МОНГОЛ УЛС, ОРХОН АЙМАГ, ЭРДЭНЭТ ХОТ— 2019 оны аравдугаар сарын нэгэн өдөр хонх дуугарахад хичээл тарлаа гээд охид харьцгаах гэж байтал багш нь тэднийг эмчийн өрөө рүү яв гэв.
10-р ангийн сурагч Хүрэлбаатарын Халиун тэр үед гайхаж хоцров. Тэднийг яагаад эрүүл мэндийн үзлэгт орох шаардлагатай тухай хэн ч хэлээгүй ба энэ талаар огт зөвлөлдөөгүй байна.
Эмчийн өрөөний гадаа охид эгнэн зогсоод нэг нэгээрээ үзлэгт оржээ. Цагаан халаад, бээлий өмссөн хоёр эмч байсан гэж Халиун хэлэв. Эхоны төхөөрөмжийн хажууд нэг сандал байсан ба эмч түүнийг өмд, дотуур хувцсаа тайл гэжээ.
“Үзлэгийн үеэр би дотуур хувцас, өмдөө шууд л буцаагаад өмсчихмөөр байсан” гэж Халиун хэлэх үед түүний дуу нь цаашилж, түгшиж байв. “Бид бүгдийн дургүй хүрсэн” гэж тэрбээр хэлэв.
Үзлэг хийсэнд ихэд бухимдсан тэрээр охидын үзлэгийг зогсоох эсэргүүцлийн санаачилгад нэгджээ.
2018 онд Нэгдсэн Үндэстний Байгууллага охидын үзлэг нь өсвөр насны охидыг дорд үзсэн, сэтгэл зүйн гэмтэл учруулсан, бэлгийн халдашгүй байдалд бүдүүлгээр халдсан, хүчирхийлэлт үйлдэл гэж үзэн зогсоохыг зөвлөж, уриалга гаргасан. Гэвч Монголд охидыг үзлэгт хамруулсан хэвээр байгаа тухай охид хэлж байна.
“Эдгээр охидыг анхаарах хүн хэн ч байхгүй юм шиг санагдсан” гэж Өсвөр Үеийнхний Дуу Хоолой Бүлгийг тэргүүлэгч 18 настай Мягмарсүрэн хэлэв. Энэхүү эсэргүүцэх хөдөлгөөнийг улс даяар зохион байгуулж байгаа бөгөөд Халиун ч бас тэдний эгнээнд нэгдсэн. “Бид өөрсдөө тэмцэхээр шийдсэн” гэж Мягмарсүрэн хэлсэн юм.
Монгол Улсад 1990-ээд оноос хойш сургуулийн орчинд эрүүл мэндийн үзлэг хийж эхэлжээ. Үзлэгийн үеэр эмч нар Халиун болон түүний ангийн охидыг жирэмсэн болсон эсэх, бэлгийн замын халдварт өвчин туссан эсэхийг шалгасан байна. Охидыг 15 настайгаас эхлэн ахлах сургуулиа төгсөх хүртэл нь жил бүр үзлэгт хамруулдаг аж. Гэвч охидын үзлэгтэй холбоотой албан ёсны тогтсон үндэсний бодлого байхгүй ба ерөнхий боловсролын сургуулиуд өөрсдөө зохион байгуулдаг байна.
Өмнө нь дэлхийн бусад улсууд ч мөн охидын үзлэг хийдэг байжээ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эмэгтэйчүүдийн Эрхийн Комисс болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний Эрхийн Хороо хамтран дэлхий нийтэд эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийг зогсоохыг уриалахдаа “дэлхийн бүс нутгуудад 20 гаруй оронд охидын үзлэгийг олон жил дараалан хийж байсан тухай тэмдэглэжээ.
Энэхүү мэдэгдэлдээ тэд охидын үзлэгийг “эрүүл мэндийн хувьд шаардлагагүй, ихэнхдээ өвтгөсөн, доромжилсон, сэтгэл зүйн гэмтэл учруулсан үйлдэл бөгөөд үүнийг зогсоох ёстой” гэж буруутгажээ.
Өнгөрсөн жил Мягмарсүрэнгийн бүлэг “Хүүхдийг Ивээх Сан” олон улсын байгууллага болон охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төвтэй хамтран сургууль дээр хийгддэг охидын үзлэг хэрхэн явагддаг, охидын эрх хэрхэн зөрчигдөж буйг олон нийтэд ойлгуулах зорилгоор “Охидын Дуу Хоолой” судалгааг хийсэн байна.
Монгол Улсад одоог хүртэл зарим сургууль охидын үзлэг хийж байгаа гэдэг нь судалгаагаар батлагджээ. Судалгаанд оролцогчдын гуравны хоёр нь ямар ч нөхцөлд охидын үзлэг хийхийг эсэргүүцсэн бол 72 хувь нь сургууль дээр үзлэг хийхдээ охидоос зөвшөөрөл авдаггүй гэж хариулсан байна.
“Үзлэгийн өмнө охидод огт мэдээлэл өгдөггүй. Багш зүгээр ор гэдэг” гэж 8 дугаар ангийн сурагч Сайнхүүгийн Үжин хэлэв.
2019 оны аравдугаар сард Халиун болон түүний ангийн охид үзлэгт орохдоо яахаа мэдэхгүй, түгшсэн байсан гэж тэрбээр хэлсэн юм. Эмчийн өрөөнд байхад нэг эмч нь түүнд сандрах хэрэггүй, өвдөхгүй гэж хэлсэн байна.
Монголд гэр бүлийн хүчирхийллийг багасгахад ‘Худгийн эгч нар’ туслана
Бусад нийтлэл унших бол дарна ууДотуур үзлэг хийсний дараа эмч түүнийг эхогоор харсан байна. Үзлэг нийтдээ 10 орчим минут үргэлжилсэн ба түүнийг гарахад нь дараагийн охиныг оруулаарай гэжээ.
“Танихгүй хүмүүсийн өмнө дотуур хувцсаа тайлах чинь эвгүй, муухай. Би ямар ч хувцасгүй нүцгэн. Сандарч бас айж, өөр хүн ороод ирвэл яана аа гэж бодож байсан” хэмээн 18 настай Халиун хэлэв.
Саяхныг хүртэл тэрээр үзлэгт орсон тухайгаа хэнд ч яриагүй аж.
Сургууль дээр охидын үзлэг хийх гэж буй тухай эцэг эхчүүдэд ч мэдэгддэггүй байна. “Үзлэг болоод өнгөрсний дараа л мэддэг. Би охидоо дахиж тэр үзлэгт зөвшөөрөлгүйгээр оруулахыг хүсэхгүй байна. Үзлэгийг зогсоох нь зөв” гэж дөрвөн охины ээж Лхаасүрэнгийн Ариунжаргал хэлэв.
Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны албаны хүмүүс хариулт өгөхөөс татгалзсан. 2018 онд яамнаас ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг нэмж оруулсан ба үүнд нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролыг багтаажээ. Гэвч “Охидын Дуу Хоолой” судалгаанд хамрагдсан охидын дийлэнх нь нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн боловсролын талаар хангалттай мэдлэг олж авч чадахгүй байна гэжээ.
“Эрүүл мэндийн үзлэгийг тогтмол хийж байвал их хэрэгтэй. Охидын эрүүл мэндэд тустай” гэж Орхон аймгийн Гэр бүл, Хүүхэд Залуучуудын Хөгжлийн газрын Хүүхдийн эрүүл мэндийн боловсрол, залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн Төмөрбаатарын Бадамханд хэлэв.
Халиуны сургуулийн эмч Билэгсайханы Ганчимэг ч мөн түүнтэй санал нэг байна. Тэрбээр хэлэхдээ охидын үзлэг хийснээр жирэмслэлт, бэлгийн замаар дамжих өвчнөөс сэргийлдэг ба тоон судалгаанд үзлэгийн үр дүнг ашигладаг гэв.
“Охидын үзлэгийг зөв хийх хэрэгтэй. Үзлэг хийх нь охидын эрүүл мэндэд тустай” гэж Ганчимэг хэлэв.
Олон охид эсрэг байр суурьтай байна. Өсвөр Үеийнхний Дуу Хоолой бүлэгт улс даяар ерөнхий боловсролын 28 сургууль болон их сургуулийн 250 охин нэгдээд байна. Байгуулагдаад 6 жил болж буй уг бүлгийн охид өнгөрсөн жил мэргэжлийн байгууллагуудтай хамтран “Сургууль эмнэлэг биш” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ.
Уг хөтөлбөр нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар охидод мэдлэг олгоход чиглэх аж. Хөтөлбөрийн хүрээнд өсвөр үеийнхэнд зориулж цахим сургалт зохион байгуулах ба Facebook хуудас дээрх чатбатоор дамжуулан тэд нөхөн үржихүйн мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой. Чатбот үйлчилгээгээр дамжуулан одоогоор 2,000 гаруй өсвөр насныхан туслалцаа авчээ.
Нөхөн үржихүйн чиглэлээр хүүхдэд чиглэсэн шийдвэр гаргахдаа тэдний үзэл бодлыг сонсож, ярилцсаны дүнд тодорхой шийдэлд хүрдэг байх хэрэгтэй гэж Мягмарсүрэн хэлэв. “Томчууд өсвөр үеийнхний үзэл бодлыг сонсохгүй байгаа нь тэдний эрхийг зөрчиж байгаа нэг илрэл” гэж тэрбээр хэлсэн юм.
“Охидын дуу хоолой” судалгаа болон “Сургууль бол эмнэлэг биш” төсөлд хамрагдсаны дараа өөрсдөөс нь зөвшөөрөл аваагүй бол охидын үзлэгт хамрагдах шаардлагагүй гэдгийг 10 дугаар ангийн сурагч Бадамжавын Хүслэн ойлгожээ. Дараа сургуулийн эмч түүнд үзлэг хийе гэвэл тэрээр үгүй гэж хэлнэ гэв.
Хөхнохойгийн Хорлоо нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.
Орчуулгын тэмдэглэл
Бямбацогтын Номин, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан.