МОНГОЛ УЛС, АРХАНГАЙ АЙМАГ, ЭРДЭНЭБУЛГАН СУМ —Хамар цоргих өмхий үнэрийн хамаг гол шалтгаан нь газар доор нуугдаж байна.
Хэдэн зуун жилийн өмнө ашиглагдаж байсан нүхэн жорлонг Монголын хүн амын гуравны хоёроос илүү хувь нь хэрэглэж байна. Гүн ухсан нүхэнд ялгадсыг цуглуулснаар байгаль орчныг бохирдуулаад зогсохгүй, халдварт өвчин, бэртэл гэмтэл, нас баралтын шалтгаан болж байна.
Засгийн газар, ашгийн бус байгууллагууд, нийгэмд ээлтэй бизнесүүдийн санал болгож буй шинэ технологийн ачаар илүү аюулгүй бие засах газрын сонголт нэмэгдсээр байна. Гэвч иргэд жорлонгийн талаар ярихаас ичдэг, санхүүгийн боломж тааруу зэргээс шалтгаалан ихэнх монголчууд жорлонгоо өөрчилж чадахгүй байна.
Тэсгим хүйтэн өвөлтэй, хүн ам тархан суурьшсан Монгол улс нь ариун цэврийн байгууламжийн хүртээмж муутай улсуудын нэг гэж Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сан болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2020 оны тайланд дурджээ. Ихэнх өрхүүд төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй тул устай жорлон ашиглах боломжгүй.
2015 онд Стандартчиллын үндэсний зөвлөлөөс ариун цэврийн байгууламжийн шинэ стандартыг баталсан ба агааржуулагчтай, үнэр дарагчтай, гэрэлтэй, ялгадсыг соруулдаг, аюулгүй стандарттай байхаар тусгасан. Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эмнэлэг, сургууль, дотуур байрнуудын нүхэн жорлонг шинэчлэхэд 124 тэрбум гаруй төгрөг төсөвлөжээ.
Сайжруулсан буюу эко жорлонгууд нь ялгадсыг соруулдаг, зарим нь өтгөн, шингэнийг тусад нь ялгадаг, мөн агааржуулах хоолойтой учир өмхий үнэр бага, хөрсний бохирдлоос сэргийлэх тустай аж. Гэвч сүүлийн үеийн эко жорлон нь уламжлалт нүхэн жорлонгоос хоёр дахин үнэтэй ба хэрхэн ашиглах тухай сургалтад хүмүүс хамрагдахаас гадна арчилгаа тордлого их шаарддаг байна.
Үүнээс гадна иргэд жорлонгийн талаар ярихаас зайлсхийж, ичдэг явдал нь асуудлыг улам хүндрүүлж байна.
2017 онд эхэлсэн “Жорлонгоо өөрчилье” төслийн хүрээнд жорлон гэх хаалттай сэдвийг хөндөж, улс даяар 20 мянга гаруй иргэнийг сургалтад хамруулжээ.
“Энэ ажлыг эхлүүлээд явж байхад хүмүүс жорлон гэдэг үгийг хүртэл хэлж чаддаггүй, инээлдээд шоолдог байсан” хэмээн уг кампанит ажлыг зохион байгуулагч “Мини шийдэл” хоршооны гүйцэтгэх захирал Раднаажавын Отгончимэг хэлсэн. Одоо нэгэнт монголчууд энэ сэдвийн талаар ярихдаа сэжиглэж, цэрвэхээ больсон тул нийтийн эрүүл мэндийн хөтөлбөрүүд нүхэн жорлонгийн аюул, эрсдэлийг таниулж, өөр бусад төрлийн жорлонгийн ашиг тусын талаар иргэдэд тайлбарлаж, ойлгуулж байна.
Тэд Монголын нөхцөлд тохирох 20 гаруй жорлонгийн загварыг туршиж үзээд ус хэрэглэхгүй, өтгөн шингэн нь тусдаа саванд ордог, модны үртэс ашигладаг Финландын “Биолан” нэртэй эко жорлонг сонгосон. 2020 оноос хойш 800 мянга орчим төгрөгийн үнэтэй уг жорлонг 750 айлд суурилуулсны ихэнх нь Улаанбаатарын айлууд байна. “Мини шийдэл” хоршоо нь жорлонгоо өөрчилье гэсэн хүн бүрд хүртээмжтэй байх зорилгоор хүүгүй зээл мөн санал болгодог.
“Ажил дөнгөж эхэлж байгаа ч бид үүнийг амжилт гэж харж байна” гэж Р.Отгончимэг хэлэв.
2015 онд үүсгэн байгуулагдсан Ус, ариун цэвэр, эрүүл ахуйн дэвшлийн төв төрийн бус байгууллага нь Улаанбаатар хотын 350, хөдөө орон нутгийн 100 айл, мөн 12 сургуулийн жорлонг 600 мянган төгрөгөөс 3 сая төгрөгийн үнэтэй сайжруулсан жорлонгоор сольж, шинэчилсэн. Төлбөрийн талаас илүү хувийг уг байгууллагын хандивлагчаас гаргадаг ба иргэд нүх ухах, бүхээг угсрах зэргээр гар бие оролцдог байна.
Эхэндээ бүх зардлыг нь гаргаад үнэгүй жорлон айлуудад өгсөн. Гэвч тухайн айл өрхүүд оролцоо муутай, хойрго хандаж байсан аж.
“Тэд жорлонг хайрлаж, гамнахгүй, арчилгаа үйлчилгээг хийдэггүй асуудал гарч байсан” хэмээн Ус, ариун цэвэр, эрүүл ахуйн дэвшлийн төв төрийн бус байгууллагын ариун цэврийн байгууламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Батжаргалын Шижиртуяа хэлээд “Өмнөх алдаанаас авсан нэг сургамж” гэв.
Нүхэн жорлонгийн өмхий үнэрээс залхсан Цэдэнсодномын Оюунсүрэн хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг бодон 2018 онд 2.5 сая төгрөгөөр эко жорлон худалдан авчээ.
“Энэ жорлон хаалгатай, түгжээтэй учраас том хүн байхгүй үед жаахан хүүхдээ жорлон руу орчих вий, уначих вий гэх айдас байхгүй” гэж тэрбээр хэлэв.
Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллээр 2017-2021 оны хооронд улсын хэмжээнд гэр хорооллын нүхэн жорлонд 38 хүн унаснаас 10 нь амь насаа алджээ. Амиа алдсан хүмүүсийн зургаа нь ес хүртэлх насны хүүхдүүд байна.
2021 оны гуравдугаар сард Архангай аймгийн Тариат суманд жирэмсэн эх нүхэн жорлонд төрсөн ба нярай нь 4 метр гүн жорлонд унасан байна. Хэсгийн төлөөлөгч Баатаржаргалын Халзан нярайг аварчээ.
“Заваан санагдаж жаахан сэжиглэж байсан, гэхдээ нярай хүүхэд сарвайчихсан уйлж байсан тул би хүүхдийг маш хурдан авах нь чухал гэж бодсон” гэж тэрбээр хэлэв.
Монголд хүүхдүүд нүхэн жорлонгоос үүдэлтэй бактерийн халдварт өвчинд ихээр өртдөг.
“Айлууд хашаандаа худаг гаргадаг, ногоо тарьдаг, яг хажууд нь нүхэн жорлон байж байдаг” хэмээн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Орчны эрүүл мэндийн албаны дарга Батбаатарын Сувд хэлээд “Орчин нь бохирдолтой, харин хүүхдүүдэд гараа угаах зан үйл дутмаг байдаг” гэв.
Нүхэн жорлон өвөл болохоор хөлдөж, зун хайлснаар хөрс, ундны усыг бохирдуулан, цусан суулга, гар хөл амны өвчин, сальмонеллёз зэрэг өвчин үүсгэдэг. Сүүлийн 10 жилд бүртгэгдсэн халдварт өвчний тохиолдлын 20 гаруй хувийг гэдэсний халдварт өвчин эзэлж байгаа бөгөөд 2018-2020 оны хооронд уг халдварын улмаас долоон хүн нас барсан тухай Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлсэн.
“Жорлонгоо өөрчилье” сургалтын үеэр нүхэн жорлонгоос үүдэлтэй аюулын талаар мэдээлэлтэй болсон Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэн Рагчаабазарын Амартүвшин Биолан загварын жорлонг хүүгүй зээлээр худалдан авчээ.
“Одоо бид бие засах гэж гадаа гарах шаардлагагүй, орон сууцанд амьдарч байгаа юм шиг л сайхан байдаг” гэж тэрбээр хэлэв.
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэн 41 настай, Өлзийбаярын Дэлгэрмаагийн долоон ам бүл нэг нүхэн жорлонтой. Эко жорлон авахыг хүсдэг ч цар тахлаас шалтгаалан санхүүгийн боломжгүй болсон тул нүхэн жорлонгоо ашигласаар байгаа аж.
“Өмнөх хоёр нүхэн жорлон дүүрсэн тул бид булаад, одоогийн жорлонгоо 2 жилийн өмнө барьсан” гэж тэрбээр хэлээд “Зуны улиралд нүхэн жорлонгоос үнэр их үнэртдэг тул үнэр дарагч, давс, халдваргүйтгэгч, машины тос зэргийг хийж үнэрийг нь дардаг, гэхдээ л үнэртээд байдаг” гэв.
Батсүхийн Одончимэг нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.
ОРЧУУЛГЫН ТЭМДЭГЛЭЛ
Бямбацогтын Номин, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан.