Mongolia

Цэцэрлэгийн хүүхдүүд аминдэмийн дутагдалд орох болсноор Монгол Улс хүүхдийн хоолны төсвийг нэмэгдүүлэв

Монгол Улсад КОВИД-19 коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлж сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоогоод байна. Гэвч монгол хүүхдүүд цэцэрлэг дээрээ хоол хүнснээс хангалттай шим тэжээл авч чадахгүй байгаа нь илүү урт хугацаанд үргэлжилж буй эрүүл мэндийн тулгамдсан асуудал юм. Тус улсад цэцэрлэгийн хоолны төсвийг нэмэгдүүлснээр олон жил дамнасан асуудлыг шийдэхэд түлхэц болж чадсан уу?

Read this story in

Publication Date

As Students Battle Vitamin Deficiencies, Mongolia Allocates More Money for Meals

Сандагдоржийн Долгормаа, GPJ Сандагдоржийн Долгормаа

цэцэрлэгийн хүүхдүүд тогоочийн бэлтгэсэн хоолыг идэцгээж байна.

Publication Date

Мөрөн хот, Хөвсгөл аймаг, Монгол Улс – Монгол Улсын хойд бүсэд орших тус аймагт улсын 5-р цэцэрлэгийн бага ангийн 33 хүүхэд өдрийн хоолоо идэхээр тод улаан өнгийн ширээнүүдэд хуваагдан суужээ.

Хүүхдүүдийг гоймонтой шөл, элсэн чихэртэй талх идэж байх хооронд бүлгийн багш Мөнхбаатарын Мягмаржаргал цаасан алчуур гартаа барин явж, нус нь гоожсон хүүхдүүдийн хамрыг зөөлөн арчина. Нийт 42 хүүхэдтэй энэ ангиас есөн хүүхэд тус өдөр өвчний чөлөө авсан байв.

Харин өнөөдөр нэг ч хүүхэд цэцэрлэгтээ ирээгүй.

Хил залгаа Хятад улсад тархсан коронавирусын нэгэн төрөл болох КОВИД-19-өөс урьдчилан сэргийлж Монгол Улс нэгдүгээр сарын 31-нээс гуравдугаар сарын 30-ныг хүртэл бүх сургууль, цэцэрлэгийг хаажээ. Гэхдээ Монголд КОВИД-19-ийн аюулаас гадна жил бүр эрс тэс өвлийн улиралд нүүрсний утаа тэсгим хүйтэн агаарыг бохирдуулж, хүүхдүүд энэ үед илүү өвчлөмтгий болдог.

Цэцэрлэгийн багш нар 2-5 насны хүүхдүүдтэй хичээллэдэг ба өвлийн улиралд хүүхдүүдийг эрүүл байлгахын тулд цэцэрлэг дээр иддэг хоолноос өгсүүлээд илүү анхаарч ажиллах хэрэгтэйг хэлж байв.

“Ерөнхийдөө хүүхдүүдийн дархлаа сул байдаг” хэмээн Мягмаржаргал хэлээд, өвөлдөө ангийн ирц 25-30 хувиар буурдаг гэв.

expand image
expand slideshow

Сандагдоржийн Долгормаа, GPJ Сандагдоржийн Долгормаа

Цэцэрлэгийн тогооч Моголын Одончимэг цэцэрлэгийн хүүхдүүдэд хоол бэлтгэж байна. Засгийн газраас олгож буй зардлаар хүүхдүүдэд шаардлагатай шим тэжээлийг өгөх боломжгүй талаар тэрбээр хэлж байв.

Монгол Улсад төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдүүдэд ногдох хоол, тоглоом, сурах бичгийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлдэг. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт 1,435 цэцэрлэгийн 889 нь төрийн өмчийнх аж. Засгийн газар 2012 оны аравдугаар сард цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 1,650 төгрөг (60 цент) байхаар баталсан.

Сүүлийн долоон жил гаруйн хугацаанд инфляц үүсэж, хоол хүнсний өртөг нэмэгдсэн хэдий ч цэцэрлэгийн хоолны төсөвт өөрчлөлт ороогүй. Гэвч эцэг эхчүүд, багш нар хүүхдийн хоол тэжээлийн асуудалд, ялангуяа өвлийн улирал болоход санаа тавих нь ихэссэн тул арванхоёрдугаар сард засгийн газар цэцэрлэгийн хүүхдэд оногдох нэг өдрийн хоолны төсвийг 50%-аар нэмэгдүүлэхээр болжээ.

5-р цэцэрлэгт өглөөний цайнд хүүхдийн будаатай гурилан боов, нэрсний шүүс, өдрийн хоолонд хөц будаатай шөл, гоймонтой хуурга, масло элсэн чихэртэй талх, зөгийн балтай ус гэсэн жороор хүүхдүүдээ хооллож байв. Өдөртөө хоёр ээлжийн хоол хүүхдүүдэд өгдөг тухайгаа тогооч Батцэрэнгийн Мөнхтуяа, Моголын Одончимэг нар хэллээ.

Хоолны төсвийг нэмэгдүүлэх нь сайн хэрэг боловч хүүхдийн хоолны чанар, хэмжээнд өөрчлөлт орохгүй талаар тэд хэлсэн юм.

“Хоолны төсвийг хэтрүүлэхээс өөр арга байхгүй” хэмээн Одончимэг хэлээд, хүүхдийг өдөрт 1,650 төгрөг (60 цент)-өөр хооллох боломжгүй болоод удаж байгаа гэв.

2012 онд энэ төсвийг баталж байхад нэг килограмм (2.2 фунт) үхрийн мах 3,700 төгрөг (1.34 ам.доллар) байсныг тус цэцэрлэгийн нягтлан бодогч Дамдиндоржийн Нармандах хэлэв. Өнөөдөр нэг килограмм үхрийн мах 10,000 төгрөг (3.62 ам.доллар) хүрчээ.

Хүүхдэд оногдох нэг өдрийн хоолны бодит зардал ойролцоогоор 2,300 төгрөг (83 цент) болж байгааг тэрбээр хэлсэн. Хоолны төсвийг нэлээд нэмэгдүүлсэн ч цэсэн дэх хоол хэвээрээ, илүү уураг эсвэл аминдэмээр баялаг болохгүй аж.

Хоолны төсвийг хэтрүүлэхээс өөр арга байхгүй

“Хүүхдийн хоолны зардалд төсөв хүрэлцэхгүй байгаа нь том асуудал болсон” хэмээн Нармандах хэлээд, өвлийн саруудад цэцэрлэгтээ ирэх хүүхдүүдийн тоо цөөрдөг тул цэцэрлэгийн жилийн төсөв хэтрэхгүй таардаг хэмээн ярив.

Бага насны хүүхдүүд “далд өлсгөлөнгийн” байдалд орсон нь хоолны хүрэлцээ гэхээс илүүтэйгээр хоол тэжээл, амин дэмийн хувьд хангалтгүй байгаатай холбоотойг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын Хүн амын хоол тэжээл хариуцсан мэргэжилтэн Аюурзанын Эрдэнэбилэг хэлсэн юм.

Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн сангаас 2017 онд гаргасан судалгаанаас үзэхэд 5 хүртэлх насны хүүхдүүд А болон Д аминдэмийн дутагдалд өртөх нь элбэг аж.

Энэ улсад өвлийн улирал хүүхдүүдэд дэндүү халтай. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд тус улсын нийслэл бөгөөд нийт хүн амын тал орчим хувь нь оршин суудаг Улаанбаатар хотод амьсгалын замын өвчлөл бараг гурав дахин нэмэгдсэн тухай НҮБ-ын Хүүхдийн сангаас 2018 онд гаргасан тайланд бичжээ. Уушгины хатгалгаа 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь том шалтгаан болсныг тус тайланд дурдсан байна. Мөн нийслэл хотын бохирдол өндөртэй хэсгүүдэд амьдардаг хүүхдүүдийн “уушгины ажиллагаа хөдөө, орон нутагт амьдардаг хүүхдүүдтэй харьцуулахад 40%-аар бага” байна.

Хүүхдүүд хоногийн хоолныхоо шим тэжээлийн 80%-ийг цэцэрлэг дээрээ авах ёстой.

Хүн амын хоол тэжээлийн мэргэжилтэн Эрдэнэбилэгийн хэлж буйгаар төсвийг нэмэгдүүлсэн ч хоолны шим тэжээлийг тэр хэмжээнд өгөх боломжгүй. Цэцэрлэгүүд цаашид ч шим тэжээл багатай боловч өндөр илчлэгтэй, нүүрс ус ихтэй чихэрлэг гурилан бүтээгдэхүүнээр илчлэг нөхөх байдлаар хоолыг зохицуулах байдалтай байгаа. А болон Д аминдэм бүхий хүнсийг хоолонд хэрэглэснээр хүүхдийн дархлааг өвлийн улиралд дэмжихэд онц ашиг тустай талаар тэрбээр хэлэв.

“Жимс, жимсгэнэ, хүнсний ногоонууд, ялангуяа аминдэм, эрдэс бодисоор баялаг тод өнгийн улбар шар, гүн ногоон өнгийн нарийн ногоонуудыг санхүүгийн байдлаас шалтгаалаад хэрэглэх нь хомс” хэмээн тэрбээр хэлсэн юм.

Өгүүллийг нийтлэх үед Монгол Улсын хэмжээнд КОВИД-19 албан ёсоор бүртгэгдээгүй байна.