Mongolia

Мартагдаж байсан уламжлалт уран хатгамлын соёл цар тахлын үеэр эргэн сэргэж байна

Монголын уран хатгамалчид мартагдаж буй уламжлалт соёлоо авч үлдэх ажлыг санаачилжээ. Коронавирусийн цар тахлын хөл хорионы үед иргэд уран хатгамлаар амьжиргаагаа залгуулж байна.

Read this story in

Publication Date

A Stitch in Time: Virus Helps Rescue Dying Art

Цогхүүгийн Уранчимэг, ГПЖ Монгол

Цэвээний Цэцэгдэлгэр монгол уламжлалт аргаар хөөрөгний даалингийн хатгамал хийж байна.

Publication Date

МОНГОЛ УЛС, ӨМНӨГОВЬ АЙМАГ, ДАЛАНЗАДГАД ХОТ — Цонхоор тусах байгалийн гэрэлд суун торгон дээр уламжлалт уран хатгамлыг угалзруулан урлах бүсгүйг Цэвээний Цэцэгдэлгэр гэдэг. Тэрээр гэртээ бүтээлээ хийдэг. Ширээн дээр луу, бүргэд, арслан, барын дүрс, хээтэй уламжлалт хатгамлаар оёсон, төрөл бүрийн даалингийн бэлдэц, бүс дэлгээстэй байв.

50 настай Цэцэгдэлгэр сүүлийн 30 жил уран хатгамлаар бүтээл урлаж байгаа юм. 2017 онд Ахуй Үйлчилгээ Хөгжил Судалгааны Нийгэмлэгээс түүнийг мастер уран хатгамалч цолоор шагнасан ба энэхүү цолыг хүртсэн Монгол Улсын анхны уран бүтээлч болсон юм.

Утас, зүү холбон хатгамал урлахад нарийн ажиллагаа шаардах бөгөөд их цаг зарцуулдаг. Гэсэн хэдий ч Цэцэгдэлгэр мартагдаж байсан уламжлалт уран хатгамлын соёлыг сэргээхийн төлөө хүчин зүтгэсээр байна. Монголчуудын уламжлалт соёлын биет бус өвийн нэг болсон уламжлалт хатгамал нь олон жилийн турш устан үгүй болох аюулд нэрвэгдээд байсан юм. Тэрбээр бүтээл урлаж борлуулахын хажуугаар 2014 оноос хойш үнэгүй сургалт зохион байгуулж, 6000 гаруй хүнд уламжлалт уран хатгамлын аргыг зааж өгчээ.

Коронавирусийн цар тахлын хөл хорио өрхийн орлогод хүндээр нөлөөлж байгаа үед хүмүүс уламжлалт гар урлалын бүтээгдэхүүнийг гэр бүлээрээ сонирхон суралцаж, өрхийн орлогодоо нэмэр болж байна. Цэцэгдэлгэр өөрийн бүтээлээ урлахын хажуугаар утсаар үйлчлүүлэгчдээс захиалга авна. Хүмүүс бас даалин хэрхэн хийх болон хээ гаргах талаар түүн рүү залгаж зөвлөгөө авдаг аж.

“Миний шавь нараас 360 гаруй хүн уран хатгамлаа дагнаж хийгээд амьжиргаагаа залгуулдаг” гэж Цэцэгдэлгэр хэлэв.

expand image
expand slideshow

Цогхүүгийн Уранчимэг, ГПЖ Монгол

Уран хатгамалчид уламжлалт зоосон ширээ сүлжмэлийг ашиглан бүтээл урлаж байна.

Монголын уламжлалт уран хатгамлын соёл саяхнаас эргэн сэргэжээ. 1922 онд Монголд “Их хэлмэгдүүлэлтийн үе” эхэлсэн ба 1937-оос 1939 онд ид дээд цэгтээ хүрсэн. Тухайн үеийн эрх баригчид Зөвлөлт Холбоот Улсын удирдагч Жосеф Сталины нөлөөн дор олон мянган сэхээтнүүд, лам нар, энгийн иргэдийг Зөвлөлт Холбоот Улсад заналхийлсэн гэх үндэслэлээр буруутган хороосон юм.

Ингэхдээ монголчуудын өв соёлын үнэт бүтээлүүд, эдлэл хэрэглэлийг хураан авч шатаан, зарим хэсгийг нь Орос руу зөөвөрлөсөн нь одоо Санкт-Петербургийн Эрмитаж музейд хадгалагдаж байна.

1980 он гэхэд Монголд уламжлалт уран хатгамал мэддэг цөөн хэдэн хүн байв.

2005 онд Монгол Улс ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенц”-д нэгдэн орсон. 2019 онд Монголын засгийн газар “Соёлын биет бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг баталж, биет бус соёлын өвийн төлөөллийн үндэсний бүртгэлийг хийж, өвлөн уламжлагч 102 хүнийг тодорхойлсон ба үүнд уламжлалт уран хатгамалчид багтжээ.

Монголд уламжлалт уран хатгамлаар бүтээл урладаг хэчнээн хүн байдаг тухай албан тоо байдаггүй ч Цэцэгдэлгэрийн ажигласнаар цар тахлын үеэр хүмүүс уран хатгамал сонирхох нь нэмэгдсэн ба энэ төрлийн урлаг сонирхогчдын Фэйсбүүк групп олон болжээ. Өнөөдөр уран хатгамал эргэн сэргэхэд төрийн дэмжлэг гэхээс илүүтэй Цэцэгдэлгэр шиг уран хатгамлын урлагийг авч үлдэх гэж хичээн ажилласан хүмүүсийн хүчин зүтгэл нөлөөлсөн.

expand image
expand slideshow

Цогхүүгийн Уранчимэг, ГПЖ Монгол

Цэвээний Цэцэгдэлгэр бага охин 12 настай Цэцэгдэлгэрийн Янжинлхамын хамт бүтээл урлаж байна. Янжинлхам зүү ороох оёдлыг ээжээсээ сурсан бөгөөд “Одоо миний хобби болсон” гэж хэлэв.

Монголын биет бус соёлыг өвлөн уламжлагч, шилдэг уран хатгамалч Задийн Цэнгэлсайхан нь 1990-ээд оноос хойш энэхүү урлагийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд мөн хүчин зүтгэж байна.

Тэрбээр улсын хэмжээнд уран хатгамалчдын гурван удаагийн уралдааныг зохион байгуулж, олон хүмүүсийг идэвхжүүлжээ. Монголд уламжлалт уран хатгамлын талаар мэдлэг тааруу байдаг нь түүний санааг зовоосон хэвээр байна.

“Уран хатгамал бол их муу судлагдсан монголчуудын биет бус соёлын өв” гэж тэрбээр хэлэв.

Монгол Улсын туршлагатай уран хатгамалчдын нэг Сэр-Одын Ганцэцэг шинэ үеийнхэнд уламжлалт соёлын өвөө дамжуулан үлдээхийн тулд 2019 оноос Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвд уран хатгамлын хичээлийг үнэ төлбөргүй зааж байна. Нийт 170 гаруй хүүхэд түүний сургалтад хамрагдаад байгаа аж. Цар тахлын хөл хорионы үед ч сургалтаа тасалдуулахгүйн тулд цахимаар хичээлээ үргэлжлүүлж байгаа тухай Ганцэцэг хэлэв.

“Мартагдаж байсан соёлын биет бус өв маань эргэн сэргэсэн нь одоогийн нөхцөл байдлаас харахад уламжлалт уран хатгамлаар чимэглэсэн эдлэлийг хүмүүс сонирхож, хэрэглээндээ ашиглаж, тэр дундаа гар урлалыг илүүд үздэг болсонтой холбоотой” гэж тэрбээр хэлсэн юм.

expand image
expand slideshow

Цогхүүгийн Уранчимэг, ГПЖ Монгол

Цэвээний Цэцэгдэлгэр хөөрөгний даалинг өнгө, хээ, дүрсийг нийцүүлэн чимэглэж байна.

Уламжлалт уран хатгамлыг хүмүүс сонирхоход цар тахал нэг талаараа түлхэц болсон. Арван хоёрдугаар сард Үндэсний Статистикийн хорооноос гаргасан судалгаанд дурдсанаар арваннэгдүгээр сард Засгийн газраас тавьсан хатуу хөл хорионы үеэр бизнес эрхлэгчдийн 27 хувь нь ямар ч орлогогүй болсон, 30 орчим хувь нь 60-аас дээш хувиар орлого алдсан гэдгийг мэдээлжээ.

Энэ хүнд цаг үед үйл урлаачид уламжлалт уран хатгамлаар оёсон бүтээлээ борлуулж, өрхийн орлогодоо нэмэр болж байна. 14 настай Олзвойн Маргад нь уламжлалт зоос ширээ сүлжин хоёр сарын хугацаанд 200 гаруй мянган төгрөгийн орлого олжээ.

“Сүлжмэлээс олсон орлогоороо цахим хичээлээ үзэх нэгж, датагаа авч байгаа” гэж тэрбээр хэлэв.

expand image
expand slideshow

Цогхүүгийн Уранчимэг, ГПЖ Монгол

8 настай, Олзвойн Шүрэндүү болон 14 настай, Олзвойн Маргад нар зоос ширээ сүлжмэлийг хамтдаа сүлжиж байна.

Найман настай Олзвойн Шүрэндүү нь эгчтэйгээ адил зоос ширээ сүлжмэл сурч эхэлж байгаа бөгөөд “Би тав дугаар ангиа төгсөөд гоё утас авахын тулд мөнгөө цуглуулна” гээд инээмсэглэв.

Нэгэн үе мартагдах дөхөж байсан уламжлалт уран хатгамлын соёл одоо өмнө байгаагүйгээр хүмүүсийн дунд дэлгэрч чаджээ.

“Захиалга тасрахгүй байна” гэж Цэцэгдэлгэр хэлээд нарийн утсыг зүүнд сүвлэв.

Цогхүүгийн Уранчимэг нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.


Орчуулгын тэмдэглэл

Бямбацогтын Номин, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан.