ЭРДЭНЭТ ХОТ, ОРХОН АЙМАГ, МОНГОЛ УЛС — Жалбуугийн Мөнхтөр нь Эрдэнэт хотын үерт автах эрсдэлтэй бүсэд уулын энгэр орчим монгол гэрт амьдардаг. Тэрээр хашаан дотроо жижиг цементэн хана, хашлага, шуудуу бүхий үерийн хамгаалалт хийжээ.
48 настай Мөнхтөрд өөр сонголт байсангүй. Нийслэл Улаанбаатар хотоос баруун хойш 378 километрт орших Баян-Өндөр сумд байх сэтэрхий далан болон бусад үр дүн багатай үерийн хаалтын улмаас Мөнхтөрийнх болон түүний зэргэлдээх айлууд үерт автах нь элбэг аж. Тиймдээ ч Мөнхтөр үерээс хамгаалах арга сэджээ.
“Бид өөрсдөө амьдарч буй газрынхаа аюулгүй байдлыг хангаж, үерийн хамгаалалт хийхгүй бол нэг л өдөр бүх юмтайгаа урсахаар байна” гэж Мөнхтөр шуудуунд орсон хогийг модоор түлхэж гаргангаа хэлэв.
Олон жил үерийн аюул нүүрлээд байхад дорвитой арга хэмжээ аваагүй төрийн албаныханд Мөнхтөр ихэд ундууцдаг. Үерын асуудал Монголыг олон жил зовоож байна.
Монгол орны жилийн дундаж агаарын температур эрс нэмэгдэхийн хэрээр үерийн давтамж ч мөн олширч, олон сая долларын хохирол учирч, мянга мянган хүн гамшигт эрсдэлээс өөрсдийгөө хамгаалахын тулд уулын хажуугийн эрсдэлтэй бүсэд амьдрахаас өөр аргагүйд хүрч байна.
Албаны эх сурвалжаас үзэхэд 1940 оноос 2014 он хүртэл Монгол орны жилийн дундаж температур Цельсийн 2.07 хэмээр дулаарчээ. Энэ нь дэлхийн дунджаас хоёр дахин илүү дулаарсан гэсэн үг.
“1990-ээд оны үед үер их ховор тохиолддог байсан болохоор Орхон аймгийн мэргэжилтнүүд бүртгэж баримтжуулдаггүй байжээ.” Эрдэнэт хот дахь Орхон Аймгийн Онцгой Байдлын Газрын мэдээлснээр 2005-аас 2015 оны хооронд Баян-Өндөр сумын нутагт нийт 14 удаа үер болж, таван хүн нас баржээ.
2013-аас 2018 оны хооронд уг хотод найман удаа үер болсны улмаас долоон хүн нас барж, 55.4 тэрбум төгрөгийн (19.4 сая ам.доллар) хохирол учирчээ.
Жилд орох аадар борооны хэмжээ огцом нэмэгдсэнээс болж үерлэх нь ихэссэн. Хүн амын хэт төвлөрөлт, зохион байгуулалтгүй газар олголт, далангаар ус нэвчих зэрэг бусад хүчин зүйлс мөн нөлөөлдөг аж.
Онцгой Байдлын Газрын мэдээлснээр Орхон аймагт одоо ашиглаж буй үерээс хамгаалах суваг далан нь хотыг нийтэд нь бус зөвхөн зарим хорооллыг л хамгаалах боломжтой аж. Үнэн хэрэгтээ тус газрын тайланд дурдсанаар ихэнх далан нь эвдэрсэн гэжээ.
“Орон нутгаас төсөв гаргаад үерийн хамгаалалт хийж байна л гэдэг” хэмээн Эрдэнэт хотын өөр нэгэн оршин суугч болох Дэлгэрбаярын Балдорж хэлэв. “Гэвч тэр нь ямар ч үр дүнгүй байна” гэж тэрээр халаглав.
Онцгой Байдлын Газрын мэдээлснээр бол улс болон орон нутгаас жил бүр үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор төсөв баталдаг аж.
Баталсан төсвийг хуучин даланг цэвэрлэх, засах, шинээр шуудуу ухах болон иргэдэд сэрэмжлүүлэг мэдээ мэдээлэл өгөх зэрэгт зарцуулдаг гэж Онцгой Байдлын Газрын ахлах байцаагч Бэгзжавын Эрдэнэбаяр хэлэв.
“Жилийн баталсан төсөв хангалтгүй байдаг” гэж тэрээр хэлээд, “Тиймээс үерийн даланг байнга шинэчлэх боломжгүй. Гэхдээ бид иргэдийг үер, усны гамшгаас хамгаалах ажлыг чадах чинээгээрээ хийж байгаа” гэв.
Орхон аймаг ердөө 84,400 га газар нутагтай бөгөөд 107,634 хүн ам оршин суудаг. Энэ тоо цаашид ч өсөх хандлагатай байна. Аймгийн хүн амын тоо сүүлийн арван жилд 17,000-аар нэмэгдсэний 8000 нь гэхэд сүүлийн таван жилийн өсөлт аж.
Орхон аймгийн төв Эрдэнэт хот нь уулархаг, байгалийн гуу, жалга, суваг шуудуу элбэгтэй бүсэд оршдог. Тиймээс дулаан улиралд шар усны үерийн аюул элбэг тохиолддог. Хур борооноос үүдэлтэй үер Монголд хавар, зуны улиралд мөн болдог.
Эрдэнэт хотын хүн ам өсөхийн хэрээр оршин суух газар хомс болж байна. Газрын худалдаа нэмэгдэж, үнэ нь тэнгэрт хаджээ. Тиймээс олон хүмүүс хотын захад зардал багатай үл хөдлөх хөрөнгө сонирхох болов. Хамгийн хямд нь уулын энгэрт, өмнө үерлэж байсан, гуу жалга бүхий газар байдаг.
Эрдэнэт хотын нийт хүн амын 61 хувь нь гэр хороололд амьдардаг ба тэр бүх айлууд үерийн эрсдэлтэй бүсэд оршин суудаг гэсэн үг. Тэдний нэг нь Нэргүйн Амгалан юм.
Аминд халтай агаарын бохирдлын эсрэг яндан хөөлөгчид тэмцэж байна
Бусад нийтлэл унших бол дарна ууҮер нүүрлэхэд гэр нь урсаад явчих аюултай. Амгалан хашаан дотроо шороо овоолж өндөрлөн, дээр нь гэрээ барьжээ. Өндөрлөг газраа хуучин дугуй тойруулж бэхэлсэн байна.
“Ингэж байж л аюулгүй, айдас багатай амьдарч чадна” гэж Амгалан хэлэв. Тэрээр эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг.
Үерийн хамгаалалт хийхээс өмнө үер болбол бүх тавилгаа өндөрлөг газар руу зөөдөг байсан гэж дөрвөн том хүүхэдтэй эелдэг, зөөлөн ээж Мөнхтөр хэлэв.
“Өмнө нь ус гэнэт л шуугиад ороод ирдэг байсан” гэж тэрбээр хэлэв.
Үерийн далангаа Европын Холбоо болон Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны 14 сая ам.долларын санхүүжилтээр засна гэж итгэж буйгаа Эрдэнэбаяр хэлэв. Санхүүжилтийг хараахан батлаагүй байгаа гэж тэрээр хэлэв.
Төр хэлсэн амандаа хүрэх эсэхийг Мөнхтөр хүлээж байна. Тэр болтол гэрээ өөрийн аргаар үерээс хамгаалсаар байх болно.
“Манайх эрсдэл өндөртэй бүсэд амьдардаг” гэж тэрбээр хэлэв. “Тийм болохоор би үргэлж сонор сэрэмжтэй байх хэрэгтэй” гэв.
Хөхнохойгийн Хорлоо нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч. Увс аймагт төрж өссөн тэрээр Глобал Пресс Жоурналд ажиллаж эхлэхээс өмнө телевизэд сурвалжлагчаар ажиллаж байсан.
Орчуулгын тэмдэглэл
Бямбацогтын Номин, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан.