Mongolia

Монгол дахь замын бүтээн байгуулалт хурдаа огцом сааруулахад хүрэв

Монгол Улс өргөн уудам газар нутгаа холбосон авто замын сүлжээг мөнх цэвдэг гадаргуу дээр бүтээн байгуулжээ. Гэтэл цэвдэг хайлж эхэлсэн байна.

Read this story in

Publication Date

Ambitious Road Construction Hits a Speed Bump

Сандагдоржийн Долгормаа, ГПЖ Монгол Улс

Инженер Төмөрийн Мөнхбаатар замын өндөржилтийг хэмжиж байна.

Publication Date

Монгол Улс, Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум — Төмөрийн Мөнхбаатар гурван хөлтэй төмөр тулгуур дээр дуран шиг багажийг бэхлээд уул, талын дундуур хөвөрсөн замын өндөржилтийг хэмжиж байна.

Тэрээр Монгол орны Орос улстай хиллэдэг хойд бүсийн замын засвар үйлчилгээг хариуцдаг “Хөвсгөл-АЗЗА” төрийн өмчит хувьцаат компаний ерөнхий инженер юм. Өнөөдөр тэрээр багийнхныхаа хамтаар Хөвсгөл нуур хүртэлх асфальтан хучилттай 100 гаруй км (62 миль) замын овойсон болон суусан хэсгүүдийг засварлах ажлыг гүйцэтгэж байна.

“Яг энэ хэсэг дээр цэвдгийн улмаас суулт үүссэн” гэж Мөнхбаатар хэлэв. Замыг засахын тулд хагарч, цуурсан хэсгүүдийг хуулаад , цемент бетон хольцоор цутгалт хийн гүйцээж байлаа..

Улс орон даяар авто замын засвар хийдэг багууд завгүй ажиллаж байна. 1990-ээд оны ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцооны шилжилтийн үед төрөөс авто зам бол бүс нутгийн хөгжлийг дэмжих гол хөшүүрэг бөгөөд хот хоорондыг холбох, тээврийн зардлыг бууруулах, мөн хүн ба ачаа тээврийн зорчих хугацааг хэмнэх ач холбогдолтой гэж үзсэн. Ази, Европыг холбосон Азийн авто замын сүлжээнд нэгдэх чиглэлтэй дотоодын замын сүлжээг 1998 онд засгийн газраас байгуулжээ. Мөн 2001 онд засгийн газраас “Мянганы зам” төслийг санаачилсан. Үүнд хэвтээ тэнхлэгийн гол зам, Орос болон Хятад улсуудыг холбосон аймаг хооронд зорчих босоо тэнхлэгийн хэд хэдэн замыг барьж, сайжруулах зорилт тавьж, хэрэгжүүлж эхэлсэн.

expand image
expand slideshow

Сандагдоржийн Долгормаа, ГПЖ Монгол Улс

Ажилчид цемент-бетон хольцыг зам дээгүүр цутгаж, гараараа тэгшилж байна.

2020 оны байдлаар улсын чанартай 15,000 орчим км (9,300 миль) урт авто замын сүлжээтэй , үүний 7439 нь хатуу хучилттай гэдгийг Төрийн өмчит үйлчилгээний газар болох Зам тээврийн хөгжлийн төвийн Авто замын ашиглалтын хэлтсийн дарга Амарсайханы Ханбаяр хэлээд “Бид нар урьд нь хэзээ ч ийм урт замтай [сүлжээтэй] байж үзээгүй” гэлээ.

Дэд бүтцийн сүлжээг хөгжүүлэх замын ажил эрчимжихийн хэрээр зам эвдрэх асуудал огцом нэмэгдэж, засвар хийх шаардлага байнга тулгарах боллоо. Тухайлбал, зөвхөн 2020 онд л гэхэд аадар борооны улмаас нийт 18 аймгийн нутаг дэвсгэрт хамаарах 46 байршилд улсын чанартай авто зам, замын байгууламж эвдэрч гэмтсэн талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлжээ. Олон газар замын хөдөлгөөнийг хааснаас болж жолооч нар халтиргаа, гулгаа ихтэй эвдэрхий замаар явж, машины дугуй шаварт суух зэрэг аюултай нөхцөл байдал үүсэж байв.

expand image
expand slideshow

Сандагдоржийн Долгормаа, ГПЖ Монгол Улс

Хөвсгөл-Азза компаний ажилтнууд болох Мөнхбатын Баянжаргал, зүүн талд, Энхдалайн Пүрэвжаргал нар авто замын засвар дээр ажиллаж байна

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төв зам дээр жил болгон аюул, осолтой нүхнүүд үүсдэг талаар эхнэртэйгээ хүнсний жижиг цех ажиллуулдаг Мишингээгийн Ганбат хэлэв. Түүний 2018 онд худалдаж авсан машины амортизаторын ажиллагаа муудаж, дөрвөн дугуйг нь солиход хүрчээ. Тэр машинаараа зөвхөн төв дотор хүнс түгээлтийн ажил хийж явахад л ийм үр дагавар учирсан байна.

“Хилэнтийн гүүр хүртэлх зам дээр дугуй тэсэхгүй, ялангуяа жижиг тэрэг” хэмээн тэрээр урд зүг рүү явдаг замын нөхцөл байдлыг хэлэв.

Эдгээр асуудлын ихэнх нь дэлхийн дулаарлаас үүдсэн цаг уурын өөрчлөлтийн үр дагавар болохыг инженер, зам засвар эрхэлсэн ажилтнууд хэлж байсан юм. Хөвсгөл аймагт төдийгүй үндэсний хэмжээнд үерийн хэмжээ, эрч нэмэгдэж, зам барьсан газруудын цэвдэг гэсэж байна.

expand image
expand slideshow

Оюунчимэгийн Нансалмаа, ГПЖ Монгол Улс

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын замууд хагарч, зам дээр нүх үүсчээ.

“Газар доорх мөсөн давхарга нь хайлангуут газар нь доошоо шалчийн, зам нь хонхойгоод суучихаж байгаа” хэмээн Ханбаяр хэлээд “Энэ бидэнд бас их сорилт болж байгаа” гэв.

Хатуу хучилттай зам ч хүрээлэн буй орчинд нөлөөлж байна. Хар өнгөтэй асфальт нарны илчийг илүү шингээснээр халж, доорх цэвдэг нь хайлж байгаа аж. Цэвдгийг хайлахаас сэргийлж, замын доогуур нүхлэн, агааржуулалтын хоолой байрлуулж, даланг сэрүүцүүлэх арга хэмжээг инженерүүд авч эхэлж байгаа тухай Ханбаяр хэлэв..Мөн түүний хэлснээр, зам эвдэж буй бас нэг том хүчин зүйл бол ачааны тэргүүд даац хэтрүүлж байгаа явдал ажээ.. Замын бүтээн байгуулалт нэмэгдэхийн хэрээр асуудал ихсэж байна.

Зарим хүмүүс авто замын барилгын компаниудыг буруутгаж байна.

“Замын компаниуд бол ашгийн байгууллага” гэж Дэлхийн банктай хамтран Мөрөн суман дахь хатуу хучилттай авто замын үнэлгээ хийсэн “Хөвсгөлийн хөгжилд дэвшилд” төрийн бус байгууллагын тэргүүн Баянтогтохын Лхагваа хэлсэн. Тэрээр “Зам чанартай байна уу, чанаргүй байна уу, хийгээд л мөнгийг нь авах л хүсэл эрмэлзэлтэй” гэсэн юм.

expand image
expand slideshow

Сандагдоржийн Долгормаа, ГПЖ Монгол Улс

Хөвсгөл-Азза компаний ажилтан Билэгийн Нарантуяа авто замын засвар дээр ажиллаж байна.

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Мөнхбатын Оюунтуяагийн хэлж буйгаар аймгийн авто замын барилгын компаниуд улсын чанартай томоохон ажлууд руу яваад өгдөг аж. “Тиймээс замын нөхөөс, жижиг сажиг, төсөвт өртөг багатай ажлууд дээр замын том компаниуд орох боломжгүй болдог” гэв.

Хөвсгөл-АЗЗА компаний гүйцэтгэх захирал Буриадын Галбадрахын хувьд тоног төхөөрөмж, хүн хүч, төсөв мөнгөний хязгаарлагдмал нөхцөлд хамаг чадлаараа ажиллаж байгаагаа хэлж байв. “Техник, хүн хүчний хүрэлцээ муугаас болоод зам арчлалтын ажил жаахан удаашралтай явагдаж байна” гэлээ..

Зам засварын ажлыг цаг тухайд нь гүйцэтгэхэд зориулж улсаас нэмэлт санхүүжилт, техникээр хангах ёстойг тэрээр хэлсэн.

Монголд замын арчлалтад жилд 60-65 тэрбум төгрөг (21-23 сая ам.доллар) байхад нөхцлийг нь муутгахгүй авч явах боломжтой гэсэн төсвийн тооцооллыг Зам, тээврийн хөгжлийн төв гаргасан. Гэвч 2021 онд Сангийн яамнаас тухайн тооцоолсон дүнгийн ердөө талыг нь баталсан байна.

Дээрх шийдвэр нь коронавирусын цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэлтэй тодорхой хэмжээнд хамааралтай. Мөн замыг арчлах нь хичнээн чухал гэдгийг засгийн газар ойлгохгүй байгаагаас төсөв бага хуваарилж байна гэдгийг Ханбаяр хэлж байна. Тэрээр “Одоо яг маш их эвдрэлтэй байж байдаг” хэмээгээд “Норм, стандартын дагуу засвар ашиглалтаа хийчихье гэхээр мөнгө нь хүрдэггүй” гэсэн юм.

Сандагдоржийн Долгормаа нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.


ОРЧУУЛГЫН ТЭМДЭГЛЭЛ

Цэгмидийн Намуун, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан.

Related Stories