БАТСҮХИЙН ОДОНЧИМЭГ, ГПЖ МОНГОЛ УЛС
2024 оны аравдугаар сарын 30
Монгол Улс, Архангай аймгийн Ихтамир сум
Монголын хөдөө нутгийн нүд алдам өргөн талд тааваараа бэлчин идээшлэх мал сүрэг нь эрх чөлөөт амьдрал болоод байгальтай холбогдох сэтгэлийг өөрийн эрхгүй төрүүлдэг. Аялагчид нутгийн иргэдийн аж амьдрал, соёлтой танилцаж, “жинхэнэ” утгаар нь аялах сонирхолтой болсон энэ цагт жуулчдын зорих нэг газар Монгол нутаг болоод байна.
Засгийн газраас жуулчдад нүүдэлчин монголчуудын өдөр тутмын амьдралыг илүү ойроос мэдрэх боломжийг олгох хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж байна. Нутгийн иргэдийн олонх нь уламжлалт монгол гэрт амьдардаг ба жуулчид Монголын тал, хээр нутагт байрлах айлуудаар зочилж, тусгайлан барьсан гэрт байрлан, нутгийн идээ ундааг зооглох боломжтой. Жуулчид өөрсдийн хүссэн жинхэнэ ахуй соёлыг мэдрэх боломжтой болж, харин малчид орлогоо төрөлжүүлэх боломжтой болж байна. Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн сорилт нь малчдын уламжлалт амьдралын хэв маягт заналхийлэх болсон.
Дэлхийн ихэнх улсын нэгэн адил КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр Монгол Улсын аялал жуулчлалын салбар уналтад орж, эдийн засагт хүндээр туссан. 2019 онд хагас сая гаруй жуулчин ирсэн бол 2021 онд энэ тоо 33 мянга болтлоо буурсан. Иймээс аялал жуулчлалын салбарыг сэргээхийн тулд Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлан, жил бүр сая гаруй жуулчин хүлээн авахаар төлөвлөсөн. Монголд зочлох жилийн хүрээнд 34 улсын иргэдийг гурван сар хүртэлх хугацаанд аялахад визийн шаардлагаас чөлөөлжээ. Үүнээс гадна Америкийн Нэгдсэн улс болон бусад улсуудаас шууд нислэгтэй болж, жуулчдад нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Ингэснээр 3.5 сая хүн амтай Монгол Улс 2023 онд 600,000 орчим жуулчин хүлээн авч 4.4 их наяд төгрөгийн орлогыг эдийн засагт төвлөрүүлжээ.
Аялал жуулчлалын голлох нутаг болох Архангай аймагт зургаадугаар сард Малчин кэмп хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 1,000 гаруй жуулчид ирсэн тухай Архангай аймгийн Эртний нүүдэлчдийн өлгий аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Даваасамбуугийн Ганболд хэлсэн. Малчин кэмп хөтөлбөрийг аймгийн засаг дарга Бямбадоогийн Цэрэннадмид санаачлан тус төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна.
Гэрийн яс мод, эсгий туурга, брезент, цагаан бүрээс зэргээс бүрдсэн Монгол гэрийн дотор Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Жүхо Жон сүүтэй цай уун сууна. Тэрээр байгальд цагийг өнгөрөөн, нүүдэлчин малчдын соёл, амьдралтай танилцахаар Монголд ирсэн ба “тэнгэрийн одод шөнө ямар харагддагийг мэдэх” нь түүний чин зорилго аж.
Архангай аймгийн Ихтамир сумын малчин Содбаатарын Батбилэгийн гэрт Бүгд Найрамдах Солонгос Улсын жуулчид ирж байна.
“Манай нутагт үзэсгэлэнт байгаль, малчин ахуй бүгд бий, тиймээс бид үүнийг давуу тал болгохоор шийдсэн” хэмээн Архангай аймгийн Ихтамир сумын малчин Содбаатарын Батбилэг хэлсэн.
Монголын нүүдэлчдийн амьдралыг нүдээрээ үзэн, баялаг өв уламжлалтай танилцаж, асуудал бэрхшээлээс ангижран, эгэл аз жаргалыг мэдрэх боломжийг аялагчдад олгохоор хөтөлбөрт хамрагдсан 60 малчин өрхийн төлөөлөл нь Батбилэгийнх юм.
Монгол Улсын нийт өрхийн 34.8 хувь нь монгол гэрт амьдардаг.
Уламжлалт монгол гэртэй харьцуулахад зочдын гэр нь ногоон бүрээстэй, байгальд ээлтэй бие засах байгууламжтай. Батбилэг жуулчдад зориулан тус бүр нь 4 ортой хоёр шинэ гэрийг бэлтгэсэн. Харин гэрийн цагаан бүрээс болон ор, ширээ, сандал, байгальд ээлтэй ариун цэврийн байгууламж зэргийг гурван жилийн дараа эргэн төлөх нөхцөлтэйгээр хөтөлбөрийг хэрэгжүүлж буй төрийн бус байгууллагаас хангаж өгчээ.
Архангай аймгийн Ихтамир суман дах малчин Содбаатарын Батбилэгийн гэр кэмп нь байгальд ээлтэй бие засах байгууламжтай.
ДДөрвөн ортой гэрт байрлахад нэг жуулчин өдрийн 160,000 төгрөг төлөх бөгөөд үүнд өглөөний цай үнэгүй. Малчдын хувьд энэ нь нэг хонио худалдсан орлоготой тэнцэнэ. Гэр түрээслэхээс гадна нэмэлт төлбөрөөр морь унуулдаг ба жуулчдад морь унах нь ихэд таалагддаг. Малчдын хувьд энэ нь нэг хонио худалдсан орлоготой тэнцэнэ. Гэр түрээслэхээс гадна нэмэлт төлбөрөөр морь унуулдаг ба жуулчдад морь унах нь ихэд таалагддаг.
Нүүдэлчин хэв маягаар амьдрахад улам бүр хүнд болж байгааг Батбилэг зэрэг олон малчид хэлнэ. 30 гаруй жил мал хариулсан Батбилэгийн хувьд уур амьсгалын өөрчлөлт амьжиргаанд нь шууд нөлөөлж буйг мэдэрчээ. Үер, зуд зэрэг байгаль орчны хүнд нөхцөлийн улмаас эднийх олон малаа алдсан. “Одоо малчид дан ганц мал маллаад амьжиргаагаа залгана, амьдарна гэж байхгүй, өөр зүйл нэмж хийх хэрэгтэй болсон” хэмээн түүний эхнэр Очирбатын Нармандах хэлсэн.
1994-2000 онд Батбилэг жуулчдад аялал жуулчлалын үйлчилгээг үе үе үзүүлдэг байсан. Гэхдээ тухайн үед энэ нь тогтмол орлогын эх үүсвэр байгаагүй. Харин энэ жилээс Батбилэгийн гэр бүл боломжийг бүрэн дүүрэн ашиглахын төлөө ажиллаж байна. Батбилэг гэр кэмпийн үйл ажиллагааг хариуцдаг бол түүний эхнэр, охид нь зочдын хоолыг бэлтгэдэг. Том хүү нь зочдод унуулах морьдыг бэлтгэж байхад харин дунд охин нь хонио хариулдаг.
Энэхүү санаачилга нь жуулчдад монголчуудын уламжлалт амьдралын хэв маягтай танилцах боломжийг олгоод зогсохгүй байгаль орчны чухал асуудлыг шийдэх давуу талтай. Малчид аялал жуулчлалын нэмэлт орлоготой болж, малын тооны өсөлтийг хязгаарласнаар бэлчээрийн даац хэтрэлтийг бууруулах ба цаашлаад бэлчээрийн доройтлын асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах аж. Нутгийн иргэдийн амьжиргаа, цаашлаад дэлхийн хүнсний баталгаат байдалд бэлчээрийн доройтол нь заналхийлэл болоод буй.
Гэхдээ энэхүү соёлын солилцоо нь зарим асуудлыг дагуулдаг. Тухайлбал, аялал жуулчлалын үйл ажиллагаанаас үүсэх хатуу болон шингэн хаягдлыг зохицуулахад томоохон бэрхшээл тулгардаг тухай Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн тогтвортой хөгжил, институтийн эдийн засгийн асуудлыг мал аж ахуй, аялал жуулчлалын салбартай хослуулан судалдаг судлаач Загархорлоогийн Ундрах хэлсэн. Түүнчлэн, аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх нь малчдын өдөр тутмын амьдралыг үндсээр нь өөрчилж, малчин өрхүүдийг амьдралын шинэ хэв маяг, хэл соёлд дасан зохицохыг шаарддаг тухай тэрээр ярьсан.
Гэвч эдгээр сорилтыг үл харгалзан монголчууд нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг илүү тогтвортой, ирээдүйн итгэл найдвар гэж үзэж байна.