Mongolia

Монгол Улс цэвэрлэх байгууламжуудаа шинэчилж байна

Монгол Улс бохир ус цэвэрлэх хуучирсан байгууламжаа орчин үеийн болгон шинэчлэх үндэсний томоохон төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн ашиг тус, зардлын төлөвийг харуулсан анхны цэвэрлэх байгууламжуудын нэг нь Архангай аймгийн Эрдэнэбулган суманд баригджээ.

Read this story in

Publication Date

Mongolia Tackles Cleaner Water

Odonchimeg Batsukh, GPJ Mongolia

A repairman examines filtration equipment at the new wastewater treatment plant in Erdenebulgan.

Publication Date

МОНГОЛ УЛС, АРХАНГАЙ АЙМАГ, ЭРДЭНЭБУЛГАН СУМ —
Эрдэнэбулган суманд шинээр баригдсан цэвэрлэх байгууламжийн бүдүүн төмөр хоолойгоор бор, ногоон өнгийн ус хурдтай асгарч байна.

Энэ дотор муухайрам үнэртэй, чих дүлийрэм чимээ шуугиантай усанд багагүй хэмжээний хог агуулагджээ. Төд удалгүй харин бохир ус өргөн нарийн сараалж бүхий шүүлтүүрээр орж, хог хаягдал нь ялгагдав. Ийнхүү бохир ус цааш биологи цэвэрлэгээний хэсэг рүү шилжлээ. Энэ хэсэгт бохир усны органик бохирдлыг бичил биетийн тусламжтайгаар бүр нарийн задалдаг. Эцэст нь давсны уусмалаар халдваргүйтгэл хийнэ.

Энэхүү үйл явцын дараа усны өнгө бор саарал болж цайран, эвгүй үнэр нь мэдэгдэхүйц багасжээ. Химийн шинжилгээгээр усны цэвэршилт 93% болсон байв.

Уг байгууламжийг Монгол Улс үндэсний хэмжээнд цэвэрлэх байгууламжийг шинэчлэх 2017 онд эхлүүлсэн томоохон төслийн хүрээнд барьсан юм. Монгол орны бохир ус цэвэрлэх байгууламжийн ихэнх нь хуучирч, одоогийн ашиглалтын шаардлагыг хангаж чадахгүй байна. Эдгээр хуучирсан бохир ус цэвэрлэх байгууламжийн улмаас Монгол орны байгаль орчинд ноцтой аюул нүүрлэж, мал амьтан хордож, малчдын эрүүл ахуйд заналхийлж байна.

Улс даяар хэрэгжих энэхүү санаачилгын хүрээнд баригдсан анхны цэвэрлэх байгууламжийн нэг ийнхүү ашиглалтад орсноор эдгээр асуудал Эрдэнэбулган суманд намжсан байна.

“Бид өөрсдөө ч хордож байсныг үгүйсгэхгүй, манай мал орон сууцны айлын жорлонгийн усыг ууж байсан” гэж Эрдэнэбулган сумын малчин Жамбалсүрэнгийн Батдорж хэлэв. “Өмнө нь хэцүү байсан. Үнэр бол авах юм байхгүй. Бохир тэр чигтээ үнэртдэг байсан. Одоо бол сайхан болж байна” хэмээн тэрбээр ярилаа.

Батсүхийн Одончимэг, ГПЖ Монгол Улс

Цэвэрлэх байгууламжийн биологи цэвэрлэгээний хэсэгт бичил биетийн тусламжтайгаар органик бохирдлыг задалдаг. Инженер Нацагдоржийн Гончигоо цэвэрлэгээний явцад хяналт тавьж байна.

Батсүхийн Одончимэг, ГПЖ Монгол Улс

Эрдэнэбулган суманд газарт шингээхээр үлдээсэн бохир усны тогтоол.

Батсүхийн Одончимэг, ГПЖ Монгол Улс

Бохир усны цэвэршилтийн зэргийг тодорхойлох шинжилгээг химич Самдангийн Оюунбилэг хийж байна.

Батсүхийн Одончимэг, ГПЖ Монгол Улс

Цэвэрлэх байгууламжийн хоолойгоор бохир ус хурдтай асгарч байна.

Батсүхийн Одончимэг, ГПЖ Монгол Улс

Малчин Дашдэндэвийн Сэдийн мал цэвэрлэх байгууламжийн ойролцоо бэлчиж байна, түүний мал өмнө нь бохир усанд хордож байсан удаатай.

Батсүхийн Одончимэг, ГПЖ Монгол Улс

Цэвэрлэх байгууламжийн ажилтан Даваадоржийн Баярбат бохир уснаас шүүгдэн үлдсэн хатуу хог хаягдлыг татан авч байна.

Батсүхийн Одончимэг, ГПЖ Монгол Улс

Инженер Гончигоо, засварчин Дагийгиваа нар бохир ус халдваргүйжүүлэх хлорын аппаратыг цэвэр усаар цэвэрлэж байна.

Батсүхийн Одончимэг, ГПЖ Монгол Улс

Усгүйжүүлж хатаасан лагийг модны үртэстэй холин бордоо болгож байна.

Монгол Улсын нийт өрхийн 30 хувь нь цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын шугам сүлжээнд холбогдсон. 2006 оны байдлаар улсын хэмжээнд 103 цэвэрлэх байгууламж байсны ердөө 40 хувь нь хэвийн ажиллагаатай, хүрээлэн буй орчны шаардлагад нийцсэн байсан тухай Барилга, Хот Байгуулалтын Яам мэдээлжээ. Цэвэрлэх байгууламжуудын 26 хувь нь хэвийн бус ажиллагаатай, 34 хувь нь ажиллагаагүй байв.

Өнгөрсөн жил Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас аймаг, нийслэлийн ахуйн бохир ус цэвэрлэх 35 байгууламжийн үйл ажиллагаанд хяналт хийхэд 86 хувь нь хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд их болон дунд эрсдэлтэй гэж үнэлэгджээ. Зарим цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн усанд гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян болох сальмонелла илэрсэн тухай Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Батбаярын Баясгалан ярив.

“Одоохондоо үүнээс болоод хүний амь нас эрсэдсэн зүйлгүй, харин стандартын шаардлага хангахгүй бохир усыг байгальд нийлүүлж байна гэдэг нь байгаль орчныг бохирдуулж байна гэсэн үг” хэмээн тэрбээр хэлсэн юм.

Зарим цэвэрлэх байгууламж 1954 онд ашиглалтад орсон бөгөөд ихэнх нь цэвэрлэгээний технологи хуучирсан, хүчин чадал хангалтгүй байна.

Эрдэнэбулган суманд шинэ цэвэрлэх байгууламж баригдахаас өмнө ахуйн бохир усыг зөвхөн тунгаагаад хөрсөнд шингээхээр задгай талбайд орхидог байв.

Энэхүү бохир ус шингээх талбай нь сумын төвийн малын бэлчээртэй нийлдэг бөгөөд энэ газар олон малчин айлууд зусдаг.

“So far, no human lives have been lost because of this, but the supply of substandard wastewater to the environment means that it is polluting the environment.General Agency for Specialized Inspection

“Өмнө нь бохир ус шууд задгай, нуур шиг болдог байсан” хэмээн 21жил мал маллаж буй 73 настай Дашдэндэвийн Сэд хэлэв.

Зун оройшсон үед мал хаягдал уснаас ууж хорддог ба малынх нь гэдэс нь дүүрээд, сүүл нь годгоноод босож чадахгүй хэвтэж байсан тухай тэрбээр яриад “Мал энэ хэсэгт шавчихдаг. Үнэхээр өрөвдмөөр, энэ хэсэг нь жигтэйхэн муухай үнэртэй, шал өмхий байсан” гэв.

Одоо харин малчид малынхаа эрүүл мэндэд санаа зоволгүй бэлчээрлүүлэх боломжтой болжээ. Өөр бусад давуу талууд ч бас бий.

“Ингэж гарсан саарал усыг дулааны цахилгаан станц, арьс шир, ноосны үйлдвэрийн эхний угаалгад ашиглах боломжтой. Ингэснээр усны нөөц багассан үед саарал усыг хэрэглэх нөхцөл бүрдэж байна” хэмээн Эрдэнэбулган сумын цэвэрлэх байгууламжийг хариуцсан технологич инженер Нацагдоржийн Гончигоо ярив.

Цэвэрлэгээний дүнд ялгасан лагийг усгүйжүүлж хатаагаад, үртэстэй холин бордоо хийдэг тухай Гончигоо хэлсэн ба энэ нь байгаль орчинд илүү ашигтай.

Монголын малчид бэлчээрийн асуудалтай тулгарч байна Бусад нийтлэл унших бол дарна уу

Монгол Улсын засгийн газраас цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төлөвлөгөөг 2017 онд гаргасан тухай Барилга, Хот Байгуулалтын Яамны Нийтийн Аж Ахуй, Инженерийн Дэд Бүтцийн Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах Газрын дарга Ганчулууны Цогтсайхан хэлэв.

Одоогоор Архангай, Өвөрхангай, Булган аймагт шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсон ба 2022 он гэхэд уг төслийг гүйцэтгэж дуусгахаар төлөвлөж байна.

Гэвч цэвэрлэх байгууламжийг барьж, ажиллуулахад өртөг ихтэй. Хоёр аймаг болон нэг дүүргийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэн, шинээр барихад шаардагдах санхүүгийн асуудал тулгараад байгаа тухай Цогтсайхан ярив.

Бохир усыг цэвэрлэхэд жилд дунджаар 300 сая төгрөгийг (ойролцоогоор 105 мянган ам.доллар) зарцуулдаг ба одоогоор Эрдэнэбулган сумын цэвэрлэх байгууламж алдагдалтай ажиллаж байгаа тухай Ар ус ундарга компанийн захирал Балданцангийн Булганчимэг ярилаа.. Энэ жил нэмэлт санхүүжилт авахгүй бол үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд хүндрэлтэй байх болно гэж тэрбээр хэлсэн юм.

Гэсэн хэдий ч энэхүү төсөл нь Монголын хүн амын эрүүл мэнд, байгаль орчны аюулгүй байдлыг хангахад чухал алхам болно гэж Цогтсайхан үзэж байна.

“Өвс ногоо, мал амьтан бохир устай харьцахаа больж цэвэрлэгдсэн ус гарна, энэ бол байгаль орчинд ээлтэй ажил юм” хэмээн тэрбээр хэллээ.

Батсүхийн Одончимэг нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч.


Орчуулгын тэмдэглэл

Бямбацогтын Номин, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан.