Mongolia

Унадаг дугуйн түгээмэл бус хэрэглээ ард хоцорч байна

Унадаг дугуйн дэд бүтэц сайн бүрдээгүйн улмаас иргэд төдийлөн дугуй унадаггүй байв. Гэвч цар тахлын үеэр монголчууд унадаг дугуйн давуу талыг ашиглах болжээ.

Read this story in

Publication Date

Cycling, Once Unpopular, Finally Goes Mainstream

Хөхнохойгийн Хорлоо, ГПЖ Монгол

Доржсүрэнгийн Эрдэнэболор унадаг дугуй засварын газрынхаа гадаа дугуй засч байна.

Publication Date

Монгол Улс, Орхон аймаг, Эрдэнэт хот—Унадаг дугуй засдаг ажлынхаа завсар зайгаар хөлсөө арчин суух эрэгтэйг Доржсүрэнгийн Эрдэнэболор гэдэг.

Өдгөө 46 настай тэрээр жилийн өмнө дугуй засварын газар нээсэн бөгөөд дугуй унах иргэдийн эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр зав чөлөөгүй ажиллаж байна. Засч сэлбэсэн 10 орчим дугуй эзнээ хүлээн засварын газрын гадаа ярайтал жагсчээ.

Монгол Улсад хүмүүс дугуй унах нь маш ховор үзэгдэл байв. Замын нөхцөл байдал муу, тэр тусмаа өвөлдөө хальтаргаа, гулгаа ихтэй, цастай байдгаас дугуй унах явдал эрсдэлтэйд тооцогддог. Дугуйн зориулалтын зам ховор, хоорондоо хол зайтай байдгаас үүдэн дугуйгаар зорчигсод автомашин унаж яваа ууртай жолооч нарт дайруулах шахан явах нь бий. Мөн дугуйн найдвартай зогсоол ховор байдаг нь дугуйгаа хулгайд алдах шалтгаан болдог.

Эдгээр бэрхшээлүүдийг үл хайхран дугуй унах хүмүүсийн тоо цар тахлын үеэр огцом нэмэгджээ. Энэхүү үзэгдэл дэлхий дахинд ч ажиглагдсан юм. Монгол Улсын Засгийн газраас бүх нийтийн хөл хорио тогтоохдоо нийтийн тээврийн хэрэгслийг зогсоож, автомашин, автобус болон бусад тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглож байсан тул иргэд хүнсээ цуглуулах, ажилдаа явах зэрэгтээ дугуй унах явдал ихэссэн байна. Түүнчлэн, Эрүүл мэндийн яамнаас иргэдийг дугуй унах байдлаар дасгал хөдөлгөөн хийж, эрүүл мэнддээ анхаарахыг уриалж байв.

Д.Эрдэнэболорын үйл хэрэг амжилттай байна. Дугуй засвар ажиллуулж эхэлснээр түүний орлого нь огцом нэмэгдэж, гурван засварчин сурган авч ажлын байр бий болгов.

“Удахгүй би дугуй засварын сургалт явуулах гэж байгаа” гээд “Энэ хэцүү үед олон хүмүүсийг сургаж ажил амьдралтай нь золгуулбал сайхан шүү дээ” гэж инээмсэглэн хэлэв.

expand image
expand slideshow

Хөхнохойгийн Хорлоо, ГПЖ Монгол

Доржсүрэнгийн Эрдэнэболор үйлчлүүлэгчийн дугуйг засч өгч байгаа нь. Цар тахлын үеэр дугуй унах явдал нэмэгдэж, Д.Эрдэнэболорын бизнес орлого сайтай байна.

Орхон аймгийн Биеийн тамир, спортын газрын хэлж байгаагаар Монголд дугуй унадаг хүмүүсийн статистик, тоо байдаггүй аж. Гэхдээ унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцож буй хүмүүсийн тоо сүүлийн саруудад нэмэгдсэн тухай Орхон аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн зохицуулагч, багийн цагдаа Отгонболдын Мөнхчулуун хэлсэн юм.

“Өмнө нь дугуйтай хөдөлгөөнд оролцдог хүн бараг байгаагүй” гэж О.Мөнхчулуун хэлэв.

Бусад улс орнуудад төстэй давалгаа ажиглагджээ. 2020 онд дугуй унаж буй хүмүүсийн тоог 2019 оныхтой харьцуулахад Европын 11 улсад дунджаар 8 хувиар (амралтын өдрүүдэд 23 хувиар), АНУ-д 16 хувиар, амралтын өдрүүдэд 29 хувиар тус тус нэмэгдсэн. Унадаг дугуйны борлуулалт өсөж, олон зуун хотод дугуйн зам шинээр барьж, байгаа замуудаа тэлсэн байна. Олон хотод унадаг дугуйны зогсоол суурилуулж, дугуй түрээс болон засварын төлбөрт татаас олгох болжээ.

Монгол Улсад ч мөн адил шинэчлэл хийгдэж байна. Дугуй унах иргэдийн тоо нэмэгдэж байгаа тул улс даяар дугуйн зам, зогсоол шат дараатайгаар хийхээр төлөвлөж буйг Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Доржготовын Хан-Уул хэлсэн.

Нийслэл Улаанбаатар хотод гэхэд л ойрын таван жилд 160 гаруй км (100 миль) урттай зам тавьж, камержуулсан хяналттай дугуйн зогсоол 70-ыг барихаар төлөвлөж байна. Унадаг дугуйтай иргэд Замын цагдаагийн газарт бүртгэлтэй болох боломжтой болно.

expand image
expand slideshow

Хөхнохойгийн Хорлоо, ГПЖ Монгол

Орхон аймгийн Засаг даргын тамгын газар ажилчдынхаа хүсэлтийг хүлээж авч дугуйн зогсоол хийжээ.

Зарим банк, худалдааны төвүүд болон ерөнхий боловсролын сургуулиуд, төрийн өмчит байгууллагууд унадаг дугуйтай иргэдийг дэмжиж өөрсдийн санаачилгуудыг хэрэгжүүлж эхлээд байна. Жишээ дурдвал, Орхон аймгийн Засаг даргын тамгын газар унадаг дугуйгаар ажилдаа ирдэг албан хаагч нарынхаа хүсэлтийн дагуу дугуйн зогсоол хийжээ. Дугуйн зогсоолтой болсноор илүү олон ажилтан дугуй унах болсон байна.

“Дугуй унах боломж нөхцөлийг нь хангаж өгөх нь чухал байна” гэж Орхон аймгийн Биеийн тамир, спортын газрын биеийн тамир, чийрэгжүүлэлт хариуцсан ахлах мэргэжилтэн Дэмбэрэлсүрэнгийн Одгэрэл хэллээ.

Тус газраас Орхон аймагт албан ёсны дугуйн замтай болохоор ярилцаж байгаа бөгөөд Д.Одгэрэлийн хэлснээр ойрын нэг, хоёр жилийн хугацаанд дугуйн замтай болохоор ажиллаж байгаа гэв.

Энэ нь Унадаг дугуйчдын холбооны дарга Билэгсайханы Батхуяг зэрэг дугуй унадаг иргэдийн хувьд сайхан мэдээ юм.

“Зориулалтын дугуйн замтай болчихвол хүн бүр айх айдасгүйгээр дугуй унах боломжтой болно” гэж тэрээр хэлэв.

Хөхнохойгийн Хорлоо нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.


ОРЧУУЛГЫН ТЭМДЭГЛЭЛ

Цэгмидийн Намуун, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан.