Mongolia

Коронавирусын халдвар газар авч, эмч, сувилагч нар цалин хөлсөө нэмүүлэхээр тэмцэж байна

Монгол Улс цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээрээ олон улсад сайн жишээ болж байв. Гэвч өдгөө эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж, эрүүл мэндийн ажилтнууд хийж буй хөдөлмөрөө шударга үнэлүүлж чадахгүй байгаагаа илэрхийлж байна.

Read this story in

Publication Date

As Coronavirus Surges, Doctors and Nurses Fight for Better Pay

Батсүхийн Одончимэг, ГПЖ Монгол Улс

Эмч Лхамхүүгийн Хажидмаа (зүүн талд), сувилагч Батжаргалын Батцэцэг нар КОВИД-19 халдвараар өвдсөн иргэдэд гэрээр тусламж үйлчилгээ үзүүлэхээр явж байна.

Publication Date

Монгол Улс, Архангай аймаг, Эрдэнэбулган сум — Хятад улсад коронавирусын цар тахал дэгдэж эхлэх үед Монгол Улсын Засгийн газар шуурхай арга хэмжээ авсан. Монгол Улс 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн урд хилээ хааж, улс даяар хөл хорьж, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн зогсоож, улмаар амны хаалт зүүх, гараа тогтмол угаах, зай барих зэрэг тодорхой зааварчилгааг олон нийтэд өгч эхэлсэн юм. Ийнхүү 10 орчим сарын хугацаанд коронавирусыг дотоодод тархаалгүй хязгаарласан Монгол Улсыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сайшааж байлаа.

“Нас баралтын тоо 0, дотоодын халдваргүй Монгол Улсад #КОВИД19-ийн эсрэг хариу арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж байгаад баяр хүргэе” хэмээн ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхээр Твиттерийн хуудаснаа жиргэж байв. “Эв нэгдэлтэйгээр нийгмийн эрүүл мэндийн зөвлөмжийг сайтар баримталж, вирусын халдвараас сэргийлэх үлгэр дуурайл болж буй Монголын ард түмэнд талархал илэрхийлж байна” гэжээ.

Гэвч тухайн сарын сүүлээр Монголд дотоодын халдварын анхны тохиолдол бүртгэгдэв. Түүнээс хойш тохиолдлын тоо эрс нэмэгдсэн нь засгийн газраас хөл хориог сулруулж, тавдугаар сард ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг олон нийтийг хамруулан зохион байгуулсантай холбоотой. Гуравдугаар сард улсын хэмжээнд өдөрт 100 орчим халдварын тохиолдол бүртгэгдэж байлаа. Харин зургаадугаар сар гэхэд энэ тоо 2,000 давах болов.

Монгол Улсын эрүүл мэндийн салбар төсөв багатай, тэр дундаа орон нутагт эмнэлгийн зарим үйлчилгээг чанартай үзүүлэх боломж хязгаарлагдмал байсаар ирсэн. Өдгөө коронавирусын халдвар эрс нэмэгдэхийн хэрээр эрүүл мэндийн салбар туйлдаж, эмч, сувилагч нар ядарч цуцаж, эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд эм тариа, тоног төхөөрөмжийн хомсдолтой тэмцэж байна.

Иргэдийг бүрэн вакцинжуулахаас өмнө хөл хорионы арга хэмжээг сулласан нь өвчлөл нэмэгдэхэд нөлөөлсөн тухай Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Батсүхийн Буянтогтох хэлээд “Бид вакцины үр дүнг хараахан үзээгүй байхдаа хөл хориог сулруулсан нь халдварын тоог нэмэх гол шалтгаан болсон” гэв.

Коронавирусын халдвараас үүдэн Монгол дахь эмч, сувилагч нарын ажлын нөхцөл, ачаалал эрс хүндэрсэн байна.

expand image
expand slideshow

Батсүхийн Одончимэг, ГПЖ Монгол Улс

Эмч Чимэддоржийн Ариунжаргал жирэмсэн эхэд хэт авиан оношилгоо хийж байна.

Улсын эмнэлгүүд мэс заслын багаж хэрэгсэл, хагалгааны хувцас зэргийг тогтмол шинэчлэх санхүүгийн чадавхигүй учир хуучнаа дахин ашиглах явдал байдаг тухай Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч Чимэддоржийн Ариунжаргал ярилаа.

Тэрээр “Нэг удаагийн хэрэгслийг ариутгаад дахин хэрэглэдэг асуудал нийтлэг байдаг” гэсэн юм.

Коронавирусын халдвараар өвдсөн хүмүүсийн тоо нэмэгдсэнээр эмнэлгийн ажилтнуудын ачаалал ихсэж байгааг мөн хэлээд, “Одоо эрүүл мэндийн салбарынхан туйлдаж байна” гэв.

Эрүүл мэндийн салбарын ажиллагсад цалингаа нэмүүлэх хүсэлт, шаардлага тавьдаг хэдий ч тухайн асуудал бүрэн шийдэгддэггүйд сэтгэл дундуур байдаг. Өдгөө тэдний ачаалал ихэссэн ч цалин нь нэмэгдээгүй бөгөөд сүүлийн 20 жилийн турш төрийн байгууллагын ажилтнуудын дундаж цалингаас доогуур үзүүлэлттэй байсаар иржээ. Үндэсний статистикийн газрын мэдээлснээр 2021 оны эхний улиралд төрийн байгууллагын ажилтнуудын дундаж цалин 1.3 сая төгрөг (456 ам.доллар), харин эрүүл мэндийн салбарын ажилчдынх 1.1 сая төгрөг (386 ам.доллар) байна.

“Энэ хүнд нөхцөлд ажиллаж байгаа ажилчид маань хийсэн хөдөлмөртөө тохирсон цалин хөлсийг авч чадахгүй байна” хэмээн Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны орлогч дарга Чагнаагийн Нарантуяа хэлэв.

Гуравдугаар сард энэхүү холбооноос эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг хоёр дахин нэмэх, мөн коронавирусын халдварын голомтот бүсэд өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа ажилтнуудад нэмэлт нөхөн төлбөр олгуулах тухай шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн ч шийдвэртэй хариу өгөөгүй байна. Тиймээс зургаадугаар сард эрүүл мэндийн салбарын 20,000 ажилтны гарын үсэг бүхий цалин нэмүүлэх шаардлага, мэдэгдлийг дахин хүргүүлжээ.. Энэ нь тус улс дахь эрүүл мэндийн салбарын нийт 54,000 ажилтны тал орчим хувь юм.

expand image
expand slideshow

Батсүхийн Одончимэг, ГПЖ Монгол Улс

Эмч Лхамхүүгийн Хажидмаа, сувилагч Батжаргалын Батцэцэг нар өвчтөнүүдийг гэрээр үзэж, эмчлэхээр явж байна.

Засгийн газрын хуралдаанаар эмнэлгийн ажилчдын цалин нэмэх асуудлыг хэлэлцээд халдварын голомтонд ажиллаж байгаа эмч, ажилтнуудад 2 сая төгрөг (700 ам. доллар), бусад ажиллагсдад 1 сая төгрөг (350 ам.доллар)-ийн мөнгөн урамшууллыг нэг удаа олгохоор шийдвэрлэсэн.

Гэвч эрүүл мэндийн салбарын ажилтнууд энэхүү шийдвэрийг эрс эсэргүүцэж, нэг удаагийн урамшууллаар асуудлыг аргалж болохгүй хэмээн үзэв. Хэрэв Засгийн газраас эрүүл мэндийн салбарын ажилчдын дундаж цалинг хоёр дахин нэмэхгүй бол ажил хаялт зарлах тухай Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдэгджээ.

Эрүүл мэндийн яамнаас улсын эмнэлгийн эмч, ажилтнуудын ачааллыг бууруулахын тулд хувийн хэвшлийн эмнэлгүүдийг хүний нөөц болон тоног төхөөрөмжийн хамт дайчлан ажиллуулсан. Засгийн газраас нарийн мэргэжил эзэмшихээр сурч байгаа резидент эмч нарын суралцах хугацааг богиносгож, шинэ төгсөгч эмч нарыг ажлын байраар хангаж байна.

Цар тахлын үеийн тусламж үйлчилгээнд шаардлагатай амьсгалын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч зэрэг тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлсэн тухай ЭМЯ-ны төлөөлөл Буянтогтох ярьсан юм.

“Монгол Улсын эрүүл мэндийн салбарт үзүүлж байгаа тусламж, үйлчилгээ ямар нэгэн байдлаар тоног төхөөрөмжийн дутагдалд нэг их айхтар орчихсон юм бол байхгүй” хэмээн тэрбээр хэлсэн.

Гэсэн хэдий ч цалин хөлсний асуудал үргэлжилсээр.

expand image
expand slideshow

Хөхнохойгийн Хорлоо, ГПЖ Монгол Улс

Эмч, сувилагч нар болон эрүүл мэндийн салбарын ажилтнууд цалин нэмэхийг шаардаж, долоодугаар сарын 8-ны өдөр Эрдэнэт хотод Орхон аймгийн ЗДТГ-ын гадаа тайван суулт хийж байна.

Эрүүл мэндийн салбарын ажилтнууд долоодугаар сарын эхэнд нэг долоо хоногийн хугацаанд Засгийн газрын ордны гадаах талбайд суулт зарлаж, цалингийн хэмжээгээ нэмүүлэхийг шаардсан. Орон даяар эмч, сувилагч, эрүүл мэндийн салбарын ажилтнууд оршин суугаа газартаа дуу хоолойгоо нэгтгэн хүч нэмж байлаа. Суултын үр дүнд Засгийн газрын зүгээс эрүүл мэндийн ажилтнуудад халдварын бүс харгалзалгүйгээр ажилтан тус бүрд 1.4 сая төгрөгийн (490 ам. доллар) урамшууллыг олгохоор болов.

Гэвч эрүүл мэндийн ажилтнууд цалин нэмүүлэх шаардлага дээрээ бат зогссон хэвээр байна.

Тиймээс Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран ажиллаж, цалин нэмэх асуудлыг судалж, хэлэлцээр хийх ажлын хэсгийг байгуулжээ.

“Цалин нэмэх шаардлага дээр Эрүүл мэндийн яам санал нэгтэй байна” гээд, энэхүү асуудлыг нааштайгаар шийдвэрлэхээр эмч нартай ярилцаж байгаа тухай Буянтогтох хэлэв. Гэхдээ цалингийн хэмжээг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газраас эрүүл мэндийн салбарын төсөв болон эмнэлгийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн даатгалын зардлыг өсгөх хэрэгтэй болно.

Эрүүл мэндийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх нь нэг шийдэл хэдий ч олон улсын жишигтэй харьцуулахад хангалтгүй гэдгийг Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн Нарантуяа хэллээ. Гэсэн ч холбооны зүгээс цалинг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагыг тавихаар шийджээ.

“Цар тахлын үед улс орны эдийн засгийн амьдрал хүнд байгаа гэдгийг салбарынхан ойлгож байгаа учраас хоёр дахин нэмэх санал гаргасан” гэж Нарантуяа хэлсэн юм.

Сурвалжлагч Батсүхийн Одончимэг нь тархвар судлаач эмч мэргэжилтэй, Архангай аймагт ажиллаж, амьдардаг. Тэрбээр 2020 оны дөрөвдүгээр сараас хойш эмчээр ажиллаагүй, Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны үйл ажиллагаанд оролцоогүй болно.

Сандагдоржийн Долгормаа нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.

Батсүхийн Одончимэг нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.


ОРЧУУЛГЫН ТЭМДЭГЛЭЛ

Цэгмидийн Намуун, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан.