УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС — Нийслэл Улаанбаатар хотод барилгын 2 давхарт байрлах оёдлын цехэд оёдлын машины гишгүүр дээр ягаан углааш хэвтэнэ. Чанцалдуламын Чулуунцэцэгийн бугуйнд уяатай шахуу байдаг оёдлын хайч, туузан метр нь хажуу талын ширээн дээр байна.
Жил бүр тэмдэглэдэг Цагаан сарын баяраас хойш бараг хоёр сар өнгөрсөн ч баяраар хүмүүсийн өмсөх дуртай үндэсний дээл, уламжлалт хувцас урладаг эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд баярлах болоогүй байна. Хөрш Хятад улсад гарсан шинэ коронавирусийн халдвар тархахаас сэргийлж төрөөс энэ жилийн Цагаан сараар хүмүүс олноор цугларах, нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хоёрдугаар сард хориглосны дараа хил хааж, нийтийн тээврийн хэрэгслийг зогсоож, сургуулиудыг хаав. Дөрөвдүгээр сарын 16-ны байдлаар Монгол Улсад халдварын 31 тохиолдол бүртгэгдсэнээс таван хүн эдгэрсэн бөгөөд нэг ч хүн нас бараагүй байна.
Хөл хорио тогтоох магадлалтай байсан ч Чулуунцэцэгийн цехэд ажилладаг 8 оёдолчин хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд болсон үндэсний баярыг хүмүүс өргөнөөр тэмдэглэж магадгүй гэж бодоод 400 гаруй дээл оёжээ. Гэвч гуравдугаар сарын сүүлчээр тэдний цехэд 350 дээл өлгөөстэй хэвээр байна.
Чулуунцэцэг шиг оёдолчид болон хувцас захиалгаар оёдог хүмүүсийн хувьд бизнес нь ар араасаа зогсоход хүрч байна. Тэдний өмнө тулгамдаж буй асуудал нь Монгол даяар болж буй нийтлэг үзэгдэл бөгөөд жижиг бизнес эрхлэгчид жилд хамгийн завгүй ажилладаг үеэр хэрхэн алдагдалд орсноо тооцож сууна.
“Бид өмнө нь Цагаан сарын баяр тэмдэглэсний дараа долоо хоногийн дотор л ажилдаа буцаад орчихдог байсан” гэж Чулуунцэцэг хэлэв. “Гэвч би ажилтнууддаа цалинг нь өгч чадахгүй гэдгээ хэлээд гэрт нь хариулсан.”
Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас гуравдугаар сарын эхэнд явуулсан судалгаагаар хувиараа жижиг бизнес эрхлэгчдийн 90 гаруй хувь нь коронавирусээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь тэдний бизнест ихээхэн нөлөөлсөн гэжээ. Судалгаанд оролцогчдын бараг 60 хувь нь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт буурсан гэв.
Цагаан сар бол жил бүр тэмдэглэдэг Монголын томоохон баяруудын нэг билээ. Бүх ажилчид гурван өдөр цалинтай амралт авч, үзэсгэлэн худалдаа өргөн дэлгэрч, гэр бүлээрээ ёслол төгөлдөр тэмдэглэх нь уламжлалын нэг хэсэг юм. Энэхүү үндэсний баярын өдрөөс өмнө орлогынхоо дийлэнхийг олдог олон оёдолчин, захиалгаар хувцас оёдог хүмүүс ийнхүү Цагаан сар тэмдэглэхийг хориглосон нь тэдэнд хүнд туссан гэв.
Намсрайн Жавзмаа нь хорь гаруй жил дээл, үндэсний хувцас оёж, борлуулж байгаа оёдолчин юм. Хамгийн нийтлэг уламжлалт үндэсний хувцсыг “дээл” гэх бөгөөд туник, кафтантай төстэй хувцас юм.
“Амьдралдаа анх удаагаа би ингэж орлогогүй байж үзлээ” гэж Жавзмаа хэлэв. “Зөвхөн Цагаан сараар л гэхэд би 100 дээл зардаг байсан бол энэ жил ердөө гурав зарагдсан.”
Хоёрдугаар сарын эхэнд Жавзмаа Цагаан сард зориулсан үзэсгэлэн худалдааны нэг лангууг түрээслэхийн тулд 2.7 сая төгрөг ($973) төлжээ. Гэвч худалдааны тав дахь өдөр төрөөс бүх үзэсгэлэн худалдаа болон томоохон нийтийн арга хэмжээнүүдийг хориглосон байна. Одоо Жавзмаа охины хамтаар сард 300,000 төгрөгийн ($108) лангуу түрээсэлж байна. Тэд дээл, хувцас зарахын хажуугаар амны хаалт оёж зарж байна.
Чулуунцэцэгийн оёдлын цех жилд 60-100 сая төгрөгийн орлоготой ажилладаг ($21,000-$36,000). Гэвч 2020 оны одоогийн байдлаар цех зөвхөн 6 сая төгрөг ($2,161) олжээ.
Худалдааны лангууны эзэн түрээсээ 50%-иар бууруулсан ч бизнес нь дампуурсан гэж Чулуунцэцэг хэлэв.
Чулуунцэцэг 15 сая төгрөгийн ($5,400) зээлтэй учраас тэр. “Би Цагаан сарын үеэр бүрэн төлж дуусна гэж бодсон учраас мөнгө зээлсэн” гэв. “Энэ бүхэн дууссаны дараа төрөөс бидэнд хүүгүй зээл олгоосой гэж хүсэж байна” хэмээн тэрбээр хэллээ.
Монгол дахь санхүүгийн гол байгууллага болох Төв Банк зээлийн хүүг гурван сараар хойшлуулж, бодлогын хүүг 1%-иар бууруулсан байна.
Хувийн жижиг бизнесүүдийг хэрхэн дэмжих төлөвлөгөөний талаар тодорхой мэдээлэл өгөхөд хэт эрт байна гэдэг шалтгаанаар эрх мэдэл бүхий Монгол албан тушаалтнууд саналаа хэлэхээс татгалзав.
Гэвч төрөөс авахаар хэлэлцэгдэж буй зарим арга хэмжээ нь Монгол дахь хувийн жижиг бизнес эрхлэгчдэд аль хэдийнэ учирсан гарз хохирлыг арилгахад хангалтгүй гэдгийг эдийн засагчид сануулж байна.
Эдийн засагч, Үндэсний стратегийн хүрээлэнгийн захирал Баатаржавын Мөнхсоёл төрийн албан хаагчид төсвийг эн тэргүүнд хэрэгцээтэй хүмүүст зарцуулж чадахгүй байна гэж үзэж байгаагаа хэллээ.
Монголын домогт дайчин, удирдагч асан Чингис Хааны нэрэмжит үндэсний музейг ажиллуулах, хөшөө, соёлын төвүүдийн барилга байшинг барих зэрэг “үр өгөөж багатай үйл ажиллагаанд маш их мөнгө хуваарилдаг” гэж Мөнхсоёл хэлэв. “Үүний оронд жижиг, дунд бизнесүүд болон бизнес эрхлэгчдэд бодлогоор төсөвлөх ёстой.”
Чулуунцэцэгийн адил оёдолчид төрөөс шууд дэмжлэг үзүүлэхгүй бол тэд үүд хаалгаа бүрмөсөн хаахаас өөр аргагүй байдалд хүрнэ хэмээн санаа зовниж байна.
“Манай найман оёдолчин ажлын байраа алдвал тэдний гэр бүл, үр хүүхэд нь зовох болно” гэж Чулуунцэцэг хэлэв.