SPECIAL REPORT

Монгол Улсад сургуулийн орчинд охидын үзлэг хийхийг хориглосон ч үзлэг хийгдсээр байгаа тухай сурагчид хэлж байна

НҮБ-аас охидын үзлэгийг “эрүүл мэндийн хувьд шаардлагагүй, ихэнхдээ өвтгөсөн, доромжилсон, сэтгэл зүйн гэмтэл учруулсан үйлдэл” гэж буруушаасан. Идэвхтэн тэмцэгчид охидод үтрээний үзлэг хийхийг бүрмөсөн хориглохыг шаардаж байна.

Read this story in

Publication Date

Publication Date

МОНГОЛ УЛС, ОРХОН АЙМАГ, ЭРДЭНЭТ ХОТ— Олон улсад буруушаан шүүмжилдэг охидын үзлэгийг Монгол Улс хэдэн арван жилийн турш сургуулийн орчинд хийж ирсэн. Охидыг ингэж үзлэгт хамруулахдаа үтрээний үзлэг хийж бэлгийн харилцаанд орсон эсэхийг шалгадаг байна. Харин өнгөрсөн жил Засгийн газраас охидын үзлэг хийхийг хориглосон шийдвэр гаргасан. Гэвч энэ шийдвэр юу ч өөрчлөөгүй болохыг 16 настай Д.Алунгоо охин нэгдүгээр сард сургууль дээрээ ирээд мэджээ.

Сургуулийн эмч нь түүнд болон бусад охидод “эрүүл мэндийн үзлэг”-т орно гэж хэлсэн аж. Эрүүл мэндийн үзлэг нэртэй боловч үнэндээ охидыг онгон эсэхийг шалгадаг үзлэг юм. Өнгөрсөн жил сургуулийн орчинд охидыг үзлэгт хамруулахыг хориглосон шийдвэр гарсан хэдий ч тэднийг үзлэгт хамруулахдаа өөрсдөөс нь болон эцэг эхээс зөвшөөрөл авахад төрөөс нэмэлт зохицуулалт шаардлагатай байна. Алунгоо ангийнхаа дөрвөн охинтой хамт үзлэгт орохгүй байхыг хүссэн ч сургуулийн зүгээс заавал орох хэрэгтэй гэж шаардсан учраас орохоос өөр аргагүй болсон аж. “Бид үзлэгт орох дургүй байдаг ч сургуулийн зүгээс заавал орох ёстой гэж шахаж, шаарддаг” гэж Алунгоо хэлсэн. (Түүний мэдээллийг нууцлах, ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх зорилгоор бүтэн нэр болон сургуулийн нэрийг нууцлав. Орхон аймаг нийт 35 сургуультай.)

Сургуулийнхаа эмчийн өрөөнд Алунгоо дотоожоо тайлан, үтрээний үзлэг хийлгэжээ. Түүнд тавгүй мэдрэмж төрсөн ба сандарч, хөлс нь гарч байв. Дараа нь тэрээр ээж Д.Сарангэрэлтэд юу болсон тухай хэлжээ. “Ээж ааваас нь ч зөвшөөрөл авалгүйгээр хүүхдийн маань хувцсыг нь тайлуулж үзлэг хийх эрх хэнд ч байхгүй” гэж тэрбээр хэлэв. (Охины мэдээллийг нууцлах үүднээс түүний бүтэн нэрийг мөн нууцлав.)

Засгийн газраас охидын үзлэг хийхийг хориглосон хэдий ч охидод үзлэг хийсэн гэдгээ сургуулийн эмч Бадамжавын Саранчимэг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр нэг ч охидыг үзлэгт хамруулаагүй гэв. “Монгол Улсад өсвөр насны охидын жирэмслэлт их байдаг” гэж тэрбээр хэлээд, “Тиймээс охидын үзлэг хийх нь хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх нэг арга” гэж тайлбарлав.

Алунгоогийн сургуулиас гадна өөр олон сургууль засгийн газрын шийдвэрийг биелүүлэхгүй байна. Охид, эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ‘Хөөрхөн зүрх’ төрийн бус байгууллагын мэдээлснээр өнгөрсөн жил шийдвэр гарснаас хойш улс даяар 10 гаруй сургууль охидын үзлэгийг хүсээгүй байхад нь хийсэн аж.

Тус байгууллагын ажилтнуудын хэлж буйгаар охидоос зөвшөөрөл авалгүй үзлэгт хамруулдаг нь охидыг хүсээгүй жирэмслэлт, халдварт өвчлөл, бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилготой гэж сургуулийн захиргаа, эмч нар үздэгтэй холбоотой аж. Гэхдээ тус байгууллагын хийсэн судалгаанаас харахад гол буруутан нь засгийн газар бөгөөд гаргасан албан чиглэл нь тодорхойгүй сул, шийдвэрийг хэрэгжүүлэх ямар ч арга хэмжээ байхгүйтэй адил байна. Тухайлбал, өнгөрсөн жилийн шийдвэр зөвхөн сургууль дээр охидын үзлэг хийхийг хориглосон ба зарим сургууль аймаг, орон нутгийнхаа эрүүл мэндийн газарт охидыг олноор нь аваачиж үзлэгт оруулж байгаа юм.

expand image
expand slideshow

ХӨХНОХОЙН ХОРЛОО, ГПЖ МОНГОЛ

Д.Алунгоо анги руугаа алхаж байна. “Бид үзлэгт орох дургүй байдаг ч сургуулийн зүгээс заавал орох ёстой гэж шахаж, шаарддаг” гэж тэрбээр хэлсэн. (Аюулгүй байдлыг хангах үүднээс түүний бүтэн нэр болон сургуулийн нэрийг нууцлав.)

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн Пүрэвсүрэнгийн Жавзандолгор нь сурагчдын эрүүл мэндийн асуудал хариуцан ажилладаг. Тэрбээр зарим сургууль охидын үзлэгийг буруу зохион байгуулж байсныг хүлээн зөвшөөрч, “Бид охидын үзлэг нь охидын эрхийг зөрчиж байгаа үйлдэл гэдэгтэй санал нэг байгаа. Үзлэгийг зогсоохын тулд тодорхой ажлуудыг төлөвлөөд явж байна” гэв.

Эрүүл мэндийн яам охидын үзлэгт шууд хамааралгүй ч тус яамны эрүүл мэндийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Балжиннямын Бат-Эрдэнэ, “Яамны зүгээс охидын үзлэгийг заавал хийх ёстой гэж зөвлөдөггүй. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд хийвэл яамнаас гаргасан зөвлөмж, зааврыг дагаж мөрдөхийг л шаарддаг” гэв.

expand image
expand slideshow

БАТТӨРИЙН МЯГМАРСҮРЭН, ГПЖ МОНГОЛ УЛС

Зүүн талд ‘Хөөрхөн зүрх’ ТББ-ын сэтгэл зүйч Балганы Жаргал, голд ерөнхий зохицуулагч Баянбаатарын Оюундарь, сэтгэл зүйч Хосбаярын Эгшиглэн нар Улаанбаатар дахь ажлын байрандаа уулзаж байна. Энэхүү байгууллага нь охидын үзлэг хийхийг хориглохыг засгийн газраас шаардан тэмцэж буй юм. Одоогоор охидын үзлэгийг зөвхөн тодорхой нөхцөлийг хангасан тохиолдолд хийх боломжтой байгаа юм.

1990- ээд оноос хойш Монгол Улсад 15 наснаас дээш, зарим тохиолдолд 12 настай охидыг үзлэгт хамруулж байна. Охидын үзлэг нь эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхтэй адилхан явагддаг ба эмч нар хэт авианы шинжилгээний мэдрэгч, эхоны дуран ашиглан онгон хальс цоорсон эсэхийг шалгадаг байна. Гэтэл ингэж шалгах нь шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй гэж НҮБ үзжээ.

НҮБ-ын мэдээлснээр 20-иос доошгүй улсад охидын үзлэгийг зохион байгуулдаг гэж бүртгэгджээ. Тэд ихэвчлэн охидын өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлгийн хүчирхийлэлд өртсөн эсэхийг шалгах нэрийдлээр охид, эмэгтэйчүүдийг үзлэгт хамруулдаг. НҮБ-аас охидын үзлэгийг “эрүүл мэндийн хувьд шаардлагагүй, ихэнхдээ өвтгөсөн, доромжилсон, сэтгэл зүйн гэмтэл учруулсан үйлдэл” гэж буруушаасан. Охидод үзлэг хийн онгон эсэхийг шалгах боломжгүй гэж НҮБ үзсэн ба сэтгэл түгшил, сэтгэл гутралд өртөж, өөртөө итгэх итгэлгүй болоход нөлөөлдөг гэжээ.

expand image
expand slideshow

ГРАФИКИЙГ БЭЛТГЭСЭН МЭТТ ХЕЙНИ

Өсвөр үеийнхний дуу хоолой бүлэг нь охидын үзлэгийг таслан зогсоохоор тэмцдэг ба тус бүлгийн 2020 онд явуулсан судалгаанд үзлэгт хамруулахдаа зөвшөөрөл аваагүй гэж дөрвөн охины гурав нь мэдэгдсэн байна. Охидын бараг тэн хагас нь үзлэг хийлгэхээс татгалзсан ч сургуулийн эмч үүнийг үл хайхран үзлэг хийжээ. Хэрэв охид үзлэгт орохоос татгалзах юм бол сургуулиас шийтгэл оногдуулахгүй ч зарим тохиолдолд охидын нэр хүндэд нь халддаг болох нь судалгаанаас харагдсан байна. Хэрэв охид үзлэгт орж, бэлгийн харилцаанд орсон нь тогтоогдвол тэдэнд тусламж үзүүлэх нь ховор, харин ч цуу ярианы бай болж, бусдад доромжлуулах нь элбэг аж.

Идэвхтэн тэмцэгчдийн шаардлагын үр дүнд Боловсролын яамнаас охидын үзлэгийг хязгаарлахаар удаа дараа шийдвэр гаргасан. Эхний ээлжид охидын үзлэгт хамруулахын өмнө сургуулиуд эцэг эх болон сурагчдад мэдэгдэж, зөвшөөрөл авахыг шаардсан. Өнгөрсөн жил, Глобал Пресс Жоурналын сурвалжилгын нөлөөтэйгөөр Боловсролын яам сургуулийн орчинд охидын үзлэг хийхийг хориглосон. “Өсвөр үеийнхнийг бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд охид хөвгүүдийн үзлэгийг хийх нь зөв” хэмээн Орхон аймгийн Гэр бүл, Хүүхэд Залуучуудын Хөгжлийн газрын Хүүхдийн эрүүл мэндийн боловсрол, залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн Төмөрбаатарын Бадамханд хэлээд, “Гол нь зориулалтын орчинд, зөвшөөрөл авч хийх хэрэгтэй” гэв (Хөвгүүдэд ижил төрлийн үзлэг хийх нь тун ховор).

expand image
expand slideshow

БАТТӨРИЙН МЯГМАРСҮРЭН, ГПЖ МОНГОЛ УЛС

Охидын үзлэгийг хууль бус болгохыг шаардаж буй Өсвөр үеийнхний дуу хоолой бүлгийн тэргүүлэгч 19 настай Гансүхийн Мягмарсүрэн. “Энэ асуудал хэзээ ч дахин давтагдахааргүй болтол бид тэмцсээр байна”.

Гэвч засгийн газрын шийдвэр үр дүнтэй хэрэгжиж чадахгүй байна. Албан чиглэлийг сургуулиуд хэрхэн биелүүлж байгааг хэрхэн хянах тухай албаныхан мэдэгдээгүй бөгөөд шийдвэрийг биелүүлээгүй сургуулиудад ямар арга хэмжээ авахаа тодорхой заагаагүй. “Гол нь үзлэг хийхдээ охидоос ямар ч зөвшөөрөл авахгүйгээр хүчээр тулган шаардаж үзлэгт оруулж байгаа нь өөрөө хүний эрхийн маш том зөрчил” хэмээн “Хөөрхөн зүрх” төрийн бус байгууллагын төслийн ажилтан, сэтгэл зүйч Хосбаярын Эгшиглэн хэлэв.

Идэвхтэн тэмцэгчид охидын үзлэгийг бүрмөсөн таслан зогсоон, үзлэг хийсэн сургуулиудад шийтгэл ногдуулахыг засгийн газраас шаардаж байна. “Бид үзлэгийг албан ёсоор зогсоох, хийсэн тохиолдолд хариуцлагын арга хэмжээ авах зүйл заалттай тодорхой журам гаргахыг засгийн газраас шаардана” гэж Эгшиглэн хэлсэн. Зарим бүлгүүд албаныхыг арга хэмжээ авахыг шаардан “Охидын үзлэгийг хийх ёсгүй”
гэх кампанит ажил эхлүүлээд байна. “Энэ асуудал хэзээ ч дахин давтагдахааргүй болтол бид тэмцсээр байна” хэмээн Өсвөр үеийнхний дуу хоолой бүлгийг тэргүүлэгч 19 настай Гансүхийн Мягмарсүрэн хэлэв.

Сургууль дээр хийгддэг охидын үзлэгийн эсрэг өсвөр насны охид дуу хоолойгоо нэгтгэн тэмцэж байна’ Унших бол дар

Өнгөрсөн хоёрдугаар сард Хөвсгөл аймаг охидын үзлэгтэй холбоотой өөрсдийн санаачилгыг хэрэгжүүлжээ. Тус сургуулийн захирал Г. Эрдэнэтуяа болзошгүй үр дагавраас зайлсхийн овгоо хэлэхээс татгалзсан ба засгийн газраас охидын үзлэгийг хориглосон шийдвэр гарсан гэдгийг мэдсэн гэв. Тэрбээр мөн сургууль дээрээ “Охидоо хайрлая” хөтөлбөр хэрэгжүүлж, үүний хүрээнд охидод зөвлөгөө өгч, сургалт ороод үзлэг, шинжилгээ хийсэн” гэв. Охидын үзлэг тус хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн тул сурагчид болон тэдний эцэг эхэд урьдчилан хэлэх шаардлагагүй гэж үзсэн тухайгаа тэрбээр хэлсэн.

16 настай сурагч Гэрэлээ (Түүний мэдээллийг нууцлах, ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх зорилгоор бүтэн нэр болон сургуулийн нэрийг нууцлав. Хөвсгөл аймаг нийт 31 сургуультай) охидын үзлэгт орохыг хүсээгүй ч сургуулийн зүгээс охидын эрүүл мэндийн төлөө зохион байгуулж буй ажил. Тиймээс заавал оролцох ёстой гэж тулган шаардсан тухай хэлсэн. Тэрээр охидыг сургуулийн 00-ийн өрөөнд оруулж нэг хувинд шээлгэж, шинжилгээ авсан аж. Ингэхдээ тэднийг жирэмсэн эсэхийг шалгах зорилготой байв. (Жирэмсэн эсэхийг шалгасан гэдгийг сургуулийн захирал хүлээн зөвшөөрсөн ч хувин ашигласан гэдгийг үгүйсгэв.)

Гэрэлээг бие засах өрөө рүү ороход маш бохир, муухай үнэртэй, шал шээстэй болсон байсан тухай яриад “Миний дотор муухай оргиж байсан ч би амьсгаагаа түгжээд гялс шээчхээд гарсан. Аймаар муухай мэдрэмж төрсөн” гэж хэлсэн. Дараа нь сургуулиас түүнтэй холбоо бариагүй. Мэдээж Гэрэлээ жирэмсэн биш учраас тэр биз ээ.

Хорлоо Монгол Улсын хамгийн баруун хэсэгт орших Увс аймагт төрж өссөн.


ОРЧУУЛГЫН ТЭМДЭГЛЭЛ
Бямбацогтын Номин, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан.

Related Stories