Mongolia

Найман настай хүүхэд хурдан морь унах нь зүйтэй юу?

Эртний уламжлалт хурдан морины уралдаанд хүүхдүүд морь унах нь хөдөлмөрийн насны доод хязгаарыг зөрчсөн, аюултай үйлдэл юм.

Read this story in

Publication Date

Should an 8-Year-Old Be Allowed to Race a Horse?

Батсүхийн Одончимэг

Зүүн гар талаас есөн настай унаач хүү Баттулгын Өсөх-Эрдэнэ болон Буяндэлгэрийн Буянжаргал нар долдугаар сард Архангай аймгийн наадамд уралдахаар зэхэж байна.

Publication Date

МОНГОЛ УЛС, АРХАНГАЙ АЙМАГ, ӨРГӨӨТИЙН ТАЛ— Зургаан настайгаасаа хурдан морь унаж эхэлсэн 13 настай Мягмарсүрэнгийн Соёмбо удам дамжсан уяач аавын хүү. Тэрээр “Би моринд хайртай” хэмээн бахархалтайгаар хэлээд, “Салхи исгэртэл морин дэл дээр давхих гоё” гэлээ.

Тэрээр өнгөрсөн өвөл уралдаанд бэлдэж байх үедээ мориноос унаж, дунд чөмгөө хугалсны улмаас одоо доголж явдаг болжээ.

Тиймээс энэ жилийн наадамд М.Соёмбо хүү хүлгийн шандас сорих боломжгүй болсон байна. Монгол наадам анх МЭӨ II зуунд нэгдсэн төр байгуулагдсан үеэс үүссэн ба 1639 оноос хойш жил бүр тогтмол тэмдэглэж иржээ.

Олон улсад танигдсан энэхүү баяр наадмыг монголчууд “Эрийн гурван наадам” гэж нэрлэдэг ба бөхийн барилдаан, сурын харваа, хурдан морины уралдаанаас бүрдэнэ. Эдгээр нь хүч чадал, мэргэн ухаан, эр зоригийг бэлгэддэг байна. (Хэдийгээр эрийн гурван наадам гэх ч сурын харваа, хурдан морины уралдаанд охид, эмэгтэйчүүд оролцдог.)

Хурдан морины уралдааны үед морьд наснаасаа хамааран  өргөн талаар 12-26 километрийн зайд уралддаг. М.Соёмбо шиг 6-13 насны охид, хөвгүүд морьдыг унаж, зүрх зоригоо гайхуулдаг.

Морины нуруун дээр ачаалал бага өгөхийн тулд хурдны морьдоо уяачид бага насны хүүхдээр унуулдаг. Монгол Улсад хөдөлмөр эрхлэх насны доод хязгаарыг 16 нас гэж заасан ч наадамд наймаас доош насны хүүхэд хурдны морь унахыг хориглосон байдаг. Мөн өвөл морь уралдуулах, холын зайд бэлтгэл хийхийг хязгаарласан. Гэвч эдгээр журам байнга зөрчигддөг гэж хүний эрхийн тэмцэгчид хэлж байна.

Хөхнохойн Хорлоо, Батсүхийн Одончимэг

2010 онд Нэгдсэн Үндэстний байгууллагын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн Монгол наадмыг монголчууд “Эрийн гурван наадам” гэж нэрлэдэг ба бөхийн барилдаан, сурын харваа, хурдан морины уралдаанаас бүрдэнэ.

Зургаан настай хүүхдүүд одоо ч хурдан морь унаж буй тухай унаач хүүхдүүдийн гэр бүлийнхэн Глобал Пресс Жоурналд хэлсэн. Нэгдсэн Үндэстний Байгууллагаас хүүхдийг хурдны морь унуулахаар ажиллуулахгүй байх хүсэлтийг Монгол Улсын засгийн газарт өгсөн ба энэ нь “хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр” гэж тодорхойлжээ.

2020 оны байдлаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хурдан морь унаач албан ёсны бүртгэлтэй 13,100 хүүхэд байна. 1990-2019 оны хооронд хурдны морь унаж байгаад 40 хүүхэд нас барсан. 2021 оны эхээс хойш зургаан хүүхэд нас барж, 300 орчим хүүхэд уралдааны үеэр мориноос унаж бэртжээ.

Хурдан морийг өдөрт нэг удаа л уралдуулдаг, гэвч хүүхдийг дараалан дөрвөн насны морь унуулах тохиолдол гардаг. Энэ үед тэд ядарч, нойрмоглон, анхаарал нь сулардаг хэмээн Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүүхэд хамгаалал хариуцсан мэргэжилтэн Дашбумбын Орхонтуул хэлсэн.

Тухайлбал, М.Соёмбо хүү нэг өдөрт дөрвөн удаа уралдаанд оролцож, нийт 100 орчим километр замыг морин дээр өнгөрөөж байжээ.

“Гуравдах уралдаанаас эхлээд нойр их хүрч байсан” хэмээн тэрээр хэлэв.

Хурдан морины уралдаан зохион байгуулах тоо бас нэмэгдсэн. 2000-аад оны эхээс хойш цагаан сарын дараа хурдан морины уралдаан зохион байгуулах нь улам ихэсжээ. Өвөл, хаврын улиралд хасах хэмийн хүйтэн байхад газар гэсээгүй, халтиргаатай замд морь уралдуулах бүр эрсдэлтэй. 2017 онд Иргэний нийгмийн долоон төрийн бус байгууллага өвөл хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах нь хүүхдийн эрхийг зөрчиж байна гэсэн үндэслэлээр шүүхэд хандсаны дараагаар 2019 онд Монголын засгийн газар 11 дүгээр сараас 5 дугаар сар хүртэл хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргасан.

Гэвч найман настай Цэрэнчимэдийн Оргилбаярын хэлснээр бол тэрээр жилийн турш морь унадаг аж. “Өвөл зунгүй морь унадаг болохоор хичээл хийх цаг зав гардаггүй, тиймээс хичээлээ их олон удаа тасалж байсан” гэж тэрээр гэмшингүй хэлсэн юм. Булган аймгийн Хутаг-Өндөр суманд амьдардаг тэрээр таван настайгаасаа морь унажээ.

Уралдаанч хүүхдийн эрх зөрчигдөж байгаа бас нэгэн нийтлэг жишээ нь сургууль завсардах юм. “Хэдий хүүхэд өөрөө хурдан морь унах сонирхолтой байсан ч боловсролын хоцрогдолд орох ёсгүй” хэмээн хүүхэд хамгааллын мэргэжилтэн М.Отгонгэрэл хэлээд,

“Хөлсөөр морь унаж байгаа хүүхдүүдийн 10-20 хувь нь амьдралын боломж тааруугаас болж хүнд хөдөлмөр эрхэлж байна” гэв.

Унаач хүүхдүүдэд тогтсон цалин урамшуулал байдаггүй. Тэд ихэвчлэн гэр бүл, найз нөхөд, хөршүүдийн морийг унадаг ба уяачид өөрсдөө үнэлж цалин урамшууллыг боломжоороо өгдөг байна. Нэг наадамд морь унахад  40,000 төгрөгөөс 100,000 төгрөг байдаг гэж унаач хүүхдүүд хэлсэн. 12 настай, Машбатын Анхбаяр долоон жил айлд хөлсөөр морь унаж буй бөгөөд олон удаа айрагдаж байсан. Тэрээр морь унасныхаа төлөө жилдээ нэг сая төгрөгийн хөлс авдаг аж.  Хүү бэлтгэл хийж байх үедээ өглөөний 6 цагаас оройн 20 цаг хүртэл морьтойгоо ажиллаж, өдөрт хамгийн багадаа дөрвөн цагийг морины нуруун дээр өнгөрөөдөг тухайгаа ярьсан.

expand image
expand slideshow

Батсүхийн Одончимэг

Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн мэргэжилтнүүд болох Нинжбадгарын Авирмэд (баруун гар тал) болон Батбаатарын Наранцэцэг (баруун талд сууж буй) нар Архангай аймагт болох хурдан морины уралдаанд 14 настай Мөнхжаргалын Шинэзоригийг бүртгэж байна.

2016 онд Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан “Хурдан морины хаврын уралдаан ба хүүхдийн эрх” судалгаанд дурдсанаар унаач хүүхдүүдийн 9  орчим хувь нь мөнгөний төлөө уралдсан гэжээ. (Морь унасны хөлсийг эцэг эхчүүдэд нь шууд өгдөг ба хүүхдүүд бичгийн хэрэгсэл, чихэр, хуушуур гэх мэт шалихгүй урамшуулал авдаг тухай судалгаанд мөн дурджээ.)

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын малчин Батхишигийн Хонгорзулын 9 болон 10 настай хоёр хүү нь сумынхаа нэгэн уяачийн хурдан морийг унадаг аж. “Зарим үед хүүхдүүд маань хурдан морь унаад ирэхдээ маш их ядарч, бие нь сульдаж, даарч, ханиад хүрсэн байдаг” хэмээн тэрээр хэлээд “Энэ үед хүүхдүүдээ дахиж морь унуулахгүй гэж боддог ч нутгийн таньдаг уяач хүүхдүүдээрээ морь унуулж өгөөч гээд гуйгаад ирэхээр нь үгүй хэлж чаддаггүй. Зөвшөөрдөг. Хүүхдүүд ч өөрсдөө дуртай байдаг” гэсэн юм.

15 жилийн турш хурдан морь уяж байгаа Гэндэнсүрэнгийн Нямзагд уралдаан бүрд айдастай оролцдог тухайгаа хэлсэн. “Хүүхэд морь хоёр эсэн мэнд ороод ирвэл тэгээд л болоо” хэмээн тэрээр хэлээд “Хамгийн бахархууштай нь тэр” гэлээ. Хурдан морины уралдаан нь монголчуудын  эртний уламжлал тул тасарч, үгүй болж болохгүй гэж тэр үздэг. “Уяач өөрөө хүүхдэдээ замаа сайн зааж өгөх хэрэгтэй, суваг шуудуутай газар мориныхоо амыг сайн татаж орохыг заах хэрэгтэй” хэмээн Г.Нямзагд хэлээд “Аливаа наадам эмх замбараатай, зохион байгуулалт сайтай байх хэрэгтэй. Өмнө нь хурдан морийг олон хүн машин, мотоциклоор дагадаг байсан, энэ нь тоос шороо босгоод унаач хүүхдийг эрсдэлд оруулдаг байсан” гэв.

Хүний эрхийн үндэсний комиссын гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Галбадрахын Ууганбаярын хэлснээр уур амьсгалын өөрчлөлт мөн эрсдэлийг нэмэгдүүлсэн аж.  Газар доройтон хуурайшиж, уралдааны замд асар олон нүх бий болсон. Монголчуудын эрт үеэс уралдаан явуулж байсан арга хэлбэр болоод байгаль цаг уурын таатай нөхцөл өөрчлөгдсөн” гэж тэрээр хэлээд, “Уламжлалыг ор тас эсэргүүцэж хандах нь соёл руугаа дайрч байна гэсэн үг болно” гэлээ.

Батсүхийн Одончимэг

Хэдийгээр Монгол Улсад хуулиар наймаас доош насны хүүхэд хурдны морь унах, өвөл холын зайд бэлтгэл хийхийг хориглосон байдаг ч эдгээр журам байнга зөрчигддөг гэж хүний эрхийн тэмцэгчид хэлж байна.

Жилийн турш унаач хүүхдүүдийг хамгаалахын тулд төрөөс илүү ихийг хийх ёстой талаар олон нийт болон засгийн газар харилцан ойлголцолд хүрч буй талаар хүүхдийн эрхийн талаар үйл ажиллагаа явуулдаг Лантуун Дохио төрийн бус байгууллагын өмгөөлөгч Өлзийгийн Эрдэнэ-Очир ярьсан.

Сүүлийн жилүүдэд засгийн газраас унаач хүүхдүүдийн эрсдэлийг бууруулах алхмуудыг авч хэрэгжүүлжээ. Энэ жил унаач хүүхдийн насыг долоогоос найм болгож өөрчилсөн. Мөн аймаг, сумын наадмыг нэгэн зэрэг зохион байгуулах шийдвэр гаргасан. Ингэснээр хурдан морины уралдааны тоо багасаж, эрсдэл буурна гэж хүүхдийн эрхийг хамгаалагчид хэлж байна. 2018 онд засгийн газраас мөн хурдан морины уралдаанч хүүхдийн хурууны хээн цахим бүртгэлийн системийг нэвтрүүлж, насыг нь бүртгэж, даатгалд заавал хамрагдах, хамгаалалтын хувцас өмсөх зэрэг шаардлага гаргасан тухай М.Отгонгэрэл хэлсэн. Хэрэв эдгээр шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас морины эзэнд хариуцлага тооцдог.  2020-2021 онд тэд нийт 17 хүнд хариуцлага тооцжээ.

Гэвч эдгээр арга хэмжээ хэр үр дүнтэй байгаа талаар дата, баримт алга байна. “Хамгаалалтын хувцас стандартын шаардлагыг бүрэн хангаж байгаа эсэх нь эргэлзээтэй” гэж Г.Ууганбаяр хэлсэн. 2019 онд улсаас өвөл, хавар хурдан морины уралдаан хийхийг хориглосон ч нууцаар зохион байгуулж, дээрх шаардлагуудыг үл ойшоосоор байна. “Өвлийн улирал дуусаагүй, газар гэсээгүй, хөлдүү байхад хурдан морь уралдаж байгаа тохиолдол тогтмол гарч байгаа” гэж тэрээр хэлээд, “КОВИД-ын үед намжмал байдалтай байсан боловч 2022 онд хориглосон цаг хугацаанд жижиг хэлбэрийн бооцоот уралдаан зохион байгуулж байгаа явдал гарсан” гэв. Энэ оны эхээр тус комиссоос аймгуудын засаг дарга нарт хандаж, хориотой саруудад уралдаан зохион байгуулж буй эсэхийг сайтар хянахыг хүссэн.

Гэхдээ эдгээр шаардлага, арга хэмжээ нь нэг чухал зүйлийг орхигдуулаад байгаа нь хөдөлмөр эрхлэх насыг хуульд 16 гэж заасан явдал юм. Эрт дээр үеэс уламжлагдан ирсэн хурдан морины уралдаанд унаач хүүхдүүд оролцохыг бүрмөсөн хориглохыг шаардах хэцүү гэж хүний эрхийн хамгаалагчид үзэж байна. “Бид яаж ч чадахгүй” гэж М.Отгонгэрэл хэлээд, “Хуулиндаа 8-аас дээш насны хүүхэд хурдан морь унаж болно гээд заагаад өгчихсөн” гэв. Гэвч Монголын хуулийн дагуу насанд хүрээгүй хүүхдүүд хүнд хөдөлмөр эрхлэхийг хориглодог бөгөөд уралдах, бэлтгэл сургуулилт гэх мэт хүнд хэцүү ажлыг хүнд хөдөлмөр гэхээс өөрөөр юу гэх вэ гэж идэвхтэн тэмцэгчид хэлж байна.

Хөхнохойн Хорлоо

Морь унасны хөлсийг эцэг эхчүүдэд нь шууд өгдөг ба хүүхдүүд бичгийн хэрэгсэл, чихэр, хуушуур гэх мэт шалихгүй урамшуулал авдаг байна.

Хөхнохойгийн Хорлоо нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.

Батсүхийн Одончимэг нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.


ОРЧУУЛГЫН ТЭМДЭГЛЭЛ

Бямбацогтын Номин, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан.