Mongolia

Шавжийг устгаад! Монголын хотууд шавжтай тэмцэж байна

Монголд ахуйн хүрээний шавж устгалыг улсаас тогтмол хийдэг ч цар тахлын улмаас устгал хийгдээгүйн улмаас орон сууцанд хортон шавж эрс ихэсч, оршин суугчид болзошгүй эрсдэлийг үл хайхран өөрсдөө хямд өртгөөр устгал хийж байна.

Read this story in

Publication Date

Bugs, Out! Mongolia Cities Battle Creepy Infestations

ХӨХНОХОЙН ХОРЛОО, ГПЖ МОНГОЛ

Хувийн хамгаалах хэрэгсэл өмссөн Оюука (зөвхөн товч нэрээ ашиглахыг зөвшөөрсөн) Орхон аймгийн Эрдэнэт хот дарь гэртээ шавж устгагч цацаж байна.

Publication Date

МОНГОЛ УЛС, ОРХОН АЙМАГ, ЭРДЭНЭТ ХОТ — Оюука гэрийнхээ тулаанд бэлтгэн хувцаслажээ. Тэрээр амны хаалт зүүн, үсээ боогоод, цамцныхаа хар юүдэнг босгон, мэс засалч шиг нэг удаагийн цагаан бээлий өмсжээ. Мягмар гарагийн өдрийн 2 цагт түүний нөхөр нь ажил дээрээ, хоёр хүүхэд нь сургуульдаа явсан байв. Оюука зуух, хөргөгч, угаалгын машинаа хананаас холдуулан угаалтуурын араас цайвар ногоон өнгийн шүршигч шингэн гаргаж ирэв. Хүүхэд ч тэндээс гаргаад ирэхээр ойрхон байв. Шүршигч шингэний саван дээр “Шидэт цэвэрлэгч” гэж Хятадаар бичжээ. Энэ бол шавж устгагч.

Хөршүүддээ шүүмжлүүлэхээс эмээсэн Оюука зөвхөн товч нэрээ ашиглахыг зөвшөөрсөн юм. Тэрээр Монголын хоёр дахь том хот болох Эрдэнэт хотод 10 давхар байшингийн найман давхарт амьдардаг. Эрдэнэт хотод өндөр барилгууд эгнэн зогсох олон хүн шиг л сүндэрлэж байдаг. Олон хүн амтай тул их хог хаягдал гардаг. Их хог хаягдал байгаа цагт бүр их шавж байна гэсэн үг. Жоом, Бясаа. Жаран хөлт. Монголчуудын нэрлэдгээр хар хорхой мөн маш их байв. Хар хорхой хүүхдүүдийг нь хазаж, өвтгөх вий гэж Оюука айдаг. Өнгөрсөн жилээс шавжнууд булан тохой, тавилгын доор, цонхны тавцан дээгүүр үзэгдэх болжээ. Шидэт цэвэрлэгч шүршихэд гэдэс нь эвгүйрхдэг хэдий ч тэрээр хааяа нэг хэрэглэдэг байснаа одоо гурван сар тутам хэрэглэдэг болжээ. “Өөр сайн хор мэдэхгүй болохоор энэ хорыг ашигладаг” гэж тэрээр хэлсэн.

Монголд төрөөс орон сууц, бусад барилгууд, подвал, ойн модонд шавж устгалыг улс даяар жилд хоёр удаа хийдэг байсан. Коронавирусийн цар тахлын үеэр төрийн алба, хувийн компаниуд устгал хийхээ зогсоосны улмаас шавжийн тоо өсжээ.
Монголчууд өөрсдөө гэртээ устгал хийж эхэлсэн ч тэдний ихэнх нь дэлгүүрээс худалдан авсан шавж устгагчаа буруу хэрэглэдэг. Хэрэглэх заавар нь монгол хэл дээр байх нь ховор бөгөөд шавж устахгүй, харин улам ихээр үржих болжээ.

Төрөөс зохион байгуулалттай шавж устгал хийхээ больсон нь гар хөл амны өвчин дэгдэхэд нөлөөлсөн гэж нийтийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд үзэж байна. Уг өвчний үед халуурах, зовуурилах, тууралт гарах шинж тэмдэг илэрдэг. Вирус нь биеийн шүүрлээр дамжин халдварладаг ба шавж нь халдвартай шүлс, ялгадас гэрээр тархах үндэс болдог. Монгол улсын Халдварт өвчин судлалын төвийн судалгаагаар гар, хөл амны өвчин 2021 онд 137 бүртгэгдсэн бол 2022 онд 1847 бүртгэгдэж огцом өсжээ. Мөн шавж нь гэдэсний халдварт өвчний тохиолдол нэмэгдэхэд нөлөөлсөн. Энэ өвчин нь ижил замаар замаар халдварладаг ба бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрдэг.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч Дондовын Батгэрэл нь халдвар хамгааллын ажлыг хариуцдаг. Тэрээр хэдэн сарын дараа төрөөс шавж устгах хөтөлбөрийг эргэн сэргээхээр төлөвлөж буй тухай хэлсэн. Өмнөхтэй ижил төрөөс шавж устгалын хувийн компаниудтай хамтран ажиллах ба орон сууц, хувийн сууц болон байгууллагуудын хүсэлтээр шавж устгалыг төлбөртэй хийх аж. Өмнөх шигээ устгалыг тогтмол хийвэл шавжийн тоо буурна гэж тэрээр найдаж байна.

Гэхдээ олон монголчууд шавж устгалын өөрсдийн аргадаа сэтгэл хангалуун байна. Шидэт цэвэрлэгчийг 30,000 төгрөгөөр аваад 6 удаа ашиглаж болж байхад мэргэжлийн хүнээр нэг удаа устгуулахад 20,000 төгрөг төлөх нь тэдний хувьд утгагүй санагдаж байна.

expand image
expand slideshow

ХӨХНОХОЙН ХОРЛОО, ГПЖ МОНГОЛ

Эрдэнэт хот дахь гэрийнхээ булан руу Оюука шавж устгагч Шидэт цэвэрлэгч шингэн шүршиж байна.

“Нэг бүтэн хор худалдаж аваад гэртээ 3-4 удаа цацвал шавж бүрэн устгана” хэмээн Эрдэнэт хотын Хүрэнбулаг багийн оршин суугч Галбадрахын Саранчулуун хэлэв.

“Шавж устгана гээд мөнгө хурааж аваад хор цацдаг ч шавж бүрэн устахгүй, байгаад л байдаг. Тэгээд ч тэр хор нь цацагдсан эсэх нь мэдэгддэггүй ш дээ” гэж Орхон аймгийн Согоот багийн оршин суугч Дамбийнямбуугийн Мөнхтулга хэлсэн.

Гэхдээ л дэлгүүрээс шавж устгагч авч цацах нь эрсдэлтэй. Хятад, Оросоос импортолсон шавж устгагчууд дээр монгол хэл дээр заавартай байх нь ховор. Тиймээс хүмүүс гадаа ашиглах зориулттайг нь орон сууцанд ашиглах гэх мэтээр хольж сольдог. Буруу хэрэглэсний улмаас шавж устах биш, харин улам олшрох үндэс болдог.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь хэрэглээний бараа бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангаж ажилладаг бөгөөд байцаагч Д.Батгэрэл хэлэхдээ шавж устгагч бүр дээр зааврыг орчуулж, наах боломжгүй гэв. “Зураг дээрээс харахад л юунд хэрэглэх нь ойлгомжтой” гэж тэрээр хэлсэн. Шавж устгагч шингэн авахын өмнө хүмүүс өөрсдөө судлахыг мөн тэрээр зөвлөсөн. Гэвч зарим дэлгүүрүүд улсын зөвшөөрөлгүй, гарал үүсэл нь эргэлзээтэй шавж устгагч борлуулж, хэрэглэж буй хүмүүсийнх нь шавжаар дүүрч байгаа үед энэ арга үр дүнтэй гэж хэлэхэд хэцүү.

Оюука Шидэт цэвэрлэгчийг гэр ахуйн дэлгүүрээс худалдан авдаг. Хэрэглэх заавар нь Хятад, Англи хэл дээр байдаг тул уншиж чадахгүй ч, худалдагч санал болгохоор нь авчээ. Албан ёсны зааварчилгаагүй ч тэрээр 8, 4 настай хүүхдүүдээ гэртээ байхгүй үеийг ашиглан хамгаалалтын хэрэгсэл өмсөн цацах ёстой гэдгээ таамаглаж байлаа. Тэрээр гал тогооны өрөөний шал руу тонгойн, устгагч шингэнээ цацлаа. “Аймаар хурц, муухай үнэртэй байгаа биз?” гэж тэрээр хэлээд, “Үнэрийг нь хурдан гаргахгүй бол удахаараа толгой өвтгөж, дотор муухай оргиулчихдаг юм” гэв. Шавж устгагчаа цацаж дуусаад тэрээр хувийн хамгаалах нэг удаагийн хувцсаа хогийн саванд хийв.

Оюукагийн нэгэн адил шавж устгалыг өөрөө хийснээр хүмүүс хордох боломжтой талаар Халдварт өвчин судлалын төвийн халдварт өвчний тасгийн эмч Гонгорын Будхүү хэлсэн. Тэрээр “Иргэд эрүүл мэндээ бодоод өөрсдөө гэртээ хор цацаж байгаа ч эсрэгээрээ өөрсдийгөө хордуулах эрсдэлд орж байна” гэв. Дотор муухайрах, бөөлжих, толгой эргэх, нүд загатнаж, улайх, ханиаж, найтаах, биеэр юм туурах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

“Шавж устгана гээд мөнгө хурааж аваад хор цацдаг ч шавж бүрэн устахгүй, байгаад л байдаг. Тэгээд ч тэр хор нь цацагдсан эсэх нь мэдэгддэггүй ш дээ”

“Шавжийг хурдан хугацаанд бүрэн устгахын тулд иргэд бидэнтэй хамтран ажиллаж, өөрсдөө биш мэргэжлийн газраар хор цацуулах нь чухал” гэж Монголын халдваргүйтгэл, ахуйн шавьж мэрэгчтэй тэмцэх холбооны гүйцэтгэх захирал Ч.Үнэнбат хэлсэн. Тус холбоонд нийт 80 орчин шавж устгалын компани харьяалагддаг.

Д.Батгэрэл үүнтэй санал нийлж буй бөгөөд зарим тохиолдолд шавж устгахад нарийн ажиллагаа шаарддаг тухай хэлсэн. “Манайд баригдаад 30 гаран жил болж байгаа байранд амьдарч байсан нэг айл 3 сараар гадаад яваад гэр нь эзгүй байсан. Тэд 3 сарын дараа гэртэй ирэхэд тэдний гал тогооны тавилгынх нь ард жоом маш ихээр үүрлэсэн байсан” тэрээр хэлээд “Бид ариутгалын газартай хамт очиж хоёр удаа ариутгал хийсэн. Тэд жоомыг бүрэн устгах хүртэл өөр газар байх шаардлагатай болсон бас айл гал тогооны тавилгаа бүрэн сольж, гал тогооны өрөөндөө бүрэн засвар хийсэн. Тэгж байж жоомыг бүрэн устгасан” гэв.

Гэвч Оюука мэргэжлийн хүнд их мөнгө төлж шавжаа устгуулах төлөвлөөгүй байна. “Шавж устгагч цацсаны дараа шавж алга болчихдог. Тийм учраас үр дүнтэй гэж би бодож байна” гэж тэрээр хэлэв.

Оюука гал тогооны өрөөнд хор цацахаар жижиг тавилгыг хананаас холдуултал тавилгын ард үхсэн хулгана байв. Оюука цочсондоо “Ээжээ юу вэ?” гэж чанга орилон годхийн үсрэв.

“Хоёр сарын өмнө хор цацсан юм. Тэр хоронд хордож үхсэн хулгана бололтой. Яахаараа хулгана хүртэл орж ирдэг байна аа” гэж тэр амандаа үглэнгээ хананы булан руу хороо цацав.

Хөхнохойгийн Хорлоо нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.


ОРЧУУЛГЫН ТЭМДЭГЛЭЛ

Бямбацогтын Номин, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан.