Mongolia

Монгол Улсад сарлагийн хөөвөр шинэ төрлийн ноолуур болж байна

Монголд тоо толгой олонтой сарлагийн аж ахуйд тулгуурлан нэгэн хоршоо малчдад хөрөнгө бүтээх боломж олгож байна. Сарлагийн үсэн дор байрлах хөөвөр нь ноолуур мэт зөөлөн бөгөөд утас болгон эрчилж болдог. Дэлхийн өнцөг булан бүрт суугаа хэрэглэгчид энэхүү бүтээгдэхүүнийг мэдэх болжээ.

Read this story in

Publication Date

In Mongolia, Yak Wool Is the New Cashmere

Батсүхийн Одончимэг, GPJ Монгол

Бат-Өлзийгийн Мөнхжаргал хоршооны дэргэдэх Baby Yak нэрийн дэлгүүрт сүлжмэл бүтээгдэхүүн, хувцас хийдэг. Тус дэлгүүрт нутгийн малчдын самнасан сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүн зардаг ба ямааны ноолууртай адил чанартай.

Publication Date

Эрдэнэбулган сум, Архангай аймаг, Монгол Улс – Бат-Өлзийгийн Мөнхжаргал гар машинаа ашиглан нэгэн жигд хэмнэлээр хөөврөө сүлжихэд түүний нүүрэнд инээмсэглэл тодорч байлаа.

Батсуурийн Баярмагнай түүний хажууд зогсоод машинаас гарч буй уран сүлжээсийг ажиглах аж.

Баярмагнай сарлагийн хөөвөр боловсруулж, сүлжмэл бүтээгдэхүүн хийдэг Ар Арвижин Дэлгэрэх хоршоог үүсгэн байгуулжээ. Хоршооныхны хэлж буйгаар тус түүхий эд нь чанараараа ноолууртай дүйцэхүйц бөгөөд Монгол орны төвийн бүсийн тус аймгийн сарлаг хариулдаг малчдын орлогыг нэмэгдүүлэх боломжтой юм.

Архангай аймагт тус улсын сарлагийн тоо толгойн 32% нутаглах ба малчид сарлагийн хөөврийг өмнө нь ашиглаж заншаагүй байв.

Зэрлэг сарлаг нь урт үстэй, үхрийн төрөлд багтдаг мал ба Гималайн уулархаг бүсэд нутаглаж, хойд зүгт Монгол, Сибирийн нутагт тархан идээшжээ. Сарлагийн зүйл урд өмнө нь нэн ховордсон амьтдын тоонд орж байсан бол одоо ховордсон амьтанд тооцогдож байна. Монгол оронд сарлагийн сүргийг маллан өсгөж байгаа нь хүйтэн цаг агаар, өндөр хад асга, чулуурхаг газар зүйн онцлогтой холбоотой. Сарлаг урт, шигүү үс ноос, зөөлөн нарийн ширхэгтэй хөөвөртэй учир хүйтний улирлыг ажрахгүй давдаг.

Хоршоо нь 2010 онд байгуулагдсан цагаасаа амжилтаа ахиулсаар байна. Нийт 225 гишүүн нь бүгд малчин бөгөөд тэд сарлагийн хөөврийг хэрхэн самнах, бэлтгэх талаар сургалтад хамрагдахын тулд элсжээ.

expand image
expand slideshow

Батсүхийн Одончимэг, GPJ Монгол

Лхагвасүрэнгийн Дагийцэрэв 40 жил мал маллаж байна. Тэрбээр Ар Арвижин Дэлгэрэх хоршоонд элсэх хүртлээ сарлагийн зөөлөн хөөвөр өндөр үнэд хүрдэг гэдгийг мэдэхгүй явжээ.

Баярмагнайгийн хэлснээр тэд хөөврийг өвс, шороо, бүдүүн ширхэгтэй хялгаснаас салгаж цэвэрлэж, цуглуулахыг малчдад сургажээ. Цэвэр хөөвөр гэгдэх нарийн ширхэгтэй, дотор хөөвөр үнэд хүрэх ба түүгээр утас ээрч, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

“Биднийг анх хоршоо байгуулж байхад сарлагийн хөөвөр үнэгүй түүхий эд байлаа” гэж Баярмагнай хэлэв.

Өдгөө тус аймгийн малчид сарлагийн хөөврийн үнэ цэнийг ойлгож, үр шимийг нь хүртэцгээж байна.

“Би 40 жил мал малласан. Гэхдээ хөөврөө самнадаггүй байсан” хэмээн нутгийн малчин Лхагвасүрэнгийн Дагийцэрэв хэлсэн юм. Тэрбээр 2018 онд хоршоонд гишүүнээр элсжээ. Тэгээд 27 сарлагаасаа хөөвөр самнаж, 560,000 төгрөг (202.50 ам.доллар) олсон тухайгаа ярив.

Эндхийн өрхийн жилийн дундаж орлого ойролцоогоор 14.8 сая төгрөг (5,350 ам.доллар) юм.

“Амьжиргаанд үнэхээр хэрэгтэй байгаа. Тэр тусмаа цалин гэх юмгүй манайх шиг айлд нэмэр болж байна” хэмээн Дагийцэрэв хэллээ.

Хоршоог байгуулагдсан цагаас хамт байгаа малчид сарлагийн хөөврийн эрэлт болон үнэ цэнэ огцом нэмэгдэхийг харжээ.

expand image
expand slideshow

Батсүхийн Одончимэг, GPJ Монгол

Лхагвасүрэнгийн Дагийцэрэн өнгөрсөн жил 27 сарлагийнхаа хөөврийг самнаж тушаагаад 560,000 төгрөг (202.50 ам.доллар) олжээ.

Нутгийн малчин Намсрайхоролын Чойсүрэн анх нэг килограмм (2.2 фунт) хөөврийг 1,500 төгрөг (54 цент)-өөр хоршоонд тушаадаг байжээ. Харин одоо тэрбээр төдий хэмжээний хөөвөр тутамд ойролцоогоор 20,000 төгрөг (7.23 ам.доллар) олж байгаагаа ярив.

Хоршоо цэвэр хөөврийг экспортод гаргах ба дотоодын хэрэгцээнд зориулан сарлагийн хөөврөөр утас ээрч, түүгээрээ нөмрөг, хувцас гэх мэт бүтээгдэхүүн хийдэг. Тэд жилдээ 1,500 орчим сүлжмэл бүтээгдэхүүнийг хоршооны дэргэдэх, 2018 онд нээгдсэн Baby Yak нэрийн дэлгүүрээр зарж борлуулж байна.

Хоршооны гишүүн Сумъяабатын Энх-Амгалан үзэсгэлэн худалдаанд оролцож сарлагийн хөөврөөр хийсэн сүлжмэл бүтээгдэхүүнээ танилцуулахад хүмүүс “Энэ ноолуур уу?” гэж байнга асуудаг тухай хэлсэн юм.

“Сарлагийн хөөвөр байна гэж хэн ч мэддэггүй” хэмээгээд, “Манай бүтээгдэхүүнүүд маш гоё, зөөлхөн” гэв.

Сарлагийн цэвэр хөөвөр, ялангуяа бага насны сарлагийн хөөвөр хэдийгээр ноолуур биш боловч хөөврийн голч нь ямааны ноолууртай дүйцэхүйц байдаг тухай Архангай аймгийн малчдын холбооны тэргүүн Чойжингийн Баасанжав хэллээ.

“Энэ бол ямааны ноолууртай адил зөөлөн, дулаанаа хадгалах чадвартай тансаг хэрэглээ юм” гэж тэр хэлэв.

Ямааны нарийн ширхэгтэй үснээс самнаж авдаг ноолуур нь тансаг материал бөгөөд дулаахан, хөнгөн мөртлөө маш зөөлөн шинж чанартай тул эрэлт хэрэгцээ ихтэй, үнэтэй байдаг.

expand image
expand slideshow

Батсүхийн Одончимэг, GPJ Монгол

Худалдан авагчид зөөлөн, дулаан бүтээгдэхүүнээрээ олонд танигдсан Baby Yak дэлгүүрээр үйлчлүүлж байна.

Ноолуурын хувьд зах зээлийн гурван ангилалтай. 3-р ангиллын ноолуур чанарын хамгийн бага түвшнийх ба 30 микрон хүртэл голчтой. Микрон гэдэг нь ноосны ангиллыг тогтоодог стандарт нэгж юм. 2-р ангилалд 16-19 микрон голчтой ноолуур ордог бол хамгийн сайн чанарын 1-р ангилалд 13 хүртэлх микрон голчтой ноолуур хамаарна.

Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн лаборатори сарлагийн хөөврийг экспортод гаргахаас өмнө шинжилгээнд оруулдаг. Хоршооныхны экспортод гаргадаг сарлагийн хөөврийн голч дунджаар 18-20 микрон байдаг байна.

Өмнө нь үнэ цэнэгүй байсан материалыг үнэд оруулж, монгол сарлагийн хөөврийг дэлхийн зах зээлд нэвтрүүлж байгаад нутгийн малчид талархаж явдаг аж. Тус хоршоо жилдээ 1.4 тонн угааж ялгасан цэвэр хөөврөө Франц, Испани, Япон болон бусад улс руу экспортолж байна.

Гомбожавын Ганчимэг Baby Yak дэлгүүрийн тогтмол үйлчлүүлэгч бөгөөд монголчуудын уламжлалт цагаан сарын баяраар ахмад настнууддаа тэрхүү дэлгүүрээс худалдан авсан сүлжмэл бүтээгдэхүүнийг бэлэглэх дуртайгаа хэлсэн юм.

“Ноолууртай харьцуулахад хямд үнэтэй хэрнээ зөөлхөн, дулаахан байдагт нь дуртай” гэж тэрбээр хэлэв.

Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга Жанцандоржийн Цогтбаатар сарлагийн хөөвөр монголын зах зээлд сайнаар нөлөөлж байгаатай санал нийлж байлаа.

“Өнөөдөр бид ямар ч үнэ цэнэгүй, агаар салхинд хийсээд үгүй болдог байсан эдийг зах зээлд нийлүүлж байна” хэмээгээд, “Ард түмэн дотооддоо үйлдвэрлэсэн, малын гаралтай эко бүтээгдэхүүнийг хэрэглэнэ гэдэг маш том давуу тал” гэсэн юм.

Баярмагнай сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүнүүдээ дотооддоо төдийгүй олон улсын хэмжээнд борлуулагдаж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа хэлж байлаа. Тэрбээр энэ оны сүүлчээр нэмж сүлжмэлийн машинуудтай болж, үйлдвэрийн хэмжээнд үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байна. Малчидтай цаашид ч хамтран ажиллаж, тэдний орлогыг нэмэгдүүлэхэд тусалж, олон улсын зах зээлд гарахуйц бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх тухайгаа Баярмагнай хэлж байв.

“Бидний гараас гардаг бүх зүйлд зүрх сэтгэл маань шингэж байдаг юм” гэж тэрбээр хэллээ.

Цэгмидийн Намуун энэхүү өгүүлийг англи хэлнээс монгол хэл рүү орчуулав.