SPECIAL REPORT

Инфляцын өсөлт өрхийн амьжиргааг боомилж, иргэдийг жагсахад хүргэв

Цар тахал болон Украйн дахь Оросын довтолгооны улмаас Монгол Улсын импортын томоохон түншүүдийн арилжаа царцаж, инфляцын түвшин түүхэнд байгаагүйгээр өсөж, хүнсний үнэ огцом нэмэгдээд байна.

Read this story in

Publication Date

Publication Date

Монгол Улс, Улаанбаатар хот — Засгийн газрын ордны гаднах Чингис хааны сүрлэг хөшөөний сүүдэр талбайд тусахуйд хэдэн мянган хүн цуглаж, амьжиргааны үнэ тасралтгүй өсөж байгаа явдалд арга хэмжээ авахгүй байгааг онцлон шүүмжилж байсан юм.

Толь барьсан нэгэн залуу жагсагч эрх баригчдыг өөрсдийнхөө царайг толинд ичихгүйгээр харж чадах эсэхийг асууж байсан бол бусад хүмүүс “Ажлаа хий” хэмээн дөрөвдүгээр сард хоёр өдрийн турш өрнөсөн тайван жагсаалын үеэр шаардаж байв. Барааны үнийн өсөлтийг гүйцэхээ больсон иргэд жагсахаас өөр аргагүйд хүрчээ. Энэхүү нөхцөл байдлыг үл хайхарч, үүрэг хариуцлага хүлээхгүй байна хэмээн засгийн газрыг буруутгасан иргэд өөрсдөө хүсэхгүй байгаа ч эх орноо орхиж явах тухай бодох болжээ.

Улсын Их Хурлаас түүхэн дэх хамгийн өндөр төсөв болох 18.2 их наяд төгрөг (5.9 тэрбум ам.доллар)-ийн зарлага гаргах төсвийг баталснаас хоёр сарын дараа албаныхан иргэдийг “хэмнэлтийг горим”-д шилжихийг уриалсан юм. Коронавирусын цар тахал болон Украйн дахь мөргөлдөөний улмаас бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хомсдож, хүмүүс шар өдөр, бор хоногийг аргацааж байхад энэхүү уриалга нь иргэдийн тэвчээр алдрахад хүргэв.

Монгол Улсын импортын үндсэн түнш болох хөрш Хятад улс 2020 оны нэгдүгээр сараас цар тахал тархаж эхлэхэд хилээ хаасан тул нийлүүлэлтийн сүлжээг доголдуулж, үнийн хөөргөдөл бий болоход нөлөөлсөн аж. Украйн дахь Оросын довтолгооны дараа

Монгол Улс дахь нийлүүлэлтийн сүлжээний одоогийн байдал улам дордов. ОХУ-ын экспорт зогсонги байдалд орсноос болж Монгол Улсын импортын хоёр дахь том түнш болох тус улсаас тогтмол нийлүүлдэг үр тариан бүтээгдэхүүн, ургамлын тос, сүүн бүтээгдэхүүн, элсэн чихэр зэрэг хүнсний хомсдол үүсэж, монголчууд хүнсээ базаахад амаргүй байдалтай тулгарч байна.

2021 оны нэгдүгээр сард 2.4%-тай байсан инфляцын түвшин энэ оны мөн сард урд хожид тохиож байгаагүй 14.6%-д хүрснээр монголчуудын амьдрал амаргүй болжээ. Цаашид энэ оны турш инфляцын түвшин өсөж, барааны үнэ нэмэгдсээр байх төлөвтэй байна. Нийгмийн байдал дахин ороо бусгаа болохыг үгүйсгэхгүй.

Амьжиргааны өртөг нэмэгдэж байгаа явдал улс даяар хүнсний дэлгүүрүүдэд ажиглагдаж байна. Иргэдийн худалдан авах чадвар долоо хоног бүр суларч, ар гэртээ авах хүнсний хэмжээ багасаж байгаа аж.

“Зарим монголчууд талхаа таллаж худалдаж авч байхад зарим нь өдөрт идэх талх ч байхгүй байна” хэмээн нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт байрлах “Билэг” хүнсний дэлгүүрийн худалдагч Доржсүрэнгийн Оюунбилэг хэлэв.

Өдөр тутмын зардал болох бензиний үнэ 55%-аар, мөн мах болон хүнсний ногооны үнэ нэмэгдсэн нь монголчуудын сарын цалингийн дундаж нэмэгдэл болох ердөө 110,100 төгрөг (36 ам.доллар)-өөс хэтийдсэн дарамт болж байна.

expand image
expand slideshow

ОЮУНЧИМЭГИЙН НАНСАЛМАА, ГПЖ МОНГОЛ

Өнгөрсөн жилийн хугацаанд Монгол Улсад шатахууны үнэ 55%-аар нэмэгдэв.

Импортын хэмжээ эрс буурснаар эдийн засгийн эрчим үндсэндээ байхгүй болж байгаа тухай Улаанбаатар хот дахь Отгонтэнгэр Их Сургуулийн эдийн засгийн ухааны профессор Маньбадарын Довууч хэлээд “Хүнд цохилт болж байна. Энэ нь мэдээж гадаад валютын ханш өсөх, ажилгүйдэл нэмэгдэх, инфляц өсөх, төсвийн орлого буурах гээд олон хэлбэрээр илэрч байна” гэв.

Санхүүгийн хямралд өртсөн олон мянган хүн дөрөвдүгээр сард Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд цуглаж, засгийн газар өөрсдөө зардлаа танаагүй байж иргэдийг “хэмнэлтийн горим”-д орохыг зааварлах ёсгүй гэж эсэргүүцсэн юм.

Зарим ажил олгогч нар жагсаалд оролцох хүсэлтэй ажилчдад цалинтай чөлөө олгож, мөн их сургуулийн багш нар оюутнуудыг хичээлээсээ чөлөө авахыг зөвшөөрч байсан юм. Жагсагчдын зүгээс хүсэж буй нөхцөл эх оронч өнгө аястай байсан бөгөөд тэд илүү өндөр цалин авахын тулд эх орноосоо дайжихыг хүсэхгүй байгаа тул засгийн газраас бодит ажил хэрэгжүүлэхийг шаардаж байлаа.

Жагсагчдын нэг болох Эрдэнэбаярын Анхбаяр хувийн фитнес төв ажиллуулдаг ч коронавирусын хөл хорионы үед 20 гаруй сая төгрөг (6,440 ам.доллар)-ийн алдагдалд оржээ.

expand image
expand slideshow

ОЮУНЧИМЭГИЙН НАНСАЛМАА, ГПЖ МОНГОЛ

Баруун талд Энхбаярын Гомбосүрэн Засгийн газрын ордон руу харсан толь барин зогсоно. Толин дээр эрх баригчдыг өөрсдийнхөө царайг толинд ичихгүйгээр харж чадах эсэхийг асуужээ. Амьжиргааны өртөг тасралтгүй өсөж байгаа явдлыг зогсоох арга хэмжээ хэрэгжүүлэхийг шаардсан жагсаалын үеэр.

“Би охиноо ийм нийгэмд үлдээхийг хүсэхгүй байна, ирээдүйгээ авармаар байна” гэж Засгийн газрын ордны гадна хоёр өдөр жагссан Э.Анхбаяр хэлж байсан бөгөөд “Эх орондоо амьдармаар байна” гэсэн бичиг барьсан байв.

Баатарбилэгийн Саруул мөн жагсаалд оролцжээ. Тэрээр кофе шопод бариста хийдэг боловч хүнсний үнэ огцом өссөн тул цалингаа хүнсэндээ хүргэж чадахгүй байгаа тухай хэлсэн юм. Тэрээр “Би залуу насандаа эх орондоо хөдөлмөрлөе гэтэл улс маань намайг чи гуйлгачин бол гээд байх юм. Ингэж болохгүй биз дээ” гэсэн юм.

Хүмүүс шөнө болтол жагссан боловч шөнийн 3 цагийн үед хамгаалалттай, бороохой агссан цагдаа нар жагсаалыг тараасан. 20 гаруй иргэдийг төрийн тусгай объект руу халдсан шалтгаанаар түр баривчлав. Дараагийн өдөр жагсаал төв талбай дээр бүр олон хүнтэйгээр үргэлжилсэн юм. Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлаж, түүний дараа Ерөнхий сайд Лувсаннямын Оюун-Эрдэнэ 2022 оны төсөвт тодотгол хийж, айл өрхүүдэд тулгараад байгаа эдийн засгийн дарамтыг бууруулна гэж мэдэгдлээ.

Ерөнхий сайдын мэдэгдлийн дараа Улаанбаатар хотын төв талбайд цугласан 4,000 гаруй залуучуудын дийлэнх нь тайвнаар тарсан юм.

Монгол Улсын Их Хурал төсөвт тодотгол хийж, нийт 17.8 их наяд төгрөг (5.7 тэрбум ам.доллар)-ийн төсвөөс 300 тэрбум төгрөг (96 сая ам.доллар)-ийн зардлыг танаж, он дуустал ургамлын тос, элсэн чихэр зэрэг тодорхой нэр төрлийн хүнсэнд ногдуулах татварыг чөлөөлөх болсон тухай тавдугаар сарын 5-ны өдөр мэдэгдэл хийв.

ОЮУНЧИМЭГИЙН НАНСАЛМАА, ГПЖ МОНГОЛ

Бүүвэйбаатарын Ариунтуяа Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг дэх дэлгүүрт усан үзэм үзэж байна. Түүний ард худалдагч Сүхбатын Мөрөн, Жигжидийн Алтанцэцэг нар кассан дээр зогсоно. Тэдний хэлж буйгаар жимс тэргүүтэй хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үүдэн иргэд ар гэртээ өмнө нь авдгаасаа бага худалдан авалт хийх болсон бөгөөд улс даяар нөхцөл байдал сайнгүй байна.

Цаашид төрөөс хувийн хэвшилтэй хамтран ажиллах ёстой хэмээн Эдийн засаг, хөгжлийн яамны зөвлөх Баасандаваагийн Дөлгөөн хэлж байв.

“Сайн хүмүүсээ төрд ажиллуулж байж бид бодлогын түвшний юм боловсруулна” гэж Дөлгөөн хэлэв. Тэрээр “Хамтраад хийх юм олон байгаа. Энд яагаад иргэд хувийн хэвшлүүд оролцоод явж болохгүй гэж? Төр хувийн хэвшлийн хамтын том орон зай байгаа гэж харж байгаа.Татвараараа дамжуулаад нийгмийн хүрээнд хийх зүйлсээ хийх ёстой байх” гэсэн юм.

Гэвч засгийн газраас иргэдийн нуруун дээрх эдийн засгийн ачааг хөнгөвчлөхгүй бол дахин жагсаал цуглаанд оролцоход бэлэн гэдгээ илэрхийлэх жагсагчид олон байлаа.

Жагсаалын хоёр дахь өдрөөс ирж нэгдсэн Түмэнжаргалын Цэнд-Аюуш засгийн газарт хүргүүлэх шаардлагуудыг, тэр дундаа инфляц, засгийн газрын зардал, нийгмийн даатгалын шимтгэл зэргийг бууруулах тухай асуудлуудыг нэгтгэн жагсаахад гар бие оролцжээ. Тэрээр засгийн газраас ямар арга хэмжээ авах тухай чих тавин хүлээнэ гэсэн олны нэг юм.

“Өмнөх жагсаалын үр дүн гарахгүй бол дахин жагсахад би хувьдаа бэлэн байна” гэж Цэнд-Аюуш хэлэв.

Баттөрийн Мягмарсүрэн нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.

Оюунчимэгийн Нансалмaа нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.


ОРЧУУЛГЫН ТЭМДЭГЛЭЛ

Цэгмидийн Намуун, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан.

Related Stories