МОНГОЛ УЛС, ӨМНӨГОВЬ АЙМАГ, ДАЛАНЗАДГАД СУМ — Дашийн Түүвээ өөрийн гоо сайхны жижиг цехдээ ингэний сүү, хонины сүүлний тос, ганга, халгай, цулхир зэрэг байгалийн гаралтай түүхий эдээр гар, биеийн саван, чийгшүүлэх тос, шампунь, уруул өнгөлөгч зэргийг үйлдвэрлэн өмнийн говь нутгийн брэнд бүтээгдэхүүнийг бүтээжээ. Эдгээр түүхий эдийг монголчууд эрт дээр үеэс олон төрлийн өвчнийг анагаах уламжлалт арга ухаанд өргөнөөр ашиглаж ирсэн түүхтэй. Энэхүү уламжлалт хэрэглээг өнөө үед Монголын шинэ үеийн бизнес эрхлэгч бүсгүйчүүд дэлхийд таниулж байна.
Гоо сайханч мэргэжилтэй Д.Түүвээ 2018 онд иогийн төвөө нээсэн боловч коронавирусийн хөл хорионы улмаас хаалгаа барьжээ. Ингээд тэрбээр монгол онцлогийг шингээсэн түүхий эдээр цэвэр байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зориг шулуудсан байна.
Манай орны хувьд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь харьцангуй шинэ салбар юм. 1990 онд зах зээлийн эдийн засагт шилжих хүртэл монголчууд зөвхөн нэг төрлийн саван үйлдвэрлэж байжээ. Өдгөө уул уурхайн бүтээгдэхүүн зах зээлд давамгайлж, нийт экспортын 80 гаруй хувийг бүрдүүлж, дотоодын нийт бүтээгдэхүүний дөрөвний нэг гаруй хувийг эзэлж байна. Гоо сайхны салбар жижиг гэлтгүй хурдацтай өсөж сүүлийн 5 жилийн дунджаар бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь жил бүр 21 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. 2022 оны байдлаар Монгол улсад гоо сайхны салбарт бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрх бүхий 40 орчим компани үйл ажиллагаа явуулж байна. Тэд салбарын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор “Монголын гоо сайхны бүтээгдэхүүний кластер”-ыг байгуулжээ.
Д.Түүвээгийн үүсгэн байгуулсан “Говь гоо брэнд” нь уг кластерын гишүүн юм.
“Монголын гоо сайхны бүтээгдэхүүний кластер”-ын Удирдах зөвлөлийн дарга, Гилгэрэм брэндийн үүсгэн байгуулагч Чагдгаагийн Батцэцэг “Бид нэг салбарын өрсөлдөгчид учраас бие биеэсээ мэдээллээ нуух, хэн нэгэндээ туслахаас татгалзах, зах зээл дэх шударга бус өрсөлдөөнөөсөө болж муудалцах гэх мэт асуудлууд тулгарч байсан” тухай хэллээ. Уг кластер нь 2019 онд байгуулагдсан бөгөөд Европын холбооны санхүүжилттэй төслийн дэмжлэгтэйгээр хорь гаруй бүтээгдэхүүнийг Европын зах зээлд анхлан экспортолж байна. “Бид нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг экспортод гаргахын тулд хүчээ нэгтгэж чадна гэдгээ харууллаа” хэмээн Ч.Батцэцэг хэлсэн юм.
Мөн дэлхийн зах зээлд худалдаалагдаж буй “Out of the Green” экспортын хамтын брэндийн талаар Ч.Батцэцэг танилцуулахдаа чацарганын тос, сибирийн хушны самрын тос, ингэний сүүг гол түүхий эдээр сонгосон гэдгээрээ онцлог гэв. Тэрээр “Монголчууд эрт дээр үеэс чацарганыг ардын анагаах ухаанд өвчин намдаах, чийг бам өвчнөөс сэргийлэх, амин дэмийн дутагдлыг нөхөх, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулах зорилгоор өргөн хэрэглэж ирсэн түүхтэй” гэж хэлээд “Чацарганын цэвэр тосыг түлэгдэлтэнд түрхэхэд арьс төрөлх өнгөөрөө, сорив багатай эдгэдэг” гэв. Монголчууд хушны самрыг дархлаа дэмжих үйлчилгээтэй, уургаар баялаг гэж үздэг бөгөөд Хятад руу маш хямд үнээр экспортолдог талаар Ч.Батцэцэг яриад, “Бид хушны самрын тосыг гол түүхий эдээ болгон, нэмүү өртөг шингэсэн үс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр шийдсэн” гэв.
Говь Гоо брэндийн үйлдвэрлэдэг ихэнх бүтээгдэхүүн нь төв азийн тал нутгийн уугуул хоёр бөхт ингэний сүү болон хонины сүүлний тос агуулсан байдаг. Монголчууд эртнээс ингэний сүү, цагаан идээг ууж хэрэглэхээс гадна арьс харшлын элдэв өвчнийг анагаахад тустай гэж үзэн түрхэж хэрэглэсээр ирсэн уламжлалтайг Д.Түүвээ яриад, “Анхлан төрж буй эмэгтэйн хөхний толгой хагарахад хонины сүүлний тосыг халааж түрхдэг” гэв.
Д.Түүвээ гол түүхий эдээ авахын тулд нутгийн малчидтай түншилдэг бөгөөд тэд малын гаралтай өөх тос, цагаан идээг “Говь Гоо” брэндийн үйлдвэрт нийлүүлдэг байна. Тэдний нэг нь Ноён сумын уугуул Чулууны Мөнхзул юм. Ч.Мөнхзулын эхнэр, хүүхдүүд ингэний зөөхийг шаргааж нүүрний тосны оронд түрхэж хэрэглэдэг тухай ярьсан бөгөөд “Ингэний сүүгээр гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийд худалдаалж байгаа нь бахархалтай сайхан санагддаг” гэв. Мөн “Ингэний цагаан идээний орцтой бүтээгдэхүүнийг монголд төдийгүй дэлхий дахинд сонирхоод эхлэх юм бол манайх цаашдаа бага малаа багасгаад, тэмээгээ түлхүү маллаж ашиг шимийг нь хүртээд амьдрах боломжтой” гэдгийг ч хэлж байлаа.
Үүнээс гадна шинээр хөгжиж буй энэхүү салбарт чөдөр болж буй саад бэрхшээлүүд байсаар байна. Монголын гоо сайхны бүтээгдэхүүний салбар 200 гаруй тэрбумын зах зээлтэй ч 95 гаруй хувийг импортын бүтээгдэхүүн эзэлдэг тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны гоо сайхан, ахуйн химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Доржпаламын Батхуяг хэлсэн юм. Мөн импортын бүтээгдэхүүний ихэнх нь чанарын хяналтгүй шууд орж ирдэг аж. Бүтээгдэхүүнээ экспортод гаргахын тулд Европын Холбооны стандарт шаардлагад нийцүүлэх анхны алхам хийгдэж байгаа хэдий ч Монголд зарагдаж буй дотоод, гадаадын гоо сайхны бүтээгдэхүүний аюулгүй байдлыг зохицуулсан хууль одоог хүртэл байхгүй байгаа нь анхаарал татаж байна.
Өмнөговь аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Шатарын Долгормаа хэлэхдээ гоо сайхны салбарт бодлого зохицуулалт дутмаг байгаа нь эрх баригчдын дундах жендэрийн тэгш бус байдалтай холбоотой гэв. Тэрээр “Төрд байгаа хууль санаачлах эрх бүхий хүмүүсийн дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь бага байгаа учраас эмэгтэйчүүдэд чиглэсэн бодлого шийдвэр дутмаг байгаа нь харамсалтай” гэлээ.
Энэхүү салбарын хэрэглэгчдийг төдийгүй ажиллах хүчнийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа талаар Д.Батхуяг нэмж хэлсэн юм. Тиймээс цар тахлын үеэр нэмэгдсэн хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн зөрүүг арилгахад уг салбарын өсөлт тус болох юм. Тэрээр “Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт тулгамдаж буй хууль эрх зүйн орчны хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хэсэг байгуулах нь зүйтэй” талаар хэлээд салбарын хэрэгцээ шаардлагыг сайтар тодорхойлохын тулд илүү их статистик мэдээлэл цуглуулах шаардлагатай байгааг онцоллоо.
Эдгээр саад бэрхшээлийг үл харгалзан бизнес эрхлэгчид өөдрөг байна. Монголын гоо сайхны бүтээгдэхүүнийг дэлхийд гаргана гэдэг саяхныг хүртэл холын мөрөөдөл байсан юм. Ч.Батцэцэг “Франц, Германы том том брэндүүд байхад бидний бүтээгдэхүүнийг хэн тоож худалдаж авах вэ дээ гэж бид бодсон” гэв. Одоо харин тэд бусад жижиг бизнес эрхлэгчдэд урам зориг өгч байна.
Тэрээр “Манай салбар шинэ гарцыг нээж чадсан” гэж бахархалтайгаар хэллээ.
Цогхүүгийн Уранчимэг нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.
ОРЧУУЛГЫН ТЭМДЭГЛЭЛ
Бямбацогтын Номин, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан.