Mongolia

Уурхайн зам говь нутгийг сүйтгэх үү?

Экологийн доройтолд орох эрсдэлтэй говийн бүс нутагт зам барьж, боомт нээх төслийг малчид эсэргүүцэж байна.

Read this story in

Publication Date

How Mongolia’s Gobi Desert Became a Critical Environmental Battleground

ЦОГХҮҮГИЙН УРАНЧИМЭГ, ГПЖ МОНГОЛ УЛС

Цагаандуугийн Батсүрэн Номгон сумын Сангийн далай рашаанаас авч байна. Хятадтай хиллэх шинэ боомтыг чиглэсэн нүүрсний уурхайн зам энэ бүс нутагт сөргөөр нөлөөлөх юм.

Publication Date

МОНГОЛ УЛС, ӨМНӨГОВЬ АЙМАГ, ДАЛАНЗАДГАД СУМ – Тавдугаар сард Даланзадгад сумын Хөгжимт жүжгийн театрт Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нутгийн иргэдтэй уулзалт хийх үед нөхцөл байдал хурцадмал байв. Өмнөговийн сум бүрээс ирсэн иргэд “Элсэн говь минь эргэж олдохгүй”, “Үр хүүхдэдээ өвлүүлэх нутагтай байлгацгаая”, “Бүтэн үүдтэй монгол” гэх мэт үгтэй туг, лоозон барьсан байлаа.

2019 оноос эхлэн Засгийн газар Хятад руу нэвтрэх шинэ хилийн боомт нээж, нүүрс зөөх хүнд даацын хоёр зам барих бүтээн байгуулалтын ажлыг баталгаажуулснаас хойш Өмнөговийн иргэд энэхүү уулзалтыг хүлээж байсан юм. Эдгээр зам нь малчдын амьдардаг бэлчээр нутгийг хөндлөн гулд дайран өнгөрөхийн зэрэгцээ говийн бүсэд орших дархан цаазат газартай ойрхон тавигдах юм. Зам ашиглалтад орж, боомт нээгдсэнээр зам дагуух уул уурхайн лиценз эзэмшдэг 70 гаруй компанийн үйл ажиллагаа эхлэх нь ноцтой асуудал болоод байна.

Цагаандэл уул-Өлзий боомтын төсөл бүхэлдээ олны анхааралд өртөж, ард иргэд олон жил эсэргүүцсэний эцэст тавдугаар сард Ерөнхий сайдтай хийсэн уулзалтын үеэр тодорхой үр дүнд хүрсэн юм. Уг уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард иргэдийн саналыг сонсолгүй шийдвэр гаргасан нь “Алдаа” байсан гэдгийг хүлээн зөвшөөрч, төслийг түдгэлзүүлэхээр болов. “Өнөөдөр…Би Засгийн газрын дараагийн хуралдаанаар энэ тогтоолыг түдгэлзүүлэх шийдвэр гаргана” гэж Ерөнхий сайдыг хэлэхэд иргэдийн сэтгэлд итгэл найдвар төрж, тэмцлийн дараах ялалтын мэдрэмж дүүрэн тэр өдрийн уулзалтыг өндөрлүүлэв.

Гэвч түүний хэлсэн амлалт өнөөг хүртэл биеллээ олсонгүй. Эдийн засаг, хөгжлийн яамнаас Цагаандэл уул-Өлзий боомтыг барихаар төлөвлөж буй гэдгээ мэдэгдэв.

ЦОГХҮҮГИЙН УРАНЧИМЭГ, ГПЖ МОНГОЛ УЛС

2022 оны тавдугаар сарын 27-нд Даланзадгад сумын Хөгжимт жүжгийн театрт Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэтэй хийсэн уулзалтын үеэр Цагаандэл уул-Өлзий боомтын төслийг эсэргүүцсэн нутгийн иргэд, идэвхтэн тэмцэгчид туг, лоозон барьсан байв.

Ерөнхий сайдтай хийсэн уулзалтын дараа холбогдох гол яамдын төлөөлөгчид, газар, хэлтсийн дарга нар болон Ханхонгор, Хүрмэн, Номгон сумын малчдын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдсан тухай Эдийн засаг, хөгжлийн яамны Хилийн боомтын хөгжил, чөлөөт бүсийн бодлогын газрын дарга Хишигбаярын Эрдэнэбулган ярьсан юм. Өнгөрсөн есдүгээр сард Өмнөговь аймгийн олон талт зөвлөх нэгж болох Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөл уулзалт хийж, Цагаандэл уул-Өлзий боомтын асуудлыг хэлэлцжээ. “Нэгэнт Засгийн газрын тогтоол, шийдвэр гарсан учраас салбарын яамдын төлөөлөл боомтын төслийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах нь зөв зүйтэй юм гэсэн байр суурьтай байсан” хэмээн Х.Эрдэнэбулган хэллээ.

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ажлын албанаас тайлбар хүсэхэд хариу мэдэгдэл өгөөгүй байна.

Өнгөрсөн зун Хятадын хилээс Цагаандэл уул-Өлзий боомт руу ихээхэн хэмжээний барилгын материалыг хил давуулан зөөж авчирсныг нутгийн иргэд олж мэджээ. “Бид долоодугаар сард хилийн боомтын ойролцоо очиход нэг контейнер байсан юм. Дараа нь хилээр ачаа орж ирсэн сураг сонсоод 8 сарын 6-нд өөрсдийн биеэр очиж шалгахад маш их ачаа ороод ирчихсэн байсан” гэж Хүрмэн сумын малчин Цэцэгмаагийн Ундармаа хэлэв. Тэрээр гар утсаараа барилгын материалын зургийг авч баримтжуулсан байна.

Мөн уг боомтоос 17 километрийн зайд амьдардаг малчин Батбуянгийн Энхцэцэг барилгын материал хилээр нэвтэрснийг гэрчилж байв. “Ерөнхий сайдыг боомтын ажлыг түдгэлзүүлнэ гэдгийг сонсоод итгэл найдвар төрж байсан юм. Одоо нууцаар ажлаа явуулаад эхлэхээр нь итгэж чадахгүй болж байна” гэж тэрээр хэлээд, “Өмнөговьд хилийн боомт багадаагүй. Бид нар баялгийг нь харамлаагүй. Урагшаа өдөр шөнөгүй, өглөө оройгүй урсаж л байгаа шүү дээ” гэв.

Цагаандэл уул-Өлзий боомтын төслийг тойрсон тэмцэл нь уул уурхайгаас хэт хамаарал бүхий эдийн засагтай Монгол Улсын хувьд малчдын аж амьдрал болон байгаль орчныг хамгаалах ажлыг зохицуулах томоохон сорилт болж байна.

expand image
expand slideshow

ГРАФИКИЙГ БЭЛТГЭСЭН МЭТТ ХЕЙНИ

Уул уурхайн салбар нь Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний дөрөвний нэгийг бүрдүүлдэг бөгөөд 2020 онд нийт экспортын 90 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байв. Манай улсын ашигт малтмалын экспортын 98 хувь нь Хятад улс руу гардаг. Хятад улстай Өмнөговь аймаг 800 километр газраар хиллэдэг бөгөөд хоёр улсыг холбосон нийт 13 хилийн боомт байдгаас хоёр нь уг аймагт бий.

Өмнөговь аймаг нь нүүрсний нөөц ихтэй бөгөөд Говийн дархан цаазат газар нутаг болон экологийн хувьд чухал ач холбогдолтой тусгай хамгаалалттай хэд хэдэн газар нутагтай. Монгол орны говь цөлийн бүс нутаг нь ховор болон устаж болзошгүй 33 зүйл амьтны өлгий нутаг бөгөөд үүнд “Говийн гайхамшигт 6” буюу хавтгай, тахь, хулан, хар сүүлт, монгол бөхөн, мазаалай зэрэг зөвхөн говьд байдаг зэрлэг амьтад багтдаг.

Америкийн Нэгдсэн Улсын The Nature Conservancy олон улсын байгаль орчны байгууллага, Монгол улсын Засгийн газартай хамтран 2014 онд хийсэн судалгаагаар говийн бүсийг “Дэлхий дээрх хамгийн сүүлчийн хүний гарт бага өртөгдсөн газар нутаг гэж тодорхойлсон” байдаг.

Боомтын төслийн хүрээнд тавигдахаар төлөвлөж буй хоёр зам нь говийн экологийн хувьд чухал ач холбогдолтой газар нутгийг огтлон, Тавантолгой Баруун нарангийн зам болон Цагаантолгойн нүүрсний уурхайг боомттой холбох юм.

Эдгээр замууд ашиглалтад орж, боомт нээгдсэнээр энэ бүсийн уул уурхайн лицензүүд амь орж, үйл ажиллагаа нь эрчимжинэ гэдгийг Х.Эрдэнэбулган баталсан. Тэрээр “Хайгуулын ажлыг дагаад ажлын байр нэмэгдэж, гаднын хөрөнгө оруулалт болон улс, орон нутгийн төсөвт төвлөрөх татвар хураамж нэмэгдэнэ” гэж хэлэв.

ЦОГХҮҮГИЙН УРАНЧИМЭГ, ГПЖ МОНГОЛ УЛС

Зүүн гар талаас Номгон сумын малчин Аюурзанын Гэрэлт-Од, Түдэвийн Отгонтөгс, баруун талд Хүрмэн сумын малчин, идэвхтэн тэмцэгч Бөмбөрийн Туяа. Цагаандэлийн боомт болон боомтруу чиглэсэн замууд эдгээр малчдын амьдардаг бүс нутагт сөргөөр нөлөөлөх тул сүүлийн дөрвөн жил энэхүү төслийг эсэргүүцэн тэмцэж байна.

Монгол Улсад Засгийн газрын аливаа шийдвэрт иргэдийн оролцоо дутмаг байдгийг албаныхан хүлээн зөвшөөрч байна. “Иргэддээ байгаль орчин, эдийн засаг, нийгмийн үр нөлөө, ашиг тус, малчдын аж амьдралд хэрхэн нөлөөлөх талаар бодит зөв ойлголт өгөөгүйгээс үл ойлголцол үүсдэг” гэж Х.Эрдэнэбулган хэлсэн юм.

Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөлийн дараагийн хурлаар Цагаандэл-Өлзий боомтын төслийг хэлэлцэх үеэр байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон иргэдийн санал бодлыг хэлэлцэнэ гэдгийг тэрээр нэмж хэллээ. Гэвч хурал хэзээ болох нь хараахан товлогдоогүй байна гэв.
Малчдын баримтжуулсан барилгын материалын тухайд Хятадаас орж ирсэн болохыг Х.Эрдэнэбулган баталсан бөгөөд боомтын ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд сар бүрийн 15-наас 25-ны хооронд хилийн түр гарцыг нээхээр харилцан тохирсон тухай тэрээр ярив.

Боомт нээж, зам барих төлөвлөгөө нь тэртээ 2009 онд аялал жуулчлалын төсөл нэрийдлээр эхэлсэн гэдгийг “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбооны тэргүүн Хумбаагийн Түмэндэлгэр онцолсон юм. Тэрээр Хятад, Монголын төлөөлөгчдийн уулзалтад оролцож “Уг зам нь томоохон аялал жуулчлалын сүлжээ болно гэж анх яригдсан” талаар дурсаад, “Энэ замаар Бурхан Халдун уулыг үзээд цааш Орос Хятадын хилийн заагт орших Манжуур хот руу зорчдог байхаар төлөвлөж байсан” гэв.

Гэтэл одоо уул уурхайн төсөл болоод хувирчихлаа гэж тэрээр халаглан хэлэв.

2010 онд Монголд хатуу ширүүн өвөл болж зуд нүүрлэсэн бөгөөд Хятад улсаас малчдад өвс тэжээлийн тусламж үзүүлэх зорилгоор гуравдугаар сард 10 хоногийн хугацаатай Цагаандэлийн боомтыг түр нээхдээ боомтын зориулалтыг өөрчилсөн байх магадлалтай тухай Номгон сумын иргэн, тээврийн жолооч Цагаандүүгийн Батсүрэн ярьсан юм. Тэр үед монгол жолоочдыг хөлслөн элсэн дундуур шинээр зам татуулан, зүтгүүлж явсан талаар Ц.Батсүрэн хэлээд, “Тухайн үед бидний өвс тэжээл зөөж явсан тэр замаар нэг метрийн ч зөрүүгүйгээр Тавантолгойн уурхайгаас Цагаандэлийн боомт хүртэлх шинээр тавигдах замын трасс батлагдсан” гэв.

expand image
expand slideshow

ЦОГХҮҮГИЙН УРАНЧИМЭГ, ГПЖ МОНГОЛ УЛС

Даланзадгад сумын Хөгжимт жүжгийн театрт Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэтэй хийсэн уулзалтын үеэр нутгийн иргэд, идэвхтэн тэмцэгчид үг хэлэхээр дараалан зогсож байна. Тэд Цагаандэл уул-Өлзий боомт нээгдсэнээр малчдын амьдрал, байгаль орчинд сөрөг нөлөөтэй хэмээн эсэргүүцэж буй юм.

Боомтыг чиглэн барихаар төлөвлөж буй 270 километр замын дагуу амьдардаг Хүрмэн сумын малчин Бөмбөрийн Туяа “Говийн хөрс хоёр гуравхан өдрийн шуурганд л баларчих гээд байдаг юм шүү дээ. Олон мянган машин нааш, цааш туучих юм бол мал идэх юу ч үлдэхгүй. Мал маллах аргагүй болно” хэмээн хэлсэн юм.

Б.Туяа, Ц.Батсүрэн шиг олон малчид энэ төслийг сүүлийн дөрвөн жил эсэргүүцэн тэмцэж байна. Хүрмэн сумын иргэн Түдэвийн Отгонтөгс цасан шуургатай, жавар тачигнасан өвлийн хүйтэн шөнөөр Ханхонгор сумын Жаргалант багийн ойролцоох замаар Цагаандэл уул-Өлзий боомтыг чиглэн хүнд даацын том машинууд ирж байна гэсэн дуудлага хүлээн аваад үстэй дээлээ өмсөн, машиндаа 10 хүн чихэж суулгаад, өнөөх машинуудыг амдаж зогсоохоор давхисан тухай ярьсан юм.

“Боомтыг чиглэсэн том тэргүүд ихэвчлэн шөнийн 2 цагаас хойш явдаг учраас сүүлийн 4 жил хагас цэрэгжилтийн байдалтай амьдарлаа” гэж тэрээр хэлээд, “Бид гадуур хувцастайгаа хэвтэж байгаад түлхүүрээ аваад машинаа асаагаад гарахад бэлэн унтдаг байсан” гэв.

Дөрөвдүгээр сард боомтыг чиглэн явж байсан 30 гаруй машиныг Т.Отгонтөгс бусад малчидтай нийлж зогсоогоод 3 хоног нойр хоолгүй хоносон тухайгаа ярилаа. “Шөнөдөө мал хуйгаа эргэж тойрохгүй, хотоо манаж чадахгүй болохоор тэр үеэр гарсан төл бүгд осгож үхсэн” гэв.

“Бидний тэмцэл үр дүнд хүрэхгүй, үнэхээр хүчрэхгүй байсаар боомт нээгдэх тохиолдолд Монгол Улс өмнө талаасаа Хятадын уул уурхайн бүс нутаг болох аюултай” хэмээн Ц.Батсүрэн нэмж хэлээд “Манай улсын унаган байгаль, экосистемээс илүү үнэ цэнтэй цемент гэж байх уу?” хэмээн ууртай гэгч нь асуув.

Т.Отгонтөгс үргэлжлүүлэн тэмцэхээ илэрхийлээд, “Боомтын ажлыг бүр мөсөн цуцлах хүртэл нь ясаа цайтал тэмцэнэ” гэв.

Цогхүүгийн Уранчимэг нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.


Орчуулгын тэмдэглэл

Бямбацогтын Номин, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан.