SPECIAL REPORT

Элэгний хорт хавдраар дэлхийд тэргүүлж буй Монгол Улс мэс заслын аргаар өвчинтэй тэмцэж байна

Хавдрын мэс заслыг хүртээмжтэй болгосон нь үр дүнгээ өгч байна. Гэвч хорт хавдрыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үйлчилгээ хомс хэвээр байна.

Read this story in

МОНГОЛ УЛС, ХӨВСГӨЛ АЙМАГ, МӨРӨН ХОТ — Монгол Улсад элэгний хорт хавдар газар аваад олон жил болж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр Монгол Улсад элэгний хорт хавдрын тохиолдол дэлхийн дунджаас ес дахин их байгаа юм. 2020 онд 2,000 гаруй монголчууд элэгний хорт хавдраар нас барсан нь КОВИД-19 вирусийн улмаас нас барагсдын тоотой дүйцэж байна.

Дагвадоржийн Далхсүрэнгийн амь нас үхэл, амьдралын зааг дээр иржээ. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын малчин тэрбээр гуравдугаар сард элэгний хорт хавдартай гэж оношлогдон, нийслэл Улаанбаатар хот дахь Хавдар судлалын үндэсний төвд оношоо баталгаажуулахаар 750 километрийн холоос очсон байна. Онош нь батлагдсан ч мэс засалд орохын тулд дарааллын дагуу өчнөөн долоо хоног хүлээх хэрэгтэй болжээ. Түүний хавдрын хэмжээ нэг сарын дотор сантиметр илүүгээр нэмэгдэж байсан тул хугацаа алдах нь амь насанд аюултай байв.

Аз болоход 55 настай малчин эр мэс засалд орох гэж хүлээх шаардлагагүй болов. Өнгөрсөн жил Хөвсгөл аймгийн эмнэлэгт эмч нар элэгний хорт хавдрын мэс засал хийх боломжтой болсон нь Д.Далхсүрэн шиг хүмүүсийн амь насыг аврахад тусалж байна.

Дэлхийн дахинд элэгний хорт хавдрын гол эрсдэлт хүчин зүйлсэд гепатит В, С вирус багтдаг. Мөн согтууруулах ундаа удаан хугацаанд хэрэглэх нь нөлөөлдөг ба монголчуудын хувьд архидалт мөн л газар аваад буй асуудал юм. Монгол Улсад 1970, 1980-аад онд нэг удаагийн тариур байхгүй байх үед шилэн тариурыг буцалгаж, ариутгаад дахин хэрэглэдэг байсны улмаас гепатит В, С вирус хүн амын дунд өргөн тархсан.

Өнөөдрийг хүртэл элэгний хорт хавдрын нийт тохиолдлын 95 орчим хувь нь дээрх вирусээс шалтгаалж байна. Хүмүүс вирусийн халдвар авсан ч ямар нэг шинж тэмдэг илрэхгүй олон жил болох боломжтой учир өөрсдийгөө өвчилсөн гэдгийг мэддэггүй. Хорт хавдрын шинэ тохиолдлын 70 гаруй хувь нь эцсийн шатанд орсон үедээ оношлогддог. 2020 онд 100,000 хүн амд ногдох элэгний хорт хавдрын тохиолдол Монголд 80.6 байсан бол дэлхий нийтийн дундаж үзүүлэлт 8.7 байжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр элэгний хорт хавдартай таван хүний нэг нь л мэс засал хийлгэдэг. Д.Далхсүрэн тэдгээр цөөн хүмүүсийн нэг болж, мэс засал хийлгэх ганц гарц л түүнд үлджээ. Элэгний хорт хавдрыг эмчлэх гол арга нь элэг шилжүүлэн суулгах эсвэл мэс заслаар хавдрыг тайрч авах юм. Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг зөвхөн Улаанбаатар хотод хийх боломжтой. Харин Монголын эрүүл мэндийн системд саяхан хийсэн өөрчлөлтийн үр дүнд зөвхөн Хавдар судлалын үндэсний төвд хийдэг мэс заслыг Хөвсгөл аймагт хийх боломжтой болжээ.

Дөрөвдүгээр сарын сүүлээр Д.Далхсүрэн аймгийнхаа нэгдсэн эмнэлгийн орон дээр хамартаа хүчилтөрөгчийн гуурстай хэвтэж байв. Аймгийн мэс заслын эмч нар түүний элэгний тавны дөрвийг тайрч, хорт хавдрын эстэй бүх хэсгийг авчээ. Элэг өөрөө нөхөн төлждөг учир мэс заслын дараах дэглэмийг сайтар сахивал бүрэн эдгэнэ гэдгийг эмч нар хэлсэн байна. “Ёстой хурдан түргэн энэ хавдраасаа саллаа” хэмээн тэрбээр хоолой нь чичрэн хэлээд “Одоо биеийн байдал харьцангуй сайжирч байна” гээд нулимсаа арчив.

ГРАФИКИЙГ БЭЛТГЭСЭН МЭТТ ХЕЙНИ

ГРАФИКИЙГ БЭЛТГЭСЭН МЭТТ ХЕЙНИ

Эхнэр Пүрэвхайчийн Ганзоригт түүн рүү хараад, “Цаг хугацаа их хожиж байгаа юм, сарын дараа байсан бол бас л хэцүү шүү дээ” гэв. 2021 онд Монгол Улсын Эрүүл мэндийн салбар дахь шинэчлэлийн хүрээнд хавдрын мэс заслыг үнэ төлбөргүй болгосон ч Далхсүрэнгийн мэс заслын өмнөх болон дараах зардал нь 3 сая орчим төгрөг болсон бөгөөд хамаатнуудаасаа тусламж аван төлбөрийг барагдуулжээ. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Монголд өрхийн сарын дундаж орлого 1.3 сая орчим төгрөг байна. Хэрэв Улаанбаатарт мэс засал хийлгэсэн бол зардал хоёр дахин өндөр байх байсныг П.Ганзоригт хэлэв.

Хөдөө орон нутагт амьдардаг монголчууд хавдрын эмчилгээ хийлгэхийн тулд гэр бүлийн хамт хол замыг туулан нийслэл хотод ирээд, олон сар эмчлүүлэхэд зардал, чирэгдэл их байдаг тухай Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын их эмч Баясгалангийн Түвшин хэлсэн. Тухайлбал, Д.Далхсүрэн зөвхөн онош баталгаажуулахаар явахдаа л хоёр сая төгрөг зарцуулсан. Энэ мэт зардлыг даах боломжгүй хүмүүс уламжлалт жор ашигладаг ч үр дүнгүй байдаг тухай эмч нар хэлсэн.

Хөдөө орон нутагт хавдрын мэс засал хийдэг болгох талаар Б.Түвшин олон жил бодож иржээ. 2021 онд Монгол Улс эрүүл мэндийн салбартаа шинэчлэлт хийж, аймгийн эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүждэг тогтолцоонд шилжсэн нь түүнд санаагаа хэрэгжүүлэх боломж өгөв. Тэрээр Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Гунгаагийн Оюунжаргалын тавьсан саналын дагуу тус орон нутгийн эмч нарыг ажлын байран дээр сурган, өнгөрсөн оны зургаан сар гаруй хугацаанд хавдрын 40 гаруй мэс засал хийжээ.

expand image
expand slideshow

БАТСҮХИЙН ОДОНЧИМЭГ, ГПЖ МОНГОЛ УЛС

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нэгдсэн эмнэлэгт хавдрын эмч Саранхүүгийн Чанцалдулам эрт илрүүлгийн зорилгоор өвчтөнд хэвлийн хэт авиан шинжилгээ хийж байна.

“Орон нутагт хавдрын мэс заслыг хийхэд саад болж буй цор ганц зүйл нь боловсон хүчний хангамж юм” гэж Б.Түвшин хэлсэн. Төслийн хүрээнд, Улаанбаатараас хорт хавдрын мэс заслын чиглэлд мэргэшсэн хоёр эмч тогтмол суурьшин ажиллахаар ирж, орон нутгийн хоёр эмч БНСУ руу туршлага судлан сурахаар явжээ. Харин Г.Оюунжаргал даргын хэлснээр хагалгаа хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл зэргийг хүмүүсийн тусламжаар голчлон бүрдүүлсэн аж.

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 2021 оны улсын төсвийн 3.6 хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулсан. Тавдугаар сараас Эрүүл мэндийн яамнаас хавдрын урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг оношилгоог орон даяар эхлүүлсэн. Энэхүү өгүүлэлтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас ярилцлага авахаар хэд хэдэн удаа хүсэлт гаргасан боловч ярилцлага өгсөнгүй.

“Нийтийн эрүүл мэндэд анхаарал илүү хандуулснаар хорт хавдрын өвчлөлийг бууруулах боломжтой” гэж Хавдар судлалын үндэсний төвийн Үйлчлүүлэгчийг дэмжих албаны дарга Лувсаннамсрайн Энхцэцэг хэлээд, “Манайд өвдсөн хүнд хамааралтай тусламж үйлчилгээ хүчтэй хөгжсөн, харин урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээ бараг хөгжөөгүй гэж хэлж болно” гэв.

expand image
expand slideshow

БАТСҮХИЙН ОДОНЧИМЭГ, ГПЖ МОНГОЛ УЛС

Архангай аймгийн Эрдэнэбулган сум дахь англи хэлний хувийн сургалтын төвд Лхамрагчаагийн Доржпалам сурагчдын хамт сууж байна. Тэрбээр 2016 онд гепатит илрүүлгийн хөтөлбөрт хамрагдан, үнэгүй эмчилгээ хийлгэсэн.

Гепатит вирусийн тархалтыг бууруулахаар ажиллаж буй Оном сангийн захирал Дашдоржийн Наранжаргал хэлэхдээ элэгний хатуурал гэх мэт ноцтой өвчлөлийг нарийн хянах нь чухал гэв. Элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулахын тулд энэ төрлийн өвчтэй хүнд жилдээ хоёр удаа хэвлийн хэт авиан шинжилгээ хийх нь эрүүл хүмүүсийг жилд нэг удаа үзлэгт хамруулснаас илүү ач холбогдолтой хэмээн тэрээр үзэж байна.

Гэвч гепатитийн вирус тээж яваа гэдгээ мэддэггүй монголчууд олон байдаг. Тухайлбал, 2016-2018 оны хооронд Архангай аймгийн эрүүл мэндийн салбарын ажилтнууд 15-аас дээш насны нийт 73,686 иргэний 45 мянгад нь гепатит C вирус илрүүлэх шинжилгээ хийж, 2,463 хүнийг үнэ төлбөргүй эмчилжээ.

65 настай Лхамрагчаагийн Доржпалам нь эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн нэг юм. “Би вирустэй хэдэн жил явснаа мэдэхгүй” гэж тэрбээр хэлээд, “Мэдэхгүй явж байгаад хүндрээд ноцтой байдалд ч орж магадгүй байсан” гэв.

Батсүхийн Одончимэг нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.

Сандагдоржийн Долгормаа нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.


ОРЧУУЛГЫН ТЭМДЭГЛЭЛ

Бямбацогтын Номин, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан.

Related Stories