МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ —Дүдү шинжлэх ухааны музейд сансрын нисгэгч болох мөрөөдөлтэй зургаан настай Үнэнбатын Сэцэн тоглож байна. Хүүхдэд тоглонгоо суралцах боломжийг олгодог, Монголд цор ганц байдаг энэхүү музей нь цар тахлын үеэр санхүүжилтгүй болсны улмаас хаалгаа барихад хүрээд байсан юм.
Нийслэлд байрлах Дүдү хүүхдийн музейд Ү.Сэцэн охин ээж Чагдгаагийн Батцэцэг рүү хөөрөн гүйж ирээд сансрын хөлөг рүү заан, “Энэ үнэхээр сонирхолтой байна ээжээ, хамт явж тоглоё” хэмээн гараас нь чангаав. “Нисгэгчийн хувцас өмсөөд онгоцны бүхээг дотор жингүйдэж, төсөөлөлдөө тоглох нь хамгийн гоё санагддаг” хэмээн тэрээр хэлэв.
Коронавирусийн цар тахлын улмаас 2020 болон 2021 онд сургуулиуд ердөө гурван сар хичээллэсэн тул Дүдү музей шиг орон зай Сэцэнтэй адил мянга мянган хүүхдэд нэн хэрэгтэй байв. Гэвч цар тахлын үеэр музейн хоёр салбараар үйлчлүүлэх хүмүүсийн тоо огцом цөөрч, музейн удирдлагууд хоёр салбараа зэрэг ажиллуулах
боломжгүйд хүрчээ. Ингээд 2021 онд нэг салбараа хааж, 2022 оны гуравдугаар сард нөгөө салбараа хаахын даваан дээр ирэх үед музейг аварч үлдэх аяныг хүмүүс эхлүүлсэн байна. Энэ үйл явдал олон улсын анхаарлыг татаж, Монгол Улсад хүүхдэд зориулсан соёл, боловсрол, тоглоомын орон зай үнэхээр дутагдаж байсныг харуулсан юм. Ялангуяа цар тахлын үед хүүхдэд зориулсан газар нэн шаардлагатай байв.
1990-ээд оны эхээр Монгол Улс Зөвлөлт Холбоот улсын нөлөөнөөс ангижирч, коммунист нийгмээс ардчилсан улс болон шилжих үед соёл хүмүүжлийн болон тоглоомын газрууд хаагдсан. ЗХУ-аас ирэх тусламж зогсож төсөв хэмнэхийн тулд эдгээр газруудыг хувьчилж, өөр зориулалтаар ашиглах болжээ. Хүүхдийн кино театрыг улсын анхны хөрөнгийн бирж болгон өөрчилж, хүүхдийн кафег шар айрагны газар болгосон. Хүүхэд залуучуудын театрыг хувьчилж, нийт номын сангуудын тэн хагасыг хаажээ.
Энэ байдлыг өөрчлөх хүчин чармайлтын нэг нь Соёлын яамны музейн тоог нэмэгдүүлэх шийдвэр, мөн 18 хүртэлх насны хүүхдүүдийг музей үнэгүй үзэх боломжийг олгосон явдал байв. Гэвч засгийн газарт Дүдү музей шиг газрыг бий болгох тодорхой төлөвлөгөө одоогоор байхгүй байна.
Гуравдугаар сард Дүдү музейн үүсгэн байгуулагч Дашзэвэгийн Мөнхтулга үлдсэн нэг салбарынхаа үйл ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүйд хүрсэн тухайгаа олон нийтийн сүлжээгээр мэдэгдэхэд эцэг эхчүүд, иргэд, байгууллагууд нэгдэн, хайртай музейгээ аварч үлдэх цахим аяныг эхлүүлсэн. “SaveDuDu” аяны хүрээнд 10 хоногийн дотор 800 гаруй иргэд, 80 гаруй аж ахуй нэгж нийлээд 203 сая төгрөгийг цуглуулжээ. Ингэснээр музейн удирдлагууд өрөө төлж, Хан-Уул дүүрэг дэх салбараа эргэн нээсэн байна.
Дөрөвдүгээр сарын 1-нд эргэн нээгдсэнээс хойш гурван долоо хоног хүрэхгүй хугацаанд 5,800 гаруй хүүхдүүд тус музейгээр үйлчлүүлсэн нь энгийн үед нэг сард үйлчлүүлдэг хүмүүсээс бараг хоёр дахин их үзүүлэлт байв.
Цар тахлын улмаас хүүхдийн сурч боловсрох эрх, нийгэмших боломжид урьд өмнө байгаагүйгээр заналхийлэл учирсан тухай аянд хандив өгсөн иргэн Ганболдын Нинжин хэлсэн. Энэ үед Дүдү музей шиг орчин хүүхдүүдэд нэн чухал байсан юм.
“Хүүхдийн шинжлэх ухааны музей Монголд ганцхан байдаг. Ковидын дараах хүүхдийн болон гэр бүлийн сэтгэл санааны хямралыг давах хамгийн чухал орчин бол Дүдү хүүхдийн музей” хэмээн Г.Нинжин хэлэв.
Америкийн Анагаах ухааны нийгэмлэгээс эрхлэн гаргадаг эрүүл мэндийн ЖАМА Хүүхдийн өвчин судлал сэтгүүлийн олон улсад хийсэн судалгаанаас харахад коронавирусийн цар тахлын үед хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэл гутрал, түгшүүрийн шинж тэмдэг тахлын өмнөх үетэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн байна.
Олон хүүхэд цар тахлын үеэр ангийн найзууд, багш нартайгаа уулзаж чадаагүйн улмаас гунигтай, ганцаардсан мэдрэмж авсан тухай Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн менежер Алдарбаярын Тайванжаргал хэлсэн. Хичээл орохгүй үед ч тэдэнд сурч боловсрох хэрэгцээ бий. Ялангуяа эцэг эхчүүдийн идэвхтэй оролцоо чухал гэв.
“Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ идэвхтэй цаг өнгөрүүлэхийн хэрээр хүүхдийн өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ, хүүхдийн нийгэм сэтгэл зүйн хөгжил явагдахад маш их нэмэртэй” хэмээн А.Тайванжаргал хэлсэн.
Музейгээс гадна хүүхэд, залуучууд тоглонгоо суралцах боломжтой хүүхдэд ээлтэй орчин цөөн байдаг, байгаа хэд нь хүүхдэд ээлтэй байж чаддаггүй тухай Хотын хөгжлийн стандартын хэлтсийн дарга Бямбадоржийн Ариунтуяа ярив.
1.6 сая хүн амтай Улаанбаатар хотод 1,000 гаруй тоглоомын талбай байгаа ч 67 хувь нь аюулгүй байдлын шаардлага хангадаггүй гэдгийг Б.Ариунтуяа хэлсэн. Хүүхдийн тоглоомын талбайг хариуцдаг алба байхгүй, стандартын хэлтэс нь зөвхөн аюулгүй байдал, тохиромжтой эсэхийг үнэлж, хэрхэн сайжруулах талаар заавар, зөвлөгөө өгдөг аж.
“Тоглоомын талбай хүүхдүүдэд хангалтгүй хэтэрхий бага, бас байгаа нь чанар муутай асуудлууд их байна. Хамгийн том асуудал нь төлөвлөлтийн асуудал байдаг. Үүнээс болж хүүхдүүд их бэртэж гэмтдэг. Тоглоомын талбай дээр тоглож байгаад гэмтсэн хүүхдийн тоо 2017 онд 619 хүүхэд, 2018 онд 1175 хүүхэд гэх зэргээр жил бүр өссөн үзүүлэлттэй байна” хэмээн Б.Ариунтуяа хэлсэн.
Цар тахлын хөл хорионы дараа хүүхдийн тоглох орчны хэрэгцээ бүр их нэмэгдсэн тухай музейн үйлчлүүлэгч, ээж Чойбаатарын Энхжаргал ярив.
“Ковидын хөл хорионоос болж бүгд бараг л галзуурсан” гэж тэрээр хэлээд “Хүүхдүүдийн тархийг амрааж, эцэг эхтэйгээ дотно, халуун дулаан дурсамж үлдээдэг тийм газрыг төр бодлогоор бий болгох ёстой” гэсэн юм.
Соёлын яамны 2021-2024 оны стратеги төлөвлөгөөнд Хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театрын барилга угсралтын ажлыг эхлүүлэх, Хүүхэд, залуучуудын театрыг ашиглалтад оруулах ажлыг тусгаж улсын төсвөөс 69 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Гэвч Дүдү хүүхдийн музейтэй ижил төстэй байгууламж байгуулах талаар стратегийн төлөвлөгөөнд тусгагдаагүй ба эдгээр мэдээллийг баталгаажуулсан ч, албан бичгээр гаргасан тайлбар авах хүсэлтэд тэд хариу өгөөгүй юм.
Төрөөс хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхийг зорьж буй хэдий ч хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд олон нийтийн хандив, тусламжид найдсан хэвээр байна. Цар тахлын үеэр олон нийтийн хандиваар хөл дээрээ боссон төсөл нь ганц Дүдү музей байсангүй.
Нийслэлд хоёр салбартай ‘Ид шидийн орон’ төв нь хүчирхийлэлд өртсөн, амьдралын түвшин доогуур айл өрхийн 3-18 хүртэлх насны хүүхдүүдэд сэтгэлзүйн зөвлөгөө, сургалт хүмүүжил, номын сангийн үйлчилгээ үзүүлдэг. Энэ төв цар тахлын үеэр орон нутгийн анхны салбараа олон нийтийн хандив, дэмжлэгээс гадна орон нутгийн засаг захиргаа, барилгын компаниудын тусламжаар нээсэн бөгөөд цаашид Монгол Улсын 21 аймагт салбар нээх төлөвлөгөөтэй байгаа тухайгаа ерөнхий захирал Ууганбаатарын Ганбаяр хэлсэн.
Эдгээр нийгэмд ээлтэй байгууллагууд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулахад олон нийтийн дэмжлэг нэн чухал гэдгийг Ч.Батцэцэг хэлсэн ба цаашдаа иргэд энэ төрлийн бизнесийг дэмжиж, “нийгмийн хариуцлагаа” ухамсарлахыг уриалсан. Тэрээр одоо бяцхан охиныхоо хамтаар аюулгүй, хүүхдэд ээлтэй газарт аль болох их цагийг, үр бүтээлтэй өнгөрөөхөөр төлөвлөж хөдөө нутгийг зорьсон.
Батсүхийн Одончимэг нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.
Оюунчимэгийн Нансалмaа нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.
ОРЧУУЛГЫН ТЭМДЭГЛЭЛ
Бямбацогтын Номин, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан.