Mongolia

Алба хаах гэж ирсэн болохоос амь насаа золих гэж ирээгүй: Монгол Улс цэргийн албан дахь яргаллын асуудлыг шийдэхээр ажиллаж байна

Цэргүүдийг дээд албан тушаалтнууд нь яргалж, дэгэлдэг байдал хэрээс хэтэрч, тэд хүнд бэртэх тэр бүү хэл амиа алдах тохиолдол гарч байна. Монгол Улс энэ асуудлыг шийдэхээр юу хийж буйтай танилцана уу.

Read this story in

Publication Date

Called to Serve, Not to Suffer: Mongolia Addresses Torture in Its Military Ranks

ЦОГХҮҮГИЙН УРАНЧИМЭГ, ГПЖ МОНГОЛ УЛС

Жаргалсайханы Баярцогтыг цэргийн алба хааж байх үед нь дарга нь яргалан шийтгэснээс болж хөдөлмөрийн чадвараа алдсан. Одоо тэрээр Улаанбаатар хотод шатахуун түгээх станцад ажилладаг.

Publication Date

МОНГОЛ УЛС, ДОРНОГОВЬ АЙМАГ, ЗҮҮНБАЯН — Нэгдүгээр сард жавар тачигнасан, дүн өвлийн шөнө Жаргалсайханы Баярцогт зэвсгийн агуулахын харуулд гарч байв. Тэрээр ээлж солилцох хугацаанаасаа таван минутын өмнө дулаацахаар дотогш оржээ.

2017 онд болсон энэ явдлыг харуулын дарга харж, Ж.Баярцогтыг бусад нөхдийн хамт яргалан, түүнийг насан туршид нь тахир дутуу болгож орхино гэж хэн санах билээ. Энэ бол олон жил үргэлжилсэн Монголын цэргийн албан дахь хүний эрхийн зөрчлийн нэг жишээ юм.

Ж.Баярцогтыг ээлжээсээ эрт буусныг харсан дэд ахлагч тухайн өдөр манаанд гарч байсан найман цэрэгт чармай шалдлах тушаал өгч, толгой, цээж рүү нь хүйтэн ус цацаж, газар цементэн дээр элгээр нь хэвтүүлэн дэглэж, алсад байрлах харуулын цамхаг руу гүйлгэжээ. Тэднийг эргэж ирсний дараа ар нуруу руу нь бууны сүмбээр ээлжлэн ороолгон зодож, цэргийн гутлаараа Ж.Баярцогтын хөлийн хуруунууд дээр заналтайгаар гишгэлээ. Тэр их өвдөлтийг тэсэлгүй түүний ухаан балартав.

Энэ явдлаас болж Баярцогт хөлийнхөө есөн хурууг тайруулж, тэнцвэртэй зогсох чадвараа алдаж, сэтгэл зүйн хувьд тогтвортой ажил эрхлэх боломжгүй болжээ. Зургаан жил өнгөрч 27 нас хүрсэн хэдий ч түүний хөл одоог хүртэл бүрэн эдгээгүй байна.

“Өвөлдөө хэчнээн сайн гутал өмссөн байлаа ч маш хурдан даардаг. Зуны улиралд хөлөрч зөөлрөөд, идээлж ус татаад байдаг. Одоог хүртэл бүрэн эдгээгүй” хэмээн тэрээр ярив.

ЦОГХҮҮГИЙН УРАНЧИМЭГ, ГПЖ МОНГОЛ УЛС

Дүн өвлийн хүйтэнд харуулын дарга нь гадаа удаан гүйлгэж, хөл дээр нь гишгэсний улмаас Жаргалсайханы Баярцогт хөлийн хуруунуудаа тайруулжээ. Тэрээр хөлөө нуухын тулд байнга оймс өмсдөг.

Монголд цэргийн албанд татагдсан цэргүүдэд дүрмийн бус шийтгэл ногдуулж, яргалдаг үзэгдэл түгээмэл тохиолддог. Хүний эрхийн үндэсний комиссын 2022 оны тайланд дурдсанаар сүүлийн арван жилд 468 гэмт хэрэг, зөрчил бүртгэгдэж, 44 цэрэг амиа алджээ. Цэргийн алба хаасан иргэдийн 45 хувь нь алба хааж байх үедээ бие махбодын хүчирхийлэлд өртөж, шийтгүүлсэн гэжээ. Ж.Баярцогтод тохиолдсон шиг харгис яргалал цэргийн албанд илэрч байсан тул Хүний эрхийн үндэсний комиссоос гэнэтийн шалгалт хийж, цэргийн албанд мэргэжлийн сэтгэл зүйчдийг ажиллуулахаар бэлтгэж эхэлсэн байна.

Алба хаасан цэргүүд болон тэдний гэр бүлийнхэн Глобал Пресс Жоурналд ярилцлага өгөхдөө цэргийн байгууллагуудад шинэчлэл хийх нэн шаардлагатай байгааг хэлсэн юм. Цэргийн ангиудад хяналт шалгалт муу, гомдол гаргах боломж хомс, шүгэл үлээсэн хүн эргээд удирдлагаараа шийтгүүлэх тохиолдол байдаг тухай тэд өгүүлсэн. Цэргийн албыг 18-27 насны бүх эрчүүд нэг жилийн хугацаатай хаах үүрэгтэй бөгөөд хил хамгаалах, зэвсэгт хүчин, дотоодын цэрэгт алба хаадаг байна. Энэ утгаараа цэргийн алба дахь хүний эрхийн зөрчилд олон хүн өртдөг гэсэн үг юм.

Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлэл авахаар хэд хэдэн удаа хандсан боловч хариу өгөхөөс татгалзсан. Гэхдээ Батлан хамгаалахын сайд Гүрсэдийн Сайханбаяр 2021 онд болсон хурлын үеэр эдгээр хүний эрхийн зөрчлийн асуудлыг хөндөн ярьжээ.
Тэрээр “Өнөөдөр хүмүүжил, төлөвшил, соёлгүй цөөхөн хэдэн офицер, удирдах бүрэлдэхүүн, цэргүүдтэй ажиллаж байгаа албан тушаалтнаас болж нийгэмд ямар том сенсац үүсэж, улмаар олон мянган ээжийн сэтгэлийг хямрааж, дээрээс нь 100 жилийн түүхтэй Зэвсэгт хүчний нэр хүндийг хэрхэн шороотой хутгаж болдгийг, асуудал ямар хэмжээнд хурцадсаныг харлаа” хэмээн онцлов.

expand image
expand slideshow

ГРАФИКИЙГ БЭЛТГЭСЭН МЭТТ ХЕЙНИ

Батболдын Эрдэнэбатын дүү 2019 онд цэрэгт татагджээ. Гэвч тэрээр гуравхан сарын дараа амиа алдсан байна.

Бүхий л дурсамж сэдэрч, гашуудал харамсал давхацсан тэр өдөр Б.Эрдэнэбат дүүгийнхээ цогцсыг авахаар Дорноговь аймаг руу явжээ. Тэрээр “Ламд үзүүлээд өнгө зөрөхөөр нь биеийг нь ороосон даавууг солих гээд өргөөдөхсөн чинь ар нуруу нь жигтэйхэн хар хүрэн болчихсон байсан” гээд “Нүд халтирам болсон байхыг хараад шоконд орсон” гэж хэлсэн.

Дүүг нь шийтгэж, яргалсан тухай Б.Эрдэнэбат өөрийн Фэйсбүүкт бичиж, зураг оруулжээ. Түүний пост олны анхаарлыг татаж, хоёр өмгөөлөгчийн тусламжтайгаар дүүг нь дахин задлан шинжилгээнд оруулахаар болсон байна.

“Би өөрөө харж байж л үнэн мөнийг нь олохгүй бол болохгүй гэж бодоод шүүх шинжилгээнд нь хамт орсон” гэж Б.Эрдэнэбат хэлээд “Хүнсний зах дээр малын мах яаж эвддэг билээ. Яг л тийм харахын эцэсгүй байсан” гэв.

Задлан шинжилгээгээр дүүгийнх нь уушгинд цус хурсны улмаас нас барсан нь тогтоогдсон. Цэргүүдийг хөнжил гудсыг нь үүрүүлж гүйлгэн, галуун цуваагаар алхуулан, бахардаад өвдөглөж унахад нь нэмж зодсоны улмаас дүү нь амиа алдсан гэдгийг тухайн үед хамт байсан цэргүүд Б.Эрдэнэбатад хэлжээ. Гэвч тэдгээр цэргүүдийн хэн нь ч албан ёсоор гомдол гаргаагүй.

Хүний эрхийн үндэсний комисс цэргийн албаны харгис яргаллын талаар 2006 онд анх мэдээлсэн ба үүнээс хойш тогтмол хяналт, шалгалт хийж иржээ. Гэвч хяналт, шалгалт төдийлөн үр дүнтэй байсангүй. 2021 онд хилийн цэргийн албан хаагчийн амь насыг дарга нь хороосон явдал олон нийтийг цочрооход, комиссоос дахин хяналт, шалгалт хийв.
Хүний эрхийн үндэсний комиссын тайланд цэргүүдийг яргалдаг олон хэлбэрийн талаар дурджээ. Тэднийг зодох, цагт нь унтуулахгүй байх, унтлагын цагаар сэрээх, хүссэн үед нь бие засуулахгүй байх зэргээр шийтгэдэг байна. Цэргүүд сэтгэл зүйн хувьд хүнд гэмтэл авдаг. “Цэргүүдийг хооронд нь үнсэлцүүлэх, майхны модон шон дээр бүжиглүүлэх гэх мэт үйлдэл гаргадаг байсан” талаар Ж.Баярцогт хэлсэн юм.

Мөн 25 цэрэг бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухай тайланд дурджээ.

Цэргүүдийн сэтгэл зүйд ярга дэг нь маш хүчтэй нөлөөлдөг. Тайланд дурдсанаар 2009-2021 хугацаат цэргийн албан хаагчид болон хуучин цэргүүдийн дунд амиа хорлосон таван тохиолдлын гурав нь цэргийн алба хаахтай холбоотой үүссэн сэтгэл гутралын хам шинжээс шалтгаалжээ.

expand image
expand slideshow

ГРАФИКИЙГ БЭЛТГЭСЭН МЭТТ ХЕЙНИ

Цэргийн албанд хүний эрхийн зөрчил их байгаа ч 2021 оныг дуустал гурван жилийн хугацаанд нэг ч цэрэг захирагч даргынхаа эсрэг албан ёсны гомдол гаргаагүй гэж тус комиссын тайланд дурдсан байна. Гэхдээ цэргийн алба хаасан 3 хүн тутмын 1 нь ямар нэгэн байдлаар гомдол гаргахыг хүсэж байсан гэжээ.

Цэргийн дүрэмд цэргүүд гомдол гаргахын тулд ангийн захирагч, даргын зөвшөөрөл авах шаардлагатай байдаг бөгөөд энэ нь эргээд шийтгүүлэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

“Одоо ашиглаж байгаа цэргийн дүрмийг судлахад хугацаат цэргийн алба хаагчид санал гомдол гаргах боломж тун ховор” хэмээн Үндэсний батлах хамгаалахын их сургуулийн зөвлөх профессор, хурандаа Гэрэлийн Мягмаржав хэлээд “Тиймээс цэргийн дүрэмдээ гомдол, санал, хүсэлтээ уламжилдаг болгох зүйл, заалт нэмэх талаар анхаарлаа хандуулах цаг болсон” гэв.

Өргөдөл гомдол гаргадаг цэргийг “Гоожуур” гэж хочлон бүгд дургүй байдаг тухай Ж.Баярцогт хэлэв. Цэргүүд тэсвэр хатуужилтай байх ёстой гэсэн хэвшмэл ойлголтын улмаас тэд бие махбодын хүчирхийллийг тодорхой хэмжээнд тэвчдэг тухай тэрбээр яриад “Хүн зовлонг даадаг юм байна лээ” гэв.

Ж.Баярцогт шударга ёсыг эрэлхийлэн цэргийн тогтолцооны гажуудлын эсрэг тэмцсэн нэгэн. Тэрээр өөрт тохиолдсон зүйлийн талаар Фэйсбүүкт нийтэлсэн нь цахим ертөнцөд тарж, тухайн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн улсаас өмгөөлөгч томилжээ. Шүүгч тэднийг дэглэсэн дэд ахлагчийг буруутайд тооцов.

expand image
expand slideshow

ЦОГХҮҮГИЙН УРАНЧИМЭГ, ГПЖ МОНГОЛ УЛС

Улаанбаатар хот дахь гэртээ Жаргалсайханы Баярцогт болон түүний гэргий Дашравдангийн Отгончимэг нар 8 сартай охин Энх-Үжингээ хооллож байна.

Таван хүүтэй Ренчиний Отгонцэцэг хүүхдүүдээ цэрэгт явуулахаас айдаг тухайгаа хэлсэн юм. Цэргийн яргаллын тухай тэрээр олон түүх сонсож байв. Одоогоос гучин жилийн өмнө түүний ах даргадаа зодуулж, гэртээ үхэл амьдралын зааг дээр хүнд өвчтэй халагдан ирж байжээ. Р.Отгонцэцэг 2019 онд Эрдэнэт хотод болсон Б.Эрдэнэбатын дүүд зориулсан гашуудлын “Лаатай цуглаан”-нд оролцсон байна.

2021 онд коронавирусийн цар тахлын үеэр том хүү нь цэрэгт татагдахад тэрээр хүүдээ ихэд санаа зовж байжээ. “Сэтгэл зүйн траума, гүн айдастай байсан хүн чинь эхний дөрвөн сар галзуурах шахсан” хэмээн тэрээр хэлэв.

Түүний хүү цэрэгт байх хугацаандаа шүд өвдсөн, даралт ихэссэн гэдэг шалтгаанаар хоёр ч удаа эмнэлэгт хэвтсэн байна. Хүү нь халагдаж ирээд юу болсон талаар гурван сар огт ам нээгээгүй.

“Миний хүүг унтуулж амраахгүй байнгын нойр муутай байлгаснаас болж толгой нь өвдөж, цээжээр нь хөндүүрлэж эхэлсэн байгаа юм” хэмээн Р.Отгонцэцэг ярив.

Батлан хамгаалах яам сургалтын тогтолцоогоо өөрчлөх шинэчлэх, хууль тогтоомжоо хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэх, шинээр боловсруулах шаардлагатай байгаа талаар Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Батзэвэгийн Энхболд хэлсэн. Цэргийн байгууллагууд дээрх арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө боловсруулж, комиссоос зургаан сар тутамд үйл явцыг шалгахаар болжээ.

“Цэргүүдэд өөрсдөд нь ямар ч тохиолдолд эрүү шүүлтэд өртөхгүй байх, ийм зүйл тохиолдвол заавал гомдол мэдээлэл гаргаж бүртгүүлэн дараа дараагийн арга хэмжээг авах боломжийг бий болгодог байх талаар хүний эрхийн сургалт сурталчилгааны ажлуудыг төлөвлөгөөнд тусгаад хуваарийн дагуу хийж байгаа” талаар Энхболд хэллээ.

Засгийн газраас сэтгэл зүйч, нийгмийн ажилтан бэлтгэх зорилгоор Улаанбаатар хотод Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль, Хил хамгаалах ерөнхий газарт “Цэргийн сэтгэл зүйч” бэлтгэж эхэлжээ. Эхний төгсөгчид энэ жил төгсөж, цэргийн албанд томилогдох юм.

expand image
expand slideshow

ЦОГХҮҮГИЙН УРАНЧИМЭГ, ГПЖ МОНГОЛ УЛС

Улаанбаатар хотод Жаргалсайханы Баярцогт охидын хамт тоглоомын талбайгаас гэр лүүгээ харьж явна. Охидынхоо төлөө сайхан амьдралыг бүтээхийг тэрээр хүсдэг.

Ж.Баярцогтын Фэйсбүүкт бичсэнийг хараад, олны танил нэгэн дуучин хандивын аян эхлүүлж, түүнд Улаанбаатар хотод хоёр өрөө байр авахад хүрэлцэхүйц 47 сая төгрөг цуглуулж өгчээ.

Түүний гэргий Дашравдангийн Отгончимэгийн хэлснээр цэргийн яргаллын хор нөлөө тэдний амьдралд одоо ч үргэлжилсээр байгаа аж. Түүний нөхөр байнга оймстой байдаг бөгөөд шөнө унтахдаа ч тайлдаггүй байна. Охин нь заримдаа тэднээс, “Ээжийн хөлийн хуруу 10 байхад аавын хуруу яагаад ийм байгаа юм бэ? Ёо ёо болсон юм уу?” гэж асуухад

“Нөхөр бид хоёр хэлэх үггүй болж эмзэглэдэг” гэж тэрээр хэлсэн юм.

Хөдөлмөрийн чадвараа алдсан Ж.Баярцогт үсчин, харуул хамгаалалтын ажилтан, худалдагч хийж үзсэн бөгөөд одоо шатахуун түгээх станцад ажиллаж байна.

Тэрбээр “Хэрвээ би эрүүл саруул байсан бол илүү сайхан ажил хийж, эхнэртээ илүү их түшиг тулгуур болох байсан. Ядаж л эрэмдэг зэрэмдгээрээ дуудуулахгүйгээр ажиллаж, сайхан амьдралын төлөө зүтгэх байлаа” хэмээн хэлэв.

Цогхүүгийн Уранчимэг нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.


ОРЧУУЛГЫН ТЭМДЭГЛЭЛ

Бямбацогтын Номин, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан.