Эрдэнэбулган сум, Архангай аймаг, Монгол Улс –Бяцхан гарандаа 4 шагай атгачихсан, аавынхаа өвөр дээр сууж буй 5 настай хүүг Жүгдэрнавагийн Дөлгөөн гэнэ. Түүний нүд гялалзаж, баярлан догдлох аж.
Шагай орхиход буух амьтдын тухай тайлбар карт хүүгийн өмнө байх ба цэцэрлэгийн бусад есөн хүүхэд өөрсдийн ээлжээ хүлээн өндөлзөж байлаа.
Олон зуун жилийн түүхтэй уламжлалт шагайн наадгайгаар тоглож өссөн монгол хүүхдүүдийн адилаар Дөлгөөн өөрийнх нь ээлж ирэхэд атгасан шагайгаа ширээн дээр орхив. Соёлын довтолгооноос үүдэн хэдэн арван жилийн туршид мартагдсан байсан энэхүү наадгай нь эргэн сэргэж байна.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос 486 километр (300 орчим миль)-ийн зайд орших Архангай аймгийн Эрдэнэбулган суманд мянга мянган хүүхэд шагайгаар тоглож, наадахыг сурч байна. 1950-аад оны үед уламжлалт соёлоос хот суурин амьдралын хэв маягт шилжих явц өрнөж, улмаар шагайн наадгайг үл ойшоох болжээ.
“Шагайн наадгай нь монгол туургатныг тодорхойлдог амин сүнс байсан” хэмээн Архангай аймгийн лам Хасбазарын Батбаяр хэлсэн юм. Тэрээр өөрийн шинэчлэн бүтээсэн хувилбараар дамжуулан уламжлалт наадгайг эргэн сэргээхийн төлөө зүтгэж байна.
Уламжлалт шагайн энэ наадгай нь монгол хүмүүс мал амьтан, газар нутагтайгаа чухал нандин шүтэлцээтэй аж төрдгийг илтгэх аж. Батбаярын хэлж буйгаар түүний зохиосон тоглоом авхаалж самбаа, гарын эв дүйг сайжруулаад зогсохгүй хүүхдийн оюун ухааныг хөгжүүлж, багачуудад мал зүслэх мэдлэгийг олгодог байна.
Шагайн наадгайнд цайвар шаргал өнгөтэй, хотгор шагайн дөрвөн тал нь морь, хонь, тэмээ, ямааг илтгэдэг. Шагайгаар наадаж буй тоглогч эхлээд гарт байгаа шагайгаа урдаа орхих ба ижил амьтад буюу дээд тал нь адилхан буусан шагайнуудыг нүдэлнэ. Тэгээд тоглогч адил буусан хоёр шагайны нэгээр нь нөгөөг онохын тулд нясална. Хэрэв оновол тоглогч шагайг өөртөө авна. Хамгийн олон шагай хураасан тоглогч хождог. Х.Батбаярын зохиосон Миний Архангай тоглоомонд мал амьтдын тухай дэлгэрэнгүй тайлбар бичсэн карт дагалдаж ирдэг аж.
2008 онд нутгийнх нь сургуулийн сурагчид гар утас эсвэл өөр газраас гаралтай шатар, даам гэх мэтийн тоглоомоор тоглож байгааг харсан Х.Батбаяр зүгээр сууж чадаагүйгээ хэлсэн юм. Тиймээс тэрээр унаж явсан машинаа зарж борлуулаад, 36,000 ширхэг шагай худалдан авчээ. Өдгөө тэрбээр шагайг оролцуулсан шинэ тоглоомуудыг багцалж гарган худалдаалж, нутгийнхаа хүүхдүүдэд монгол ардын ёс заншлыг залгамжлуулан өвлүүлж байна.
Аймгийн Засаг даргын газраас уламжлалт наадгайг Миний Архангай цуврал тоглоомоор дамжуулан айл өрхүүдэд сэргээн өвлүүлэх зорилгоор 8.1 сая төгрөг (2,909 ам.доллар) төсөвлөсөн тухай Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн Боловсрол, соёл, спорт хариуцсан мэргэжилтэн Бадарчийн Билэгт хэлсэн юм.
Энэ үйл хэрэг бүтэмжтэй байна. Х.Батбаярын хэлснээр тэрээр 10,000 гаруй сурагчид өөрийн бүтээсэн тоглоомоо зааж өгчээ.
Монгол Улсын Боловсролын Их Сургуульд ажилладаг Пүрэвжавын Чимгээд дүү нь Миний Архангай тоглоомыг бэлэглэсэн байна. Тэд одоо гэр бүлээрээ хамтдаа тоглодог болжээ.
“Тоглоом маш олон давуу талтай” хэмээн Чимгээ хэлээд “Хүүхдүүд тоглоомондоо их сонирхолтой, аав ээжтэйгээ хамт тоглож байгаа” гэв.