Mongolia

Ээжүүдийн энгэрт тэмдэг гялалзана – Ёс заншил ард үлдэх үү

Монгол Улс Жендэрийн эрх тэгш байдлын төлөө ахиц гаргаж байгаа хэдий ч олон хүү дараалан төрүүлсэн эмэгтэйчүүдэд зориулсан хүндэтгэлийн цэнгүүн зохион байгуулагдсаар байна. Зарим тохиолдолд орон нутгийн төрийн байгууллагаас тэдгээр арга хэмжээг дэмжих нь бий.

Read this story in

Publication Date

Medals for Mothers — a Tradition Under Threat

БАТСҮХИЙН ОДОНЧИМЭГ, ГПЖ МОНГОЛ УЛС

Дөрвөн хүү дараалан төрүүлж, Дархан бэрийн тэмдэг хүртсэн Энхтуяагийн Өнөргэрэл гурван хүүгийн хамтаар тоглож байна. Батхишигийн Баасанбаяр, 12 настай, баруун гар талд, ихэр хөвгүүд болох Батхишигийн Түвшинбаяр, Батхишигийн Төгсбаяр, 8 настай.

Publication Date

Монгол Улс, Архангай аймаг, Эрдэнэбулган сум – Энхтуяагийн Өнөргэрэл дөрвөн хүү дараалан төрүүлснээрээ бахархдаг бөгөөд өргөмжлөл, тэмдэг хүртсэн нэгэн юм.

Хоёр хүү төрүүлээд, удаах төрөлтөөрөө ихэр хөвгүүдтэй болсон Э.Өнөргэрэл “Дархан бэр” цолыг хүндэтгэлтэйгээр хүртжээ. “Дархан бэр” гэдэг нь гурван хүү дараалан төрүүлсэн эхийг хүндэтгэн нэрлэдэг монгол уламжлал аж.

Дархан бэр болсон монгол эхчүүд гэр бүлдээ ихээхэн хүндлэгдсээр ирсэн. Гэвч сүүлийн жилүүдэд энэхүү уламжлал гэр бүлийн хүндлэлийн хүрээнээс хальж, эхчүүд тусгай арга хэмжээнд оролцон тэмдэг, өргөмжлөл авч, гэр бүл болон найз нөхдийнхөө хамт тэмдэглэдэг болтлоо өргөжжээ.

Харин хүний эрхийн тэмцэгчид уг уламжлал нь эмэгтэйчүүдийг төрүүлсэн хүүхдийнх нь хүйсээр, мөн хүүхэд төрүүлэх боломжгүй эсвэл хүүхэд төрүүлэхгүй байх сонголт гаргаснаар нь ялгаварлан гадуурхаж, Монгол Улсын Үндсэн хууль болон Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг зөрчиж байна хэмээн эсэргүүцэж байна. Бас тэд зарим нутгийн захиргааны байгууллагууд татвар төлөгчдийн мөнгөөр тэмдэг, өргөмжлөл хэвлүүлж тараах, найр цэнгүүн зохиох зэргээр холбогдож байгаад шүүмжлэлтэй хандаж байна.

expand image
expand slideshow

БАТСҮХИЙН ОДОНЧИМЭГ, ГПЖ МОНГОЛ УЛС

Энхтуяагийн Өнөргэрэл хоёр хүү дараалан төрүүлээд, удаах төрөлтөөрөө ихэр хөвгүүдтэй болсноор Дархан бэр тэмдэг, өргөмжлөлийг хүртсэн. Дархан бэр болсноор цэцэрлэгийн багш ажилтай түүнийг ажлынхан нь ихэд хүндэтгэх болжээ.

Уламжлалт эцгийн эрхт ёсны хэм хэмжээ нь Монголын нийгэмд эмэгтэйчүүдийг ар гэрийн ажил амжуулж, хүүхэд төрүүлдөг үүргээр хязгаарлаж, зарим талаар үнэ цэнгүйдүүлж байна. Энэ нь ялангуяа эрэгтэйчүүд мал, өмч хөрөнгөдөө эзэн болж, эмэгтэйчүүд гэртээ сууж, үр хүүхдээ өсгөдөг нүүдлийн аж ахуйт нийгэмд ажиглагддаг. Эдгээр хэм хэмжээг ар гэрийн хүрээнд баримталсан хэвээр байгаа тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сангийн 2020 оны Гэр бүл, эцэг, жендэрийн өөрчлөлтийн удирдамжид дурджээ.

Жендэрийн хэвшмэл ойлголтоос татгалзах зорилготойгоор засгийн газрын харьяа байгууллага болох Жендэрийн үндэсний хорооноос олон удаагийн нөлөөллийн аяныг зохион байгуулсаар ирсэн. Хамгийн сүүлд 2022 оны гуравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл “Харилцан хүндэтгэе” аяныг өрнүүлсэн ба үүнд 167 байгууллага хамтран оролцож, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг эрх тэгш байдлаар хүлээн авдаг нийгмийг бүтээхийн төлөө дуу хоолойгоо хүргэсэн.

Гэвч Монголын нийгэм хөвгүүдийг охидоос илүүд авч үздэг явдал оршин тогтносоор байна. Сундуйсүрэнгийн Нэргүйг гурав дахь хүүгээ төрүүлсний дараа хүндэтгэлийн арга хэмжээний үеэр хадам ээж нь Дархан бэр тэмдгийг түүний энгэрт зүүж өгчээ. С.Нэргүйд хадам ээж нь үр удмаа бататгаж хамгаалсанд баярлалаа гэж хэлэхэд сэтгэл хөдөлж хамтдаа уйлсан тухайгаа тэрээр дурсан ярьсан юм.

Архангай аймгийн Эрүүл мэндийн газарт үйлчлэгч хийдэг С.Нэргүйн хэлж буйгаар түүнийг дөрвөн хүү төрүүлж, Дархан бэр цол авснаас хойш хамт ажилладаг хүмүүс нь илүү хүндэтгэж, өөрөөс нь ахмад хүмүүс өмнүүр нь хөндлөн гарахгүй хүлээгээд зогсчихдог болсон гэв.

“Дархан бэр өргөмжлөл авснаар надад хүндэтгэл маш их мэдрэгдсэн” гэж С.Нэргүй хэллээ.

expand image
expand slideshow

БАТСҮХИЙН ОДОНЧИМЭГ, ГПЖ МОНГОЛ УЛС

Сундуйсүрэнгийн Нэргүй дөрвөн хүү төрүүлсэн. Отгон хүү, 3 настай Намхайнямбуугийн Очир-Эрдэнийг өвөр дээрээ суулгажээ. Дархан бэрээр өргөмжлөгдсөнөөсөө хойш тэрээр илүү их хүндэтгэл мэдрэх болсон гэж байв.

Дархан бэр өргөмжлөх үйл ажиллагааг зохион байгуулдаг төрийн бус байгууллагуудын нэг болох Монголын Дархан ээжүүдийн холбооны тэргүүн Гомбосүрэнгийн Баянжаргал энэхүү цэнгүүнийг 2010 оноос хойш хийж байгаагаа хэлсэн юм. Энэхүү арга хэмжээг ихэвчлэн гуравдугаар сарын 8-ны Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, зургадугаар сарын 1-ний Хүүхдийн баярын өдөр зохион байгуулдаг аж.

Г.Баянжаргал 2020 онд гурван охин дараалан төрүүлсэн эхчүүдэд зориулан “Уран бэр” өргөмжлөх цэнгүүнийг санаачлан зохион байгуулжээ. Одоогоор тус холбоо 3,000 эхийг Дархан бэр, 200 эхийг Уран бэрээр өргөмжлөөд байна. Гэвч “Уран бэрүүд” Дархан бэр болсон эхчүүдтэй эн тэнцүү хүндлэл хүртдэггүй.

Аюулгүй байдалд нь сөргөөр нөлөөлж болзошгүй тул бүтэн нэрээ нууцалсан Оюун бол гурван охины ээж. Хүү төрүүлсэнгүй хэмээн хадмууд нь түүнд ялгавартай ханддаг гэж тэр хэлэв. Тэрээр мөн давс ихтэй хүнс хэрэглэх нь хүү төрүүлэхэд тустай гэж итгэн хүүхдийнхээ хүйсэд нөлөөлөхийг оролдож байжээ.

“Хүү төрүүлсэн бол адилхан хандах байсан байх, гэхдээ охин байлаа гээд ямар ялгаатай юм” гэж Оюун хэллээ.

Энэхүү цол, шагнал нь нийгэмд ач холбогдолгүй тухай Улаанбаатар хот дахь жендэрийн эрх тэгш байдлын төлөө тэмцдэг Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд байгууллагын үүсгэн байгуулагч Батхуягийн Золзаяа хэлсэн юм. Б.Золзаяагийн хувьд эдгээр арга хэмжээнд төрөөс оролцож байгаа асуудлыг шүүмжилж байна. Орон нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд тэмдэг, өргөмжлөл хэвлүүлж, найр цэнгүүн зохион байгуулах нь төрөх эмнэлгийн орчин, хүүхдийн сургууль, цэцэрлэг, тоглоомын талбайг сайжруулахаас илүүтэйгээр сонгууль урьтаад хийж болох амар ажил болсон тухай тэрээр хэлэв.

expand image
expand slideshow

БАТСҮХИЙН ОДОНЧИМЭГ, ГПЖ МОНГОЛ УЛС

Баруун гар талаас Цэрэндоржийн Дэлгэр, Цэрэнжамцын Мөнгөнзул, Дархан бэр өргөмжлөлт Гэлэгшаравын Лхагвасүрэн, Цэрэнжамцын Мөнхтамир нар Монголын эмэгтэйчүүдийн холбооны Архангай аймаг дахь салбараас зохион байгуулсан “Илүү сайхан ирээдүйн төлөө” арга хэмжээнд оролцож байна.

Зарим орон нутгийн төрийн байгууллагууд дархан бэр өргөмжлөх арга хэмжээнд оролцож байгаатай холбогдуулан Жендэрийн үндэсний хорооноос төрийн бүх шатны байгууллагууд үүнд оролцохыг хориглосон зөвлөмжийг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлжээ.

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас тодруулахад бидэнд тайлбар өгөхөөс татгалзсан.

Зарим орон нутгийн төрийн байгууллагууд өөрсдийн вэбсайт дээрээ Дархан бэр өргөмжлөх цэнгүүнд оролцож байгаагаа сурталчилсан байв. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Эрдэнэчимэгийн Хишигсүрэнгийн хэлснээр энэхүү арга хэмжээнд орон нутгаас мөнгө зарцуулдаг бөгөөд эмэгтэй хүүхэдтэй эхийг ялгаварлан гадуурхаагүй, мөн хууль зөрчсөн зүйл байхгүй гэж бодож байгаагаа илэрхийлээд “Монголынхоо ёс уламжлалыг үргэлжлүүлж таниулах зорилгоор, дээр нь иргэдийн хүсэлтээр энэ шагналыг өгч байгаа” гэв.

Засгийн газрын агентлаг болох Хүний эрхийн үндэсний комиссоос үүнийг хүний эрхийн зөрчил гэж үзэж байгаа учраас энэ жил арга хэмжээ зохион байгуулахаа зогсоосон тухай  Э.Хишигсүрэн хэлээд, арга хэмжээг дахин сэргээж, үргэлжлүүлэх тухай шийдвэрийг эцэслэн гаргаагүй байгаа гэсэн юм.

Хүний эрхийн Үндэсний Комиссын Архангай аймаг дахь салбарын ажилтан Сүхбатын Мөнгөнзаяа хэлэхдээ дархан бэр, уран бэр өргөмжлөх асуудал нь хүний эрхийн зөрчил болоод зогсохгүй ялгаварлан гадуурхалт юм, учир нь эмэгтэйчүүдийг “3 эрэгтэй, 3 эмэгтэй хүүхэд төрүүлсэн гэдгээр ялгаж байна” гэв.

Харин цэцэрлэгийн багш, Дархан бэр Э.Өнөргэрэл энэхүү цолондоо ихээхэн ач холбогдол өгч байна. Тэрээр “төр түшилцэж, хил маналцах” дөрвөн хүүтэй гэдгээрээ бахархдаг бөгөөд Дархан бэрийн тэмдгээ итгэл төгс энгэртээ гялалзуулсаар байх болно гэлээ.

Батсүхийн Одончимэг нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.


ОРЧУУЛГЫН ТЭМДЭГЛЭЛ

Цэгмидийн Намуун, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан.