Mongolia

Хушин ойгоо аврахын төлөөх монголчуудын тэмцэл

Хушны самрын хууль бус ажиллагааны улмаас Монголын хушин ой сүйдэж байна.

Read this story in
A Giant Hammer, a Small Nut, and the Race to Save Mongolia’s Cedar Forests

БАТСҮХИЙН ОДОНЧИМЭГ, ГПЖ МОНГОЛ УЛС

Архангай аймгийн, Ихтамир сум, Нарийн Өлөнтийн хушин ой дахь өвлийн нэг өдөр.

МОНГОЛ УЛС, АРХАНГАЙ АЙМАГ, ИХТАМИР СУМ — Монгол орны өвлийн ойд өвдгөөр татам хунгарласан их цасан дундах өндөр хуш модод сүрлэг сайхан харагдана. Хасах хэмийн тэсгим хүйтэнд мөнх ногоон шилмүүстэй хуш модод цасан дундаас ялгаран үзэгдэх ба зарим нь 300-500 жилийн настай аж. Хажууд нь очиход шинэхэн модны давирхайн үнэр үл мэдэг сэнгэнэн үнэртэнэ.

Гэвч ойн гүн рүү явах тусам энэ гайхамшигт дүр зураг өөрчлөгдөж, холтос нь халцарч нүцгэрэн, давирхай нь урссан хуш модод алхам тутамд тааралдах нь аврал эрэн уйлж буй мэт. Хүнд жинтэй модон мунаар олон дахин хүчтэй түншсэний улмаас эдгээр модод ийм болжээ.

8 дугаар сард хуш модны самрын болц бүрэн гүйцээгүй байхад самарчид ууланд гарч, боргоцойг нь ишнээс нь унагахын тулд 35 орчим килограмм жинтэй, хоёр хөлтэй модон муна ашигладаг. Самар түүх энэхүү арга нь хуш модыг гэмтээдэг. Мөн зөвшөөрснөөс бусад үед самар түүх нь хууль бус гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны улсын ахлах байцаагч Долгорсүрэнгийн Бат-Эрдэнэ хэлж байв.

Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас гол хамааралтай бөгөөд нийт экспортын 90 хувь нь бүрддэг. Эдийн засгаа төрөлжүүлэх, уул уурхайн бус экспортыг дэмжих зорилгоор Засгийн газар 2000-аад оны үеэс хагас боловсруулсан хушны самрыг экспортлохыг зөвшөөрч эхэлсэн түүхтэй.

Ингэснээр иргэд зөвшөөрсөн хугацаа буюу 10-р сарын 20-ноос 2-р сарын 01 хүртэлх мөчлөгөөс бусад үед самар нууцаар түүх нь ихэссэн. Ингэж яардаг нь амьжиргаагаа залгуулахын төлөө гэж тэд тайлбарладаг ч үүнээс болж Монгол орны хушин ой үгүй болох аюул нүүрлээд байгаа нь харамсалтай.

Дэлхийн худалдааны байгууллага, Нэгдсэн үндэстний байгууллагын хамтарсан байгууллага болох Олон улсын худалдааны төвийн танилцуулснаар 2021 онд Монгол Улс хушны самрын 10 дахь том экспортлогч болж, 290 тэрбум төгрөгтэй тэнцэх самрын идээ экспортолжээ. Харин 2022 онд 280 тэрбум төгрөгийн хушны самрын экспорт хийсний 94 хувийг зөвхөн БНХАУ руу гаргасан байна.

expand image
expand slideshow

БАТСҮХИЙН ОДОНЧИМЭГ, ГПЖ МОНГОЛ УЛС

Ихтамир сумын Нарийн Өлөнтөд мунаар цохиж сүйтгэсэн хуш моднууд. Самрын болц гүйцээгүй үед боргоцойг ишнээс нь унагахын тулд самарчид хоёр хөлтэй муна ашигладаг.

Хушны самрын боргоцойн хүрэн бор өнгийн хумсан дотор нь кофены үрийн талтай тэнцэх хэмжээтэй ясан бүрхүүлтэй цайвар шаргал идээ шигдэн байрлах бөгөөд амт нь бүйлс самартай төстэй. Яснаас нь салган, идээг нь шууд иддэг. Монголчууд мөн зөөлөн гал дээр ястай нь хуурч, амт оруулан хэрэглэдэг. Амин хүчил, омега-3, цайр, магни, Б-ийн төрлийн витаминаар баялаг хушны самар нь уургийн дутагдлыг арилгах, дархлаа дэмжих, зүрхний үйл ажиллагааг сайжруулах, жин хасахад тустай. Ийм ч учраас олон улсын зах зээл дээр энэхүү самар нь эрэлттэй байдаг.

Хушны самрын экспортоос жил бүр дунджаар 11.9 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрдгийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Бямбасүрэнгийн Оюунсанаа хэлсэн.

Монголд самар түүгчид сайруулсан самраа килограммыг нь 8,000-10,000 төгрөгөөр ченжүүдэд арилжиж, тэд цааш нь самар боловсруулах үйлдвэр болон хятад худалдаачдад 12,000 орчим төгрөгөөр худалдаалдаг байна. Эцэст нь, экспортолсон энэхүү самрын идээг БНХАУ-д 95 хувь цэвэрлэн боловсруулаад, АНУ, Европын зах зээлд 16-30 дахин өндөр үнээр гаргадаг аж.

Экспорт нэмэгдэхийн хэрээр хушин ойг сүйтгэх нь улам ихсэж байна. Монгол Улс ойн нөөцөөр хомс бөгөөд ойгоор бүрхэгдсэн талбай нь нийт нутаг дэвсгэрийн 8 хүрэхгүй хувийг эзэлдэг. Харин нийт ойн сангийн дөнгөж 5.2 хувьд хушин ой оршиж байна. Сүүлийн 10 жилд хушин ойн эзлэх бүс 12.3 хувиар багасжээ. Монгол Улсын Засгийн газрын зүгээс ойн бүсийг 9 хувь болгон нэмэгдүүлэх зорилго тавьж, 2030 он гэхэд нэг тэрбум мод тарихаар төлөвлөж буй бөгөөд үүний 44.4 сая нь хуш мод байх юм. Гэвч хуш мод удаан ургадаг бөгөөд ойролцоогоор 50 жил шаардлагатай. Тарьснаас хойш 25-аас 40 жилийн дараа самар гарч эхэлдэг.

expand image
expand slideshow

БАТСҮХИЙН ОДОНЧИМЭГ, ГПЖ МОНГОЛ УЛС

Архангай аймгийн Ихтамир сумын Нарийн Өлөнтөд самарчин эр боргоцой атгасан байна.

Архангай аймгийн иргэн Анхаа (тэрээр хуулийн хариуцлага хүлээхээс эмээн овгоо хэлэхээс татгалзсан) 8-р сарын дундаас 10-р сарын сүүл хүртэл самар түүдэг. Тэрээр аварга муныг мөрөн дээрээ тавиад урагш хойш найган, модыг хүчтэй цохих үед “түн” гэсэн битүү чимээ гаран, хушны боргоцойнууд газарт сархийн унадаг байна. Самар түүх энэ арга нь хуш модыг гэмтээж байгааг Анхаа хүлээн зөвшөөрсөн. Гэсэн хэдий ч тогтмол ажлын байр байхгүй тэрээр “Байгалиас үнэгүй өгч байгаа баялгийг нутгийн иргэд хүртэх ёстой” гэсэн юм.

Хууль бусаар самар түүгчид 60-120 жилийн настай моднуудыг сонгон түншдэг байна. “Учир нь, нэгдүгээрт ийм насны моднуудыг доргиоход амар байдаг. Хоёрдугаарт, жинхэнэ үрийн гарцаа өгдөг ид насны мод” хэмээн Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн, экологич Жамсрангийн Оюунмаа хэлэв.

Хушны самрын боргоцой 10 дугаар сарын эхээр бүрэн боловсорсон үедээ өөрсдөө газарт унадаг байна. Харин наймдугаар сард болц гүйцээгүй боргоцой давирхай ихтэй байх бөгөөд иштэйгээ сайн зууралдсан байдаг тул самар түүгчид модыг хүчээр ганхуулан, унагааж авдаг. Ингэж мунадсаны уршгаар хуш модны мөчир нь хугарч, холтсоор хамгаалагдан ус, шим тэжээлээ үндэснээс оройд хүргээд буцаан зөөвөрлөдөг долом, золом давхаргууд гэмтэж, хорхой шавжид идэгдэн, ургах, нөхөн сэргэх чадвараа алддаг байна.

Монгол Улсад ойн нөөцийн асуудлыг Ойн хуулиар зохицуулдаг бөгөөд хушны самар мөн уг зохицуулалтад хамаардаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас квот тогтоон, самар бэлтгэн, экспортод гаргах аж ахуйн нэгжүүдэд тусгай зөвшөөрөл олгодог.

Гэвч хууль бусаар самар түүх зөрчил ихээр гарч байна. Хушны самар худалдан авах, хадгалах, сайруулах, худалдаалах сүлжээ бүхий нууц бизнес бий болоод байна.

“Самрын үйлдвэрүүдэд ажилтан гэж байдаггүй” хэмээн Тэнгэрлэг Монголын Газар шороо ТББ-ын гүйцэтгэх захирал Батдэлгэрийн Бямба-Очир хэлсэн. Улаанбаатар хотод төвтэй, байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус байгууллага нь 2021 оноос хушин ойг хамгаалахаар ажиллаж байна. “8 сараас эхлээд хүмүүст урьдчилгаа мөнгө өгөөд, ой руу явуулдаг” тухай тэрээр ярьсан.

expand image
expand slideshow
expand image
expand slideshow

БАТСҮХИЙН ОДОНЧИМЭГ, ГПЖ МОНГОЛ УЛС

Архангай аймгийн Эрдэнэбулган сумд шуудайтай самруудыг овоолсон байна.

Хөвсгөл аймгийн малчин Ванданмягмарын Ганбаатарын хэлснээр самрыг хэрхэн түүдгийг ч мэдэхгүй, суурин газрын иргэд хушин ойг сүйрүүлдэг аж. “Нүдэнд нь мөнгө л үзэгдээд…, хушийг хөрөөдөж унагаагаад самрыг нь авч, сүйтгэж байна” гэж тэрээр хэлсэн юм.

Эцэстээ Монгол Улс дэлхийн зах зээлд хөлөө олох гэж хушин ойгоо сүйтгээд удаж байна. Гэвч “Дэлхийн зах зээл дээр Монгол самар гэж байдаггүй. Хятадууд савлаж шошго наагаад үнийг нь нэмээд худалдаалдаг” хэмээн Б.Бямба-Очир хэлсэн.

Хүйтэнд тэсвэртэй хуш модон ой нь экологи, эдийн засгийн чухал ач холбогдолтой. Гол мөрний усны урсцыг зохицуулах, хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалах үүрэг гүйцэтгэдэг. Мөн тоншуул зэрэг шувуу, мэрэгч амьтад жирх, хэрэм болон баавгай, гахай гэх мэт зэрлэг амьтдын идэх хоол, амьдрах газар нь болдог. Тиймээс хушны самрыг бэлтгэхдээ ойн амьтдын идэш тэжээл болон байгалийн аясаараа сэргэн ургах нөхцөлийг бүрдүүлж боргоцойн 50-60 хувийг үлдээх ёстой.

Гэвч амьдрал дээр бодит байдал өөр байна. “Байгалиа сүйтгэн үр хүүхдээ тэжээж, өнөөдрөөрөө амьдарна гэдэг нь хамгийн эх оронч биш, байгалиа хайрлахгүй байгаагийнх юм” гэж Б.Бямба-Очир хэлэв.

expand image
expand slideshow

Сандагдоржийн Долгормаа, ГПЖ МОНГОЛ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумд Ванчиндоржийн Тунгалаг хар зах дээр Пүрэв-Өлзийгийн Элбэгзаяад самар худалдаж байна.

Сандагдоржийн Долгормаа нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.
Батсүхийн Одончимэг нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.


ОРЧУУЛГЫН ТЭМДЭГЛЭЛ

Бямбацогтын Номин, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан.