МОНГОЛ УЛС, ОРХОН АЙМАГ, ЭРДЭНЭТ ХОТ — Ванганы Дэлгэр өглөө бүр 6 цагт босож гэрийнхээ ойролцоох уул руу алхдаг. Уул дээрээс Азидаа хамгийн томд тооцогдох зэсийн уурхай болох Эрдэнэтийн зэсийн уурхай харагддаг. Тэр тамхи их татдаг байгаагүй бөгөөд зургаан жилийн өмнөөс огт тамхи татахаа больжээ. Гэвч түүний уушги, зүрх өвддөг болсон нь уурхайгаас байнга хийсэж, олон километр үүлэн хэлбэртэй тархдаг цагаан тоосноос үүдэлтэй гэж тэрээр хэлсэн.
В.Дэлгэрийн эмч нь түүнтэй санал нэг бөгөөд уурхайн цагаан тоос нь зөвхөн В.Дэлгэр гэлтгүй Эрдэнэт хотын ойролцоо амьдарч буй олон хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа гэжээ.
“Эрдэнэт Үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын албан тушаалтнууд “цагаан тоос” асуудал үүсгэдэггүй гэсэн боловч уг тоосонд агуулагдах хар тугалга нь орон нутгийн хүүхдүүдийн цусанд ихээр агуулагдсан болохыг судлаачид олж тогтоосон. Цагаан тоосны бүс нутагт амьдардаг насанд хүрэгчид зүрх, судасны өвчнөөр ихээр өвчилж буй нь хар тугалганы хордлогоос үүссэн байж болохыг эмч нар хэлж буй юм.
“Цагаан тоосноос болж хүн өвдөж, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол гараагүй” хэмээн “Эрдэнэт Үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Эрдэнэт сувилал цогцолборын ерөнхий эмч Жамцын Ганчимэг хэлсэн.
Уурхайн хаягдлын сантай холбоотой эрүүл мэндийн асуудал дэлхий нийтэд уул уурхайн бүсүүдэд ноцтой асуудал болоод буй. Уул уурхайн компаниуд хаягдлын сангаа хэрхэн ажиллуулахыг засгийн газрууд нь зохицуулдаг бөгөөд уул уурхайн компаниуд өөрсдөө уурхайн үйл ажиллагаанаас улбаатай нутгийн иргэдэд учруулж болох аюул эрсдэлийг сайтар ухамсарлаж, хаягдлын сангийн сөрөг үр нөлөөг бууруулах стратеги хэрэгжүүлдэг. Гэвч нийт экспортынхоо 20 хувийг зэсээс бүрдүүлдэг Монгол Улсын хувьд Засгийн газраас эрүүл мэндийн асуудлыг авч хэлэлцэхгүй байна.
Олон хүн цагаан тоосноос ангижрахыг хүсэж байгаа ч уурхайг хаавал иргэд ажлын байраа алдаж, Эрдэнэт хотод хүнд тусна. Тус хотын 110,000 хүний 7,000 орчим нь уурхайд ажилладаг бөгөөд уурхай байгаагүй бол өөр бусад олон салбар ч байхгүй байх байсан.
2019 онд байгуулагдсан ‘Цагаан тоосны хор хөнөөлөөс ирээдүйгээ аврах хөдөлгөөн’-ий гишүүд уурхайг тоос дарах технологио сайжруулж, тоосонд өртдөг бүс нутгийн оршин суугчдыг жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулж, халдваргүйжүүлэгчээр хангаж, санхүүгийн нөхөн олговор олгохыг шаардсаар байгаа. Гэвч тус хөдөлгөөний гишүүд ч гэсэн уурхайн үйл ажиллагааг зогсоохыг хүсэхгүй байна. Учир нь улс, орон нутгийн эдийн засаг эрчимтэй доройтоход нөлөөлнө.
Коронавирусын цар тахлын үед уурхай нь эдийн засагт ямар чухал ач холбогдолтой болох нь харагдсан. Учир нь цар тахлын үед Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын өрх бүрийн цахилгаан, усны төлбөрийг долоон сарын хугацаанд буюу 650 тэрбум төгрөгийг төлсөн юм.
Уурхай орчмын айл, сургууль, бизнесийн барилгууд цагаан тоосонд дарагдаж, тоос ихтэй үед хүмүүсийн гутал шуудайтай гурилд дүрсэн мэт цав цагаан өнгөтэй болдог байна.
“Заримдаа надад хоолой боож амьсгал хураах гэж буй мэт мэдрэмж төрдөг” хэмээн В.Дэлгэр хэлсэн.
***
Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 30 орчим хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг бөгөөд эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болдог талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлэв. Монгол Улсын экспортын орлогын 93 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбар нь Хятад руу асар их хэмжээний зэс, нүүрс, Швейцар руу алт экспортолдог. Эрдэнэт үйлдвэр нь Оюу толгойн зэсийн уурхайн дараа ордог хоёр дахь том зэсийн уурхай юм. Оюу толгой нь Монгол Улсын өмнөд зүгт БНХАУ-ын хилийн ойролцоо оршдог.
Хаягдлын сангийн тоос нь зэс болон бусад металлыг олборлох явцад үүсдэг. Химийн бодистой ус нь зэсийн хүдрийг чулуулгаас ялгадаг ба үүнийг хаягдлын санд хийсний дараа ууршилтын үйл явц явагдаж, цагаан тоос үлддэг. Хар тугалга, цайр, хүнцэл зэрэг хүнд металл агуулсан нунтаг хэлбэрийн нарийн ширхэгтэй бодис хаягдлын сангаас хийсэн, агаар мандалд тархдаг.
Хүнд металл нь дан ганц асуудал бус тоосны нарийн ширхэг нь хүний бие махбодод аюултай болохыг эрдэмтэд хэлж байна. Хүний үснээс 30 дахин жижиг буюу диаметрээрээ 2.5 микрон болон түүнээс нарийн ширхэгтэй тоос нь хүний эрүүл мэндэд онц эрсдэлтэй. Цагаан тоос нь харин үүнээс ч жижиг буюу диаметр 0.1 микрон байдаг тул уушгинд гүн нэвтэрч, мөгөөрсөн хоолойн нарийн гуурсыг бөглөж, уушгины цулцанд хүчил төрөгч орох боломжийг хязгаарлаж, зүрхний өвчин үүсэх, цаашлаад үхэлд хүргэх эрсдэлтэй болохыг эрдэмтэд хэлж буй юм.
“Гол нь тоосонцрын ширхэг нь PM 2,5-ээс ч илүү нарийн ширхэгтэй байгаа нь хүний биед хэр хортой болохыг харуулж байна” гэж МУИС-ын Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн профессор Чонохүүгийн Сономдагва хэлсэн.
Өмнө нь цагаан тоос зөвхөн хавар, намрын улиралд агаарт утаа мэт дэгдэн, хэдэн сар үргэлжилдэг байсан. Харин сүүлийн арван жил цагаан тоосны үр нөлөө жилийн турш ажиглагдаж буй талаар оршин суугчид хэлсэн. Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын сангийн хэмжээ нь томорсноор тоосны хэмжээ улам нэмэгдсэн. Үүний хажуугаар олон хүмүүс Эрдэнэт хотыг зорьж, уурхайтай ойр, цагаан тоос тархдаг зам дагуу суурьших нь мөн нэмэгдэж байна.
2022 онд Японы Цаг уурын нийгэмлэгээс нийтэлсэн хиймэл дагуулаас авсан зургуудад хийсэн дүн шинжилгээгээр салхи шуурга нь Эрдэнэт үйлдвэрийн цагаан тоосыг хийсгэн, 2000 гаруй хавтгай дөрвөлжин километр талбайг бүрхэж, 100 гаруй километрийн зайд орших хотуудад тархдаг болохыг тогтоожээ.
Монголын хуурай, салхитай орчинд цагаан тоос нь манан будан татсан мэт саарал болдог. Үзэгдэх орчин хязгаарлагддаг тул машинууд гэрлээ асааж явдаг. Хүмүүс ам, хамраа таглан, амны хаалт зүүдэг эсвэл тоосны дэгдэлт намжтал гадагшаа гардаггүй аж.
“Харшлын шинж илэрч ханиалгадаг” хэмээн Цагаан тоосны хор хөнөөлөөс ирээдүйгээ аврах хөдөлгөөн НҮТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, Орхон аймгийн оршин суугч Дагвадоржийн Баасансүрэн хэлээд, “Бороо орсны дараа хоолой өвддөг. Гэрээсээ гарч чаддаггүй. Шөнө хамар битүүрээд унтаж чаддаггүй гэв.
***
Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуульд уул уурхайн үйл ажиллагааг байгаль орчинд “хамгийн бага хохирол учруулах” хэлбэрээр явуулахын тулд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль хамгаалалтын төлөвлөгөө гаргахыг шаарддаг. Хаягдлын сан зайлшгүй шаардлагатай гэж хуульд заасан боловч хаягдлын тоос, цагаан тоосны тухай огт дурдаагүй.
Хууль эрх зүйн хүрээнд энэ тухай орхигдуулах нь түгээмэл. Зэс үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Чили улсын уул уурхайн салбарын хууль тогтоомжид хаягдлыг уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй тоос шороо гэж тодорхойлсон боловч аюултай хог хаягдал гэж үздэггүй. Улмаар байгаль орчинд ээлгүй хэлбэрээр хадгалдаг тухай 2023 оны судалгааны тайланд дурджээ.
Хамгийн таагүй нь хаягдлын тоосны хорт ул мөр үе дамжин үлддэг. Замби улсын Кабве хотын уурхай 30 жилийн өмнө хаагдсан ч хот хаягдлын тоосонд одоог хүртэл дарагдсан хэвээрээ байдаг. 2018 оны судалгаагаар хаягдлын тоосны үр нөлөө үргэлжилсээр байсан бөгөөд бүс нутгийн 39,000 хүүхдийн тал хувь нь цусандаа хар тугалганы эзлэх хувь өндөртэй байсан тул эмнэлгийн тусламж авах шаардлагатай болжээ. Энэ бол Британийн компаниудын олон арван жилийн уурхайн олборлолт, дараа нь Замбийн засгийн газрын үргэлжлүүлсэн уурхайн ажиллагааны үр нөлөө юм.
Эрдэнэт хотод зэс олборлох үйл явцаас болж эрүүл мэндийн асуудал үүссэн талаар эмч нар болон бусад хүмүүс олон жишээ дурдаж байгаа ч хаягдлын тоос нь хүмүүст сөрөг нөлөө үзүүлж буйг нотлох баримт байхгүй гэдгийг уурхайн удирдлагууд хэлж байна.
“Эрдэнэт Үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн дарга Жигмэдцэрэнгийн Жавхланбатын ярьснаар тус уурхай өөрсдөө эрүүл мэндийн шинжилгээ хийсэн ч ямар ч асуудал илрээгүй аж.
2007-2018 онд Эрдэнэт үйлдвэрээс жил бүр нутгийн гуч орчим иргэнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг байжээ. 2019 онд тус компани энэ тоог 500 орчим хүн болгон нэмэгдүүлсэн. Шалгалтаар цагаан тоосноос үүдэлтэй өвчлөл илрээгүй гэж тус компанийн зүгээс мэдэгдсэн.
Гэвч оршин суугчид үүнийг няцааж буй юм.
“Цагаан тоосны шинжилгээнд нэлээн олон удаа хамрагдсан ч шинжилгээний хариуг нэг ч удаа харуулж байгаагүй. Зүгээр гарсан л гэдэг. Гэтэл би зүрхний шигдээсний хагалгаанд хоёр удаа орж амь насаа алдахаа шахсан” гэж Орхон аймгийн Говил багийн иргэн Ж.Нансалмаа хэлсэн.
Олноор хүлээн зөвшөөрдөг анагаах ухааны судалгаа нь хорт тоосоор амьсгалах, зүрх судасны өвчин хоёрын шууд холбоотой болохыг баталж байна. Орхон аймаг нь зүрх судасны өвчлөлөөр улсын хэмжээнд хамгийн өндөрт тооцогддог бөгөөд нийт нас баралтын тал орчим хувь нь зүрхний өвчлөл эзэлж байгаа нь цагаан тоосны сөрөг нөлөөтэй холбоотой гэж эмч мэргэжилтнүүд үзэж байна.
Мөн нүд нь улайж, загатнаж, хоолой нь өвддөг, ханиалгаж, найтаах, амьсгалахад хүндрэлтэй өвчтөнүүд нэмэгдсэн болохыг эмч нар хэлж байна. 2023 онд Орхон аймагт амьсгалын замын 1,500 гаруй өвчлөл бүртгэгдсэн нь бусад аймгуудаас илүү байна. Цагаан тоос болон эдгээр эрүүл мэндийн асуудлуудын хооронд шууд холбоотой болохыг тогтоосон шинжлэх ухааны тодорхой судалгаа байхгүй ч эмч, судлаачид тоос үүнд чухал нөлөөтэй гэж сэжиглэж, хүнд металлын хордлогын урт хугацааны эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар санаа зовж буйгаа илэрхийлсэн.
“Олон шалтгаан байдаг ч манай аймгийн хувьд зүрх судас, амьсгалын замын өвчлөл их байгаа нь уурхайн тоосжилттой холбоотой” гэж Орхон аймгийн нэгдсэн эмнэлгийн мэргэжлийн их эмч Ю.Сараа хэлэв. Тэрээр засгийн газраас эсрэг хариу арга хэмжээ авахаас эмээсэн тул бүтэн нэрээ хэлэхээс татгалзсан.
Зөвхөн В.Дэлгэр гэх мэт өндөр настай иргэд уг асуудалд өртөөд байгаа юм биш. НҮБ-ын Хүүхдийн сангаас хийсэн судалгаанд уул уурхайн сөрөг нөлөө, агаарын бохирдол зэрэгт хамгийн өртөмтгий эмзэг бүлэг бол хүүхдүүд байдаг тухай дурджээ.
2019 онд Анагаах ухааны их сургуулийн судлаачид Эрдэнэт хотын бүсэд амьдардаг 4-7 настай хүүхдүүдэд шинжилгээ хийж, цагаан тоосны үр нөлөөг судалсан. Шинжилгээнд хамрагдсан хүүхэд бүрийн цусан дахь хар тугалганы хэмжээ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хүлцэх дээд хэмжээнээс илүү болохыг судлаачид тогтоожээ.
Ж.Жавхланбат болон уурхайн албан тушаалтнууд шинжилгээний үр дүнг няцаасан.
Нутгийн иргэдэд амьсгалахад хүндрэлтэй байна. Агаар тоосонд дарагдаж, ард иргэдийн аманд амтагдах хэмжээд хүрээд байна.
“Цагаан тоос дэгдсэн үед гадуур явахад аманд давсархаг, шорвог амтагддаг” гэж Дагвадоржийн Баасансүрэн хэлсэн.
“Цагаан тоос дэгдсэн үед гэрээсээ гарах ч аргагүй болдог” хэмээн Орхон аймгийн иргэн Даваанямын Батцоож хэлэв.
“Гэрээсээ гарах ч аргагүй болдог.”
***
Хаягдлын тоосны тархалтыг өнгөн хөрс, өвс ургамлаар бүрхэх, хорт бодисыг шингээдэг химийн бодис түрхэх гэх мэт олон арга замаар бууруулах боломжтой. Дэлхий даяар уурхайнууд эдгээр шийдлийг өргөн хэрэглэдэг.
Үүний нэг жишээ нь Европ дахь хамгийн том хаягдлын сан болох Польшийн Зелазный Мост далд уурхай юм. Тоосжилтын асуудал уурхайн ойр орчмын иргэдийг бухимдуулж, энэ асуудлыг уурхайгаас яаралтай шийдвэрлэхийг шаардсан. Уурхайн нөлөөллийг бууруулах хүчин чармайлт нь асуудлыг улам хүндрүүлэхээс сэргийлж чадсан хэмээн Польшийн далд уурхайн шинжээч, байгаль орчны инженер Радослав Помыкала хэлсэн. Тэрээр уул уурхайн үйл ажиллагааг судлахаар саяхан Монголд иржээ.
“Иргэд, олон нийт, уурхайнууд харилцан биенээ ойлгож, асуудлыг шийдвэрлэхийн тулд хамтран ажиллах нь чухал” гэж Помыкала хэлэв.
Эрдэнэт үйлдвэрийн зүгээс цагаан тоосыг агаарт дэгдэхээс сэргийлэхийн тулд тоосжилт ихтэй газарт устай хольсон бодис цацах зэрэг хэд хэдэн арга хэрэглэдэг бөгөөд эдгээр арга хэмжээ үр дүнтэй байсан тухай албаныхан хэлсэн.
Монгол Улсын Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс 2022 онд гаргасан тайланд Эрдэнэт үйлдвэр байгаль орчны журам зөрчиж, “Ашиглалт, үйлдвэрлэлийн явцад байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйц хог хаягдал гаргаж байна” гэж шүүмжилсэн.
Гэвч улс төрийн эрх мэдэлтэй хүмүүс ч цагаан тоосны асуудлыг шийдвэрлэхэд юу хийх ёстой эсэхэд эргэлздэг.
2018 онд Эрдэнэт хотын захирагчаар ажиллаж байсан, одоо УИХ-ын гишүүн Дамбын Батлут цагаан тоосны асуудлыг өөрийн нүдээр гэрчилсэн. Саяхан сонгуулийн сурталчилгааны тайландаа тэрээр Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн хаягдлын санг суурьшлын бүсээс холдуулж шинэ хаягдлын сан байгуулах шийдвэр гаргасан тухай хэлээд ирэх таван жилийн хугацаанд цагаан тоосыг дарах шинэ технологи нэвтрүүлнэ гэдгээ амласан.
“Энэ бол иргэдийн эрүүл мэндийг анхаарсан гайхалтай шийдвэр” гэж Батлут бичжээ.
Батлут энэ талаар ярилцлага авах хүсэлтэд хариу өгөөгүй/татгалзсан. Гэвч тэрээр сонгуулийн кампанит ажлын тайландаа нөхцөл байдлыг сайжруулах оролдлого хийсэн ч цагаан тоосны асуудал хэвээр байх болно гэдгийг хүлээн зөвшөөрсөн.
Эрдэнэт үйлдвэр ажиллаж байгаа цагт бид цагаан тоосноос салж чадахгүй” гэж тэрээр бичжээ.