Mongolia

Соёлын өвийг хамгаалах тэмцлийг малчид яагаад түүчээлж байна вэ?

Монголын алс буйд газрын соёлын өвийн үлдэгдлийг хамгаалан, хэвээр авч үлдэхийн тулд малчдад өгч буй урамшуулал нь хангалттай байж чадах болов уу?

Read this story in

Publication Date

Why Herders Are Fronting the Battle to Save Cultural Heritage

Сандагдоржийн Долгормаа, ГПЖ МОНГОЛ

Мишигдоржийн Даваасүрэн эртний бичээс, зураг бүхий хадыг дурандаж, зохисгүй халдлагаас хамгаалж байна. Тэрээр орон нутгийн захиргааны байгууллагаас хэрэгжүүлж буй өв соёлоо хамгаалах үйлсэд малчдыг дайчлах санаачилгад хамрагдсан эхний хэсэг малчдын нэг нь юм.

Publication Date

МОНГОЛ УЛС, ХӨВСГӨЛ АЙМАГ, РАШААНТ СУМ — Уулын өндөрлөг хэсэгт Мишигдоржийн Даваасүрэн хоёр нүдний дурангаар харж зогсоно. Тэрээр эцэг өвгөдийнхөө үе дамжин харж, хамгаалж ирсэн газарт малаа хариулж яваа нь энэ. Гурван сарын өмнөөс хонь малаа хариулахын сацуу эртний хад, чулуун цогцолборыг хамгаалах ажилд тэрээр гар бие оролцохоор болжээ.

Монголын хойд хэсэгт орших Хөвсгөл аймаг дахь чулуун цогцолборууд нь хүн төрөлхтний эртний түүхийг агуулсан ер бусын өв юм. Чулуун дээрх салаалсан эвэр бүхий буга, зааны сүрэг, хүмүүсийн дүрс бүдэг боловч ялгагдаж харагдах ба эдгээр нь 3 мянган жилийн өмнөх үед тооцогдох хадны сүг зураг билээ.

Гэвч эдгээр түүхийн дурсгал нь өдгөө устах аюулд өртөөд байна. Монгол улсад нийтдээ бараг 90 мянган соёлын үл хөдлөх дурсгал энэхүү гамшигт нэрвэгдээд байгаагийн зарим нь Хүрэн Толгойн Хад орчим бий. Хадны сүг зураг, булш хиргисүүр, хөшөө гэх мэт дурсгалуудыг олон арван жил тоохгүй орхисны улмаас өргөн олон зохисгүй ашиглан, сүйтгэж, тонон дээрэмджээ.

Харин Монголдоо хамгийн олон үл хөдлөх дурсгалтай Хөвсгөл аймаг малчдын тусламжтай энэ асуудлыг шийдэхийг зорьж байна. Соёлын өвөө хамгаалах шинэ санаачилгыг тэд энэ жилээс хэрэгжүүлж, орон нутгийн захиргаанаас Монголын хамгийн алслагдсан хэсэгт байх дурсгалуудыг хамгаалуулахаар малчдад урамшуулал олгох болжээ.

“Байнга хонь малдаа явангаа наашаа цаашаа ингээд л ажил албаныхаа үүргийн дагуу энийгээ хамгаалдаг” хэмээн Даваасүрэн хэлэв. Тэрбээр малчдын уламжлалт сууц болох дугуй эсгий гэрт дурсгалт газрын ойролцоо амьдардаг.

“Олон зууны тэртээгээс хүн амьдарч ирсэн ул мөртэй ийм нутаг оронд амьдарч” ,“ийм сайхан юмтай гэдгээрээ бахархах дуртай” гээд эртний дурсгалуудыг унаган төрхөөр нь байлгаж, дараагийнхаа үе удамд өвлүүлж үлдээхийг хүсдэгээ Даваасүрэн хэлсэн юм.

expand image
expand slideshow

Сандагдоржийн Долгормаа, ГПЖ МОНГОЛ

Монгол улсад нийтдээ бараг 90 мянган соёлын үл хөдлөх дурсгал аюулд өртөөд байгаагийн зарим нь Хүрэн Толгойн Хад орчим бий.

Урамшуулал олгох хөтөлбөр нь Монгол өв соёлоо хамгаалан авч үлдэх үйлсэд иргэд идэвхтэй оролцохыг дэмжинэ гэдгийг хэлж буй 55 настай энэ эмэгтэй багийн иргэдийн нийтийн хурлын даргаар мөн ажилладаг.

Соёлын өвөөр баялаг Хөвсгөл нутгийн эртний өвийг хамгаалах 46 малчны нэг нь Даваасүрэн болж, дөрөвдүгээр сард энэ ажилд нэгдсэн. Эртний дурсгалуудыг харж хамгаалж, сэжигтэй үйлдлийг мэдээлснийхээ төлөө малчид 53 мянган төгрөгийн үнэтэй түлээний эрхийн бичиг эсвэл 25 килограммын шуудайтай гурил авна.

Суурин газрын мэргэжилтнүүд хүрч очих боломжгүй уул, тал хээрт байх хөшөө дурсгалыг малчид харж хянах боломжтой гэж Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын Соёлын өв хариуцсан мэргэжилтэн Хүрэлчулууны Баасансүрэн хэлсэн юм.

Тэрбээр “Мэдээлэл шуурхай өгдөг менежментийг бүрдүүлчихвэл гэмт хэргүүд таслан зогсоно л гэсэн ойлголттой” гэв.

Төрөөс арга хэмжээ авахгүй олон жил болсны дараа хэрэгжүүлэх гэж буй энэ шинэ арга нь зөв чигт хөтлөх дорвитой алхам гэж байгаль хамгаалагчид үзэн, таатай хүлээн авчээ.

Монгол Улс 2014 онд “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-тай болж, 13 жилийн өмнө баталсан үр дүн тааруу хуулиа халжээ. Шинэ хуульд орон нутгийн хэмжээнд дурсгалт газруудыг хариуцан ажиллахад эгэх хариуцлагыг шат дараалан нэмсэн ба соёлын өвүүдийг ангилж, хамгаалах шинэ системийг тусгасан байна.

expand image
expand slideshow

Сандагдоржийн Долгормаа, ГПЖ МОНГОЛ

Энэ нутагт олон байдаг бугын дүрстэй хадны сүг зургийн дэргэд Мишигдоржийн Даваасүрэн сууж байна. Буга, заан, хүний дүрстэй эдгээр сүг зураг нь 3,000 жилийн өмнөх үед хамаарна.

Үүний дараа жил нь улс даяар түүх, соёлын үл хөдлөх дурсгалын үзлэг, тооллого хийж, бараг 10 мянган дурсгалт газарт 86 мянга гаруй эртний дурсгал байгаа гэж бүртгэжээ.

Тухайн жил хийсэн судалгаагаар Хөвсгөл аймгийн иргэд соёлын өвөө хамгаалах талаар мэдлэг, ойлголт тааруу гарсныг Баасансүрэн хэлсэн.

Эртний чулуун урлагийг сийчиж, будаг цацаад орхисон байв. Буган хөшөөг морины уяа болгон, 5 мянган жилийн түүхтэй хүн чулууг бурхан гэж шүтдэг ажээ. “Олон хөшөөнд шар тос өргөж, хэв шинжийг алдагдуулдаг” хэмээн Баасансүрэн хэллээ.

Шинэ хууль батлагдсан нь сэтгэлд оч бадраах таатай үйл явдал болсон хэдий ч Хятад, Оросын хооронд орших, ардчиллын 31 жилийн түүхтэй Монгол улсын хувьд дурсгалт газруудыг хамгаалах ажлын явц удаан байна.

Улс даяараа яаралтай арга хэмжээ авч хамгаалахгүй бол хэдхэн жилийн дараа бүтэн үлдсэн дурсгал ховорхон болохоор харуусалтай дүр зураг харагдаж байгааг археологич, Монголын Үндэсний Музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга асан Жамсранжавын Баярсайхан хэлэв.

Тэрбээр үнэт дурсгалыг хэрхэн эвдэж сүйтгэснийг өөрийн нүдээр үзэж байжээ.

2018 онд түүний удирдсан баг Хөвсгөл аймагт Монгол, Оросын хилийн ойролцоо байх Хориг уулан дахь эртний булш хиргисүүрийг судалсан.

Мартагдаж байсан уламжлалт уран хатгамлын соёл цар тахлын үеэр эргэн сэргэж байна БУСАД НИЙТЛЭЛ УНШИХ БОЛ ДАРНА УУ

Тэд 70 гаруй булшинд малталт хийсний дүнд мөнх цэвдэгт 700 гаруй жил хөлдүүгээр хадгалагдаж үлдсэн ваартай шар тос, өрөм бүхий дэн буюу мөнхийн зулууд, нар, сарны алтан дүрс зэрэг бусад олон чухал олдворуудыг илрүүлсэн байна.

Гэвч тэд эдгээрийг олсон анхны хүмүүс биш байсан бөгөөд бүх булшнуудыг аль хэдийн тоносон байжээ.

“Бүрэн бүтэн олдвор тун цөөхөн байсан” хэмээн Баярсайхан хэлээд “Төмөр эд өлгийн зүйлсийг модонд өлгөөд орхичихсон, хагалсан ваар хаа сайгүй тарж, хүний араг ясыг нь гаргаж шидлээд, торго даавуу нь урагдаж тасран, шороотойгоо эргэчихсэн хэвтэж байсан л даа” гэв.

Хэдийгээр эвдэрч гэмтсэн ч гэсэн “Эдгээр олдвор нь нүүдэлчин Монголчуудын соёл, зан үйлийн залгамж холбооны гайхамшигт илэрхийлэл” гэж археологич тэрбээр хэлсэн юм.

Мөн тэд, 13 болон 14 дүгээр зууны Монголын Эзэнт гүрний үеийн нууц оршуулгын зан үйлийн талаар өмнө нь байгаагүй шинэ ойлголтыг гаргаж иржээ.

“Судлаачид уулан дээр булш огт байдаггүй гэж боддог байсан” гээд, өргөн тал, хөндий газраар хайлтаа хийдэг байсан тухай Баярсайхан тайлбарлав. Хориг уулан дээрээс олсон булш нь 13-14 дүгээр зууны үеийн өндөр хэргэм зэрэгтэй хүмүүсийнх гэдэгт тэдний баг итгэж байгааг тэрээр хэлсэн юм.

Баярсайханы тооцоолж буйгаар Монголд жил бүр зуу зуун булшийг хүмүүс тонож байгаа аж. Хулгайчид газар доор байх үнэ хүрэх эртний эдлэлийг наймаачдад худалдахаар эрж хайдаг бөгөөд энэхүү ажиллагааг Монгол, Хятадын зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэг удирддаг байна.

Малчдын оролцоотойгоор эртний дурсгалуудыг хамгаалах хөтөлбөрийг боломжийн, сайн санаачилга гэж бодож байгаагаа Баярсайхан хэлээд “Энэ хөтөлбөрийн хүрээг нь улам өргөтгөх хэрэгтэй” гэсэн юм.

Түүний хэлснээр, 2015 онд түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудаа тоолсон ч цаг хугацааны хувьд давчуу байж, хангалттай багаж хэрэгсэлтэй мэргэжлийн судлаачид оролцож чадаагүй аж.

“Бид нарыг ингээд бүртгэж ядаж байхад л энэ дурсгалууд тоногдоод дуусчих вий л гэсэн ийм аймаар айдас байна” хэмээн археологич, доктор Баярсайхан хэллээ.

Сандагдоржийн Долгормаа нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.


ОРЧУУЛГЫН ТЭМДЭГЛЭЛ

Бямбацогтын Номин, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан.

Related Stories