгтэй холбогдон, “Та коронавирусээр өвдөж байсан юм байна. Эрүүл мэндийн яамнаас судалгаа авч байна” гээд судалгаа бөглүүлжээ. Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын газар ажилладаг Бат-Амгалан судалгааг зохих ёсоор бөглөсний дараа “Нэвтэрч ороод дансаа бичээрэй. Судалгаанд оролцсоны урамшуулал болгож танд мөнгө өгнө” гэсэн зурвас иржээ. Бат-Амгалан ч үүнийг уриалгахан зааврын дагуу гүйцэтгэсэн байна.
Хэсэг хугацааны дараа түүний найзууд, ойр дотнын хүмүүс “Мөнгөний хэрэг гарав уу?”, “Юу болоо вэ?” гээд ээлжлэн утасдаж эхлэхэд тэр цахим залиланд өртсөн гэдгээ мэджээ.
Залилангийн хохирогч болсон гэдгээ мэдмэгцээ Ц.Сайнаа цагдаад мэдэгдсэн боловч гэмт хэрэгтэнг олж, хохирлыг барагдуулах боломжгүй гэжээ. Ялангуяа, гадаад руу мөнгө шилжүүлсэн тохиолдолд бүр ч амаргүй. (Түүний мөнгө илгээсэн баримтаас харахад хүлээн авагч нь Баруун Африкийн улсууд болох Того эсвэл Бэнинд байх магадлалтайг Глобал Пресс Жоурнал илрүүлсэн). Ц.Сайнаа “Гэмт хэрэгтнийг олох магадлал бага шүү гэж цагдаа хэлсэн” талаар яриад цагдаагийн байгууллагад үүнтэй ижил төрлийн залилангийн гэмт хэргийн тохиолдол олон бүртгэгдсэн байдаг юм билээ гэв.
“Тухайн данс эзэмшигч нь бусдад дансаа ашиглуулсан дам хохирогч байх тохиолдол их байдаг учир эцсийн мөнгө хүлээн авагчийг олоход хүндрэлтэй байдаг” тухай Өмнөговь аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Батсайханы Баярбат хэлсэн юм.
Цагдаагийн ерөнхий газраас цахим залилангийн хэчнээн тохиолдлыг амжилттай илрүүлж, шийдвэрлэсэн тухай мэдээлэл өгөөгүй ч тоон мэдээллээс харахад цахим гэмт хэргийн асуудал улам ноцтой болж буй нь илт байна. Цагдаагийн газарт 2015 онд цахим залилангийн 17 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2022 оны эхний 10 сар гэхэд 6,759 тохиолдол бүртгэгдээд байгаа юм. 2017 оноос 2019 онд бүртгэгдсэн цахим залилангийн хэргийн бүх төрөлд 455 хүнд торгох арга хэмжээ авч, 239 хүнд хорих ял өгсөн бол 227 хүнд албадан ажил хийлгэх шийтгэл ногдуулжээ.
Ц.Сайнаа залилуулсан мөнгөө олж авч чадаагүй ч түүнд мөнгөний хэрэгцээ маш их байсан учраас дахин оролдоод үзэхээр шийдсэн байна. Тэрээр удалгүй танилынхаа ятгалгаар мөнгөний сүлжээнд элсэж, таван сая төгрөгийг монгол хүний данс руу шилжүүлжээ. Тэрээр долоо хоног бүр ноогдол ашиг хүртэж, хугацааны эцэст байршуулсан үндсэн мөнгөө авна гэж ойлгосон байв. Тэр ч байтугай гадаадаас мөнгө хүлээн авахад хэрэглэх хоёр Виза картыг зааврын дагуу захиалсан байна. “Би чинь насаараа хар ажил хийсэн хүн шүү дээ. Тэгээд таван цаасны цалинтай болчих юм билүү гэж бодож байсан” гэж тэрээр ярьсан юм.
Элссэн сүлжээ нь пирамид хэлбэрээр хүн элсүүлэх тогтолцоотой байсан бөгөөд толгойд байсан хүн нь гадаад гэдгийг Сайнаа сүүлд мэдээнээс олж мэдэв. Тэрээр мөнгө шилжүүлсэн хүн рүүгээ залгахад уг мөнгөний сүлжээ дампуурсан гэжээ. Анх өгсөн мөнгөө авъя гэтэл “Ээж маань өнгөрөөд ажил явдалтай байна. Хэдэн зуун саяар нь хулхидуулсан хүмүүс зөндөө байгаа. Таван сая юу ч биш” гэжээ.
“Би ч их өрөвчхөн хүн юм” гэж Ц.Сайнаа хэлээд энэ явдлыг чимээгүй орхисон тухайгаа ярив.
Тэрээр энэ удаа цагдаад мэдэгдэлгүй өнгөрөхөөр шийджээ. Түүн шиг олон хохирогч байдаг талаар Г.Оюунболд яриад “Тоо бол юуг ч илэрхийлэхгүй. Ихэнх нь нууц далд хэлбэрт байгаа. Бага мөнгө алдсан хүмүүс үүнийгээ гэмт хэрэгт тооцохгүй, цагдаагийн байгууллагад ханддаггүй” гэв. Яг үнэндээ цахимаар үйлдэгдэж буй онлайн залилангийн гэмт хэргийн бодит тоо нь 10 мянга орчим бий гэсэн прогноз байгаа талаар тэрээр хэлсэн юм.
Цагдаад мэдэгдэхийг хүсээгүй өөр нэг хохирогч бол Батчулууны Мөнхтуяа юм. Тэрээр өөрийгөө АНУ-ын иргэн гэж танилцуулсан гадаад иргэнтэй цахимаар хоёр сар харилцжээ.
Залилагч этгээд маш их эд хөрөнгө өв залгамжилж авна, удахгүй монголд очиж гэр бүл болон хамт амьдарна гэж түүнд итгүүлсэн байна. “Янз бүрийн сав, боодолтой бэлэг илгээж байгаа зураг явуулаад хэд хоногийн дараа илгээмж саатсан тул хүлээн авагч тал мөнгө төлөх шаардлагатай байна гэсэн чат ирсэн” тухай тэрээр ярив. Мөнхтуяа 130 доллар шилжүүлсэн бөгөөд үүний дараа цахимаар танилцсан найз залуу нь түүнийг блоклосон байна.
Тэрээр “Би цагдаад хандахаас ичсэн” гэж хэлэв.
Залилуулсан хүмүүсийг хялбар аргаар мөнгө олох гэлээ хэмээн үзэх сөрөг хандлага нийгэмд байдаг тул хохирогчид өөрт тохиолдсон зүйлсийг нээлттэй ярихыг хүсдэггүй тухай Оюунболд яриад, “Хүмүүс ихэвчлэн итгэл, шунал гэх мэт хийсвэр шалтгааны талаар ярьдаг. Яг үнэндээ бодит шалтгаан нь боловсрол, суурь шүүмжлэлт сэтгэлгээ, худал мэдээлэл гэдгийг танин мэдэх өгөгдлүүдийг гэр бүлийн орчинд болон боловсролын системээр өгч чадахгүй байгаа учраас иргэд санхүүгийн наад захын мэдлэггүй байсаар байна” гэв.
Сүүлийн жилүүдэд Цагдаагийн ерөнхий газраас ард иргэдэд цахим залиланг таньж мэдэхэд туслах аян өрнүүлсэн байна. Гэвч интернэт хэрэглэгчдийн тоо өсөхийн хэрээр залилангийн тохиолдол нэмж гарсаар байна. 2016 онд (цахим болон бусад хэлбэрээр) цахим залилангийн хохирлын хэмжээ хоёр тэрбум төгрөг байсан бол 2020 онд 67.2 тэрбум болж өсжээ.
Хоёр ч удаа залилуулсан Ц.Сайнаа одоо тоосгоны үйлдвэрт ажилладаг бөгөөд илүү хянуур нэгэн болжээ. Гэвч тэрээр сүлжээнд элсэхийн тулд хашаа, байшингаа барьцаалан байж авсан зээлээ төлсөөр дөрвөн жилийн нүүрийг үзэж байна.
Цогхүүгийн Уранчимэг нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.
Орчуулгын тэмдэглэл
Бямбацогтын Номин, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан.