МОНГОЛ УЛС, АРХАНГАЙ АЙМАГ, БУЛГАН СУМ — Ивановын Отгонбаяр ойролцоох ойгоос авчирсан модны ураа тэвэрсээр инээмсэглэн ажлын байрандаа орж ирэв. Өдгөө 50 настай тэрбээр өмнө нь мал малладаг байв. Харин 2019 оноос хойш модны их биеэс товойн ургасан ургацгийг ашиглан модон аяга таваг, хувин сав зэргийг хийж өөрөө ашиглахын зэрэгцээ бусдад зарж борлуулдаг болжээ.
Түүний модон сав суулга хийх болсон шалтгаан нь хоол хүнс хадгалахад аюултай хуванцар савны хэрэглээнээс татгалзах хүсэл эрмэлзлэлтэй нь холбоотой.
“Манайхан хуванцар савыг маш ихээр хэрэглэдэг, тиймээс хуванцар савыг халахын тулд модон сав суулга хийж эхэлсэн” хэмээн Отгонбаяр хэлээд “Хуванцар савны хэрэглээ бол замаа алдсан, энэ бол байж болохгүй асуудал” гэсэн юм.
Монголчуудын дунд тос, хортон шавж устгагч болон бусад химийн хортой бодис агуулж байсан хуванцар савыг өрхийн болон хувийн хэрэглээнд дахин ашиглах явдал түгээмэл байдаг. Энэ төрлийн хуванцар сав нь үнэ хямд, олдоц сайтай тул ундны ус, сүү, хүнсний бүтээгдэхүүн хадгалахад тохиромжтой байдаг аж.
2015 онд Хордлого судлал эрдэм шинжилгээний нийгэмлэгээс хийсэн судалгаанд 300-аад өрх хамрагдсан ба тэдний 90 хувь нь хүнсний бүтээгдэхүүн хадгалах зорилгоор 3-4 ширхэг зориулалтын бус хуванцар сав ашиглаж байсан тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны цахим хуудаст нийтэлжээ.
Яамны мэдээлснээр эдгээр хуванцар савнуудад агуулагдах хар тугалга, формальдегид, бисфенол А зэрэг хорт бодисууд нь ус, сүү, хоол хүнсэнд шилжиж, хүний биед хуримтлагдсанаар хорт хавдар болон бусад олон төрлийн өвчнийг үүсгэдэг аж.
“Ийм хорт бодис агуулсан усыг хүн өдөр бүр хэрэглээд байх нь хорт хавдраар өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг” хэмээн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, химийн ухааны доктор, дэд профессор Сүрэнжавын Өнөрсайхан хэлэв.
Отгонбаярын хүнсний зориулалтын бус хуванцар савны хэрэглээг халах хүсэл нь түүний хувийн туршлагаас үүдэлтэй. Түүний хүргэн ах 2008 онд ходоодны хорт хавдраар нас баржээ.
“Тэр жолооч хүн байсан бөгөөд машины тос, маслоны хуванцар савыг гадна доторгүй цэмбийтэл угаагаад хэрэглэдэг байсан” гээд “Би түүнийг хорт хавдраар өвдсөнийг хуванцар савны хорноос болсон гэж боддог” гэсэн юм.
Саяхныг хүртэл Монгол Улсад аюултай хог хаягдлыг зохион байгуулалттай зайлуулах арга зам дутагдаж байв. 2018 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас аюултай хог хаягдлыг цуглуулах, хадгалах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах тусгай зөвшөөрлийг олгож эхэлсэн ба үүнд хуванцар сав багтжээ.
Одоогоор улсын хэмжээнд аюултай хог хаягдлыг дахин боловсруулах 14 аж ахуй нэгж ажиллаж байгаагаас хоёр нь аюултай хуванцар савыг дахин боловсруулж байгаа тухай тус яамны Хүрээлэн буй орчин, Байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн Адъяагийн Оюун ярив. Монгол Улс 2030 он гэхэд байгальд булж устгах хог хаягдлын хэмжээг 40 хувь бууруулах зорилт тавин ажиллаж буй тул дахин боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр зорьж байна.
Гэсэн хэдий ч одоо хэр нь аюултай хуванцар сав дахин боловсруулах үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна. Учир нь аж ахуй нэгжүүд хог хаягдлаа шилжүүлэхдээ хойрго хандаж байгаагаас боловсруулах үйлдвэр түүхий эдийн хомсдолд орж, хүчин чадлынхаа 50 хувиар ажиллаж байгаа тухай аюултай хуванцар сав дахин боловсруулах үйлдвэрийн дарга Батдоржийн Дарамбазар хэллээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг боловсруулах үйлдвэр рүү шилжүүлэхийг шаарддаг. Гэхдээ үүний тулд компаниуд төлбөр төлөх хэрэгтэй болдог. Энэхүү нэмэлт зардлаас зайлсхийсэн компаниуд хог хаягдлаа олон нийтэд тараах эсвэл зарж борлуулах арга хэмжээг авдаг байна.
Хуванцар сав нь хөнгөн, удаан эдэлгээтэй, олдоц сайтай, үнэ хямд тул Монголчууд түгээмэл хэрэглэдэг. Гэвч эрүүл мэндэд учруулах эрсдлийн талаарх ойлголт тэдэнд бага байсаар байна.
“Иргэд маань хуванцар савны хор нөлөөний талаар төдийлөн сайн мэдэхгүйгээсээ болоод аваад байдаг” гэж Өнөрсайхан хэлэв.
2017 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Засгийн газрын бусад агентлагууд хамтран химийн хорт болон аюултай бодисын сав баглаа, боодлыг ахуйн зориулалтаар ашиглахыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.
Уг хөтөлбөрийн хүрээнд хуванцар савны эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөний талаарх мэдээллийг хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд хүргэсэн тухай Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Даваагийн Тунгалаг хэллээ.
Мөн нийслэл Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиуд болон 10 аймгийн төрийн өмчит сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хоолны газруудад хүнсний зориулалтын бус хуванцар савыг хэрэглээнээсээ халж чаджээ.
Хэдий тийм боловч химийн хорт бодис агуулсан хуванцар савыг одоо хэр нь хүмүүс өргөн хэрэглэсэн хэвээр байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас иргэдээс зориулалтын бус хуванцар савыг авч, хүнсний зориулалтын саваар солих, ингэхдээ төлбөрийн тодорхой хувийг төрөөс хариуцах ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр санал гаргасан боловч санхүүжилт нь батлагдаагүй байна.
Хүнсний зориулалтын бус сав хэрэглэхтэй холбоотой эрүүл мэндэд учирч болох эрсдэлийн талаар иргэдэд зөвхөн мэдээлэх нь хангалтгүй, савыг нь солих шаардлагатай тухай Тунгалаг ярьсан. Засгийн газраас сургууль болон төрийн байгууллагуудад хүнсний зориулалтын хуванцар сав хэрэглэх ёстой гэсэн шаардлагыг тавиад хэрэгжүүлэх боломжтой ч хувь хүмүүсээс ингэж шаардах нь амаргүй.
“Орлогын түвшин бага гэр бүл эрүүл мэндээ бодохоос илүү эдийн засагтаа тааруулаад сонголт хийгээд байна” хэмээн Тунгалаг хэллээ.
Эрдэнэбулган сумын оршин суугч Чимэдийн Оюунаа 10 жилийн турш тосны саваар ундны усаа зөөж байгаа аж.
“Энэ савны хор нөлөөний талаар зурагтаар ярьж байхыг сонссон, өнөөдөр өвчин үүсгэхгүй гэхэд 5, 10 жилийн дараа өвчлөл үүсгэнэ гэж байсан” хэмээн Оюунаа хэлээд “Гэсэн хэдий ч хүнсний зориулалтын сав үнэтэй байдаг” гэсэн юм.
Батсүхийн Одончимэг нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.
Орчуулгын тэмдэглэл
Бямбацогтын Номин, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан.