МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ — 2017 онд Мягмарсүрэнгийн Бүжин Японд очиход хэдэн зүйл анхаарлыг нь ихэд татжээ. Түүний буусан зочид буудалд хаях хог хаягдал бараг байсангүй гэнэ.
“Хэрэглэж байсан шампуниа хаялгүйгээр дараагийн ирэх хүндээ тав тухтай хэрэглээрэй гээд захиа бичиж үлдээдэг тийм арвич хямгач хүмүүс” гэж тэрбээр хэлэв.
Япончуудын хогоо ангилан ялгаж, хог хаягдлаа цуглуулах тогтолцоо нь үр дүнтэй болохыг Бүжин анзаарчээ. Гэтэл Монголд, ялангуяа нийслэл Улаанбаатар хотод энэ талаар хүмүүс ойлголтгүй байсан гэв.
Өмнө нь Бүжин байгаль орчныг хамгаалах талаар огт сонирхож байсангүй.
Монголд хогоо ангилж хаях соёл байхгүй, төрийн санхүүжилттэй хог хаягдал удирдлагын байгууламжгүй. Тиймээс эх орондоо ирснийхээ дараа тэр ямар нэгэн зүйл хийх ёстой гэдгээ мэджээ.
Түүний хувьд дөрвөн жилийн турш өөрийн үүсгэн байгуулсан “Хоггүй Монгол” ашгийн бус байгууллагаар дамжуулан хүмүүст хог дахин боловсруулах талаар мэдлэг түгээж байна. 2019 онд Засгийн газраас 0.035-аас нимгэн нийлэг уут хэрэглэхийг хориглосон тогтоол гарахад түүний идэвх санаачилга нөлөөлсөн байна.
Нийслэл хотод хүн амын даац хэтэрсэн, агаарын бохирдол зэрэг асуудал нүүрлээд буй. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөний улмаас экосистем доройтсон ба байгаль орчноо хамгаалахад түүний ажил тус болж байгаа юм.
Монголчууд өмнө нь нүүдэлчин ахуйтай, минималист хэв маягаар амьдардаг байх үед хог хаягдал бага байсан. Харин сүүлийн хэдэн арван жилд олноороо хотын соёлд шилжсэн. Зарим нь амьжиргаагаа сайжруулах зорилгоор хот бараадсан бол зарим нь цаг агаарын хүнд нөхцөлд малаа алдаад хотод нүүн иржээ.
Ингээд хот суурин газруудын хүн амын тоо огцом нэмэгдэхэд хүрсэн байна. 2020 оны тооллогоор Монголын хүн амын бараг тал хувь нь Улаанбаатар хотод амьдардаг гэжээ.
Хүн амын тоо өсөх тусам гарах хаяг хаягдлын тоо ч өснө. 2010-аас 2015 оны хооронд улсын хэмжээнд хог хаягдал гурав дахин өссөн бол Улаанбаатар хотод сүүлийн таван жилд 18.3 хувиар өсжээ.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байгаль орчны хөтөлбөрийн 2019 оны тайланд дурдсанаар зарим хувийн болон нийтийн компаниуд Улаанбаатар хот дахь хог хаягдлыг цуглуулж, газарт булах ажлыг зохион байгуулдаг аж. Нийт цуглуулсан хогны талыг дахин боловсруулах боломжтой атал 10 хүрэхгүй хувийг хувийн компаниуд албан бусаар дахин боловсруулдаг тухай Засгийн газрын 2019 оны тогтвортой хөгжлийн тайланд мэдээлжээ. Хотын хүн амын 60 хувь оршин суудаг гэр хороололд зам, дэд бүтэц хөгжөөгүй тул хог хаягдлын компаниуд тэдэнд хүрч ажиллаж чаддаггүй.
Хог хаягдлын удирдлага дутмаг байгаа нь улсын экосистемийг доройтуулаад зогсохгүй хүн, малын эрүүл мэндэд эрсдэл учруулж буй тухай уг тайланд дурдсан байна.
Бүжингийн хүчин чармайлт өөрчлөлт авчирна гэж тэр найдаж байна.
76 мянган дагагчтай Фэйсбүүк хуудсаараа дамжуулан тэрбээр айл өрхүүдийг хог хаягдлаа гэртээ ангилахыг уриалж байна.
Тэрээр явуулын станцаар дамжуулан ангилсан хог цуглуулж авдаг ба 10 гаруй аймагт хог ангилах талаар сургалт зохион байгуулжээ. 2020 оноос хойш 5000 гаруй иргэн явуулын станцад ангилсан хогоо өгсөн гэж Бүжин хэлсэн юм.
Түүний хүчин чармайлт хүмүүсийн сэтгэхүйг өөрчилж чаджээ. Хогоо ангилж хаях нь байгальд ээлтэй гэдгийг Бүжингийн Фэйсбүүк хуудаснаас олж мэдсэн гэж Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн иргэн Цэрэнпилийн Хишигжаргал хэлэв.
Баянзүрх дүүрэгт ажиллаж, амьдардаг Баярмаагийн Солонго мөн Бүжингийн хуудсыг дагаад жил болж буй бөгөөд гэртээ хогоо ангилдаг болсон гэнэ.
“Найз нөхдүүддээ бас ажлынхандаа хэлсэн. Манайхан ажил дээр уусан ундааныхаа савнуудыг цуглуулдаг болсон” гэж тэрбээр хэлэв.
Монголын Засгийн газраас хог хаягдлын удирдлагыг сайжруулах олон төрлийн санаачилга, бодлого гаргасан. Тухайлбал 2017 оны Хог хаягдлын хууль нь хог хаягдал боловсруулалтыг зохицуулж, хог хаягдлын удирдлагыг сайжруулах зорилготой. Гэвч төсөв санхүүжилт асуудал хойш нь татдаг гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга Саранхүүгийн Аригуун хэлсэн.
Улаанбаатар хотын дарга Долгорсүрэнгийн Сумъяабазар үүнийг хүлээн зөвшөөрч байна. Арваннэгдүгээр сард болсон хэвлэлийн хурлын үеэр тэрбээр хотын ихэнх төслүүд, ялангуяа хүрээлэн байгаа орчны бохирдол, цэвэр аюулгүй байдал гэх мэт олон шалтгаанууд эцэстээ мөнгө санхүүжилтгүйн улмаас гацаж байна гэж тэрбээр хэлсэн юм.
Улаанбаатар хот дахь авто замын түгжрэл, хог хаягдлын удирдлага болон бусад асуудлыг зохицуулдаг Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хог хаягдал, удирдлагын шинэ дүрэм удахгүй хэрэгжиж эхэлнэ гэсэн юм. Хотын дарга Сумъяабазар энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч Аригууны хэлснээр хог хаягдлын энэхүү дүрэм 2022 оны эхний улиралд багтан бэлэн болох аж.
Хүнсэнд түгээмэл ашигладаг хуванцар саванд химийн хорт бодис нуугдаж байна
ӨГҮҮЛЛИЙГ УНШИНА УУУлсын хог хаягдлын удирдлагын дэд бүтцийг нэгтгэх боломжгүй гэж Байгаль орчин аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн Адъяагийн Оюун үзэж байна. “Аймаг тус бүрийн удирдлагууд хариуцаад явдаг. Тэр аймаг хогоо яаж ангилах талаар засаг дарга нар нь л шийддэг” гэж тэрбээр хэлсэн юм.
Монголын нийт хог хаягдлын 9.2 хувийг шил эзэлдэг. Бүжин эдгээр хаягдал шилийг дахин боловсруулах үйлдвэр байгуулахыг зорьж байна. Хаягдал шил байгаль задрах гэж урт хугацаа зарцуулдаг учир хүрээлэн буй орчинд нэн аюултай гэж тэрбээр хэлэв.
Төрийн санхүүжилтээр байгуулсан шил дахин боловсруулах үйлдвэр Монголд одоогоор байхгүй. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 2021 оны сүүлээс өмнө Улаанбаатар хотод шил дахин боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөж байсан ч санхүүжилтийн асуудлаас болж зогссон тухай Аригуун хэлсэн.
Гэхдээ 10 аймагт Аюултай хог хаягдлын агуулахын барилгын ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж буй талаар Хог хаягдал, агаарын бохирдлын асуудлыг хариуцагч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Хог хаягдал хариуцсан мэргэжилтэн Найманжингийн Молорцэцэг хэллээ.
Харин энэ үеэр Бүжин шил дахин боловсруулах үйлдвэрийн газрын асуудлаа шийдэж чаджээ. Барилгын ажил хараахан эхлээгүй байгаа ч явуулын станц, шилний үйлдвэрүүдээс дахин боловсруулах шилээ цуглуулан нөөцөлж байгаа гэв.
“Одоохондоо бид төрийн ямар ч дэмжлэг хүртээгүй байна. Хамтарна гэвэл мэдээж баярлах болно” гэсэн юм. Өдийг хүртэл тэрбээр өөрийн санхүүгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн байна.
“Миний сүнсний даалгавар бол энэ цаг үедээ хог хаягдлыг ангилж ялгахад оролцох” гэж тэрбээр хэлэв.
Оюунчимэгийн Нансалмaа нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.
ОРЧУУЛГЫН ТЭМДЭГЛЭЛ
Бямбацогтын Номин, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан.