Mongolia

Цар тахлын үеэс цахим орчинд ажиллах боломж бий болсноор монгол ээжүүд хөдөлмөр эрхлэх, хүүхдээ асрах ажлуудаа давхар амжуулж байна

Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийн оролцоо бага байгаа нь гэр бүлдээ анхаарал халамж тавих зорилгоор ажлаасаа гардагтай холбоотой. Коронавирус энэхүү хандлагыг өөрчлөхөд нөлөөлжээ.

Read this story in

Publication Date

Pandemic-Driven Remote Work Helps Mothers Juggle Careers, Children

БАТСҮХИЙН ОДОНЧИМЭГ, ГПЖ МОНГОЛ УЛС

Эрдэнэбулган сум дахь гэртээ Дугаржавын Өлзийсүрэн бага хүү болох 3 настай Түвшинтулгын Чинбилэгт зураг зурахад нь тусалж байна.

Publication Date

МОНГОЛ УЛС, АРХАНГАЙ АЙМАГ, ЭРДЭНЭБУЛГАН — Дугаржавын Өлзийсүрэн бага хүүгээ тэврээд энхрийлэн үнсэхэд том хүү нь түүнд “Ээж намайг тэвэрч унтаж байгаагүй” хэмээн гомдонгуй хэлэв.

“Ээж нь чамайг жаахан байхад чинь яг ингээд тэвэрч, үнсдэг байсан” хэмээн Д.Өлзийсүрэнг хэлэхэд хүү нь тэр тухай огт санахгүй байна гэж хариулжээ.

Өдгөө гурван хүүхдийн ээж, 37 настай Д.Өлзийсүрэн 2010 онд том хүүгээ төрүүлээд зургаан сартайд нь ажилдаа орсон бөгөөд хүүг 3 нас хүртэл нь эмээ өвөө нь өсгөжээ. “Хүүхдээ төрүүлээд хөхөө шиг аав, ээж рүүгээ явуулчихдаг, бид тийм муу эцэг эх болсон байсан” хэмээн тэрээр зовнингуй хэллээ. 2019 онд бага хүүгээ төрөхөд Д.Өлзийсүрэн өөр замыг сонгожээ. Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуульд найман жил нягтлан бодогчоор ажилласан тэрээр гэртээ бүтэн цагаар хүүгээ харж, өсгөхийн тулд ажлаа хүлээлгэн өгсөн байна.

Тухайн үед хүүхдээ өөрөө өсгөхөөр сэтгэл шулуудна гэдэг нь түүнд ажлаас хөндийрнө гэсэн үг байлаа. Тэрээр мэргэжлээ “орхиж”, өөрийгөө “хаясан” мэт мэдрэмж төрж байсан гэсэн юм. Монгол Улсад дээд боловсрол эзэмшигчдийн тоогоор эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү боловч хөдөлмөрийн зах зээл дэх тэдний оролцоо эрэгтэйчүүдээс 12 хувиар бага, тэр дундаа 20-39 насны бүлэгт эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт эрэгтэйчүүдийнхээс 30 хувиар бага байна. Учир нь эмэгтэйчүүд энэ насандаа хүүхэд төрүүлэх, асрах шалтгаанаар ажиллах хүчний эгнээнээс гардаг.

expand image
expand slideshow

БАТСҮХИЙН ОДОНЧИМЭГ, ГПЖ МОНГОЛ УЛС

Дугаржавын Өлзийсүрэн нь өөрийн хүүхдүүд болох 13 настай Түвшинтулгын Чингим, 9 настай Түвшинтулгын Чингүн, 3 настай Түвшинтулгын Чинбилэг болон нөхрийн садан болох 13 настай Түвшинтөрийн Төмөрболд нарыг гэртээ ном уншиж байхад нь дүрс бичлэг хийж байна.

Монгол ээж, эмэгтэйчүүд хөдөлмөрийн зах зээлд ажлаас завсардаад удаж байна. Гэсэн хэдий ч коронавирусын цар тахлын нөлөөгөөр гарч ирсэн нийгмийн шилжилт болох алсын зайны ажлыг эмэгтэйчүүд өөрсдөдөө тустайгаар эрхлэх байдал бага багаар өсөн нэмэгдэж байна.

Цөөн тооны цахим худалдааны үйлчилгээг эс тооцвол цар тахлаас өмнө Монгол Улсад цахимаар ажиллах жишиг бараг байгаагүй гэхэд хилсдэхгүй. Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн эрхийг хангах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага болох Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны тэргүүн Шагдарсүрэнгийн Ариунаагийн хэлснээр алсын зайн ажил нь “ялангуяа эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээлд оролцох боломжийг илүү нээж өгсөн” байна. Монгол эмэгтэйчүүд бие даасан байдлаар эсвэл шинээр байгуулагдсан агентлагуудын тусламжтайгаар цахимаар хөдөлмөр эрхлэнгээ хүүхдээ асрах хэлбэрт аажмаар амжилттай шилжиж байна.

Тэдгээр эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлж буй нэгэн агентлаг болох Момэйд хэмээх виртуал туслахын платформыг 2020 онд цар тахлын үед байгуулжээ. Улс даяар 21 аймагт салбартай Момэйд нь гэрээсээ ажиллах хүсэлтэй ээжүүдийг сургалтад хамруулж, ажил үйлчилгээ гүйцэтгэж, орлого олох боломжийг бүрдүүлэх чиглэлээр ажилладаг. Энэхүү агентлаг нь банк, санхүү, хүний нөөц, веб хөгжүүлэлт зэрэг чиглэлийн 40 гаруй үйлчилгээг тэдгээр эмэгтэйчүүдээр дамжуулан 600 гаруй харилцагч байгууллагад хүргэдэг аж.

“Момэйдэд ажилладаг ээжүүдийн 60 хувь нь хүүхэд гаргаад гэртээ байгаа эсвэл сургуулиа төгссөн ч хоёр, гурван хүүхэд дараалан гаргасан ээжүүд байгаа” гэж агентлагийн үүсгэн байгуулагч Лхагвын Бадамцэцэг хэллээ.

expand image
expand slideshow

БАТСҮХИЙН ОДОНЧИМЭГ, ГПЖ МОНГОЛ УЛС

Дугаржавын Өлзийсүрэн сар тутмын хуралд Эрдэнэбулган сум дахь номын дэлгүүрээсээ цахимаар оролцож байна.Тэрээр зайнаас ажилласан орлогоосоо хуримтлал үүсгэж, номын дэлгүүр нээжээ.

Д.Өлзийсүрэн бол тэдгээр ээжүүдийн нэг юм. 2019 онд бага хүүгээ төрүүлсэн тэрээр дараа жил нь гэр бүлийн хамт Архангай аймагт шилжин иржээ. Цар тахлын хөл хорионы үед нэг ойтой хүүгээ харж байхдаа тэрээр төрсний дараах сэтгэл зүйн хямралд өртөж байв. Харин 2020 оноос хойш Момэйд агентлагийн санхүүгийн салбарт нягтлан бодогчийн ажлыг цахимаар гүйцэтгэж эхэлснээр хүүхдүүдээ өсгөхийн зэрэгцээ хамт олонтой, орлоготой болжээ.

“Мэргэжлээрээ ажиллаад, дээр нь хүүхдүүдээ өөрөө хараад, аль алиныг нь давхар хийж байгаа нь сайхан байдаг” хэмээн тэрээр хэлэв.

Амарсайханы Амартүвшин цар тахлаас хойш гэрээсээ ажиллаж эхэлсэн өөр нэгэн ээж юм. Тэрээр олон улсын болон дотоодын байгууллагуудтай хамтран хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд зориулсан сургалт явуулдаг, Улаанбаатар хотод төвтэй “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдэлд менежерээр ажилладаг. Тэрээр гэрээсээ ажилласнаар өдөр өнжүүлэх төвд зарцуулах төлбөрийг хэмнээд зогсохгүй хүүтэйгээ илүү их цагийг өнгөрүүлэх болсон тухайгаа ярьж байлаа.

Засгийн газраас хүүхдээ асарч буй ээжүүдэд тэднийг дэмжсэн “Цалинтай ээж”-ийн тэтгэмж өгдөг боловч энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 11 дахин бага дүнтэй байдаг. Уг мөнгөөр уут живх худалдан авахад ч хүрэлцдэггүй гэдгийг Д.Өлзийсүрэн хэлж байв.

expand image
expand slideshow

БАТСҮХИЙН ОДОНЧИМЭГ, ГПЖ МОНГОЛ УЛС

Дугаржавын Өлзийсүрэн, зүүн гар талд, Эрдэнэбулган сум дахь номын дэлгүүртээ үйлчлүүлэгч Мягмарпүрэвийн Чимгээтэй хүүхдийн номын талаар ярилцаж байна.

Зайнаас ажиллах шилжилт нь цар тахлаас улбаатайгаар эхэлсэн сүүлийн үеийн хандлага. Хэдий тийм боловч түүнээс өмнө зайнаас гүйцэтгэх ажлын байрны уян хатан зохицуулалт ба үүний хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн оролцоонд үзүүлэх үр нөлөөний тухай хэлэлцэж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн байна.

Зайнаас ажиллах тухай нийгмийн ойлголт ч дээшилж, өнгөрсөн жил Монгол Улсын Хөдөлмөрийн хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Уг хуулиар зайнаас ажиллах ажилтан нь бусад ажилтантай адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ түүнд нэгэн адил үйлчилнэ.

“Ээжүүдээр хийлгэж байгаа энэ мэт ажилд Засгийн газраас дэмжлэг, хөнгөлөлт олговол хүн бүрт тэтгэмж тараахаас илүү ирээдүйтэй хөрөнгө оруулалт болж чадна” гэж Момэйдийн үүсгэн байгуулагч Л.Бадамцэцэг хэллээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өнгөрсөн жил “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд богино хугацааны болон гэрээсээ, цахимаар ажиллахыг дэмжих сургалтуудыг зохион байгуулжээ. “Судалгаа хараахан хийгдээгүй байгаа ч практик дээр эмэгтэйчүүдийн зайн ажил нэмэгдэж байгааг бид мэднэ” гэж тус яамны Ажлын байрыг дэмжих хэлтсийн дарга Борын Алтантулга хэлэв.

Хөдөлмөрийн зах зээлд буцаж хөл тавьснаар Д.Өлзийсүрэнгийн итгэл найдвар нэмэгджээ. Тэрээр ирээдүйд цахимаар олон улсын зах зээл дээр мэргэжлийнхээ дагуу ажиллахыг хүсэж байна. “Өдий хүртэл хичээж, энэ бүгдийг хийсэн нь надад өөртөө итгэх итгэлийг өгсөн” гээд “Илүү том мөрөөдөлтэй болсон” хэмээн тэрээр хэлсэн юм.

expand image
expand slideshow

БАТСҮХИЙН ОДОНЧИМЭГ, ГПЖ МОНГОЛ УЛС

Дугаржавын Өлзийсүрэн өглөө Булган ууланд алхах үедээ байгалийн гэрэл зураг авах дуртай.

Батсүхийн Одончимэг нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.
Оюунчимэгийн Нансалмаа нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.


ОРЧУУЛГЫН ТЭМДЭГЛЭЛ

Цэгмидийн Намуун, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан.

Related Stories