Монгол Улс, Өмнөговь аймаг, Даланзадгад— Өвлийн жихүүн тэнгэр хуйсганаж, салхи шуурч эхлэв. Хүйтний эрч чангарахад бэлчээрлэж явсан, хонь, ямаа салхи уруудан цувсаар хорооны нөмөрт орж, бөөр бөөрөөрөө наалдан хурж зогслоо.
Цаг агаар муудахыг андахгүй, гартаа өнгө өнгийн нэмнээ барьсаар гэрээсээ гарч ирж буй нар салхинд гандсан хүрэн бор царайтай эрэгтэйг 47 настай, Санжидын Бямбасайхан гэдэг. Тэрээр туниа муутай хэдэн малаа нэмнээд, малын саравчин дээр гарч цөөн боодол өвснийхөө нэгийг доош унаган үхэр, адуундаа тавьж өгчихөөд бага малдаа тэжээл өгөв.
“Энэ жил эрс хүйтэн өвөл боллоо. Өвлийн тэр их хүйтэнд чинь гэрт орох завгүй зүтгэлээ” гэж С.Бямбасайхан хэлээд “Ямар ч сайн малыг муутгахаар хүнд өвөл боллоо” гэсэн юм.
Монгол Улсад мал аж ахуйн салбар голлох үүрэг гүйцэтгэдэг ба эдийн засгийн тулгуур болдог. Тус улсын ажиллах хүчний гуравны нэгийг малчид эзэлж байна.. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг тус салбар бүрдүүлдэг ба эдийн засаг нь мал аж ахуйтай шууд бусаар хамааралтай тухай Монголын Хөдөө, аж ахуйн бирж мэдээлжээ. Гэвч уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн зохисгүй ашиглалт, даац хэтрүүлэлт нь Монголын уламжлалт нүүдлийн соёл бүхий амьдралд сөргөөр нөлөөлөх болсон байна.
Эрс тэс уур амьсгал нь энэхүү хямралын томоохон хэсэг юм. Тус орны ихэнх газар нутагт зуд тохиож байна. Зуд гэдэг нь эрс хүйтэрч, цас их унах зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан мал бэлчээрлэх боломжгүй болж, туйлдаж улмаар тоо толгой хорогдоход хүргэдэг цаг агаарын онцлог үзэгдэл юм. Монголд олон жилийн өмнөөс зуд тохиолдож байгаа хэдий ч сүүлийн жилүүдэд давтамж болон эрч нь нэмэгдсээр байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээлснээр урьд өмнө нь арван жил тутам нэгээс хоёр удаа зуд тохиолдож байсан бол өдгөө хоёроос гурван жилийн давтамжтайгаар зуд нүүрлэх болжээ.
Энэ жил Монгол орны нийт нутгийн 95 хувь нь зудын эрсдэлтэй өвөлжиж байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулав. Зудын эрсдэлийг тооцож үзэхэд нийт нутгийн 60 хувьд “их”, 20 хувьд “нэн их” эрсдэлтэй гарсан байна. Нэгдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар Монгол Улсын газар нутгийн 70 гаруй хувьд цастай байгааг тус газраас мэдээлжээ. Түүнчлэн ихэнх нутагт цаг агаар олон жилийн дунджаас Цельсийн 3-10 хэмээр хүйтэн байв.
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын малчин 73 настай Бадамсүмбэрэлийн Базаргүр “Энэ жил хадлан юу ч аваагүй” хэмээгээд “Бэлчээр жил ирэх тусам дордсоор байна” гэсэн юм.
Энэ жил өвөлжилт хүндэрсэн нь өнгөрсөн зуны гангаас эхлэлтэй юм. Монгол орны цаг агаарын дундаж хэм 1939 оноос 2018 хүртэл Цельсийн 2.25 хэмээр дулаарснаар жилд унах хур тунадасны хэмжээ багасаж, бэлчээрийн газар нутаг цөлжих болов.
Энэ зун гантай байсан учраас малчин С.Бямбасайханых өвстэй бэлчээр хайн оторлож явсаар 400 гаруй километр (250 миль) газар нүүдэллэжээ. Хол газар нүүдэл хийсэн ч бэлчээр сайтай газар олдоогүй учраас 1000 гаруй малынхаа талыг нь цөөлж 500 малтай болсон байна. Тэрбээр үлдсэн малаа ирэх хавар онд мэнд оруулахын тулд арваннэгдүгээр сараас эхлэн 10 гаруй сая төгрөг (3,500 ам.доллар)-ийг тэжээл авахад зарцуулжээ.
Тэжээлийн эрэлт нэмэгдэхийн хэрээр үнэ нь тэнгэрт хадаж, малчдад хүндээр тусч байна. Жилийн өмнө 25 килограмм (55 фунт) хивгийг 12,000 төгрөг (4.20 ам.доллар)-өөр худалдаалдаг байсан бол энэ жил ижил хэмжээний хивгийн үнэ 50 гаруй хувиар өссөн тухай малын тэжээл худалдаалдаг Сосоогийн Бямбасүрэн ярив.
“Бидний санхүү яалт ч үгүй хямарчихлаа” гэж С.Бямбасайхан хэлээд “Мөнгө л олдвол гурил будаа авахаасаа өмнө өвс тэжээл авч байна” гэлээ.
Түүнчлэн малчид малаа хайрлан хамгаалж, олон сая төгрөгийг өвөлжөө түрээслэхэд зарцуулсан байна.
Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай цаг агаарын нөхцөл байдал хувьсаж байгаа нь малчдад тулгарч буй бэрхшээлүүдийг үүсгэгч ганц хүчин зүйл биш юм. 1990 онд Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжиж, малыг хувьчилснаар илүү олон хүн орлогоо нэмэгдүүлэхээр мал аж ахуй эрхэлж, малын тоо толгой гурав дахин өсч, бэлчээрийн даацыг хэтрүүлэх болжээ.
Бэлчээрийн даацыг хэтрүүлэх нь хөрсний доройтлыг бий болгож, улмаар цөлжилтийн тархалтыг нэмэгдүүлдэг. Эрдэмтдийн тооцоолсноор өдгөө Монгол дахь бэлчээрийн газар нутгийн 78 хувь нь доройтсон тухай Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны тайланд дурджээ.
Бэлчээрийн газар хумигдаж, өвс тэжээлийн хомсдол үүссэнээр мал сүрэг зудад өртөмтгий болж байгаа тухай Архангай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Чойжилсүрэнгийн Чулуунбаяр ярилаа.
“Байнгын өлөн зэлмүүн явж байгаа малаас дутмагшилтай, амьдрах чадвар сул дорой, онд оролт муутай, ашиг шим нь жилээс жилд буурсан ийм л мал гараад байгаа гэсэн үг” хэмээн Ч.Чулуунбаяр хэлэв.
Малын чанарыг сайжруулах зорилгоор Засгийн газраас Эрчимжсэн мал аж ахуйг дэмжих үндэсний хөтөлбөрийг 2018 онд батлан хэрэгжүүлжээ.. Б.Базаргүр, С.Бямбасайхан нарын малчид мал сүргийнхээ чанарыг сайжруулж, өвлийг өнтэй давахын төлөө хөдөлмөрлөж байна.
“Манайх элдэв бусын арга хэрэглэж, би өөрөө малын эмч болох дөхөж байна” гэж С.Бямбасайхан хэллээ.
Засгийн газрын зүгээс бэлчээрийн даац хэтэрч буйд онцгой ач холбогдол өгч байна. “Монгол Улсын бэлчээр зарим газраа хэтэрхий их ачаалалтай ашиглагдсаны улмаас тухайн бэлчээр дээр байх ургамлын төрөл зүйл өөрчлөгдөж, ургамлын үндэсний бат бэх байдал алдагдах эрсдэл өндөр байгаа” хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бэлчээр ашиглалт, хамгаалалт хариуцсан мэргэжилтэн Цэвэгмэдийн Мөнхнасан хэлээд “Улс орон нутгийн төсвөөс бэлчээрт зориулсан хөрөнгө харьцангуй бага байдаг” гэв.
2019 онд Засгийн газар бэлчээрийн даацыг тогтоох нэгдсэн аргачлалыг баталсан. Түүнчлэн, бэлчээрийг нөхөн сэргээх, зохицуулах, тогтвортой ашиглах зорилготойгоор Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг өнгөрсөн онд баталсан боловч КОВИД-19-ийн үед улс орон даяар авах арга хэмжээний улмаас хэрэгжих хугацааг энэ оны долоодугаар сарыг хүртэл хойшлуулжээ.
Засгийн газар үе үе бэлчээр ашиглалтын тухай өргөн хүрээний хууль, журмуудыг хэлэлцдэг боловч одоогоор батлаагүй байна.
“Харамсалтай нь өнөөдрийг хүртэл бид нар бэлчээрийн тухай хуулиа батлуулж гаргаж чадаагүй байгаа” гэж Ц.Мөнхнасан хэллээ.
Бэлчээрийг зүй зохистой ашиглах төрийн нэгдсэн зохицуулалт байхгүй бол зудын аюул нүүрлэсээр байх болно хэмээн Хөдөө аж ахуйн их сургуулийн Экосистемийн судалгааны төвийн эрхлэгч доктор, профессор Жамсрангийн Ундармаа ярилаа. Түүний хэлж буйгаар Засгийн газар мал сүргийн чанарыг сайжруулах үйл ажиллагаандаа байгаль орчинд аюул учруулдаг томоохон асуудлуулыг тусгаагүй байдаг аж.
Ж.Ундармаа “Бэлчээрийн зохисгүй ашиглалт Монгол Улсад нүүрлэчихсэн” гээд “Одоо үүнийг эргээд зүгшрүүлж, хэвэнд нь оруулахгүй бол бид бэлчээргүй болох аюул байгаа” гэв.
Батсүхийн Одончимэг нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч. Цогхүүгийн Уранчимэг нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч
ОРЧУУЛГЫН ТЭМДЭГЛЭЛ
Цэгмидийн Намуун, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан.