МОНГОЛ УЛС, ОРХОН АЙМАГ, ЭРДЭНЭТ ХОТ — Эхо үзлэг хийлгэхээр эмнэлгийн хүлээлгийн өрөөнд суухдаа Бадарчийн Баярмаа бас бус зүйлсийг бодон санаагаа чилээнэ. Зургаан сартай жирэмсэн тэрээр харьяа өрхийн эмнэлэгтээ тогтмол, үнэ төлбөргүй үзлэгт хамрагдах ёстой ч өөрийн эмчдээ үзүүлж чадаагүй.
Түүний харьяа өрхийн эрүүл мэндийн төвийн эхо үзлэгийн аппарат эвдэрч, коронавирусын цар тахлын улмаас эмч нь аппаратыг засаж, шинэчлэх боломжгүй болжээ.
Иймээс Баярмаа хувийн эмнэлэгт танихгүй эмчид, өндөр үнээр үзүүлэхээс өөр аргагүй болсон байна. Эхо үзлэгтээ тэрээр 45 мянган төгрөг төлөх шаардлагатай. Үндэсний Статистикийн хорооны мэдээлснээр Монголд сарын дундаж цалин 2019 оны байдлаар 1 сая 343 мянга 428 төгрөг байв.
Хэцүү ч гэлээ Баярмаад өөр сонголт байсангүй. “Хүүхдээ эрүүл саруул төрүүлэхийн тулд өөр сонголт байхгүй” гэж тэрбээр хэлэв.
Өрхийн эрүүл мэндийн төв нь Монголын эрүүл мэндийн тогтолцооны гол суурь багана нь бөгөөд нийт хүн амын 70 хувь нь үйлчлүүлдэг. 2.4 сая хүн эдгээр өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан анхан шатны тусламж үйлчилгээ авдаг бөгөөд Монголчууд сар бүр эрүүл мэндийн даатгал төлж, үнэгүй эмчлүүлдэг байна.
Гэвч цар тахлын улмаас өрхийн эрүүл мэндийн төвүүд хүчин чадлаа даахаа больсон.
“Бид жилийн төсвийнхөө дийлэнх хувийг корона вирустай тэмцэхэд зориулж байна” хэмээн Эрдэнэт хот дахь эрүүл мэндийн төвийн эмч Сандуйжавын Оюунгэрэл хэлэв. Ийм болохоор тэд эвдэрсэн төхөөрөмжөө засаж, шинэчлэх боломжгүй байгаа тул зарим үзлэг шинжилгээ, оношилгоо хийгдэх боломжгүй болжээ.
Мөн иргэд шинжилгээ хийлгэх, вакцин хийлгэх үедээ сандрах, даралт нь ихсэх, зүрх нь өвдөх зэрэг шинж тэмдэг ихээр илэрч байсан учраас өрхийн эрүүл мэндийн төвүүд нэг жилд хэрэглэдэг эмийн нөөцөө 3 сарын хугацаанд хэрэглэж дууссан тухай тэрбээр хэлсэн.
Монголын Өрхийн Анагаах Ухааны мэргэжилтнүүдийн холбооны гүйцэтгэх захирал Шагдархүүгийн Хажидмаагийн үзэж буйгаар энэ асуудал нь улс даяар тулгамдаад буй асуудал аж.
“Өрхийн эмнэлгүүд бүх хүчин чадлаараа ажиллаж байгаа ч төсөв хүрэлцэхгүйн улмаас зарим үйлчилгээ зогссон” гэж тэрбээр хэлээд “Энэ асуудлыг аль болох эрт шийдэх хэрэгтэй” гэв.
Тогтмол эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй байгаадаа өвчтөнүүд бухимдаж байна. “Коронагаас өөр өвчингүй юм шиг л байна” хэмээн Орхон аймгийн иргэн Батнасангийн Алтанцэцэг хэлэв.
Бөөрөө үзүүлэхээр шээсний шинжилгээ өгч чадаагүй тухайгаа Орхон аймгийн оршин суугч Дэмбэрэлхүүгийн Насанбуян мөн хэлсэн.
Монголчууд соёлын өвөө түгээн дэлгэрүүлэх үйлд шамдаж байна
БУСАД НИЙТЛЭЛИЙГ УНШИХ БОЛ ЭНД ДАРНА УУ“Сар бүр эрүүл мэндийн даатгалаа төлсөн мөртлөө үнэгүй эмнэлгийн үйлчилгээ авах эрхээ эдэлж чадахгүй л амьдарч байна” гэж тэрбээр хэлэв.
Хоёр жилийн өмнө тархины өвчтэй гэж оношлогдсон Цэрэндоржийн Улам-Оргих хоёр долоо хоног бүр физик эмчилгээнд орох шаардлагатай. Гэвч сүүлийн долоон сар тэрээр эмчид үзүүлэх цаг авах гээд чадаагүй байна.
“Өрх дээр очихоор аппарат эвдэрсэн одоогоор эмчилгээ хийгдэхгүй гэдэг” гэж Улам-Оргих хэлээд “Хийгдэж эхлэхээр тань руу ярина л гэсэн. Хэдий болтол хүлээх юм бүү мэд” гэлээ.
Засгийн газраас эмнэлгүүдийг зөвхөн коронавирусын эсрэг ажиллахад илүү анхаарч, өвчтөн, ажилчдыг орхигдуулж байгаа тухай Оюунгэрэл хэлээд “Бүгдийг нь зэрэг шийдээд явбал эмнэлгийн ажилчид бидэнд ч ажлаа хийхэд арай амар байна” гэв.
Эрүүл мэндийн үйлчилгээнд тулгамдаад буй асуудлыг төрийн албаны хүмүүс хүлээн зөвшөөрч, асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа гэсэн ч тодорхой зүйл хэлэхээс татгалзав.
“Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй уулзаж, нөхцөл байдалтай танилцсан” хэмээн Эрүүл Мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Батсүхийн Буянтогтох хэлээд “Асуудлуудыг шийдэхийн тулд ажиллаж байна. Амархан шийдэгдэх асуудал биш. Бүрэн шийдэхэд хугацаа орно” гэлээ.
Өрхийн эмч, сувилагч нарын цалин хөлсийг нэмэх, эмнэлгийн тоног төхөөрөмж, эмчилгээний санхүүжилтийг нэмэх шаардлагаа засгийн газарт тавьсаар байх тухайгаа
Монголын Өрхийн Анагаах Ухааны мэргэжилтнүүдийн холбооны гүйцэтгэх захирал Шагдархүүгийн Хажидмаа хэлэв.
“Бид энэ асуудлыг бүрэн шийдэх хүртэл тэмцэх болно” гэж тэрбээр хэлсэн юм.
Хөхнохойгийн Хорлоо нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч. Увс аймагт төрж өссөн тэрээр Глобал Пресс Жоурналд ажиллаж эхлэхээс өмнө телевизэд сурвалжлагчаар ажиллаж байсан.
ОРЧУУЛГЫН ТЭМДЭГЛЭЛ
Бямбацогтын Номин, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан.