Mongolia

Дотуур байрыг малчдын хүүхдүүдэд илүү ээлтэй болгох аргыг санаачилжээ

Балчир үрсээ сургуульд сургахаар алс хол явуулдаг малчин өрхүүдэд тулгардаг асуудлыг шийдэх санаачилгуудын нэг нь “Дотно санагдах дотуур байр минь” төсөл юм.

Read this story in

Publication Date

How to Make Dorm Life Friendly for a 6-Year-Old? Invite Mom

ЦОГХҮҮГИЙН УРАНЧИМЭГ, ГПЖ МОНГОЛ УЛС

Өмнөговь аймаг дахь сургуулийн дотуур байранд Пүрэвийн Мөнхзул долоон настай хүү Чинзоригийн Золзаяагийн хамт ном уншиж байна. Малчин Мөнхзулын гэр 30 гаруй километрийн зайд байдаг ба хүү нь бие даан амьдрахад хэтэрхий балчир тул тэрээр хүүтэйгээ хамт дотуур байранд байдаг аж.

Publication Date

МОНГОЛ УЛС, ӨМНӨГОВЬ АЙМАГ, БАЯНДАЛАЙ СУМ — Өмнөговь аймаг дахь дотуур байрны өрөөнд хүү нь бусад хөвгүүдтэй модон тоглоомоор тоглох зуур Пүрэвийн Мөнхзул охидын ширэлдсэн үсийг самнаж өгч байна.

“Хүүхдийг зургаан настай суулгах арай балчир санагддаг. Аль болох долоо юм уу, найман настай суулгамаар байдаг. Зарим нэг нь цүнхээ ч даахгүй амьтад байдаг шүү дээ” гэж Мөнхзул хэлэв. Тэрээр тухайн хичээлийн жилд балчир сурагчдад дэмжлэг үзүүлэх төслийн хүрээнд дотуур байранд амьдарч буй долоон ээжийн нэг бөгөөд өөрийн хоолонд хэрэглэх 36 кг хонь, ямааны махыг байрны гал тогоонд өгчээ.

Монгол Улсад найман настай хүүхдүүд сургуульд элсдэг байсныг 2008 онд зургаа болгож өөрчилсөн. Зарим малчин өрхүүдийн хувьд хамгийн ойрын сургууль 60 гаруй километрийн зайд байдаг. 2021-2022 оны хичээлийн жилд дотуур байранд байсан 32,500 хүүхдийн 80 хувийг малчин өрхийн хүүхдүүд эзэлж буй юм. Хичээлийн шинэ жил эхлэх үед зарим малчин айлууд сургуулийн ойролцоо байр түрээслэн амьдардаг бол нэг хэсэг нь хамаатныдаа хүүхдүүдээ суулгадаг. Харин бусад хүүхдүүд ах, эгч нартайгаа хамт дотуур байранд орж, эцэг эхчүүд нь тэдэнд итгэл хүлээлгэн балчир үрсдээ сайн сайхныг хүсэн үлдээгээд явдаг.

Суурь боловсролын ээлжит хичээлийн жил дуусаж байгаа энэ үед дараа жилийн сурагчдыг сургах журмыг шинэчилж, мэргэжлийн асрагч багш нарт нэмэлт төсөв батлах, хүүхдүүдийг асран хамгаалагчтай нь байлгахын тулд дотуур байруудыг шинэчлэх зэрэг асуудлыг эцэг эхчүүд, сурган хүмүүжүүлэгчид, бодлого боловсруулагчид хэлэлцэж байна.

Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр улс даяар хэрэгжсэн Бага Боловсролын чанарын шинэчлэл санаачилгын хүрээнд хийгдсэн Баяндалай сумын сургуулийн “Дотно санагдах дотуур байр минь” түүчээ төслийг хөдөөгийн бусад сургуулиуд хэрэгжүүлэхээр сонирхож байна. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдарч буй хүүхдийн сурах, хөгжих, оролцох, эрхийг хангах зорилгоор үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа талаар Ерөнхий боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Жадамбын Ганбаатар хэлсэн юм.

Олон жил судалгаа хийж, хүчин чармайлт гаргасны ачаар дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийн асуудлыг хөндөх болжээ. Тухайлбал Норвегийн тусламжийн байгууллага болон Боловсрол, шинжлэх ухааны яамны 2017 онд хийсэн судалгаанд дотуур байранд амьдарч буй 6-8 насны хүүхдүүдийн дөрөвний нэг нь тааруухан нөхцөлд, ганцаараа бие даан, нийгэм-сэтгэл зүйн хэрэгцээ хангагдахгүй нөхцөл байдалд амьдарч байгаа талаар дурджээ. 2014 онд Залуу малчдын үндэсний зөвлөгөөн болж, дотуур байранд амьдарч буй хүүхдүүдэд зориулан асрагч багшийн орон тоо гаргаж өгөхийг хүссэн юм. Үүнээс дөрвөн жилийн дараа орон нутгийн санхүүжилтээр Монгол Улсын хэмжээнд нийт 63 асрагч багшийг ажиллуулжээ. 2021-2022 оны хичээлийн жилд боловсролын яамнаас дотуур байранд амьдарч буй 10-аас доош насны 30 хүүхэд тутамд нэг асрагч байхаар тооцон, нийт 82 асрагч багшийг ажилд авсан байна. Гэвч Баяндалай сумын сургууль гэхчлэн хөдөөгийн сургуулиудын дотуур байр энэхүү хөтөлбөрийн шаардлагад нийцэх хангалттай тооны хүүхэдгүй аж.

Намрын чуулганаар хэлэлцэх 252 хууль, тогтоомжийн нэг болох боловсролын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд дотуур байрын асрагч багш нарын тоог нэмэх шаардлагыг тусгажээ. Энэхүү саналыг “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслээс гаргасан байна. Уг эвсэл нь Хуульчдын холбооны Хүүхдийн эрхийн дэд хороотой хамтран ажилладаг бөгөөд боловсролын чанар болон санхүүжилтад хяналт тавьж, бодлого боловсруулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой 2010 онд байгуулагджээ.

“Дэлхийн жишигт нийцүүлэх нэрээр сонгогчдод таалагдах гэсэн улс төрийн бодлогын золиос нь малчдын 6 настай хүүхдүүд болсон” хэмээн тус эвслийн ерөнхий зохицуулагч Дондогдуламын Тунгалаг хэлсэн юм.

expand image
expand slideshow

ЦОГХҮҮГИЙН УРАНЧИМЭГ, ГПЖ МОНГОЛ УЛС

Өмнөговь аймгийн Баяндалай сумын дотуур байранд асрагч багш Цэнд-Аюушийн Алдармаа сурагчдад үлгэр уншиж өгч байна.

Мөн КОВИД-19 цар тахлын хөл хорионы үеэр боловсруулсан телевизийн болон цахим сургалтын хөтөлбөрүүдтэй ижил төстэй байдлаар зайны сургалтын хүртээмжийг нэмэгдүүлэн балчир хүүхдүүд гэрээсээ дотуур байран дахь хүүхдүүдийн адил сурч боловсрох боломжтой эсэхийг бодлого боловсруулагчид судлах нь зүйтэй гэдгийг тэрбээр нэмж дурдав.

Баяндалай сумын дотуур байрын багш Цэнд-Аюушийн Алдармаа наймаас доош насны хүүхдүүд гэрээсээ хол амьдрахад бэлэн биш, тэдэнд тусгайлан анхаарал халамж тавих шаардлагатай гэдэгтэй санал нэг байна.

“Хөдөө өссөн хүүхдүүд нэгдүгээрт ариун цэврийн өрөө ашиглах анхны мэдэгдэхүүнгүй, ороо засаж чадахгүй, хувцсаа зөв эвхэж сураагүй, ээжийнхээ өврөөс салаагүй ирдэг” гэж тэрбээр хэлээд, “Хөхөө хөхдөг ч хүүхэд ирэхийг үгүйсгэхгүй” гэв.

Хөдөөгийн бусад сургуулиудаас мэргэжилтнүүд “Дотно санагдах дотуур байр минь” төслийг судлахаар Баяндалай суманд очжээ. Энэхүү төсөл нь гайхалтай төсөл боловч хүн ам олонтой аймгуудын багтаамж нь хэтэрсэн дотуур байр, барилга нь хуучирсан сургуулиудад хэрэгжүүлэх боломжгүй талаар Боловсролын ерөнхий газрын Дотуур байрын багшийн хөгжил хариуцсан арга зүйч, мэргэжилтэн Дүгэрчулууны Сайнзаяа хэллээ.

САНДАГДОРЖИЙН ДОЛГОРМАА, ГПЖ МОНГОЛ

Галт сумын сургуульд 18 настай Ганбатын Ариунаа хичээлээ хийхийн хажуугаар долоон настай дүү Ганбатын Ариунболдыг асардаг.

2021-2022 оны хичээлийн жилд Хөвсгөл аймгийн Галт суманд сургуульд хамрагдсан 1,050 хүүхдийн тавны нэг нь наймаас доош насны хүүхдүүд байв. Тэдний найм нь ах, эгчтэйгээ хамт дотуур байранд байсан ба бусад нь хамаатныдаа, эсвэл ээжтэйгээ хямд байр түрээслэн амьдарчээ. Харин аав нар малаа хариулан гэртээ үлддэг аж.

“Гэрээ санана хүүхдүүд, зургаахан настай юм чинь” хэмээн захирал Алтангэрэлийн Цэрэнхүү хэлээд “Сургууль гэдэг ийм хэцүү газар юм байна гээд халширч шантрах байдал бий болгочихгүйн тулд эцэг эхчүүддээ амралтын өдөр болгоноор хүүхдүүдээ гэртээ авч бай гэдэг” гэсэн юм.

40 жилийн настай хуучирсан дотуур байрын барилгыг 2024 онд шинэ барилгаар солих ба тэнд асрагч багш нар амьдарч болох тухай Цэрэнхүү хэлсэн. Гэхдээ асрагч багш нарыг ажилд авахад сургуульд санхүүжилт хэрэгтэй аж.

Галт сумын сургуулийг саяхан төгссөн 18 настай Ганбатын Ариунаа их сургуульд сурахаар явах болж, сая нэг сэтгэл нь хөнгөрчээ. Түүний 7 настай дүүг 15 настай дүү нь үргэлжлүүлэн харах юм. Дотуур байранд өөрийнхөө хичээл, гэрийн даалгавар, эрүүл мэнд, ариун цэвэрт анхаарах байтал дүү нараа харж халамжлах нь “хэцүү” байдаг тухай Ариунаа хэлсэн.

Мөн тэрээр “Асрагч багш байвал зүгээр л дээ. Адгийн наад тал нь хичээл номыг нь хийлгэхээс эхлүүлээд, хувцсыг нь угаачихдаг хүн хэрэгтэй гэж бодож байна” гэв.

expand image
expand slideshow

ЦОГХҮҮГИЙН УРАНЧИМЭГ, ГПЖ МОНГОЛ УЛС

Өмнөговь аймаг дахь дотуур байрандаа долоон настай Чинзоригийн Золзаяа (зүүн талын), найман настай Арилдхүүгийн Алтансүх нар гараа угааж байна.

Баяндалай суманд хэрэгжүүлж буй “Дотно санагдах дотуур байр минь” төсөл эхний жилдээ хэд хэдэн шаардлагатай өөрчлөлтийг хийжээ. Нэг хүүхдийн аав архи ууж байгаад баригдсан тул асрагчаар зөвхөн ээжүүд, эмээ нар байранд байхыг зөвшөөрчээ. Долоон ээж хамтын хүчээр ажлаа зохицуулж, мал дээр байгаа нөхрүүд рүүгээ ээлжлэн очиж, гэрээ эргэдэг байна.

“Мал төллөөд эхлэхээр хаврын ажлаа хийхийн тулд хүүгээ орхиод хөдөө гэр лүүгээ явна” гэж Мөнхзул хэлэв.

Мөнхзулын долоон настай хүү Чинзоригийн Золзаяа дотуур байранд ээжтэйгээ амьдраад дассан ажээ.

“Ээж нь хол байгаа хүүхдүүд манай ээжийг урагдсан хувцас оёод өгөөч гэж гуйдаг” хэмээн тэрбээр бахдан хэлсэн юм.

Цогхүүгийн Уранчимэг нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.

Сандагдоржийн Долгормаа нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.


ОРЧУУЛГЫН ТЭМДЭГЛЭЛ

Бямбацогтын Номин, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан.