ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ДАЛАНЗАДГАД ХОТ, МОНГОЛ УЛС – Өвс ногоо тарчиг говийн уудам тал дунд өндөр, чийрэг мододтой төгөл сүндэрлэн ургажээ.
Буурал үсээ жимбийтэл самнаж, кепкэн малгай өмссөн 81 настай Дэмчигийн Бараадууз Монголын өмнөд хэсгийн говьд 16 га (40 акр) газарт хүнсний ногоо, мод тарих бизнес эрхэлдэг. Тэрбээр алим, үхрийн нүд, чацарганы мод тарьж жимсийг нь хураахаас гадна олон мянган тарьц, суулгац борлуулж нэмэлт орлого олдог.
Өмнө нь энд тариалан эрхлэх амаргүй байв.
1993 онд Бараадууз ногоо тарьж эхлэх үед хүчтэй салхи байцайг хүртэл хуу татаад шидчихдэг байжээ. Тиймээс ургацаа салхины нөлөөнөөс хамгаалахын тулд мод эгнүүлэн тарьсан аж.
Ямар ч ой модгүй газарт ингэж ойн зурвас бий болгох нь ер бусын шийдвэр байв. Монголын өмнөд хэсэг болон Хятадын хойд хэсгээр орших говь цөлд шороон шуурга тавих нь элбэг.
Албаны эх сурвалжаас үзэхэд, Монголын хамгийн том газар нутагтай аймаг болох Өмнөговийн 98 орчим хувь цөлжилтөд өртжээ. Энэ нь уул уурхай, өсөн нэмэгдэж буй малын тоо толгойтой холбоотой.
Харин Бараадууз шиг ажилч хичээнгүй хүмүүс болон орон нутгаас олгох урамшууллын ачаар шийдэл олдов. Говийн зэлүүд талыг нутгийн иргэд жимс ногоо ургах үржил шимтэй талбай болгон хувиргаж, амьжиргаагаа ч залгуулах болжээ.
“Тарьж болох бүх л ногоог өөрсдөө тариад хэрэглэдэг” гэж аядуухан инээмсэглэн хэлэхдээ Бараадууз дүн өвлийн хүйтнээс бөөрөлзгөнийн суулгацуудаа хамгаалахаар цаасан хайрцгаар хучиж байв. Энэ тариалангийн талбай түүний болон тусдаа гарсан хүүхдүүдийнх нь гэр бүлийн хэрэгцээг хангадаг.
Коронавирусийн нөлөөнд эдийн засгийн бусад салбар хүнд нэрвэгдсэн ч мод үржүүлгийн салбар хямралыг тэсэж чаджээ.
Монголын бизнесүүд хөрш Хятад улсаас ихээхэн хамааралтай байдаг ба цар тахлаас үүдэн хил хаагдаж, хөл хорио тогтоосноос болж хүнд цохилтод орсныг Өмнөговь аймаг дахь Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дарга Амгалангийн Амартөр хэлэв.
Хятад улс нь Монголын худалдааны хамгийн том түнш бөгөөд гадаад худалдааны 60 орчим хувийг эзэлдэг. Энэ жил хөл хорионы улмаас малчин болон тариаланч өрхүүдийн 70 орчим хувийнх нь хөдөө аж ахуйгаас олох орлого буурсан тухай Монголын Үндэсний Статистикийн Хороо, Дэлхийн Банктай хамтарсан судалгаанд дурджээ.
Харин харьцангуй бие даасан үйл ажиллагаа эрхэлдэг мод үржүүлгийн бизнес үйл ажиллагаагаа амжилттай явуулсан хэвээр байна.
“Мод үржүүлгийн бизнес бусад салбартай харьцуулахад тогтвортой байна” гэж Амартөр хэлээд, энэ нь гадаад зах зээлийн хамаарал бага байдагтай холбоотой гэсэн юм. Бизнес нь цэцэглэж буй өөр нэг шалтгаан нь мод тарьдаг хүмүүс жимс, ногоо борлуулж орлогын эх үүсвэрээ төрөлжүүлж байгаагаас үүдэлтэй гэж тэрбээр хэлэв.
“Их Говийн Төгөл” компанийн захирал Чисрэнгийн Одсүрэн 2005 оноос хойш мод үржүүлгийн бизнес эрхэлж байгаа бөгөөд чацаргана жимсээрээ шүүс хийдэг.
Чацаргана жимс дархлааг дэмждэг болохоор коронавирусийн үед эрэлт ихтэй байгааг Одсүрэн хэлээд, “Манай үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүний борлуулалт, захиалга их сайн нэмэгдэж байгаа” гэв. Шаргал өнгөтэй энэхүү жимс нь исгэлэн, таатай амттай учраас хүмүүс шүүсийг нь уух дуртай байдаг. Энэ жил тус компанийн үйл ажиллагаа тогтвортой байгаад зогсохгүй 40 хүн цалинжуулан чацаргана түүх ажилд дайчилжээ. Тэд өдөрт 700-800 шүүс үйлдвэрлэн эрэлттэй зах зээлээ хангаж байгаа аж.
Салбарын хөгжилд орон нутгийн захиргаа чухал үүрэг гүйцэтгэсэн. Цөлжилтийн эсрэг тэмцэхээр мод ургуулсан хүмүүст мөнгөн урамшуулал олгож эхэлсэн нь мод үржүүлэг сүүлийн арван жилд цэцэглэн хөгжихөд чухал нөлөө үзүүлжээ.
2005 оноос эхлэн мод тарьж, гурван жил ургуулж арчилсны хариуд мод тутамд аймгаас 4,500 ($1.58) төгрөг олгож байгаа юм.
Аймгийн тайлан тооцоонд дурдсанаар сүүлийн найман жилд оршин суугчид 92,000 гаруй мод тарьсан бөгөөд нийт 120 сая төгрөгийг ($42,000) 600 орчим хүнд олгожээ.
Аюурзанын Оюунтуяа 2010 онд 400 гаруй мод тарьж, хоёр сая орчим төгрөгийн ($700) урамшуулал авч, мод үржүүлгийн бизнесээ эхлүүлсэн байна.
Аминд халтай агаарын бохирдлын эсрэг яндан хөөлөгчид тэмцэж байна
Бусад нийтлэл унших бол дарна уу“Манайхыг мод тарьж эхэлснээс хойш ойр орчмын айлууд ч мод тарьж эхэлсэн,” гэж тэрбээр хэлэв. Түүний таних 70 гаруй айл хашаагаа тохижуулах зорилгоор мод тарьсан байна.
65 настай Бодийн Мятав тэдний нэг юм. Тэрбээр хашаагаа тохижуулахаар 10 ширхэг шар хуайс худалдан авсандаа сэтгэл ханамжтай байна. “Мод тарих чинь хүн болж төрөөд үйлдэх буяны нэг хэлбэр гэж монголчууд үздэг шүү дээ” гэж Мятав хэлэв. Монголын сургаал үгэнд мод тарих нь буянтай үйл гэдгийг олонтаа дурдсан байдаг.
Мод тарих санаачилгын үр дүнд хур тунадасны хэмжээ нэмэгдсэн тухай Өмнөговь аймгийн Байгаль орчны газрын Ойн нөөц хамгаалал, ойжуулалт хариуцсан мэргэжилтэн Наранхүүгийн Мөнхгэрэл хэлсэн юм. Ус хомс говийн нутагт энэ нь чухал ач холбогдолтой.
2016 оны байдлаар Өмнөговь аймагт тарьсан модны тоо ширхэг 2004 оныхоос 3.5 дахин ихэссэн байна. Хур тунадасны хэмжээ мөн хугацаанд бараг хоёр дахин нэмэгджээ.
Монголын газар нутгийн 77 орчим хувь нь цөлжилт, хөрсний доройтолд нэрвэгдээд байгаа бөгөөд зарим аймаг мод тарихыг дэмжин урамшуулал олгох шийдвэр гаргаад байна.
Хүмүүс цаашид байгальдаа анхаарал тавьж, ээлтэй байгаасай гэж хүсэж буйгаа говь нутагт ойн төгөл бий болгосон Бараадууз илэрхийлсэн юм.
“Байгаль орчин хэцүүдлээ гэж хүн болгон л ярьдаг. Зүгээр халаглаад юу ч өөрчлөгдөхгүй. Харин хүн бүр хүрзээ барьж гараад мод таривал өөрчлөлт гарна” гэж Бараадууз хэлэв.
Цогхүүгийн Уранчимэг нь Глобал Пресс Жоурналын Монгол дахь сурвалжлагч
Орчуулгын тэмдэглэл
Бямбацогтын Номин, ГПЖ, Энэхүү өгүүллийг орчуулсан.