Mongolia

Ажлын байрны зах зээл царцав: Хавтгайрсан халамжаас үүдэн ажил хайгчдын идэвх суларч байгаад бизнес эрхлэгчид шүүмжлэлтэй хандаж байна

Цар тахлын үеэр халамжийн хэмжээг нэмэгдүүлсэн нь зүйтэй хэмээн нийгмийн халамжийн мэргэжилтнүүд үзэж байна. Гэвч бизнес эрхлэгчид үүнтэй төдийлөн санал нийлэхгүй байна.

Read this story in

Publication Date

Businesses Blame Welfare for Discouraging Job Seekers

Цогхүүгийн Уранчимэг, ГПЖ Монгол Улс

Ваанчигийн Мөнхбатын гэр бүл засгийн газраас нэмэгдүүлэн олгож буй хүүхдийн мөнгөөр хуримтлал үүсгэж, шинээр байшин барьжээ.

Publication Date

Монгол Улс, Улаанбаатар хот — Мөнхсайханы Ганзул цөхрөнгөө бараад байна. Зургаадугаар сараас хойш тэрээр баг, хамт олноо бүрдүүлэхийн тулд хүний нөөцийн ажилтантайгаа хамтраад цэвэрлэгээ, үйлчилгээний 4 ажилтан хайж байгаа боловч тохирох хүн олж чадсангүй. Зарын группууд, ажлын зарын вебсайтуудыг ухах нь ямар ч нэмэргүй учир М.Ганзул залхаж, танилууд руугаа ярьж эхэлсэн байна.

“Цэвэрлэгч ажилд хайж байгаа юм аа” гэж тэрээр утсаар ярьж байхдаа хэлэв. Дундаж тогтсон хэмжээнээс илүү цалин санал болгосон ч тусыг эс олжээ.

М.Ганзулын хувьд энгийн бөгөөд сэтгэл гонсойлгомоор шалтгаантай байна: “Монгол Улсын халамжийн бодлого нь хүмүүсийг ажил хайх сэдэлгүй болгож байна”. Түүний хэлж буйгаар уулзсан нэг эмэгтэй нь төрөөс хангалттай санхүүгийн дэмжлэг авч байгаа тул цэвэрлэгээний ажил хийх сонирхолгүй байгаагаа илэрхийлсэн гэж байв.

“Үнэндээ хөдөлмөр эрхлэх боломжтой хүнд төрөөс халамж гэж мөнгө өгөөд байхаар яаж ажил хийх юм бэ” хэмээн Ганзул бухимдангуй хэлэв.

Хөл хорионы үед иргэдийн эдийн засаг хямарсан тул Монгол Улсын Засгийн газраас хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ, түүн дотор ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх хөнгөлөлт тусламж, эх, олон хүүхэдтэй эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж зэргээс бүрдэх халамжийг багц хөтөлбөрийг баталсан. Засгийн газар хүүхэд бүрт сар тутам олгодог 20,000 төгрөг (7 ам.доллар)-ийг цар тахлын үеийн халамжаар нэмэгдүүлж 100,000 төгрөг (35 ам.доллар) болгосон нь томоохон шийдвэр байв.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2020 оны наймдугаар сард засгийн газрын халамжийн төсвийг нэмэгдүүлж байгаа тухайгаа тайлбарлахдаа “Ард түмний ажил амьдрал хүнд байна, мөнгөгүй болж байна. Бизнес эрхлэгч нар зогсож байна. Тийм учраас ковидын энэ үед 100.000 төгрөгийг олгох ёстой” хэмээн хэлж байв.

2020 оныг 2019 онтой харьцуулахад засгийн газраас халамжийн зардлыг 671 тэрбум төгрөг (235 сая ам.доллар)-өөс 1.5 их наяд төгрөг (525 сая ам.доллар)-ын хэмжээнд хүртэл хоёр дахин нэмэгдүүлсэн тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн асуудал хариуцсан ахлах шинжээч Доржсүрэнгийн Гэрэлтуяа хэлсэн юм. Үүнээс үүдэлтэйгээр халамжийн мөнгөний зарцуулалт нэмэгдсэн. Зөвхөн 2021 оны эхний хагаст л гэхэд засгийн газраас 1.7 их наяд төгрөг (596 сая ам.доллар)-ыг иргэдэд олгосон байна. Д.Гэрэлтуяагийн хэлснээр Монгол Улсын нийт өрхийн 98 хувь нь хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагджээ.

“Халамжийн бодлого өрх бүрд янз бүрийн байдлаар эерэг нөлөө үзүүлсэн үр дүнтэй, цагаа олсон шийдвэр гаргасан гэж харж байгаа” хэмээн Д.Гэрэлтуяа хэлсэн юм.

Мартагдаж байсан уламжлалт уран хатгамлын соёл цар тахлын үеэр эргэн сэргэж байна Өгүүллийг уншина уу

Мэргэжилтнүүдийн зүгээс халамжийн бодлогыг өргөжүүлэх нь зөв шийдэл байсан гэж үзэж байна. Цогц Хөгжлийн Үндэсний төвийн гүйцэтгэх захирал, социологич Мягмарын Энхбадрал энэ талаар “Ийм онцгой тохиолдолд хүүхдийн мөнгөөр дамжуулж өрхийн амжиргааг дэмжиж байгаа нь зөв” хэмээн хэлсэн юм.

Гэхдээ тэрээр хүүхдийн мөнгийг айл өрх бүрд нэмэгдүүлж олгосноор мөнгө шаардлагагүй гэр бүл сул орлого олж байгааг ч хүлээж зөвшөөрч байв. “Энэ дунд дэмжлэг авах шаардлагагүй олон гэр бүл орсон нь ч бас үнэн” гэж М.Энхбадрал хэлсэн.

Монгол Улсын өмнөд бүс нутаг болох Өмнөговь аймагт оршин суудаг Ваанчигийн Мөнхбатын хувьд хүүхдийн халамжийг нэмэгдүүлсэн явдал нь түүнд гэр бүлийнхээ амьдралын чанарыг сайжруулах боломжийг олгожээ. В.Мөнхбат цар тахлын үед хөдөлмөр эрхэлж, өвлийн цагт нүүрс, түлээ худалдаалж, зуны цагт барилгын ажил хийж байв. Түүний эхнэр улсдаа үйлдвэрлэл, худалдаа, цахим худалдааны салбарт тэргүүлэх компанид туслах мэргэжилтэн хийдэг бөгөөд тэрээр ажлаа үргэлжлүүлэн хийсээр байна. Тэдний гэр бүл зургаан хүүхэдтэй тул оршин суугаа байраа томруулах шаардлагатай тулгарсан. Тиймээс тэд хүүхдийн тэтгэмж нэмэгдсэн боломжийг ашиглан байшин барихад хүрэлцэхүйц хуримтлалтай болж чаджээ.

“Манайх өмнө нь хүүхдийн мөнгө гэж сард 120,000 төгрөг (42 ам.доллар) авдаг байхдаа яг хэрэглээндээ зарцуулаад дуусгадаг байсан” гэж В.Мөнхбат хэлсэн. “Харин нэмэгдээд 600,000 төгрөг (211 ам.доллар) болонгуут нь байшин барихаар банканд хийж эхэлсэн” гэв.

Монголчууд соёлын өвөө түгээн дэлгэрүүлэх үйлд шамдаж байна

В.Мөнхбатын гэр бүл 30 орчим мкв (322 квадрат фут) орчим талбайтай, таван ханатай монгол гэрт амьдардаг. Тэдний шинэ байшин 108 мкв (1,163 квадрат фут) талбайтай баригдана гэдэг нь гэр бүлээрээ тохь тухтай амьдрах боломжтой болно гэсэн үг.

“Манайх хүүхдийнхээ мөнгөнөөс нэг төгрөг ч авалгүй хадгалсан мөнгөөрөө энэ зун амжиж байшингийнхаа суурийг цутгасан. Манай гэр бүл хашаагаа тохижуулж, өөрсдийн хэрэглэх хүнсний ногоо тарьж, тахиа шувуу өсгөж, сайхан амьдрахыг хүсэж байна” хэмээн В.Мөнхбат хэлсэн юм.

В.Мөнхбатынх шиг гэр бүлүүд халамжийн мөнгөөр амьжиргаагаа сайжруулж чадсан хэдий ч бизнес эрхлэгчдэд саад тотгор учирсаар байна.

“Ажилчин олно гэдэг ихэнх байгууллагуудын толгойны өвчин болоод байна” хэмээн “Эйч Ар Консалтинг Фирм”-ийн үүсгэн байгуулагч бөгөөд Хүний нөөцийн мэргэжилтэн, менежерүүдийг нэгтгэсэн мэргэжлийн байгууллагын тэргүүн Шийлэгмаагийн Баярмагнай хэлсэн.

Хэрэв бизнес эрхлэгчид тэвчээртэй хүлээж чадвал нөхцөл байдал өөрчлөгдөж болзошгүй байна. Хүүхдийн мөнгийг 2022 оны зургаадугаар сар хүртэл үргэлжлүүлэн олгохоор төсвийн тухай хууль өргөн барьсан байгаа гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Амарсайханы Хишигбаяр хэлсэн. Харин Улсын их хурлын мэдээлснээр ирэх онд засгийн газар халамжийг бууруулж, халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Оюунчимэгийн Нансалмаа нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.

Цогхүүгийн Уранчимэг нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.


ОРЧУУЛГЫН ТЭМДЭГЛЭЛ

Цэгмидийн Намуун, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан.